Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0290

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.М, С.Анарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Нэхэмжлэгч: Н.М, С.А

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн Т.С, Д.Хнарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0304 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр 

Хэргийн индекс: 128/2026/0179/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0304 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.М, С.А-с Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн Т.С, Д.Х нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

2.1. “...анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нараас тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргаж буй акт нь “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтуудыг зөрчсөн илт хууль бус акт” гэх үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөхдөө Захиргааны эрх зүйн онолд “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа хуулийн үндэслэл /заалт/ огт хэрэглээгүй, хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэсэн боловч нарийвчилсан үндэслэлийг хэрэглээгүй тохиолдлыг ойлгоно гээд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийн ерөнхий болон нарийвчилсан үндэслэлүүдийг хэрэглэсэн байх тул уг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж дүгнэх хууль зүйн боломжгүй гэж хэт өнгөц бөгөөд хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

2.2. Газрын тухай хуулийн 3.1.4. ““газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг;” хэлнэ гэж тодорхойлсны дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтөд шилжүүлээд, газраа чөлөөлөх үүргээ биелүүлж чөлөөлсөн байгаа нэхэмжлэгчдийн газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэдэг нарийвчилсан заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Илт хууль бус захиргааны акт мөн эсэхийг тогтоохдоо захиргааны актын хууль зүйн үндэслэх хэсэгт хуулийн ерөнхий болон нарийвчилсан заалт ишилсэн эсэхийг дангаар нь шалгах нь учир дутагдалтай. Харин эдгээр заалтууд тухайн бодит нөхцөлд уг актыг гаргах эрх зүйн үндэслэл болж чадах байсан эсэхийг шалгах ёстой. Манай тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлт өгч чөлөөлж ашигласан газрыг ашиглаагүй гэдэг хуулийн заалт ашиглан акт гаргах нь илт хууль бус бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь засах боломжтой алдаатай шийдвэр биш, харин тухайн нөхцөлд огт гарч болохгүй байсан акт учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтуудыг зөрчсөн илт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй.

2.3. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актыг гаргасан байдалд тулгуурлан дүгнэлт хийсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-ийн хүрээнд шалгах ёстой "тухайн үед ийм акт гаргах эрх зүйн нөхцөл бүрдсэн эсэх" үндсэн асуултад хариулт өгөөгүй. Энэ нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

2.4. Мөн анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолын дагуу хууль бус актыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой үйл баримтыг дүгнэхдээ Шийдвэрийн 14-р тал Үндэслэх хэсгийн 19/ Нэхэмжлэгч Н.М, С.А нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШЗ2025/6282 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2025 оны 10-р сарын 08-ны өдрийн 128/ШЗ2025/6673 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцааснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан бол шүүхэд хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байх байжээ гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;" уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж хуульчилсан тул 2025 оны 10-р сарын 08-ны өдрийн 128/ШЗ2025/6673 дугаартай нэхэмжлэлийг буцаасан захирамжаас хойш 30 хоногийн хугацаа тоолох нь үндэслэлгүй.

2.5. Мөн анхан шатны шүүх /Шийдвэрийн 14-р тал Үндэслэх хэсгийн 19/ хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05-02/6851 тоот албан бичгийг хүлээн авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан бол шүүхэд хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байх байжээ гэж дүгнэсэн байх бөгөөд анхан шатны шүүх Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем болон тус шүүхийн архиваас шалгаж үзэхэд нэхэмжлэгч нэр бүхий 21 иргэнийг /Т.С, Д.Х нарын нэр багтсан/ төлөөлж Д.Н-гээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан дахин 2025 оны 11-р сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тогтоосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;" уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэсэн заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05-02/6851 тоот албан бичгийг хүлээн авснаас хойш 11 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдох тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

2.6. Энэ хугацаанд шүүх нэхэмжлэгчдээс төрд байгаа мэдээллийг шаардаж, нэхэмжлэгчид тэр бүрдүүлбэрийг олж дахин, дахин нэхэмжлэл гаргасан ч удаа дараа бүрдүүлбэр хангуулах, бүрдүүлбэр хангаагүйн улмаас буцаах, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, тодорхой биш учраас буцаах, нэгтгэж гарга, тус тусдаа гарга гэх мэт шүүхийн шаардлагыг нэхэмжлэгчид уйгагүй гүйцэлдүүлж байсан болно.

2.7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0304 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 Нэг.  Хэргийн үйл баримт, процессын талаар:

1.Нэхэмжлэгч Н.М, С.А-с Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн Т.С, Д.Хнарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолын ТАЙЛБАРЛАХ нь хэсгийн 8-д “…нэхэмжлэгч нь захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг хүчингүй болгох боломжтой, энэ нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан агуулгад хамаарахгүй…” гэж тайлбарласан байх бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нар захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан эсэх нь суурь асуудал болно гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч нар дээрх хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан эсэхийг бодитой шалган тогтоогоогүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нотлох баримтыг цуглуулж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж дүгнэхээр байна.

3. Учир нь анхан шатны шүүхээс “…нэхэмжлэгч Н.М, С.А нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 6282 дугаартай  захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6673 дугаартай захирамжаар … нэхэмжлэлийг буцааснаас хойш 30 хоногийн дотор буюу хавтаст хэрэгт авагдсан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05-02/6851 тоот албан бичгийг хүлээн авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан бол шүүхэд хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрэхгүй байх байжээ…” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

4. Тодруулбал нэхэмжлэгч нарын зүгээс нэр бүхий 17 иргэний хамт 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр маргаан бүхий 2022 оны А/1009 дугаартай захирамжийг илт хууль бус захиргааны акт үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3867 дугаартай захирамжаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамжаар буцаасан.

4.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг буцаах” тухай 4277 дугаартай захирамжаар нэхэмжлэгч тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан.

4.2. Нэхэмжлэгч Н.М 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий 2022 оны А/1009 дугаартай захирамжийг илт хууль бус захиргааны акт үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4520 дугаартай захирамжаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамжаар буцаасан.

4.3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцаах тухай” 5125 дугаартай захирамжаар нэхэмжлэгч холбогдох баримтуудыг тогтоосон хугацаанд ирүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан.

4.4. Нэр бүхий 21 иргэний /Н.М, С.А орно/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-н 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан маргаан бүхий 2022 оны А/1009 захирамжийн нэхэмжлэгчдэд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах … нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5343 дугаартай захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

4.5. Нэр бүхий 21 иргэний /Н.М, С.А орно/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-н 2025 оны 09 дугаар сарын 15-ний өдөр гаргасан маргаан бүхий 2022 оны А/1009 захирамжийн нэхэмжлэгчдэд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах … нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2025 оны 09 дугаар сарын 24-ны өдрийн 6282 дугаартай “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамжаар 14 хоногоор хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

4.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцаах тухай” 6673 дугаартай захирамжаар нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан.

4.7. Нэр бүхий 21 иргэний /Н.М, С.А орно/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н н 2025 оны 11 дугаар сарын 03-ний өдөр гаргасан маргаан бүхий 2022 оны А/1009 захирамжийн нэхэмжлэгчдэд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох … нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2025 оны 11 дугаар сарын 11-ны өдрийн 7620 дугаартай “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамжаар 14 хоногоор хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

4.8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцаах тухай” 8247 дугаартай захирамжаар нэхэмжлэгч холбогдох баримтуудыг тогтоосон хугацаанд ирүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан.

4.9. Нэхэмжлэгч Н.М, С.А нарын зүгээс дээрх захирамжид заасны дагуу тусдаа нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн Т.С, Д.Х нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг анхан шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0304 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт, процесс тогтоогдож байна.

5. Дээрх үйл баримт, процессоос дүгнэхэд нэхэмжлэгч Н.М, С.А нь шүүхэд хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 6. Тухайлбал, нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 19-д дурдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05-02/6851 тоот албан бичгийг хүлээн авснаас хойш  буюу 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс энэ талаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэхтэй холбоотой дүгнэлт хийгээгүй, мөн хамгийн сүүлд гарсан шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцаах тухай” 8247 дугаартай захирамжийг нэхэмжлэгч нар хэзээ, хэрхэн хүлээн авсан болон  хүлээж аваад хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан эсэх талаар холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхээс энэ талаар огт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нар шүүхэд хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх, Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хэрэглэх боломжтой эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

7. Иймд маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны А/1009 дугаартай захирамж илт хууль бус байсан эсэх, нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашигласан эсэх, нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газар нь төмөр замын хамгаалалтын зурваст хамаарах эсэх, “Ж г” ХХК-ийн гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан эсэх, Сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр баригдах авто замтай давхцаж байгаа эсэх зэрэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0304 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

   ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                Л.ОДБААТАР