| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2016/0073/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/57 |
| Огноо | 2016-02-25 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2016/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0073/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч Д.Б ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогтой Ч.-ийн Х-т холбогдох 201509000862 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А овогт Ч ийн Х , /РД:........ /, ...... оны ..... дугаар сарын .... -ны өдөр ....... хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Ч.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим .......... зам дээр ........... улсын дугаартай Тоёота кровн маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан заалтыг зөрчиж, зам дээр автомашины дугуй сольж байсан Д.Б ын хөлийг дайрч, улмаар мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5а, 2.5б, 2.5в-д заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Ч.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр архи уусан үедээ найз Б-ыг гэр рүү нь хүргэж өгөх гээд явсан.
...шороон зам дээр машин зогсож байсан бөгөөд нэг юм шүргэх шиг болсон. Гэхдээ хүний хөл дайрсан гэдгээ мэдээгүй яваад өгсөн. Найзыгаа гэрт нь хүргэж өгөөд буцаад ирж явах замд намайг цагдаа зогсоогоод эрүүлжүүлсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осол гаргасандаа гэмшиж байна.
…Хохирогчийн эмчилгээ, хохирол төлбөрт 330000 төгрөг бэлэн өгсөн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр найзынхаасаа суудлын бүрээс авчихаад ......... багийн жалганы ард явж байхад дугуй хагарахаар нь найзаараа өргүүлээд өөрөө доор нь ороод данхрад хийж байсан чинь миний хөл дээгүүр машин гараад явчихсан. Энэ хүн зогсоогүй шууд яваад өгсөн. Удалгүй цагдаа ирж, намайг эмнэлэг аваад явсан. Яс хугараагүй боловч мах тасарсан байсныг ардын эмчилгээгээр эмчилсэн. Хохирол төлбөрт 330000 төгрөг авсан учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-6 дахь тал/,
-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хэргийн 7-8 дахь тал/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 9 дэх тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 13-16 дахь тал/,
-Гэрч А.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...түүний машины зүүн урд талын дугуй нь хагарчихсан юм. Б машиныхаа аваарын гэрлийг асааж, бид хоёр машинаас бууж түүний хагарсан дугуйг солихоор болсон. Б ын домкрат нь байсан учраас би машинаас бууж жолооч талын хаалганы дээврээс мөрлөж өргөөд Б газар доош хэвтээд домкратаа машины шалан доор байрлуулж байсан. Тэгтэл урдаас ирж явсан цагаан өнгийн зеро кровн маркийн машин Б ын машины зүүн урд талын гуперийг шүргээд Б ын зүүн хөлийг дайраад гарчихсан. Би “хөөе” гээд орилтол машин зогсохгүй шууд явчихсан. Би машины дугаарыг харахад ...... улсын дугаартай байсан.
...тэр жолооч автомашинаа огт зогсоогоогүй, шууд явсан. Цагдаагийн алба хаагч хойноос нь очиж саатуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дахь тал/,
-Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 сарын 21-ний өдөр найз Х тай түүний гэрт нь 16 цагийн үед 2 шил 0.5 литрийн хараа архи хувааж уучихаад 19 цагийн үед гэрээс нь гарсан. Би Х ыг “гэр рүү хүргээд өгөөч” гэхэд тэр өөрийнхөө ..... улсын дугаартай тоёота кровн маркийн машиныг жолоодож явсан.
...ертөнцийн зүгээр зүүн тийш эргээд явж байтал зам дээр бүдэг гэрэл харагдсан. Х машины хажуугаар зөрөөд гарах шиг л болсон. Х намайг ...... тоотод байх гэрт буулгаад явсан. Маргааш нь Х уулзаж осол гаргасан талаар нь мэдсэн.
…би мэдээгүй, машины хажуугаар зөрөөд л гарлаа гэж бодсон.” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,
-“Д.Б ын биед зүүн хөлийн шилбэн дэх цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Б-д учирсан гэмтэл нь цаашдын байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.” гэх 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1409 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 29 дэх тал/,
-“Жолооч Ч ийн Х нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20 цаг 00 минутын орчимд ...... багийн нутаг дэвсгэр Үйлдвэрийн 1 дүгээр гудамжны шороон замаар Т.Crown маркын машиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2 дугаар бүлгийн 2.7/А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт зөрчиж ...... улсын дугаартай автомашины дугуйгаа сольж байсан Д.Б ыг мөргөж зам тээврийн осол гаргасан. Мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5/а “ Жолооч тээврийн хэрэгсэл нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолт тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 2.5/б “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2.5/в “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэх 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 33 дахь тал/,
-Хохирогч Д.Б ын .... улсын дугаартай автомашинд хийсэн хохирлын үнэлгээний тайлан /хэргийн 38-39 дэх тал/,
-“Автомашин нь техникийн хувьд бүрэн, ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан байна.
...осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна.” гэх тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 5 дугаартай шинжээчийн дүгнэлт, Техник хяналтын дүгнэлтийн хуудас, автомашины гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 43-46 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 70 дахь тал/,
-Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хэргийн 72 дахь тал/
-Хохирлын мөнгө төлсөн тухай баримт /хэргийн 98 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ч.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим ........ дугаар баг ......... зам дээр ........ улсын дугаартай Тоёота кровн загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан заалтыг зөрчиж зам дээр автомашины дугуй сольж байсан Д.Б ыг мөргөж, улмаар мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5а, 2.5б, 2.5в-д заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-6 дахь тал/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хэргийн 7-8 дахь тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 9 дэх тал/, гэрч А.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгтэл урдаас ирж явсан цагаан өнгийн зеро кровн маркийн машин Б ын машины зүүн урд талын гуперийг шүргээд Б ын зүүн хөлийг дайраад гарчихсан. Би “хөөе” гээд орилтол машин зогсохгүй шууд явчихсан. Би машины дугаарыг харахад ....... улсын дугаартай байсан. ...тэр жолооч автомашинаа огт зогсоогоогүй, шууд явсан. Цагдаагийн алба хаагч хойноос нь очиж саатуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дахь тал/, “Д.Б ын биед зүүн хөлийн шилбэн дэх цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1409 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 29 дэх тал/, “жолооч Ч ийн Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 2 дугаар бүлгийн 2.7/А, 2 дугаар бүлгийн 2.5/а, 2.5/б, 2.5/в гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэх 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 33 дахь тал/, хохирогч Д.Б ын ....... улсын дугаартай автомашинд хийсэн хохирлын үнэлгээний тайлан /хэргийн 38-39 дэх тал/, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хэргийн 72 дахь тал/, хохирлын мөнгө төлсөн тухай баримт /хэргийн 98 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Ч.Х-ыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.Х нь хохирогч Д.Б-д хохирол төлж барагдуулсан болох нь хохирогч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…хохирол төлбөрөө авсан, шүүгдэгч Ч.Х-т гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,, хохирол төлсөн баримт /хэргийн 98 дахь тал/ зэргээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Х-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 70 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Х нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирогч гомдолгүй гэсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч Ч.Х-ын өмчлөлийн ..... улсын дугаартай тоёото кровн /180/ тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогтой Ч-ийн Х-ыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч А овогт Ч-ийн Хишигбаярт 1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ч.Х-т оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ч.Х-ын өмчлөлийн ...... улсын дугаартай тоёото кровн маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т Ч.Х-т оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн Ч.Х-т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ч.Х-т мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Х-т оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тэнсэгдсэн этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Х-т оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ