| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/00480/И |
| Дугаар | 181/ШШ2020/01371 |
| Огноо | 2020-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2020/01371
| 2020 оны 05 сарын 21 өдөр | 181/ШШ2020/01371 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.З/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ө/РД: /-д холбогдох,
34 300 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Х.Наранзул, өмгөөлөгч Б.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Бяруузана овогтой Ө нь надаас нотариатчаар гэрчлүүлэн 28 сая төгрөгийг 2019 оны 09 сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэлх нийт 3 сарын хугацаанд хүүгүй зээлсэн бөгөөд 2019 оны 12 сарын 13-наас хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан боловч иргэн Б.Ө нь, махны үнэ өсөхгүй байна, ченжүүд мах авчихаад мөнгөө өгөхгүй байна гэх мэт элдэвээр аргацаасаар өнөөдрийг хүрлээ.
Бид иргэний хуулийн 232.6 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаанд орсон ч Б.Ө нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, авсан зээлээ болон алдангийг төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Б.Ө бид хоёр 2019 оны 7-р сард автомашин худалдан борлуулах тохиролцоо хийсэн. 2019 оны 7-р сард орж ирсэн машиныг үзчихээд буцаж ирж авна гээд алга болчихсон. 2019 оны 07-р сарын 16-ны өдрөөс 07-р сарын 20-ны өдрийн хооронд хүлээгээд хариу ирэхгүй болохоор оруулж ирсэн автомашиныг зарна гээд зар тавьсан. Зар тавьсан чинь Б.Ө утсаар залгаад би машинаа авна зараа зогсоочих гэж хэлсэн. Зар дээр тавихдаа машины үндсэн үнэ 36,000,000 төгрөг гээд тавьсан. Тэгээд Б.Ө 8-р сарын дунд үеэр ирээд машинаа аваад явсан. Дараа нь 9-р сард би 300,000,000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа, ороод ирэхээр нь машины чинь 32,000,000 төгрөгийг өгчихье гэж хэлсэн. Хэрвээ та хэд шатныхаа бариулыг хийлгэнэ гэвэл 28,000,000 төгрөгийг чинь өгөөд, ирэх хавраас шатны бариулыг чинь хийж өгье гэсэн.
Иймд зээлдэгч Б.Өоос зээлийн үндсэн төлбөр 28,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутмын алдангийг 0.5 хувиар тооцон 2019 оны 12 сарын 13-наас 2020 оны 01-р сарын 27-ны өдрийг хүртлэх алданги болох 6,300,000 төгрөг, нийт 34,300,000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч Г.Зын өмгөөлөгч З.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд үндсэндээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Яагаад гэвэл Б.Ө өөрийн гараар бичсэн тайлбартаа машин хүлээж авсан, машиныг хэн хүлээж авсан, төлбөрийн асуудлыг яаж шийдвэрлэх талаар дурдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас машины доголдлын асуудал яригдсан. Доголдлын асуудал яригдаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар машин доголдолтой гэх баримт байхгүй. Гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх дууссан байгаа. Үнэхээр 5 сая гаруй төгрөгийн засвар хийлгэсэн юм бол хавтаст хэрэгт засварын газарт төлбөр төлсөн баримтууд байх ёстой. Тийм баримтууд байхгүй учир доголдлын асуудал нотлогдохгүй. Авсан машиныхаа үнийг төлөх зорилгоор Зээлийн гэрээ байгуулсан нь Б.Өын гараар бичсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн хөрөнгө битүүмжлэх захирамжид гомдол гаргахгүй байгаа нь машины асуудал Зээлийн гэрээтэй холбоотой болох нь тогтоогдож байна.” гэв.
Хариуцагч Б.Ө шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бяруузана овогтой Ө миний бие нь 2020.01.27-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд Готовын З нь 28 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 6 300 000 төгрөг, нийт 34 300 000 төгрөг нэхэмжилсэн байна.
Б.Ө миний бие нь Г.Заас бэлэн мөнгө зээлээгүй, засвартай, хэмхэрхий машин 28 000 000 төгрөгөөр тохиролцон худалдан авахаар болсон.
Уг машины засварын мөнгө, авто сэлбэгийг Г.З авч өгөхөөр тохиролцож, уг машиныг харилцаж тохиролцсны үүднээс 2019.09.13-ны өдөр 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Уг зээлийн гэрээнд 0,5 хувийн алданги тооцох байсныг мэдээгүй. Г.З нь харилцан тохиролцсоноороо машины сэлбэг, засварыг хийгээгүй. Иймд миний бие уг машины засвар сэлбэгийг өөрийн зардлаар 5 500 000 төгрөг гаргаж, 2019.12 сард янзлуулсан. Иймд Г.Зтай ярилцаж, тохиролцсон 28 000 000 төгрөгөөс засварын 5 500 000 төгрөг хасаж, бас Г.Зын төрсөн ах Болд нь 2018.10 сард хийсэн ажлын үлдэгдэл 2 000 000 төгрөг өдий болтол өгөөгүй учир Г.Зт 20 500 000 төгрөг гаргаж өгөх ёстой. Г.З нь уг 20 500 000 төгрөг авахгүй гэж татгалзсан учраас засварын мөнгө өгөөд машинаа буцааж ав гэсэнд татгалзсан.
Б.Өын хувьд Зээлийн гэрээний дагуу 28,000,000 төгрөгийг авсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Зээлийн гэрээний үүрэгт 34,300,000 төгрөгийг гаргуулъя гэж байгаа. Тиймээс өнөөдөр тээврийн хэрэгслийн талаар ярих нь илүүц болчихоод байна. Уг нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах талаар ярилцсан. Гаалиар орж ирсэн тээврийн хэрэгсэл авахаар тохиролцсон. Энэ тээврийн хэрэгсэл доголдолтой байсан. Үүнээс үүдээд энэ асуудал үүссэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.З хариуцагч Б.Өод холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 28 000 000/хорин найман сая/ төгрөгийг, алдангид 6 300 000/зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг, нийт 34 300 000/гучин дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Ө нь Г.Заас бэлэн мөнгө зээлээгүй, засвартай, хэмхэрхий машин 28 000 000 төгрөгөөр тохиролцон худалдан авахаар болсон гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрээний 1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 28 000 000/хорин найман сая/ төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 3/гурав/ сарын хугацаатай хүүгүй шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 28 000 000/хорин найман сая/ төгрөгийг шилжүүлэн өгөөгүй болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид Митсубиcи Фусо маркийн тээврийн хэрэгслийг 28 000 000/хорин найман сая/ төгрөгөөр худалдах, хариуцагч нь Митсубиcи Фусо маркийн тээврийн хэрэгслийн үнэд 28 000 000/хорин найман сая/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчид 28 000 000/хорин найман сая/ төгрөгийг шилжүүлэн өгөөгүй байх тул Гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 28 000 000/хорин найман сая/ төгрөгийг, алдангид 6 300 000/зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг, нийт 34 300 000/гучин дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Өоос нийт 34 300 000/гучин дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Г.Зын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ