Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2012 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                          Хэргийн индекс: 171/2012/0220/Э/    

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Цэдэндамба,

шүүгдэгч Ц.Э , Н.У  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ц Э , У  овогт Намсрайн У  нарт холбогдох 201209000564 тоот эрүүгийн хэргийг 2012 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 19.. оны ..дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын .р баг баг .задгайд оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, М овогт Ц Э  /ТК-..../

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 19. оны . дүгээр сарын .-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын .. дугаар баг . дугаар гудамжны . оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, У  овогт Намсрайн У  /МФ.../

 

Шүүгдэгч Ц.Э , Н.У  нар нь 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр бүлэглэн, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Мира” тэсэлгээний компанийн харуул Б.О ын бариатай байсан гэрийг Ц.Э ы эзэмшлийн хьюндэй портер маркийн .... ДАР улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж, 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүгдэгч Ц.Э аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай дүү гэр оронгүй, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд гэртэй болгоё гэж бодсон юм. Н.У  нь өөрийн гэсэн орон гэргүй, одоо ч гэсэн манай гэрт амьдардаг. Би эхнэрийн хамаатан О  гэдэг хүнд машинаа 2012 оны 5 сарын 11-нд 4.500.000 төгрөгөөр худалдахаар гэрээ хийж, одоо 500.000 төгрөгийг нь аваагүй байгаа. Мөнгөө гүйцэд өгсөний дараа машины гэрчилгээг О ийн нэр дээр шилжүүлнэ гэж тохирсон байсан. Тэгээд мөнгөө гүйцэд аваагүй учир хааяа машиныг нь гуйж юманд явдаг байсан. Гэр хулгайлах үедээ мод татах ажил гарлаа гэж О т хэлж машиныг нь гуйж авч явсан байсан гэв.

 

 

Шүүгдэгч Н.У аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Хөтөлд амьдарч байгаад намар гэрээрээ нүүж ирсэн юм. Тухайн үед гэр ачиж явсан машин бол Ц.Э  ахын машин. Ц.Э  нь машинтай болоод жил орчим болж байгаа бөгөөд машинаа хүнд зарсан гэдгийг нь бол мэдээгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

            Шүүгдэгч Ц.Э , Н.У  нар нь 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Мира” тэсэлгээний компанийн харуул Б.О ын бариатай байсан гэрийг Ц.Э ы эзэмшлийн хьюндэй портер маркийн .... ДАР улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж, 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            -хохирогч Б.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “-...2012 оны 10 сарын 9-ны өглөө манай аав Батбаатар руу төмөр толгойн үйлдвэрийн харуул утсаар яриад “танай манааны чинь гэр алга болчихсон байна” гэхээр нь Хонгор сумын цагдааг дагуулаад гэр дээрээ очсон чинь гэр алдагдсан байхгүй байсан. Гэр дотор байсан эд зүйл буйран дээрээ байж байсан юм. ...Алдагдсан монгол гэрээ 1 сая төгрөгөөр үнэлж байна. 2 жилийн өмнө шинээр нь худалдаж аваад барьсан байсан гэр юмаа:.” гэх мэдүүлэг /хх-17-рт/

            Гэрч Д.Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 10 сарын 8-наас 10 сарын 9-ны хооронд би ажилтай хоносон. /ДТҮ-ийн төмөр толгойн хүдрийн уурхайн 38-р постонд харуултай хоносон/ 2012 оны 10 сарын 9-ны өглөө ажлын автобусанд суугаад явж байхад Төмөр толгойн хүдрийн уурхайн хажууд байдаг уурхайд тэсэлгээ хийж байсан “Мира” компанийн сахиулын гэр нь алга болсон байсан учир би уг компанийн сахиул танил Батбаатар руу утсаар яриад “гэр чинь байхгүй болсон байна” гэж хэлсэн /хх-18-рт/

            Гэрч Д.Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2012 оны 10 сарын 9-ны өглөө гэртээ байж байсан чинь төмөр толгойн уурхайн харуул Бямбаа гэдэг залуу над руу 8 цаг 30 минутын орчим утсаар яриад “би ажлаасаа буугаад явж байна, танай гэр чинь алга болчихсон байна.” гэж хэлэхээр нь “тийм үү ямар сонин юм бэ?” гээд утсаар хүүхэд Б.О  руу хэлсэн чинь “ямар сонин юм бэ? би цагдаа аваад очьё” гэж хэлсэн юм. Би араас нь машин олоод очсон чинь гэр байхгүй болчихсон, зөвхөн гэрийн хаалгыг үлдээгээд бусдыг нь аваад явчихсан байсан. Гэр доторхи эд хогшил бүгд байж байсан юм. Хулгайд гэрээ алдахаас өмнө гэрийн хаалга цоожтой байсан юм” гэх мэдүүлэг /хх-19-рт/

            Гэрч Д.А.рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ингээд өглөө 9 цаг болж байхад боссон чинь манай хашаанд нэг гэр буулгачихсан байхаар нь ямар гэр хаанаас авчирч ирээд буулгачихсан юм бол доо гэж бодож байсан юм. Тэгээд 10 цагийн орчим У  ах, Э  ах нар тэр гэрийг дэлгэж хатаагаад Э  ахын машинд буцаагаад ачаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-20-рт/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч М овогт Ц Э , У  овогт Н.У  нар нь 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Мира” тэсэлгээний компанийн харуул Б.О ын бариатай байсан гэрийг Ц.Э ы эзэмшлийн хьюндэй портер маркийн .... ДАР улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж, 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирогч Б.О  нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа “гэр орноо хүлээж авсан. Одоо түлшний зардалаа гаргуулж авсан тохиолдолд гомдол санал алга байна. Тиймээс энэ зардлаа түргэн гаргуулж авмаар байна.” гэсэн хүсэлт гаргасан байх бөгөөд ямар машинд, ямар маркийн хэдэн төгрөгний үнэтэй шатахуун хийсэн талаарх баримтыг ирүүлээгүй байх тул шүүхийн тогтоол гарах үед шүүгдэгч Ц.Э , Н.У  нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж, хохирогч Б.О ын түлшний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст тэд урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 47-48-рт/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй бөгөөд шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд шүүгдэгч Ц.Э , Н.У  нарыг нарыг тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч Н.У ын өмчлөлийн нокиа 6300 маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Э.Золзаяагийн 2012 оны 10 сарын 11-ны өдрийн 581 тоот тогтоол,  Ц.Э ы өмчлөлийн нокиа 6020 маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2012 оны 10 сарын 11-ны өдрийн 581 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаас Ц.Э ы эзэмшлийн .... ДАР улсын дугаартай хьюндэй портер маркийн автомашиныг 2012 оны 5 сарын 11-ны өдөр Ц.О  худалдан авсан тухай гэрээг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ц.Э ы зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “иргэн Ц.О  нь миний машиныг 4500.000 төгрөгөөр 2012 оны 5 сарын 11-нд худалдан аваад 500.000 төгрөгийг нь одоо болтол өгөөгүй байгаа бөгөөд мөнгөө өгч дууссаны дараа тээврийн хэрэгсэл эзэмших эрхийн гэрчилгээг Ц.О т шилжүүлнэ гэж тохирсон байсан.” гэж мэдүүлж байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.” гэж заасан байх тул .... ДАР улсын дугаартай хьюндэй портер маркийн автомашиныг иргэн Ц.О ийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Э ы эзэмшлийн .... ДАР улсын дугаартай хьюндэй портер маркийн автомашиныг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хурааж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Э , Н.У   нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгч Ц.Э ы эзэмшлийн .... ДАР улсын дугаартай хьюндэй портер маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагч Э.Золзаяагийн 2012 оны 10 сарын 11-ны өдрийн 581 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Э ы эзэмшлийн .... ДАР улсын дугаартай хьюндэй портер маркийн автомашины АЯ№0059842 тоот тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Э , Н.У  нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286,  290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт Ц Э , У  овогт Намсрайн У  нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М овогт Ц Э д эд хөрөнгө хураахгүйгээр 2/хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч У  овогт Намсрайн У т эд хөрөнгө хураахгүйгээр 2/хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Ц.Э , Н.У  нарт оногдуулсан 2/хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Э ы эзэмшлийн .... ДАР улсын дугаартай, .. арлын дугаартай хьюндэй портер маркийн автомашиныг хурааж, улсын орлого болгосугай.

 

            5. Шүүгдэгч Ц.Э , Н.У  нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3-т зааснаар хохирогч Б.О  нь түлшний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурьдсугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар Ц.Э ы эзэмшлийн .... ДАР улсын дугаартай хьюндэй портер маркийн автомашины АЯ№0059842 тоот тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Г.Уянгад даалгасугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т зааснаар Ц.Э ы эзэмшлийн .... ДАР улсын дугаартай хьюндэй портер маркийн автомашин / 5 сая төгрөгийн үнэтэй/ битүүмжилсэн мөрдөн байцаагч Э.Золзаяагийн 2012 оны 10 сарын 11-ны өдрийн 581 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Н.У ын өмчлөлийн нокиа 6300 маркийн гар утас /50000 төгрөгний үнэтэй/ битүүмжилсэн мөрдөн байцаагч Э.З ийн 2012 оны 10 сарын 11-ны өдрийн 581 тоот тогтоол, Ц.Э ы өмчлөлийн нокиа 6020 маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Т.ийн 2012 оны 10 сарын 11-ны өдрийн 581 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ц.Э , Н.У  нарт оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жил 6/зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Э д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт, Н.У т хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ц.Э , Н.У  нарт мэдэгдсүгэй.

 

            11. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 

            12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Э , Н.У  нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ