| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2019/03071/И |
| Дугаар | 181/ШШ2020/01049 |
| Огноо | 2020-04-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2020/01049
| 2020 оны 04 сарын 21 өдөр | 181/ШШ2020/01049 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Э/РД: /-т холбогдох,
19 594 375 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Очирпүрэвийн Э нь манай “Э” ХХК-иас 2014 оны 07 сард Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 310 дугаар байрны 7 тоот 2 өрөө орон сууц, 8 тоот 2 өрөө орон сууцнуудыг нийт 160.960.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 117.555.308 төгрөгийг мөнгөн болон бартерийн хэлбэрээр төлж барагдуулаад, үлдэгдэл төлбөр болох 13.062.917 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
О.Э нь хамгийн сүүлд буюу 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай компанид “... үлдэгдэл 43.404.692 төгрөгийг эхнэр Алтанхундагын нэр дээр байрны ордер гарахад уг байраа барьцаанд тавин үлдэгдэл мөнгөө өгч дуусгах”-аар хүсэлт гаргасан байсан учир манай компани түүнд бүрэн итгэж, урьдын төлбөр төлж ирсэн үйлдэлд нь итгэж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар руу албан бичиг явуулсан.
Гэтэл О.Э нь манай компаниас гэрчилгээг очиж авах зөвшөөрлийг бүрэн өгөөгүй байхад манай компаниас түрүүлж очоод бидэнд мэдэгдэлгүйгээр үл хөдлөхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өөрийн иргэний үнэмлэхийг үзүүлэн авч явсан байсан. Манай компани түүний хэлсэнд итгэж уг орон сууцнуудаа бусдад барьцаанд тавьж, үлдэгдэл төлбөрөө богино хугацаанд хурдан төлнө гэж итгэж байтал О.Э нь орон сууцнуудын гэрчилгээг өөрөө авч явснаас хойш өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөхгүй зайлсхийж, манай компанийг хохироосоор байна.
О.Э нь манай компанийн харуул хамгааалтын асуудлыг хариуцаж байсан боловч 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэнэт манай компанид мэдэгдэлгүйгээр, “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 10.2 /Талууд гэрээнд заасан үндэслэл журмаас гадуур нэг талын санаачлагаар гэрээг цуцлах эрхгүй/, 10.4 /гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд 30-с доошгүй хоногийн өмнө гэрээг цуцлах тухай мэдээллийг бичгээр хүргүүлсэний үндсэн дээр гэрээг цуцалж болно/ гэсэн заалтуудыг зөрчин харуул хамгаалалтаа буулган татан авч, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байсан обьектыг эзэнгүйдүүлэн хаяад явсан.
Энэ мөнгийг төлөхгүй явж байгаад сүүлд бартераар бетон зуурмаг нийлүүлсэн байдаг. 45 метр куб, 16 метр кубаар 2 удаа бетон зуурмаг нийлүүлсэн байдаг. Хэрэгт гаргаж өгсөн баримтаас харахад метр куб нь 146,000 төгрөг гэж гарч байгаа. Манайх 1 метр куб тутамд 145,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлээ гаргасан. Бетон зуурмагийн төлбөр 8,845,000 төгрөг болж байгаа. Үүнээс хойш Харуул хамгаалалтын гэрээг “Сүм их бүрд” ХХК-тай байгуулж 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд харуул хамгаалалтын ажил хийлгүүлсэн. 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 2 сарын төлбөр 5,280,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 14-ний өдрийн төлбөр 766,452 төгрөг байгаа. Тэгэхээр төлөгдөөгүй төлбөр 12,513,240 төгрөг болж байгаа. Мөн Харуул хамгаалалтын гэрээтэй холбоотой НӨАТ-ын асуудал яригддаг. Энэ нь 549,677 төгрөг болж байгаа. Нийт 13,062,917 төгрөгийн асуудал байгаа.
Иймд О.Эоос гэрээний үлдэгдэл төлбөр болох 13.062.917 төгрөг, алданги 6.531.458 төгрөг, нийт 19.594.375 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагч О.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд Э ХХК-ийн 19.594.375 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Миний бие Э ХХК-тай 2014 оны 07 сарын 04-ний өдөр Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 310 дугаар байрны 7 тоот 2 өрөө орон сууц, 8 тоот 2 орон сууцнуудыг нийт 160.960.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу бүх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан болно. Миний төлсөн төлбөрүүдийг төлөөгүй мэтээр, яаж тооцож ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 43,404,692 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 13,000,000 төгрөгийг төлөөгүй, тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж дурдсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд дурдсан цаг хугацаа буюу 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хойш дараах байдлаар орон сууцны үнэ төлбөрийг барагдуулсан байдаг. Талуудын хороонд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Харуул хамгаалалтын гэрээ байгуулагдаад, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр уг гэрээний үйлчлэл дуусгавар болсон. Тухайн гэрээний дагуу 3 ажилтан ажилладаг байсан. Тухайн ажилчдын цалин 800,000 төгрөг байсан. 2019 онд 6,141,000 төгрөгийг Харуул хамгаалалтын гэрээний дагуу орон сууцны төлбөрийг төлсөн. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр н.Энх-Амгаланд итгэмжлэлийн дагуу 24,000,000 төгрөгийн үнийн дүнтэй машиныг шилжүүлсэн. 3 дахь төлбөрийн тухайд зуурмагаар хийсэн байдаг. Тооцооллоор 960 гаруй мянган төгрөгийг илүү төлөлттэй байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч О.Эт холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 13 062 917/арван гурван сая жаран хоёр мянга есөн зуун арван долоо/ төгрөгийг, алдангид 6 531 458/зургаан сая таван зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг, нийт 19 594 375/арван есөн сая таван зуун ерэн дөрвөн мянга гурван зуун далан тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч О.Э нь гэрээний дагуу бүх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэж маргасан.
Зохигчид 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр № B/02/07 “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” болон № B/02/08 “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан болох нь № B/02/07 “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний болон № B/02/08 “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хуулбараар тогтоогдож байна.
№ B/02/07 “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1-ийн 1.1, 1.2, 2-ын 2.2, 5-ын 5.3-т зааснаар нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт “Залуу гэр бүл-2” орон сууцны 7/долоо/ тоот, 2/хоёр/ өрөө, 51.9/тавин нэг зууны ес/ м.кв орон сууцыг барьж 2015 оны 01-р улиралд хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчид 83 040 000/наян гурван сая дөчин мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь № B/02/07 “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хуулбараар тогтоогдож байна.
№ B/02/08 “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1-ийн 1.1, 1.2, 2-ын 2.2, 5-ын 5.3-т зааснаар нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт “Залуу гэр бүл-2” орон сууцны 8/найм/ тоот, 2/хоёр/ өрөө, 48.7/дөчин найм аравны долоо/ м.кв орон сууцыг барьж 2015 оны 01-р улиралд хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчид 77 920 000/далан долоон сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь № B/02/08 “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
№ B/02/07 “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”/цаашид “Гэрээ-1” гэх/ болон № B/02/08 “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”/цаашид “Гэрээ-2” гэх/-р нэхэмжлэгч нь орон сууцыг барьж хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус Гэрээ-1, Гэрээ-2 нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ.
Зохигчийн байгуулсан Гэрээ-1, Гэрээ-2 нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь Гэрээ-1, Гэрээ-2-ын үлдэгдэл төлбөрт 13 062 917/арван гурван сая жаран хоёр мянга есөн зуун арван долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Гэрээ-1 болон Гэрээ-2-т зааснаар 7/долоо/ тоот болон 8/найм/ тоот орон сууцны нийт төлбөр 160 960 000/нэг зуун жаран сая есөн зуун жаран мянга/ төгрөг болох нь зохигчийн тайлбар, Гэрээ-1 болон Гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т “Талууд өөрөөр тохиролцоогүй ... ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө.” гэж заасан.
Гэрээ-1 болон Гэрээ-2-ын 2-ын 2.5-д зааснаар зохигчид орон сууцны төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээ-1 болон Гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид 7/долоо/ болон 8/найм/ тоот орон сууцны төлбөрт 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 117 555 308/нэг зуун арван долоон сая таван зуун тавин таван мянга гурван зуун найм/ төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 43 404 692/160960000-117555308=43404692/ /дөчин гурван сая дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг байсан талаар маргахгүй байна.
2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн № 19/805 Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.3, 3-ын 3.1-т зааснаар хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлж, 7/долоо/ болон 8/найм/ тоот орон сууцны төлбөрт нийт 6 160 000/880000х3=2640000, 2640000x2=5280000, 88000x10=880000, 5280000+880000=6160000/ /зургаан сая нэг зуун жаран мянга/ төгрөгийн харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 6 043 000/зургаан сая дөчин гурван мянга/ төгрөгийн харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн гэх тайлбар гаргаж байх тул хариуцагч нь 6 043 000/зургаан сая дөчин гурван мянга/ төгрөгийг 7/долоо/, 8/найм/ тоот орон сууцны төлбөрт тооцуулсан болох нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 015/201 дугаар Гэрээ цуцлах санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн № 19/805 Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээгээр тогтоогдож байна.
Хариуцагч нь 7/долоо/ тоот болон 8/найм/ тоот орон сууцны үлдэгдэл төлбөрт 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2 656 000/хоёр сая зургаан зуун тавин зургаан мянга/ төгрөгийн, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 7 470 000/долоон сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн, нийт 10 126 000/2656000+7470000=10126000/ /арван сая нэг зуун хорин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг шилжүүлсэн болох нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтын болон Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, 2018 оны Авлага, өглөгийн тооцооны хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь 7/долоо/ тоот болон 8/найм/ тоот орон сууцны 24 000 000/хорин дөрвөн сая/ төгрөгийн төлбөрт 24 000 000/хорин дөрвөн сая/ төрөгийн үнэ бүхий 89-57 УНХ улсын дугаартай, Хьюндай элантра маркийн тээврийн хэрэгслийг тооцож шилжүүлсэн болох нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн № 17/021 Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн итгэмжлэлийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 89-57 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 16 000 000/арван зургаан сая/ төгрөгт тооцсон гэх тайлбар гаргаж байх боловч тус тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь 7/долоо/ тоот болон 8/найм/ тоот орон сууцны үлдэгдэл төлбөр болох 43 404 692/дөчин гурван сая дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгөөс 40 169 000/24000000+10126000+6043000=40169000/ /дөчин сая нэг зуун жаран есөн мянга/ төгрөгийг бараа шилжүүлж, ажил үйлчилгээ үзүүлэн төлсөн болох нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтын болон Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, 2018 оны Авлага, өглөгийн тооцооны хуулбар, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн № 17/021 Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн № 19/805 Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 7/тоот/ болон 8/тоот/ орон сууцны үлдэгдэл төлбөрт 3 235 692/43404692-40169000=3235692/ /гурван сая хоёр зуун гучин таван мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 6 531 458/зургаан сая таван зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232.6-д “... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.
Гэрээ-1 болон Гэрээ-2-ын 6-ийн 6.1-т зааснаар зохигчид алдангийг 0.5/тэг аравны тав/ хувь байхаар харилцан тохиролцсон болох нь Гэрээ-1 болон Гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 1 617 846/3235692х0.5%=16178, 16178x365=5904970, 3235692:2=1617846/ /нэг сая зургаан зуун арван долоон мянга найман зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 4 913 612/6531458-1617846=4913612/ /дөрвөн сая есөн зуун арван гурван мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 4 853 538/3235692+1617846=4853538/ /дөрвөн сая найман зуун тавин гурван мянга таван зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 14 740 837/19594375-4853538=14740837/ /арван дөрвөн сая долоон зуун дөчин мянга найман зуун гучин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Эоос нийт 4 853 538/дөрвөн сая найман зуун тавин гурван мянга таван зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, үлдсэн 14 740 837/арван дөрвөн сая долоон зуун дөчин мянга найман зуун гучин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Эоос нийт 4 853 538/дөрвөн сая найман зуун тавин гурван мянга таван зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, үлдсэн 14 740 837/арван дөрвөн сая долоон зуун дөчин мянга найман зуун гучин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 255 922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 92 606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ