Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2020/01086

 

2020 оны 04 сарын 24 өдөр

                          181/ШШ2020/01086

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.М/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б албанд холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч/РД: /,

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэг, М.Өлзийгэрэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, Л.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00978 дугаартай захирамжаар “Цагаан шарт” ХХК-аас 540.000.000/таван зуун дөчин сая/ төгрөг гаргуулж “К” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Б албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах хугацаанд төлбөр төлөгч “Цагаан шарт” ХХК нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаалаар татан буугдаж, 2016 оны 6 сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдсаныг олж мэдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “ахлах шийдвэр гүйцэттэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана”, 29.1.8 дэх хэсэгт “төлбөр төлөгч-иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, эсхүл төлбөр төлөгч, төлбөр авагч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй” бол гэж заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Б албанаас татан буугдсан хуулийн этгээдийн төлбөрийг иргэн миний хөрөнгөөс гаргуулахаар явуулж буй ажиллагааг эс зөвшөөрч хуульд заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буюу хувийн хэргийг хааж өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч Б албанаас миний гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай хариуг 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 3/15148 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Б албанаас Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлд байхгүй болсон, улсын бүртгэлээс хасагдсан “Цагаан шарт” ХХК гэх хуулийн этгээдэд холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Одоо “Цагаан шарт” ХХК гэх компани байхгүй байгаа. Өнөөдөр яагаад Ж.М гэж хүн нэхэмжлэл гаргах болов гэх асуудал яригдана. Ж.М нь  тухайн хөрөнгүүдийн өмчлөгч нь байдаг. Энэ асуудал яригдсангүй. Ж.Мын эд хөрөнгийн эрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэл гаргасан. Мөн холбогдох мэдээллүүдийг Ж.Мт өгсөн гэж байгаа боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Харьяаллын асуудал ярьж байна. Хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хүчин төгөлдөр захирамж байгаа. Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанаас өмнө аль аль талаас харьяаллын талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр “Цагаан шарт” ХХК-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б алба шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 978 дугаар шийдвэрээр “Цагаан шарт” ХХКомпаниас 541.527.776 төгрөгийг гаргуулж Кны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч “Цагаан шарт” ХХКомпани нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтад байршилтай 1 дүгээр хэсгийн 181 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202017758 дугаартай, гэрчилгээний 00150881 дугаартай 587.5 м.кв талбайтай, гараж, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Яргайтад байршилтай, 15 жилийн хугацаатай, 680 м.кв талбайтай, гэрчилгээний 0044745 дугаартай, зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороонд байршилтай, 15 жилийн хугацаатай, 280 м.кв талбайтай, гэрчилгээний 0147709 дугаартай, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 28 дугаар байр, 33 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206026802 дугаартай гэрчилгээний 00274116 дугаартай, 124.83 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг тус тус барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш төлбөр төлөгч “Цагаан шарт” ХХКомпанийн захирал Ж.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдлын дагуу холбогдох хариуг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Б албанаас хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаарх хариуг хуульд заасан хугацаанд өгсөн.

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18290212 дугаар битүүмжлэх тогтоолоор Хан-Уул дүүрэг, 15-р хороо, рапид харш, Махатма Гандигийн гудамж, 28 байр, 9330 тоот, 2206906804 Улсын бүртгэлийн дугаартай 124.83 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн. Битүүмжилсэн орон сууцыг “Цагаан шарт” ХХК-ийн захирал Ж.Мт хадгалуулсан. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, яргайтын 1 дүгээр хэсгийн 181 тоот хаягт байршилтай 2202017758 Улсын бүртгэлийн дугаартай 587.5 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг битүүмжилж “Цагаан шарт” ХХК-ийн захирал Ж.Мын эхнэр Б.Эрдэнэчимэгт хадгалуулсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ж.М “К” ХХК-тай харилцан тохиролцож Яргайтад байгаа байраа өгөөд дээрээс нь 160-170 сая төгрөгийг өгье гэсэн тайлбарыг өгч байсан байдаг. Энэ 2 хөрөнгийг битүүмжлээд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1829011210 дугаар тогтоолоор Хан-Уул дүүрэг, 15-р хороо, рапид харш Махатма Гандигийн гудамж, 28 байр, 9330 тоот 4 өрөө орон сууцыг хураасан. Хураах ажиллагаанд Ж.М өөрөө оролцсон. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үнийн санал авах мэдэгдлийг “Цагаан шарт” ХХК-ийн захирал Ж.Мт хүргүүлсэн. Үнийн санал ирүүлээгүй учир шинжээч томилсон. Шинжээч томилоод явж байх хугацаанд нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа энэ шатандаа очоод зогссон байгаа.

Төлбөр төлөгч хуулийн этгээд нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсан боловч 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 978 дугаар захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.Мын нэхэмжлэлд хэд хэдэн тодруулах зүйл байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ улсын бүртгэлээс хасагдсан гэж үзээд гаргаад байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдлын хугацаа гэж байдаг. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Иргэний хэрэг үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шат дараалалтайгаар явагддаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилсэн, хураасан актыг хүчингүй болгуулах гээд байгаа юм уу, яаг юуг хүчингүй болгуулах гээд байгаа нь тодорхой бус байна. Ахлах шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт нь дотор байдаггүй. 2017 онд гарсан шүүхийн шийдвэрийн ажиллагаа явагдаад байгаа. Би ойлгохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ж.М 2018 онд мэдсэн юм байна гэж ойлголоо. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдлын хөөн хэлэлцэх хугацааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Мөн хэдэн оны хэдэн сард үүсгэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох гээд байгаа нь тодорхой бус байна. Энэ нь нотлох баримтаар авагдаагүй. Дараагийн нэг асуудал бол хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.М хариуцагч Б албанд холбогдуулан “Цагаан шарт” ХХК-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б алба нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилсэн, хураасан актыг хүчингүй болгуулах гээд байгаа юм уу, яаг юуг хүчингүй болгуулах гээд байгаа нь тодорхой бус гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 00978 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар “Цагаан шарт” ХХК-иас 540 000 000/таван зуун дөчин сая/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 1 527 776/нэг сая таван зуун хорин долоон мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан “К” ХХК-д олгохоор, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт/15050/, 1 дүгээр хэсгийн 181 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202017758 дугаартай, гэрчилгээний 000150881 дугаартай 587.5 м.кв талбайтай, гараж, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Яргайтад байршилтай, 15 жилийн хугацаатай, 680 м.кв талбайтай, гэрчилгээний 0044744 дугаартай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Яргайтад байршилтай, 15 жилийн хугацаатай, 680 м.кв талбайтай, гэрчилгээний 0044745 дугаартай, зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороонд байршилтай, 15 жилийн хугацаатай, 280 м.кв талбайтай, гэрчилгээний 0147709 дугаартай, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш/17011/, Махатма ганди гудамж, 28 дугаар байр, 33 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206026802 дугаартай, гэрчилгээний 000274116 дугаартай, 124.83 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 00978 дугаар захирамжийн хуулбар, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 4/461 дугаар Хариу мэдэгдэх хуудас, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн № 3/1644 Мэдэгдлээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн Ү-2206026802 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш/, Махатма ганди гудамж, 28 дугаар байр, 33 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч талаар зохигчид маргаагүй болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах ... худалдан борлуулах ...” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь 28 дугаар байр, 33 тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан болох нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 4/461 дугаар Хариу мэдэгдэх хуудас, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн № 3/1644 Мэдэгдлээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч “Цагаан шарт” ХХК татан буугдаж, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдсан гэж маргаж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн/2015 он/ 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн/2001 он/ 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1915 дугаар тушаалаар “Цагаан шарт” ХХК-ийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлээс хассан болох нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1915 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасах тухай тушаалын болон Хавсралтын хуулбар, Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан хяналтын хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн/2015 он/ 25 дугаар зүйлийн 25.3-т “Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эсхүл хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгасан тухай ... улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ.”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн/2001 он/ 23 дугаар зүйлийн 23.2-т “Санхүүгийн тайланг зургаа ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад тушаагаагүй аж ахуйн нэгжийг улсын бүртгэлээс хасах талаар нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн ... санал, гомдол гараагүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.” гэж заасан.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн/2015 он/ 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн/2001 он/ 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар “Цагаан шарт” ХХК нь санхүүгийн тайланг зургаа ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй гэх үндэслэлээр “Цагаан шарт” ХХК-ийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлээс хассан болох нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасах тухай 1915 дугаар тушаалын болон Хавсралтын хуулбар, Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан хяналтын хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу ... улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар “Цагаан шарт” ХХК-ийн иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсон байна.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй ... хуулийн этгээдийг ... улсын бүртгэлээс хасна.”, 26.2-т “Хуулийн этгээдийг энэ хуулийн 26.1-д заасны дагуу улсын бүртгэлээс хассантай холбогдуулан үүсэх үр дагаврыг тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээд хариуцна.”, Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа ... эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ.” гэж заасан.

 

Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар “Цагаан шарт” ХХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааг “БЖЭМ” ХХК 100/нэг зуу/ хувь эзэмшдэг болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар “Цагаан шарт” ХХК-ийг улсын бүртгэлээс хассантай холбогдуулан үүсэх үр дагаврыг “БЖЭМ” ХХК хариуцах үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь ... дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана:”, 29.1.8-т “... эсхүл төлбөр төлөгч, төлбөр авагч-хуулийн этгээд татан буугдсан ... тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй;” гэж заасан.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.8 дахь заалтад зааснаар гүйцэтгэх баримт бичигт заасан эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба хариуцагч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 00978 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид дурдсан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

          Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мын хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны “Цагаан шарт” ХХК-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мын хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны “Цагаан шарт” ХХК-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ