Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2013/ШЦТ/32

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хэргийн индекс: 171/2013/0036/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

хохирогч Г.О ийн хууль ёсны төлөөлөгч С.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт Т  овогт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000648 дугаартай хэргийг 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т  овогт *******  /РД:.../, 19. оны ... дүгээр сарын .-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эмээгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

           

Шүүгдэгч *******  нь согтуугаар 2012 оын 11 сарын 5-наас 6-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум ..дугаар багийн нутаг дэвсгэрт Жаспер зочид буудлын өмнөх төв зам дээр өөрийн эзэмшлийн .... ДАХ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 2 дугаар бүлгшийн 2.5.б, 2.7.а заалтуудыг зөрчин явган зорчигч Г.О ийг мөргөж, биед нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан, зам тээврийн ослын үед жолооч *******  осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан зэрэг гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”Бид зургуулаа нэг шил 0,75-тай экс архи, тав зургаан пиво уусан. Дархан буудлын 2 давхарт нэг өрөө аваад тэндээ хонохоор болоод 0,5 литрийн Алтантүрүү архи авч ууцгаасан. Би тэрнээс бараг уугаагүй. Т. Э., Б. 2 үгний зөрүүнээс болоод маргалдахад бид нар салгасан. Б. гараад явсан. Эв зүйгээ олоод байж байгаад сүүлдээ зодоон болоод гадаа гарсан. Гадаа гараад дахиад Эрдэнэбат, Батдорж 2 маргалдаад ноцолдоод байхаар нь би Эрдэнэбатыг хүчээр машиндаа суулгаад хуучин Дархан луу төв замаараа баруун тийшээ яваад Алтны уулзвар луу өгсөөд явж байхад нэг хүн гүйгээд гараад ирсэн. Би баруун гар талруугаа дараад тоормоз гишгээд зогсож

 

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2013\*******  215.2, 216.2.doc

чадалгүй мөргөөд зогсолгүй цаашаа уулзвар нэвтрээд доошоо уруудаад 102 луу залгахад ахлах дэслэгч Энхсайхан байсан. Алтны уулзвар дээр хүн мөргөчихлөө гэхэд хаана байна гэсэн. Тухайн үед шүүхийн өмнө явж байгаагаа хэлэхэд наанаа хөдлөхгүй зогсож бай гэсэн. Тэр үед Эрдэнэбат машинаас буугаад явсан. Тэгээд удалгүй замын цагдаагийн машинтай намайг ирж аваад хэргийн газар очоод драйгер үлээлгээд шууд эрүүлжүүлэх байранд аваачсан” гэв.

 

Хохирогч Г.О ийн хууль ёсны төлөөлөгч С.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Хохирогч Дарханд ирээд 3 жил шахуу болж байгаа, намар гэртээ оччихоод гэрээсээ наашаа ирээд 10 гаруй хонож байсан. Нэг залуутай хамт  амьдардаг байсан, тэр хүн осолд орсон талаар хэлсэн. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар одоо гайгүй болж байгаа. Нэг ч гэсэн айлын амьдрал сайн сайхан байгаасай гэж бодож байна. Эмчилгээний зардал болон бусад зардлыг бүрэн хийсэн, охин маань л хөл дэрээ босч байвал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч *******  нь согтуугаар 2012 оын 11 сарын 5-наас 6-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Жаспер зочид буудлын өмнөх төв зам дээр өөрийн эзэмшлийн .... ДАХ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 2 дугаар бүлгийн 2.5.б, 2.7.а заалтуудыг зөрчин явган зорчигч Г.О ийг мөргөж, биед нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан, зам тээврийн ослын үед жолооч *******  осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан зэрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Би ослын талаар бол мэдэхгүй, О ийг осолд орсныг нөхөр Цогт-Очироос мэдээд УБ хотоос Дарханд ирсэн. О  одоо тархины мэс засалд орж цусан хурааг авхуулсан, тархи няцарсан. Баруун хөлний дунд чөмөг хугарсан, одоо ухаангүй байна. Эмч нар хэлэх дээ 3 хоноод ч ухаан орж магадгүй, 3 сар болоод ч ухаан орж магадгүй гэж хэлсэн өөрийн гэсэн ухаангүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 60-61-р тал/,

гэрч З.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэгээд эргээд харсан чинь  О  харагдахгүй болохоор нь зам голлоод ертөнцийн зүгээр зүүн зүгт байх Жаспер зочид буудлын ойролцоох 4 зам руу гүйсэн. Тэгтэл 100 метрийн цаана пид гээд машинд мөргүүлэх чимээ гарахад би Отгоо гээд орилоод гүйсэн. Гүйж байхад 4 замын уулзварт ирэхэд өөдөөс нэг машин гарч ирэхээр нь дугаар харах гэтэл харагдахгүй болохоор нь араар нь тойроод харахад .... ДАХ гэсэн дугаартай хар хөх өнгийн япон машин байсан. Газар О  унасан байхыг өмсөж явсан куртикээр таниад ....-аа зогсооч хүн дайрчихлаа гэхэд нэг зогсонгуут нэг эмэгтэй хүн эргэж харж байгаа харагдсан. Би Отгоо дээр яваад очиход баруун талаараа унасан, шүд нь хугарсан, доор нь цус нөж гарсан, амьсгаатай, нөжөө сороод байхаар нь толгойг нь гараараа бариад утсаар Цогтбаяр руу залгаж, түргэн дуудаарай гэж хэлсэн. 5780 ДАХ дугаарын машин нэг зогсоод яваад өгсөн, буцаж ирсэн эсэхийг би мэдэхгүй, зугатсан гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-64 дэхь тал/,

гэрч З.Ц  мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Бид унтахаар нэг нэг орондоо орж байхад Цогт-Очир ах залгаж О  үгэнд орохгүй байна, чи гарч ирээд буудалдаа унтуулчих гэсэн. Би нойльд ороод бие засаад гарч ирэхэд Ганболд за хаана байгаа юм одоо очлоо гээд утсаар ярихаар нь яасан юм бэ гэхэд О  Алтны уулзвар дээр машинд мөргүүлсэн байна гэхээр нь бид 2 гараад очиход Жаспер зочид буудлын харалдаа зам дээр О  хөндлөнгөөр доошоо харсан байдалтай, Цогт-Очир толгойноос нь өргөсөн, хажууд нь цагдаа нар ирсэн байсан. Хар зам гулгаагүй, Жасперын өмнө гэрэлтүүлэг тусаж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 65-66 дахь тал/,

гэрч Х.Г  мөрдөн байцаалтанд өгсөн: ...Намайг очиход осол гаргасан тээврийн хэрэгсэл байхгүй, харин хар хөх өнгийн машины гуперын 2 хагархай зам дээр байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 67-68 дахь тал/,

гэрч З.Г  мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Би ослын газарт үзлэг хийж акт тогтоож, бүдүүвч зургийг үйлдсэн. Осол гаргасан жолооч Э.Б  нь аймгийн шүүхийн урд зогсоол дээр байгаа талаар газрын ерөнхий жижүүрээс мэдээлснээр очиход Б  жолооны ард айсан согтуу байдалтай байсан. Би цагдаа Жаргалсайхантай цуг очоод Б эс юу болов гэхэд би суулгаад .... ДАХ дугаарын машиныг өөрөө бармад ослын газарт очиж ослын газрын харалдаа зосоож үзлэг хийсэн юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 69-70 дахь тал/,

гэрч Т.Э  мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Намайг ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад тухайн өдөр 01 цаг 50 минутанд хэв журмын цагдаа ахлах ахлагч Б  хүн мөргөчихлөө гэсэн дуудлага өгснийг гомдол мэдээллийн дэвтэрт тэмдэглсэн. Б  102 руу залгаж би хүн мөргөчихлөө гэхээр нь чи яг хаана байна гэж асуухад шүүхийн үүдэнд байна гэсэн. Би түүнд наана байж бай, битгий хөдлөөрэй, замын байцаагч явуулна гэж хэлээд замын байцаагч Ганбатад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 72-73 дахь тал/,

гэрч. Д.Э  мөрдөн байцаалтанд өгсөн: ...“2012 оны 11 дүгээр 05–ны өдөр 23 цаг өнгөрч байхад Дархан буудлын доор байрлах бааранд Төрмандах, Батбаяр, Одгэрэл нартай нэг шил 0,75 шилийн экс архи уугаад байж байтал Бат-Эрдэнийг дуудаад Б  ганцаараа ирээд архи хувааж уусан. Бид нар үргэжлүүлж суухаар болж нэг шил 0,75 литрийн Алтантүрүү аваад Дархан буудалд орсон. Тэгээд баарнаас гараад Б  намайг хүргэж өгөхөөр би машины жолоочийн хажуугийн суудал дээр суугаад Б  машинаа бариад хуучин Дархан руу явсан. Алтны уулзварын цаахан талд зүүн талаас нэг эмэгтэй гүйгээд гарч ирэхэд Б  баруун тал руу жолооны хүрдээ дараад тормоз гишгэсэн боловч зогсоож чадаагүй, эмэгтэй нь зүүн талаас зогсохгүй гээд миний сууж явсан талаар мөргүүлээд салхины шилийг толгойгоороо мөргөсөн. Бүх зүйл маш хурдан болсон. Машинаа зогсоож чадалгүй яваад уулзвар дээр Б  хүн дайрчихлаа яанаа гэхэд уулзвар нэвтэрсэн байсан тул чигээрээ яваад арбатын гудамжаар эргэсэн. Ингээд шүүхийн өмнө зогсоод би машинаас буугаад гэр рүүгээ алхаад явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 77-78 дахь тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 6-7 дахь тал/,

Драйгер үлээлгэсэн тайлбар /хэргийн 9, 35 дахь тал/,

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хэргийн 17-18 дахь тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 19-23 дахь тал/,

Дуудлага мэдээллийн бүртгэл /хэргийн 39-40 дэхь тал/,

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 43-58 дахь тал/,

2012 оны 11 сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэгийн 984 тоот актын дүгнэлт:

  1. Г.О ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, баруун хөлийн дунд чөмөгний битүү хугарал, 2 шүдний хугарал, доод уруулын язарсан шарх, нүүрний зулгаралт, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.
  3. Уг гэмтэл цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоох боломжгүй.
  4. 2012.11.12-нд хийсэн 436 тоот цусанд спирт тодорхойлох хиймийн шинжилгээнд Г.О ийн цусанд 3,5 промиль этилийн спирт илэрсэн болно. Энэ нь хүнд зэргийн согтолттой байсныг харуулна. гэх дүгнэлт /хэргийн 82 дэхь тал/,

2012 оны 11 сарын 23–ны өдрийн 16 тоот шинжээч хошууч С.Хурцбилиг, ахмад Х.Ганболд, дэслэгч Б.Өнөрбат нарын дүгнэлт /хэргийн 85 дахь тал/,

2012 оны 11 сарын 23-ны өдрийн 10/07/025/048 дугаартай Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай техникийн шинжээч, Авто тээврийн хяналтын улсын байцаагч, мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 87-93 дахь тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 116 дахь тал/,

2012 оны 11 сарын 26-ны өдрийн Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны Мөрдөн байцаагчийн №65 дугаартай Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мэдэгдэл /хэргийн 122 дахь тал/,

2012 оны 12 сарын 2-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хэргийн 138-140 дэхь тал/,

2013 оны 1 сарын 14-ний өдрийн шүүгдэгч *******  нь хохирогч Г.О т эмчилгээний зардал болох 2.618.000 төгрөг зарцуулсан гэх тооцооны жагсаалт /хэргийн 150 дахь тал/,

шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч *******  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 2 дугаар бүлгийн 2.5.б, 2.7.а заалтуудыг зөрчин явган зорчигч Г.О ийг мөргөж, биед нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, зам тээврийн ослын үед жолооч *******  нь осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас цаашид хохирогч Г.О т гарах хохирол төлбөрийг шүүгдэгч ******* эс иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ.

Шүүгдэгч *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураараа барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Т  овогт *******ат-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн, мөн зам тээврийн осол гарсан газрыг  санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 6 /зургаа/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 6 сар баривчлах ялыг мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуудсан 2 жил хорих ялд багтаан нийт биечлэн эдлэх 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол хүчин болмогц эд мөрийн баримтаар ирүүлсэн бор өнгийн хагас түрийтэй 1 ширхэг гутал, 1 ширхэг шүдийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б д буцаан олгох, АЯ№0226758 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ******* д буцаан олгох, машины салхины даруулгын 3 ширхэг хар өнгийн хугархай хэлтэрхийг устгах,    .... дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж, .... ДАХ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашины битүүмжлэлийг хүчингүй болгохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч Г.О  нь хохиролтой холбоотой болон цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой нэмэлт зардал гарвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* д Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

                        ДАРГАЛАГЧ

                                 ШҮҮГЧ                                                      Ё.РИНЗААН