| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2016/0065/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/56 |
| Огноо | 2016-02-25 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2016/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0065/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч Н.*******,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Отгонсүх,
Орчуулагч Д.О ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Уянга,
Шүүгдэгч Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ш д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000779 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, Ш , ....... оны ....... дугаар сарын 18-ны өдөр******* ....... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, номлогч мэргэжилтэй, ......... ажилтай, ам бүл ...... , ........-ийн хамт******* ...... хотын ..... тоотод оршин суух хаягтай, одоогоор ......... тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Шүүгдэгч Ш нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчим ....... баг “...... ” цэцэрлэгт хүрээлэнгийн ертөнцийн зүгээр баруун талын хоёр урсгалтай зам дээр “alphard” маркийн ....... улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н овогтой Э ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Ш гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…осол болоход гэнэт дуу гарсан учраас би машинаа зогсоож, буугаад харахад хүн хэвтэж байсан. Тэр хүн рүү очоод үзтэл амьсгаатай байсан. Тэгээд би осол гаргаснаа мэдсэн. Тэгэхдээ тэр хүнээс архи үнэртэж байсан ба осол гарсан шалтгаан нь тэр хүн архи уусан учраас болсон гэж бодож байна. Ингээд би тэр хүнийг хараад мөн осол хийснээ мэдээд шоконд орчихсон яахаа мэдэхгүй замаар явж байсан машиныг зогсоох гэсэн боловч 3 машин зогсохгүй өнгөрч явсан. Хэсэг хугацааны цагдаа нар ирсэн мөн цуглааны залуучууд ирсэн. Ингээд зам дээр хэвтэж байсан хүнийг эмнэлэг рүү, харин намайг цагдаагийн газар уруу авч явсан.
…Би тэр хүнийг зам хөндлөн гараад явчихлаа гэж бодсон учраас тэр чигээрээ явсан. Түр саатуулагдсаны дараа суллагдаад хохирогчийн гэрт очиж бүх хүмүүсээс уучлалт гуйсан. Хохирогчийн ар гэрийхэнд оршуулгын зардал, хохирол төлбөрт 18013300 төгрөг өгсөн. Барьцаанд байгаа 10 сая төгрөгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Хохирогчийн ар гэрийнхэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Үнэхээр их харамсаж байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Н.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…энэ хүн эхлээд манай ээж дээр ирж уулзсан. Дараа нь би өөртэй нь уулзах гээд сүм дээр нь очиход эхнэр нь байсан. Эхнэр нь хэлэхдээ “шүүх хурлаас өмнө өмгөөлөгчтэйгээ, орчуулагчтайгаа хамт уулзана” гэж хэлсэн боловч шүүх хурлаас өмнө уулзаагүй, харин сая хурлын өмнө 5 сая төгрөг өгсөн. Талийгаачийн хүү нь одоо цэрэгт явсан байгаа. Талийгаач хүүгээ цэрэгт явуулчхаад эргэж ирэхээр нь сургуульд явуулж сургалтын төлбөрийг нь өгнө гэж байсан. Талийгаачийн хүү нь цэрэгт явахдаа сургуулиасаа чөлөө аваад явсан. Миний зүгээс хүүгийнхээ сургалтын төлбөрийг өгөөд ээж, хүү хоёрт нэг өрөө байр авахуулах хүсэлтэй байна. Бид нар талийгаачийг босгож чадахгүй юм чинь энэ хүнд гомдолгүй гээд гарын үсэг зураад өгнө. Бид нар өөрсдөө маш их хохиролтой байгаа. Хүүгийнх нь хувьд цаашид амьдрах амьдралд нь тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлээч гэж хэлмээр байна. барьцаанд байгаа 10 сая төгрөгийг өгнө гэвэл гомдолгүй гэж хэлнэ.” гэх мэдүүлэг
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-7 дахь тал/,
-Осол, хэрэг дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 9 дэх тал/,
-Нас барсны гэрчилгээ /хэргийн 18 дахь тал/,
-Оршуулгын зардлын баримтууд /хэргийн 19-58 дахь тал/,
-Хохирол төлсөн баримтууд /хэргийн 59-60, 202, 209, 210
-Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хэргийн 62 дахь тал/,
-Өвчний түүх /хэргийн 64-69 дэх тал/,
-Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 70-73 дахь тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 74-76 дахь тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хэргийн 77-78 дахь тал/,
-Гэрч Д.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хоёулаа байж байхад хүү Э хүнтэй уулзаж мөнгө төгрөгний асуудал шийдээд ирье гээд миний гар утсыг аваад гарсан юм. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад орой 20 цагийн үед намайг гэртээ ганцаараа байж байхад охин ******* ирээд “ах зам тээврийн осолд орж машинд мөргүүлээд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр гэмтсэн байдалтай байна” гэж хэлээд намайг гэрээс аваад эмнэлэг дээр очиход эмч хүүг маань нас барчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 84 дэх тал/,
-Гэрч З.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... гэсэн улсын дугаартай айлфхард маркийн машин зогссон, замын баруун талын зорчих хэсэг дээр машины ар хэсэгт нэг эрэгтэй хүн машинд мөргүүлсэн байдалтай уначихсан, түүний хажууд танихгүй 40 орчим насны нэг эрэгтэй хүн гар өргөөд зам дээр зогсож байсан. Би машин дотроосоо тухайн байдлыг хараад цагдаагийн газрын 7037102 дугаарын утас руу өөрийнхөө ....... дугаарын утаснаас залгаж ........-ийн урд зам дээр машинд хүн мөргүүлсэн байх шиг байна гэсэн дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 85 дахь тал/,
-Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... гэсэн Айлфхард маркийн машин замын баруун талын зорчих хэсэг дээр боржур руу шахаад зогссон, ард нь зам дээр замын баруун талын зорчих хэсэгт эрэгтэй хүн газар унасан байдалтай байсан. Мөн нэг хүн зам дээр гар өргөөд байх шиг байсан. Ингээд А өөрийн гар утаснаасаа цагдаа уруу залгаж, энэ талаар дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 88 дахь тал/,
-Гэрч Ж.О-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай эхнэр 18 цаг 48 минутанд залгаад “пастер асуудалд орсон байна..........ын колонкийн харалдаа яваад оч” гэхээр нь би яваад очтол манай пастер Ш айлфхард маркийн машинтайгаа байж байсан. тэгтэл хүн дайрчихсан байгааг хараад мэдсэн.
...Ш нь Улаанбаатар хотоос “Чимээгүй цагийн ном” гэдэг ном автобусаар ирж байсан, тэр номыг тосох гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 89 дэх тал/,
-Гэрч К-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тухайн осол гардаг өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 40 минутын орчим нөхөр маань гар утсаараа залгаад би Улаанбаатар хот руу явдаг замаар машинтай явж байгаад хүн дайрчихлаа гээд сандарсан байдалтай ярьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 90 дэх тал/,
-“Талийгаачийн биед тархины аалзан бүрхүүл доор, гүүрэн хэсэгт цус харвалт, зүрхний оройн хэсгээр задарсан, хүзүүний хугарал, 2 хавирганы хугарал, шаант ясны ил бяцарсан хугарал, уруул язарсан, дух, хацар, хамар, эрүү, ташаан толгой, шилбэнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 болон 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Талийгаач нь гэмтлийн хүндрэл цус алдалтын улмаас зүрх, судас, амьсгалын дутагдалаар нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаачийн цус нь О /I/ бүлгийн харьяалалтай байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 93-95 дахь тал/,
-Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 96 дахь тал/,
-Шинжээч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ямарваа нэг хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тухайн согтууруулах ундааны зүйл эхлээд ходоодонд орж, ходоодноос спирт цусанд 1 цаг хүрэхгүй хугацаанд шимэгдэх процесс явагддаг.
...спирт ходоодноос цусанд шимэгдээгүй байхад тухайн хүн биеэ хянах бүрэн чадвартай хэвээрээ байна гэсэн үг.” гэх мэдүүлэг /хэргийн 97 дахь тал/,
-“Шинжилгээнд авсан Н.Э ы цусанд спиртийн агууламж илэрсэнгүй. Н.Э ы цусны бүлэг нь OI байна.” гэх 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 46/52 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 98 дахь тал/,
-Шинжээч Д.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...задлан шинжилгээний явцад авсан цусыг шууд битүүмжилж, химийн шинжилгээ хийх хүртэл зориулалтын хөргөгчинд нь хадгалж, яг шинжилгээ хийх үед нээдэг. Зориулалтын дагуу битүүмжилж хадгалсан тохиолдолд цусанд илрэх ямар нэг химийн бодис /спирт/ үгүй болно гэсэн ойлголт байхгүй.
...архи уусан тохиолдолд цусанд 1-3 цагийн дотор шимэгддэг, өөрөөр хэлбэл ходоод, гэдэсний замд салстаар дамжин цусанд орох хугацаа гэсэн үг юм. энэ тохиолдолд цусанд архи шимэгдээгүй, ороогүй үед сэхээн амьдруулах арга хэмжээ, эмчилгээг судсаар хийхэд хэрвээ архи уусан бол этилийн спирт бүр ч илрэхгүй болж байгаа юм”. гэх мэдүүлэг /хэргийн 99, 187 дахь тал/,
-Техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 109-113 дахь тал/,
-“...Ш нь Aйлфхард маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн.
...явган зорчигч Н овогтой Э нь зорчих хэсгээр гарах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх орчинд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн. Дээрх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтууд зөрчигдсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон.” гэх зам тээврийн осол дээр гаргасан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 117 дахь тал/,
-Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 123-124 дэх тал/,
-Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хэргийн 147 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 156 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ш нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчим ...... баг “....... ” цэцэрлэгт хүрээлэнгийн ертөнцийн зүгээр баруун талын хоёр урсгалтай зам дээр “alphard” маркийн ....... улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н овогтой Э ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-7 дахь тал/, осол, хэрэг дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 9 дэх тал/, нас барсны гэрчилгээ /хэргийн 18 дахь тал/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хэргийн 62 дахь тал/, өвчний түүх /хэргийн 64-69 дэх тал/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 70-73 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 74-76 дахь тал/, гэрч Д.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...охин Э ирээд “ах зам тээврийн осолд орж машинд мөргүүлээд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр гэмтсэн байдалтай байна” гэж хэлээд намайг гэрээс аваад эмнэлэг дээр очиход эмч хүүг маань нас барчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 84 дэх тал/, гэрч З.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......... гэсэн улсын дугаартай айлфхард маркийн машин зогссон, замын баруун талын зорчих хэсэг дээр машины ар хэсэгт нэг эрэгтэй хүн машинд мөргүүлсэн байдалтай уначихсан, түүний хажууд танихгүй 40 орчим насны нэг эрэгтэй хүн гар өргөөд зам дээр зогсож байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 85 дахь тал/, гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....... гэсэн Айлфхард маркийн машин замын баруун талын зорчих хэсэг дээр боржур руу шахаад зогссон, ард нь зам дээр замын баруун талын зорчих хэсэгт эрэгтэй хүн газар унасан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 88 дахь тал/, гэрч Ж.О-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би яваад очтол манай пастер Ш айлфхард маркийн машинтайгаа байж байсан. тэгтэл хүн дайрчихсан байгааг хараад мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 89 дэх тал/, гэрч К -ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тухайн осол гардаг өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 40 минутын орчим нөхөр маань гар утсаараа залгаад би Улаанбаатар хот руу явдаг замаар машинтай явж байгаад хүн дайрчихлаа гээд сандарсан байдалтай ярьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 90 дэх тал/, “талийгаачийн биед тархины аалзан бүрхүүл доор, гүүрэн хэсэгт цус харвалт, зүрхний оройн хэсгээр задарсан, хүзүүний хугарал, 2 хавирганы хугарал, шаант ясны ил бяцарсан хугарал, уруул язарсан, дух, хацар, хамар, эрүү, ташаан толгой, шилбэнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 болон 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Талийгаач нь гэмтлийн хүндрэл цус алдалтын улмаас зүрх, судас, амьсгалын дутагдалаар нас баржээ.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 93-95 дахь тал/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 96 дахь тал/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Ш г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, иргэн Н.Э ы амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Н.Э нь оршуулгын зардалд 10725900 төгрөг, лам нараар ном уншуулсан 800000 төгрөг, өмгөөллийн хөлс 800000 төгрөг, нийт 12325900 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ш нь гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал, хохиролд нийт 18083300 төгрөгийг өөрийн сайн дураар төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч Ш нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул хэргийн 156 дахь тал/ анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн хэт хайхрамжгүй байдал зохих ёсоор нөлөөлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ш гийн энэ хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл баривчлагдсан 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ...... улсын дугаартай “alphard” маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Ш гийн ....... дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Прокурорын газар шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, иргэн Н.Э ы амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Ш гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хасч, 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш д оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2.-т зааснаар шүүгдэгч Ш гийн энэ хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл баривчлагдсан 3 /гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ш гийн өмчлөлийн ...... улсын дугаартай “alphard” маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ш д оногдуулсан 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Ш д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн Газарт хариуцуулсугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар Ш нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Ш д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Ш гийн ......... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Прокурорын газар шилжүүлсүгэй.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш д авсан 10 сая /арван сая/ төгрөг барьцаалсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12.Шүүгдэгч Ш д авсан хилийн хориг тавьсан арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш д авсан 10 сая /арван сая/ төгрөг барьцаалсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ