| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2012/0212/Э/ |
| Дугаар | 208 |
| Огноо | 2012-11-16 |
| Зүйл хэсэг | 153.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0212/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тэрбиш,
Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт Аа овогт Н.Д д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000523 тоот хэргийг 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 19. оны . дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..дүгээр баг .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Аа овогт Н.Д /МЙ../
Шүүгдэгч Н.Д нь 2012 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө О.Б г нөхөр Ц.Б тай хардсаны улмаас Дархан-Уул аймгийн Дархан сумын .р баг ..тоотод байрлах О.Б гийн гэрт орж, 14 инчийн телевизор 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, самсунг маркийн зургийн аппарат 1 ширхэг, будаатай аяга 3 ширхэг, сэнжтэй аяга 4 ширхэг, чихрийн таваг 1 ширхэг, давсны сав 1 ширхэг, ваартай амьд цэцэг 1 ширхэг, монгол гэрийн хаалга 1 ширхэг зэргийг санаатайгаар устгаж буюу гэмтээж, хохирогч О.Б д 329.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Д аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр би хөдөө явах болоод 2 хүүхдээ нөхөртөө захиж үлдээх гээд залгахад утсаа авахгүй байсан. Тэр өдөр зугаалганд явсан гэсэн. Тэгээд Мандах эгч рүү залгахад мэдэхгүй гээд би О.Б мастерын утсыг аваад залгасан. Гэтэл утсаа авчихаад жиш гээд байсан. Тэгэхээр нь би цаана нь манай нөхөр байгаа юм байна гэж бодсон. О.Б намайг их доромжилсон. Би бухимдаж уурласандаа тэр айл руу орсон нь үнэн. Орохдоо хаалгыг нь эвдэж орсон. Би О.Б мастер руу мессеж бичиж үзээгүй. Гэтэл над руу дандаа мессеж бичдэг гэж мэдүүлэг өгсөн байсан. Би айлын эд хөрөнгийг эвдсэн нь үнэн. Одоо манай нөхөр хамт байдаггүй. О.Б мастертай хамт байгаа гэдэг гэв.
Шүүгдэгч Н.Д нь 2012 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Дархан сумын 1 дүгээр баг Партизаны 4-61 тоотод байрлах О.Б гийн гэрт орж, 14
D:\Uyanga\Sh.Ts togtool\208 Dawaasaikhan 153.1.docx
инчийн телевизор 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, самсунг маркийн зургийн аппарат 1 ширхэг, будаатай аяга 3 ширхэг, сэнжтэй аяга 4 ширхэг, чихрийн таваг 1 ширхэг, давсны сав 1 ширхэг, ваартай амьд цэцэг 1 ширхэг, монгол гэрийн хаалга 1 ширхэг зэрэг нийт 329.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-хохирогч О.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “-...2012.9.5-ны өглөө 9-10 цагийн үед миний байгаа айлын хүн над руу чиний гэрийн хаалга үүдийг эвдлээд доторхи хамаг юмыг чинь бусниулаад хаячихсан байна гэж хэлэхээр нь өдөр нь 13 цагийн үед гэртээ ирэхэд миний монгол гэрийн хаалга эвдрээд хэмхэрсэн доторхи эд зүйлийг нь гэрээр нэг тараагаад хаячихсан байсан. Компьютер болон зурагтыг шалан дээр унагасан, шидсэн байсан. Будаа агшаагч, телевизор, гэрийн хаалга, будаатай аяга, чихрийн таваг гэх мэт зүйл эвдэрч хагарсан байна. Би Н.Д д одоо ямар нэгэн гомдолгүй. Надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлын 330.000 төгрөгийг авсан. /хх10-рт/,
-эд зүйлс үнэлэх комиссын шийдвэр /хх6-рт/,
-мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх8-рт/,
-гэрч Б.М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2012.9.4-ны шөнө 1 цагийн орчим Д намайг унтаж байхад манайд ирээд хоёулаа Б гийнд очоод ирье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд цуг Б гийнд очсон юм. Тэгээд Б гийн гэрт очиход гэр нь түгжээтэй байсан. Тэгсэн чинь Д хаалгийг нь өшиглөж ороод гэрийнх нь эд зүйлийг хагалаад газар руу авч шидээд эхэлсэн. Тэгэхээр нь би “чи одоо боль” гэсэн чинь Д “яадаг юм, миний хоёр хүүхдийг өнчрүүлж байгаа муу авгайгийн юм, олон сар намайг доромжилж байгаа юм” гээд аяга, таваг, зурагт, компьютер, будаа агшаагч зэрэг зүйлийг нь газар руу шидсэн. Би тухайн үед хажууд нь хараад зогсож байсан.” гэх мэдүүлэг хх-12-рт/,
-эвдэрч хэмхэрсэн эд зүйлийн зураг /хх21-22-рт/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Аа овогт Н.Д нь нөхөр Ц.Б ыг хохирогч О.Б тай хардсаны улмаас Дархан сумын 1 дүгээр баг Партизаны 4-61 тоотод байрлах О.Б гийн гэрт орж, 14 инчийн телевизор 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, самсунг маркийн зургийн аппарат 1 ширхэг, будаатай аяга 3 ширхэг, сэнжтэй аяга 4 ширхэг, чихрийн таваг 1 ширхэг, давсны сав 1 ширхэг, ваартай амьд цэцэг 1 ширхэг, монгол гэрийн хаалга 1 ширхэг зэрэг нийт 329.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч О.Б нь хохиролд 330.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шүүхийн тогтоол гарах үед шүүгдэгч Н.Д ыг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 28 дахь хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Иймд шүүгдэгч Н.Д ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Д нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бага насны 2 хүүхэдтэй зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аа овогт Н.Д ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Н.Д д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Н.Д д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар Н.Д д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Н.Д д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Н.Д д мэдэгдсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Д д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ