Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 123/ШШ2020/0032

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 05 өдөр Дугаар Зуунмод сум

123/ШШ2020/0032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Б,

Хариуцагч: Төв аймгийн Г ц д х з б ажлын хэсэг, Төв аймгийн З сумын гд

Нэхэмжлэлийн шаардлага:

- нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах,

- нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааг хүчингүй болгуулах,

- ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр хуралдааны шийдвэрээр Н.Бг нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааны ялагчаар баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

- 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдаагаар иргэн Н.Б ялагчаар шалгарсныг тогтоолгох,

- 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааны ялагчаар иргэн Н.Б шалгарсныг баталгаажуулах, мэдэгдэхийг ажлын хэсэгт даалгах,

- Н.Бтэй нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын үнэ төлөх гэрээ байгуулахыг Төв аймгийн Зуунмод сумын газрын даамалд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх, хариуцагч Төв аймгийн Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, Б.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Б Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутаас 15 цаг 00 минутын хооронд зохион байгуулсан цахим дуудлага худалдаанд оролцож, нэгж талбарын 1217 дугаартай (200) тоот газрыг 18.950.000 төгрөгөөр худалдан авах эрхийг олж авсан боловч техникийн саатал гарсан гэх шалтгаанаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутаас 15 цаг 00 минутын хооронд дахин дуудлага худалдаа зохион байгуулсан. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгосон эсвэл түүний үр дүнг аливаа хэлбэрээр үл хүлээн зөвшөөрөх талаар захиргааны байгууллагаас ямар нэг шийдвэр бичгийн хэлбэрээр гараагүй бөгөөд бичгийн хэлбэртэй шийдвэрийг танилцуулаагүй тул иргэний эрхийг хөндсөн, зөрчсөн үйл ажиллагааг зөвхөн үйлдлээр хэрэгжүүлсэн. Шийдвэрийг танилцуулаагүй ба 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дуудлага худалдааг зохион байгуулах болсныг олж мэдсэн. Захиргааны байгууллагын дээрх үйлдэл буюу үйл ажиллагааны улмаас цахим дуудлага худалдаанд ялалт байгуулсан 1217 дугаартай (200) тоот газрыг 18.950.000 төгрөгөөр худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрснээр эрх зөрчигдсөн. Хэрэв захиргааны байгууллагаас дээрх үйлдлийг гаргаагүй бол ялалт байгуулсан газраа 18.950.000 төгрөгөөр харьцангуй хямд үнээр худалдан авах байсан.

Дахин зохион байгуулагдсан дуудлага худалдаанаас миний бие нэгж талбарын 1217 дугаартай (200) тоот газрыг 31.950.000 төгрөгөөр худалдан авах эрхийг олж авсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутаас 15 цаг 00 минутын хооронд зохион байгуулагдсан цахим дуудлага худалдаанаас олж авсан үнээс 13.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авах үүрэг үүсч, энэхүү үүргээ гүйцэтгэлгүй зөрчвөл дэнчингийн 945.000 төгрөгийг үл маргах журмаар шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээсэн. Тиймээс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дуудлага худалдааг зохион байгуулсан захиргааны үйл ажиллагааны өөрт хамаарах хэсэг буюу нэгж талбарын 1217 дугаартай 200 тоот дугаартай газрыг дахин худалдсан үйлдлийг хүчингүй болгосноор миний 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн цахим дуудлага худалдаанаас 1217 дугаартай 200 тоот газрыг 18.950.000 төгрөгөөр худалдан авах эрх сэргэнэ гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад зааснаар Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолор газрын дуудлага худалдаа явуулах журмыг баталсан. Газрыг эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааны журам-д дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах талаар зохицуулалтыг заагаагүй байна. Иргэн, хуулийн этгээд нь аливаа үйл ажиллагааг хориглоогүй бол хийх нь нээлттэй гэж үзэж байна. Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах хууль зүйн орчин байхгүй. Энэ нь Газрын дуудлага худалдаа зохион байгуулах журмыг зөрчсөн гэж ойлгох боломжтой байна. Мөн дуудлага худалдааг явуулах эрх бүхий этгээд нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч юм. Үргэлжлүүлэн дуудлага худалдаа явуулах эсэхийг Засаг дарга шийдвэрлэх ёстой. Ажлын хэсэг нь өөрт нь байхгүй эрх хэмжээнд дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулсан. Анхны дуудлага худалдаанд илүү хямд буюу 18.950.000 төгрөгөөр газрын дуудлага худалдаанд ялагч болоод байхад үргэлжлүүлэн явуулсан нь нэхэмжлэгчийн газар худалдан авах энэ эрх нь зөрчигдөж байна. Иймд нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар хуралдааны шийдвэр, нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдаа, ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр хуралдааны шийдвэрээр Н.Бг нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааны ялагчаар баталгаажуулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдаагаар иргэн Н.Б ялагчаар шалгарсныг тогтоолгож, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааны ялагчаар иргэн Н.Б шалгарсныг баталгаажуулах, мэдэгдэхийг ажлын хэсэгт даалгаж, Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу Н.Бтэй нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын үнэ төлөх гэрээ байгуулахыг Төв аймгийн Зуунмод сумын газрын даамалд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, Б.Оюунцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын баталсан Зуунмод сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Номт баг, Хуульчдын хотхоны урд 3.5 га газрыг эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/627 дугаар захирамжаар газрын байршил зураг, анхны үнэ, хугацааг баталсан. Тус газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/644 дүгээр захирамжаар байгуулсан. Цахим дуудлага худалдаанд 2 байршилд 44 нэгж талбарт хийсэн, дуудлага худалдааг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10-17 цагийн хооронд зохион байгуулсан ба 355 иргэн бүртгүүлж оролцсон.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын А/169 дүгээр тушаалаар баталсан Газрын биржийн цахим системийг ажиллуулах журам-ын дагуу дуудлага худалдаа 10:00-15:00 цаг хүртэл энгийн горимоор явагдаж 15:00 цагаас хойш 60 секундын хүлээлгийн горимоор үргэлжилж байсан боловч 15.00 цагаас хойш Газрын биржийн цахим системийн ачаалал хэт ихэссэнээс болж ихэнх оролцогчид 60 секундын хүлээлтийн горимд үнийн саналаа оруулж чадаагүй.

Газрын биржийн цахим системийн сервер гацсантай холбоотойгоор 11 дүгээр сарын 22-ны өдрийн дуудлага худалдаа дууссанаас хойш утсаар 15 иргэн гомдол гаргаж, 4 иргэн өргөдөл өгсний дагуу Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 9.3-т заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 1 дүгээр хурлаар авч хэлэлцэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт сүлжээний доголдын талаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 07/917 тоот албан бичгээр хүсэлт хүргүүлсэн.

Хүсэлтийн хариу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний 2/2329 тоот албан бичгээр ирсэн бөгөөд тус албан бичигт Газрын биржийн цахим систем (www.mle.mn)-ээр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан цахим дуудлага худалдааны явцад 14 цаг 55 минутаас 15 цаг 09 минутын хооронд тус газарт байрлах Газрын биржийн цахим системийн үндсэн серверийн төв процессорын ачаалал хэт ихсэн системийн хэвийн ажиллагааг доголдуулж улмаар дуудлага худалдааны зарим оролцогчдын үнийн саналаа өгөх боломжид нөлөөлсөн тухай дурьдсан нь сүлжээ доголдсоныг нотолж байна. Тус албан бичигт цахим системийн үндсэн серверийн ачаалал даах чадамжийг 4 дахин нэмэгдүүлж хэвийн ажиллах боломжтой болсон талаар албан ёсоор мэдэгдэж, цахим дуудлага худалдааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах чиглэл хүргүүлсэн.

Цахим дуудлага худалдаа явуулах ажлын хэсгээс Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 9 дүгээр зүйлийн 9.3-т дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг тухайн дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу 31 байршилд өрсөлдсөн иргэдээс 58 өргөдөл, гомдол ирснийг Ажлын хэсгийн 2 дугаар хурлаар хэлэлцэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2/2329 тоот албан бичгийг үндэслэн цахим дуудлага худалдааг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь хууль, журам зөрчөөгүй, ажлын хэсэг журмаар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр болно. Цахим дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулсан асуудал нь дуудлага худалдаанд бүртгүүлсэн нийт 355 иргэдийн эрх ашгийг хүндэлж, дахин дуудлага худалдаа явуулахгүйгээр анх бүртгүүлсэн иргэдээс гадна нэмж хүн бүртгэхгүй, дахин бүртгэл хийж иргэдийг чирэгдүүлэх нөхцөл үүсгэхгүйн үүднээс гарсан шийдвэр юм. Мөн үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, бүртгүүлсэн иргэдийн оролцоог хангах үүднээс 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад өгсөн үнийн саналаас хойш үргэлжлүүлж үнийн санал өгөхөөр зохицуулалт хийж, дуудлага худалдаанд оролцогчдын эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан шийдвэр.

Дуудлага худалдаатай холбоотойгоор дээрх иргэдийн гаргасан гомдлыг шалгах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/723 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатараар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэг нь иргэдийн гомдлыг шалгаж үзээд ажлын хэсгээс цахим дуудлага худалдаа нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу явагдсан тул хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

Тус дуудлага худалдаа нь иргэдийн гомдол гарсныг үндэслэн Ажлын хэсгийн шийдвэрээр дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулсан бөгөөд 12 сарын 03-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдааны үргэлжлэлд нэмж оролцогч бүртгэлгүй нийт бүртгүүлсэн 355 оролцогч өөрсдийн бүртгүүлсэн газрын эзэмших эрхийн дуудлага худалдаанд үргэлжлүүлэн орлолцсон бөгөөд нэхэмжлэгч Н.Б нь 1217 дугаартай дуудлага худалдаанд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 18.950.000 төгрөгийн үнийн саналаар ялагч болсон. Мөн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үргэлжлүүлэн зохион байгуулсан дуудлага худалдаанд 31.950.000 төгрөгийн үнийн саналаар ялагч болсон нь тухайн дуудлага худалдааг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын газрын даамал Б.Бат-оргил шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/627 дугаар "Амины орон сууцны газрын дуудлага худалдаа зохион байгуулах тухай" захирамжаар газрын байршил зураг, анхны үнэ, хугацааг баталсан.

Тус газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/644 дүгээр захирамжаар байгуулсан. Цахим дуудлага худалдааг 2 байршилд 44 нэгж талбарт, 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10-15 цагийн хооронд зохион байгуулсан ба нийт 356 иргэн бүртгүүлж оролцсон. Газрын биржийн цахим системийн сервер гацсантай холбоотойгоор 31 байршилд өрсөлдсөн иргэдээс 58 өргөдөл, гомдол ирснийг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ын 9.3-т заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн хурлаар хэлэлцсэн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт сүлжээний доголдлын талаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 07/917 тоот албан бичгээр хүсэлт хүргүүлсэн. Хүсэлтийн хариу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2/2329 тоот албан бичгээр ирсэн ба тус албан бичигт Газрын биржийн цахим систем www.mle.mn-ээр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байлуулагдсан цахим дуудлага худалдааны явцад 14 цаг 55 минутаас 15 цаг 09 минутын хооронд тус газарт байрлах Газрын биржийн цахим системийн үндсэн серверийн төв процессорын ачаалал хэт ихсэн системийн хэвийн ажиллагааг доголдуулж улмаар дуудлага худалдааны зарим оролцогчдын үнийн саналаа өгөх боломжид нөлөөлсөн" тухай дурьдсан нь сүлжээ доголдсоныг нотлож байна.

Тус албан бичигт цахим системийн үндсэн серверийн ачаалал даах чадамжийг 4 дахин нэмэгдүүлж хэвийн ажиллах боломжтой болсон талаар албан ёсоор мэдэгдэж, цахим дуудлага худалдааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах чиглэл ирүүлсэн. Цахим дуудлага худалдаа явуулах ажлын хэсгээс Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага явуулах журам"-ын 9 дүгээр зүйлийн 9.3-т "дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг тухайн дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг хянан шийдвэрлэнэ" гэж заасны дагуу иргэдээс ирүүлсэн өргөдлийг Ажлын хэсгийн 2 дугаар хурлаар хэлэлцэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2/2329 тоот албан бичгийг үндэслэн цахим дуудлага худалдааг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлсэн. Энэхүү шийдвэр нь хууль, журам зөрчөөгүй ба Ажлын хэсгийн журмаар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр болно. Цахим дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах болсон үндэслэл нь дуудлага худалдаанд бүртгүүлсэн нийт 356 иргэдийн эрх ашгийг хүндэлж, бүртгүүлсэн иргэдээс гадна нэмж хүн бүртгэхгүй, дахин бүртгэл хийж иргэдийг чирэгдүүлэх нөхцөл үүсгэхгүйн үүднээс гаргасан. Мөн үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлж 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад өгсөн үнийн саналаас хойш үргэлжлүүлж үнийн санал өгөхөөр зохицуулалт хийж ажилласан нь дуудлага худалдаанд оролцогчдын эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан шийдвэр болно. Дуудлага худалдаатай холбоотойгоор дээрх иргэдийн гаргасан гомдлыг шалгах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/723 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатараар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэг нь иргэдийн гомдлыг шалгаж үзээд ажлын хэсгээс цахим дуудлага худалдаа нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу явагдсан тул хүчингүй болгох үндэслэлгүй байна" гэх дүгнэлт гаргасан. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үргэлжлүүлэн зохион байгуулах тухай ажлын хэсгийн шийдвэр болон бусад холбогдох баримт бичгийн дагуу өргөдөл гомдлын хариуг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас иргэдэд хүргүүлсэн. Тус дуудлага худалдаа нь иргэний гомдол маргаан гарсныг үндэслэн Ажлын хэсгийн шийдвэрээр нэг дуудлага худалдааг 2 таслан үргэлжлүүлэн явуулсан бөгөөд үргэлжлүүлэн зохион байгуулсан дуудлага худалдаанд нэмж оролцогч бүртгэлгүй анх бүртгүүлсэн 356 оролцогч өөрсдийн өрсөлдсөн дуудлага худалдаанд үргэлжлүүлэн оролцсон. Нэхэмжлэгч Н.Б нь үргэлжлүүлэн явуулсан дуудлага худалдаанд үнийн санал өгч оролцсон нь тухайн дуудлага худалдааг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гэж үзэж байна. Миний бие Зуунмод сумын газрын даамлаар 2019 оны 9 дүгээр сараас эхэлж ажиллаж байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй бөгөөд гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрхөө мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Төв аймгийн Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тус сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөг баталж, тус тогтоолын хавсралтад Хуульчдын хотхоны урд талд амины орон сууцны зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын байршил хэмжээний төлөвлөлтийг баталжээ.[1][1]

Төв аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/627 дугаар Амины орон сууны газрын дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамжийг[2][2] үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/644 дүгээр захирамжаар дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг томилогдон хийх ажлын төлөвлөгөөг баталсан байна.[3][3] Ажлын төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн №1 дүгээр тэмдэглэлээс үзвэл[4][4] 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуудлага худалдааг 09:00 цагаас 15:00 цаг хүртэл зохион байгуулсан бөгөөд 44 нэгж талбарт 356 иргэн бүртгүүлж оролцсон байна.

Нэхэмжлэгч Н.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн газрын цахим дуудлага худалдаанд 2018-1217 дугаар нэгж талбарт өрсөлдөн 15:00:30 секундэд 18.950.00 төгрөгийг үнийн саналыг өгчээ.[5][5]

Гэтэл иргэдээс тухайн газрын цахим дуудлага худалдаанд интернетээр оролцож болохгүй, үнийн санал орохгүй, техникийн гацалт үүсч байгаа талаар гомдлыг ажлын хэсэгт гаргасан байна.[6][6]

Улмаар ажлын хэсгээс иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авч, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар луу албан бичиг хүргүүлж иргэдийн гомдлын дагуу цахим дуудлага худалдаанд үүссэн асуудлыг шалгуулж, албан ёсны хариу ирсэн тохиолдолд ялагчдыг баталгаажуулахаар мөн өдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ.[7][7]

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2/2329 дугаар албан бичгээр Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан 44 нэгж талбарын газар эзэмших эрхийн дуудлага худалдааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 55 минутаас тус өдрийн 15 цаг 09 минутын хооронд тус газарт байрлах Газрын биржийн цахим системийн үндсэн серверийн төв процессорын ачаалал хэт ихсэн системийн хэвийн ажиллагаа доголдуулж улмаар дуудлага худалдааны зарим оролцогчдын үнийн саналаа өгөх боломжид нөлөөлсөн байна. Иймд газрын биржийн цахим системийн үндсэн серверийн ачаалал даах чадамжийг 4 дахин нэмэгдүүлж хэвийн ажиллах боломжтой болгосон тул 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагаас 17 цагийн хооронд зохион байгуулагдах байсан дуудлага худалдааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллана уу гэсэн хариуг[8][8] Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн байна.

Ийнхүү газрын биржийн цахим системийн үндсэн серверийн ачаалал даахгүй, гацсан болох нь шүүхээс томилогдсон Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4909 дугаар шинжээчийн дүгнэлтээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын www.mle.mn буюу газрын биржийн цахим системийн серверт гацалт үүссэн гэсэн дүгнэлтээр[9][9] давхар тогтоогдож байна.

Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн №2 дугаар хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын албан бичиг, иргэдийн өргөдөл гомдлыг үндэслэн дуудлага худалдааг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Даваа гаригийн 14:30-17:00 цагийн хооронд үргэлжлүүлэн зохион байгуулах урьдчилсан бэлтгэл хангах, 14:30 цагаас энгийн горимоор дуудлага худалдааны 14:30 цаг хүртэлх өгсөн саналаас үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.[10][10]

Ийнхүү үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн ажлын хэсгийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно, Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг тухайн дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг хянан шийдвэрлэнэ гэж заасантай нийцсэн байна.[11][11]

Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч Н.Б нь хүлээн зөвшөөрч, дуудлага худалдаанд үргэлжлүүлэн оролцож 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн газрын цахим дуудлага худалдаанд 2018-1217 дугаар нэгж талбарт 31.950.000 төгрөгийн үнийн саналыг гарган оролцож ялагч болсон байна.

Газрын дуудлага худалдаа зохион байгуулсан ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №4 дүгээр хурлаар 44 нэгж талбарын бүх ялагчийг баталгаажуулахаар шийдвэрлэж, ялагчтай 3 хоногийн дотор гэрээ байгуулж, 14 хоногийн дотор дуудлага худалдааны үнийг Зуунмод сумын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.[12][12]

Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 10 дугаар зүйлийн 10.1 дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаагаар худалдан авсан газрын болон газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний үнийг энэ журмын 11.3-т заасан хугацаанд бүрэн төлөөгүй, эсхүл төлөхийг зөвшөөрөөгүй тохиолдолд, дуудлага худалдаа явагдаагүй болон явуулах нөхцөл бүрдээгүй, хууль зөрчин явуулсныг шүүхийн шийдвэрээр тогтоосон, дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.2-т заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд дуудлага худалдааг дахин явуулахаар заасан байх бөгөөд техникийн саатал гарсан тухайн тохиолдолд ажлын хэсгээс газрын цахим дуудлага худалдааг дахин явуулахгүйгээр үргэлжлүүлэн явуулсан нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Газрын цахим дуудлага худалдааг зохион явуулах явцад Газрын биржийн цахим системийн үндсэн серверийн төв процессорын ачаалал хэт ихсэн системийн хэвийн ажиллагаа доголдож улмаар дуудлага худалдааны зарим оролцогчдын үнийн саналаа өгөх боломжид нөлөөлсөн учир тус өдрийн дуудлага худалдааны ялагч нарыг баталгаажуулахгүй байхаар шийдвэрлэж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үргэлжлүүлэн дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2 дахь хэсэг Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. 24.3 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ. 24.4 дэх хэсэгт Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасны дагуу дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулахдаа хариуцагч ажлын хэсэг нь хууль журамд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж дуудлага худалдаанд оролцогчдын эрхийг ханган нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр үндэслэлтэй шийдвэр гаргасан байна.

Иймд Газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг нь газар эзэмшүүлэх дуудлага худалдааг хууль журамд нийцүүлэн явуулсан байх тул нэхэмжлэгчийн нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааны ялагчаар иргэн Н.Б шалгарсныг баталгаажуулах, мэдэгдэхийг ажлын хэсэгт даалгах, Н.Бтэй нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын үнэ төлөх гэрээ байгуулахыг Төв аймгийн Зуунмод сумын газрын даамалд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Хоёр. Нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан үйл ажиллагаа учир түүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дуудлага худалдааны ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар хуралдаанаар 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд уг дуудлага худалдаа нь 2 дугаар хуралдааны шийдвэрийн үр дагавар байх бөгөөд бие даасан захиргааны акт биш байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шийдвэргүйгээр дуудлага худалдаа явагдсан бол энэ нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар тогтоосон үйл ажиллагаа болох бөгөөд энэ тохиолдолд эдгээр шинжийг агуулсан захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй юм.

Ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр хуралдааны шийдвэрээр Н.Бг нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааны ялагчаар баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэн Н.Б нь дуудлага худалдаа явуулах журмын Ес-ийн 9.9.8-д заасны дагуу Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулаагүй Арван нэг-ийн 11.3-т зааснаар дуудлага худалдааны үнийг бүрэн төлөөгүйгээс тухайн нэгж талбар бүхий газарт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дахин дуудлага худалдаа явагдаж, иргэн Н.Уламбаяр ялагчаар тодорч байжээ[13][13].

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа Н.Бг нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааны ялагчаар баталгаажуулсан шийдвэр хүчингүй болж, дахин дуудлага худалдаа явагдсан, шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд тодруулахад өөрчлөгдөхгүй гэсэн учир нэгэнт захиргааны акт хүчингүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдаагаар иргэн Н.Б ялагчаар шалгарсныг тогтоолгох гэж нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь хэсэгт зааснаас үзвэл тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж болохоор заажээ. Энэ тохиолдолд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан дуудлага худалдааны шийдвэрээр техникийн саатал гарах үед иргэн Н.Б хамгийн өндөр буюу 18.950.000 төгрөгийн үнийн санал өгсөн гэдэг нь тодорхой байх бөгөөд уг хурлын шийдвэрийн талаар нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааны ялагчаар иргэн Н.Б шалгарсныг баталгаажуулах, мэдэгдэхийг ажлын хэсэгт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн гаргасан.

Иймд шалгарсныг баталгаажуулах, ялагчаар шалгарсныг тогтоолгох гэсэн шаардлага нь агуулгын хувьд нэг ойлголт, нэг агуулгыг 2 янзаар тодорхойлсон, тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан захиргааны акт биш, өөрөөр хэлбэл эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нөхцөл үүсээгүй, өөр захиргааны актаар тогтоогдсон харилцаа байна.

Иймд нэхэмжлэгчийн нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааг хүчингүй болгуулах, ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр хуралдааны шийдвэрээр Н.Бг нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааны ялагчаар баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдаагаар иргэн Н.Б ялагчаар шалгарсныг тогтоолгох шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт биш, гарсан захиргааны акт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчингүй болж, өөр байдлаар хэрэгжсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шүүх шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг заасныг баримтлан нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааг хүчингүй болгуулах, ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр хуралдааны шийдвэрээр Н.Бг нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааны ялагчаар баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдаагаар иргэн Н.Б ялагчаар шалгарсныг тогтоолгох шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2.            Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын дуудлага худалдааны ялагчаар иргэн Н.Б шалгарсныг баталгаажуулах, мэдэгдэхийг ажлын хэсэгт даалгах, Н.Бтэй нэгж талбарын 1217 дугаартай /200/ тоот газрын үнэ төлөх гэрээ байгуулахыг Төв аймгийн Зуунмод сумын газрын даамалд даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ