Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2020/01473

 

2020 оны 06 сарын 02 өдөр

                          181/ШШ2020/01473

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Э/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “О” ХХК/РД: /-д холбогдох,

 

257 535 039 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумьяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогжавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын иргэн С.Э миний бие “О” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ганзоригтой 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/395 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороололд байрлах “HIGH APARTMENT” opoн сууцны барилгын Б блок 16 дугаар давхрын 100 тоот 183,4 м.кв орон сууцыг 857,395,000/найман зуун тавин долоон сая гурван зуун ерэн таван мянга/ төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон.

“О” ХХК-ийн захирал Д.Ганзориг нь 2018 оны 02 дугаар сард надад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороололд байрлах “HIGH APARTMENT” opoн сууцны төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт олох, уг төслийг хариуцан ажиллах санал тавьсаны дагуу миний бие уг орон сууцнаас захиалгаар орон сууц авахдаа дор дурдсан урамшууллуудыг үзүүлэхээр болж, гэрээ хэлцэл байгуулсан бөгөөд 2018 оны 02 дугаар сараас эхлэж, би төслийг санхүүжүүлэх 6,664,984,950/зургаан тэрбум зургаан зуун жаран дөрвөн сая есөн зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн эх үүсвэрийг иргэн, хуулийн этгээдээс олж ирснээр барилгын ажлыг сааталгүй үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэн билээ.

Талуудын хамтын ажиллагааны явцад 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус компанид албан ёсоор ажиллахыг захирал Д.Ганзориг санал болгосон тул Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21-24 дүгээр зүйл болон “О” ХХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг тус гус үндэслэж, “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан, Санхүү, бүртгэл эрхэлсэн захирлын албан тушаалд томилогдож, Баянзүрх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “HIGH APARTMENT” төслийн хөрөнгө оруулалт, санхүү.барилгын үйл ажиллагааг өөрийн биеэр хариуцан ажиллаж эхэлсэн.

Намайг “О” ХХК-тай хамтран ажиллаж эхлэх үед “HIGH APARTMENT” төслийн барилгын дотоод засал А блок 30 хувь, В болон С блок тус бүр 10 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд хөрөнгө оруулалт байхгүйн улмаас барилгын ажил зогсч, үйл ажиллагаа нь саатсан байсан үед та надад дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах даалгаврыг өгч, холбогдох урамшууллыг амласнаар бид харилцан тохиролцож, ажпаа эхэлсэн билээ. Үүнд:

1. Барилгын төслийг санхүүжүүлэх эх үүсвэр буюу хөрөнгө оруулалтыг олж, холбогдох гэрээ хэлцлийг байгуулан, үйл ажиллагааг сааталгүй явуулах. Тодруулбал: Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас хөрөнгө оруулалтын зээл авах асуудлыг шуурхай шийдвэрлэж, барилын явцыг 2019 оны 2 дугаар сард 80 хувьд хүргэж ажиллах.

2. Урьд баригдсан худалдан борлогдоогүй байгаа орон сууцны барилгуудыг иргэн аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулах. /бартер болон бэлэн мөнгөөр/

3. Санхүү бүртгэл эрхэлсэн захирлын албан тушаалыг Төслийн удирдлагын газрын захирлын албан тушаалын хамт хавсарч ажиллан, барилгын туслан гүйцэтгэгч нарын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах.

Ийнхүү дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлснээр тус компанийн захирал Д.Ганзориг нь надад доорх урамшууллыг үндсэн цалин дээр нэмж олгохоор амласан боловч, эдгээр урамшууллуудыг олгоогүйгээр үл барам захиалсан орон сууцанд засвар хийсний дараа 01/395 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г цуцлаж намайг хохироосон болно. Үүнд:

1. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас хөрөнгө оруулалтын зээл авах асуудлыг шуурхай шийдвэрлэж, барилыгн явцыг 2019 оны 2 дугаар сард 80 хувьд хүргэсэн нөхцөлд миний захиалсан орон сууцны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/395 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-нд өөрчлөлт оруулж, үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний хөнгөлөлт буюу 71,233,500/далан нэгэн сая, хоёр зуун гучин гурван мянга, таван зуун/ төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, мөнгөн дүнг орон сууцны урьдчилгаа 30%-д тооцох ёстой байсан боловч олгоогүй.

2. Барилгын төслийг санхүүжүүлэх эх үүсвэр буюу хөрөнгө оруулалтын зээлийг олж ирсэн нөхцөлд тухайн хөрөнгө оруулалтын зээлийн 1%-тай тэнцэх хэмжээний хөнгөлөлт буюу 66,649,984 төгрөгийг орон сууцны урьдчилгаа 30%-ийн үнийн дүнгээс хасч тооцох ёстойг хасаагүй.

Иргэн С.Э миний бие 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 02 дугаар cap хүртэл үнэхээр хичээл зүтгэл гаргасны үр дүнд дараахь ажпуудыг хийж гүйцэтгэснээр “HIGH APARTMENT” барилгын төслийн гүйцэтгэлийг 80%-д хүргэсэн. Үүнд:

1. Иргэн, хуулийн этгээд болон банк санхүүгийн байгууллагуудаас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 20 орчим иргэн, аж ахуйн нэгжээс нийт 6,664,984,950/зургаан тэрбум зургаан зуун жаран дөрвөн сая есөн зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг нилээдгүй хүчин чармайлт гаргасны үр дүнд гаргуулан авч, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороололд байрлах “HIGH APARTMENT” орон сууцны барилгын үйл ажиллагаанд бүрэн зарцуулсан болно.

2. Барилгын явцын гүйцэтгэлийг 2018 оны 12 дугаар сард 80 хувьд хүргэхийн тулд би өдөр бүр 12-15 цаг ажиллаж, туслан гүйцэтгэгчдийн дутуу орхисон бүхий л ажлуудыг хийж дуусгаснаар товлосон хугацаанд барилгын гүйцэтгэл 80%-д хүрсэн.

Тус компанийн захирал Д.Ганзориг нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/395 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-нд 2018 оны 12 дугаар сард нэмэлт өөрчлөлт хийхдээ дээрх урамшууллуудыг урьдчилгаа төлбөрт тооцож, үнийн дүнг хассанаар орон сууцны 1 м.кв-ын үнийг 3.900.000 төгрөг, нийт үнийг 712,335,000 төгрөг болгон багасгасан бөгөөд үлдэгдэл 500,000,000 төгрөгийн зээлийг “Хаан банк”-наас авахаар шийдвэрлэсэн. Ингээд “Хаан банк”-наас зээл авах зориулж 1,086,767,500 төгрөгөөр, талуудад зориулж, 712,335,000 төгрөг болгон багасгаж тооцсон 2 гэрээг тус тусад нь үйлдсэн билээ.

Гэтэл Хаан банкнаас иргэн С.Э надад орон сууцны зориулалтаар 500,000,000/таван зуун сая/ төгрөгийн зээлийн асуудал шийдвэрлэгдэж, урьдчилгаа төлбөрт 30%-ийг төлсөн тухай албан бичгийг “О” ХХК-иас авчирч өгөхийг шаардах үед захирал Д.Ганзориг гэнэт ийм бичиг хийж өгөхөөс татгалзаж, орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх боломжийг хааж, гэрээг цуцласан мэдэгдлийг надад хүргүүлсэн болно.

Миний бие өөрийн захиалан бариулсан орон сууцыг ямарч дотор засал хийгээгүй хоосон хана байхад хүлээн авч, бүхий л дотоод заслыг өөрийн хөрөнгөөр хийсэн бөгөөд засварын материал, ажлын хөлс, орон сууцанд зориулан хийсэн тавилганд нийт 119,649,090/нэг зуун арван есөн сая, зургаан дөчин есөн мянга, ерэн/ төгрөгийг зарцуулж хохирсон байна.

Иймд Монгол улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан дараахь хохирлыг “О” ХХК-иас нэхэмжилж байна. Үүнд:

1. Иргэн, хуулийн этгээд болон банк санхүүгийн байгууллагуудаас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 20 орчим иргэн, аж ахуйн нэгжээс нийт 6,664,984,950 /зургаан тэрбум зургаан зуун жаран дөрвөн сая есөн зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн хөрөнгө оруулалт олж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороололд байрлах “HIGH APARTMENT” орон сууцны барилгын үйл ажиллагааг санхүүжүүлсэн урамшуулал 1% буюу 66,649,849 төгрөг;

2. “HIGH APARTMENT” орон сууцны барилгын гүйцэтгэлийг 2018 оны 12 дугаар сард 80 хувьд хүргэсэн урамшууллыг иргэн С.Эгийн захиалсан орон сууцны 2018 оны 12 дугаар сард нэмэлт өөрчлөлт хийсэн орон сууц захиалгын гэрээний 712,335,000 /долоон зуун арван хоёр сая, гурван зуун гучин таван мянган/ төгрөгийн үнийн дүнгийн 10%-иар олгохоор тохиролцсоны дагуу 71,233,500/далан нэгэн сая, хоёр зуун гучин гурван мянга, таван зуун/ төгрөг;

3. Орон сууцны дотоод заслыг өөрийн хөрөнгөөр хийсэн зардал буюу засварын материал, ажпын хөлс, орон сууцанд зориулан хийсэн тавилганы үнэ нийт 119,651,690 /нэг зуун арван есөн сая, зургаан зуун дөчин есөн мянга ерэн/ төгрөг. Нийт 257,535,039 /хоёр зуун тавин долоон сая, таван зуун гучин таван мянга, гучин есөн/ төгрөгийн хохирлыг хариуцагч “О” ХХК-иас нэхэмжилж байна.

Дээрх үндэслэлүүдээр миний гаргасан “Иргэн С.Э болон “О” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 01/395 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г цуцласны улмаас иргэн С.Э надад учирсан хохирол болох 257,535,039/хоёр зуун тавин долоон сая, таван зуун гучин таван мянга, гучин есөн/ төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу “О” ХХК-иас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье.

Жич: Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “О” ХХК- ийн захирал Д.Ганзоригт намайг хохиролгүй болгож өгөхийг хүссэн мэдэгдлийг явуулсан боловч, өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй болно.

Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байна. Энэ дээр маргахгүй байна. Энэ гэрээний дагуу засварын ажлыг эхлүүлсэн. Засварын ажлыг зөвшөөрсөн гэх 2018 оны 11 сард гаргасан бичиг байгаа. С.Э танаа гэж байгаад бичсэнийг сая нотлох баримт шинжлэн судлахад уншлаа. Тэгэхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу засвар хийхийг зөвшөөрсөн. Үүний дагуу засвараа хийсэн байна. Тэгэхээр энэ маргаан юунаас болж эхэлсэн бэ гэхээр Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээнээс эхэлсэн. Уг гэрээний дагуу хэдийгээр манайх урьдчилгаа төлбөрөө төлөөгүй ч гэсэн бартераар хийсэн гэрээ байгаа. Ингээд гэрээний дагуу орон сууцанд 119,651,690 төгрөгийн засвар хийсэн гэдэг нь нотлох баримтаар харагдаж байна. Манайх уг мөнгөө буцаан авах үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлийн урьдчилгаа болох 30 хувиа аваад ир гэсэн боловч “О” ХХК баримт өгөөгүй учир зээлээ аваагүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч С.Эгийн өмгөөлөгч Д.Түвшинтамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээтэй уялдаа холбоотой. Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний 3.2.1-д бартер буюу бэлэн мөнгөөр гэж заасан. С.Эгийн хүч хөдөлмөрийг үнэлээд хөрөнгө оруулалтын үнээс 1% гэж байгааг бартер гэж яриад байгаа. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээний урьдчилгаа өөрөө бартер байсан гэдгийг зөвшөөрөөд байгаа нь талуудын хооронд урьдчилгаа төлбөртэй холбоотой харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөөтээгүүр засвар хийхийг зөвшөөрсөн учраас засвар хийсэн байгаа. Талуудын хооронд Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг бичгээр байгуулсан зүйл байхгүй. Амаар байгуулсан байгаа. Орон сууцны түлхүүрийг авч болно гэж зөвшөөрөөд байгаа. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх заалтыг хэрэглэх боломжтой гэж харж байна. Мөн нэгэнт засвар хийсэн байхад буцаан гаргаж өгөх боломжтой. Өөрсдөө зөвшөөрөөд хийлгэсэн. Хөрөнгө “О” ХХК-ийн өмчлөлд байгаа. Хаан банкны данснаас гарсан зарлага, шинжээчийн дүгнэлтээс харагдаж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн “О” ХХК-аас нэхэмжлээд байгаа үнэ үндэслэлтэй гэж харагдаж байна. Тавилгыг “О” ХХК авахгүй гэж байгаа. Манай зүгээс тавилгыг өөр газар байрлуулах боломжгүй гэж маргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “О” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогжавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Э нь компанид ажиллахаас өмнөх болон ажиллах хугацаандаа компанийн хувьцаа эзэмшигч, захирлын итгэлийг олж компанийн эд хөрөнгийг бусдад дур мэдэн барьцаалсан, мөнгөн болон эд хөрөнгийг хувьдаа ашигласан, захиран зарцуулсан, бусдад шилжүүлсэн зэрэг компанид их хэмжээний хохирол учруулсан асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2019 оны 05 сарын 04-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн 190901776 тоот дугаартай хэрэг үүсгэн шалгагдаж байгаа билээ.

Түүнчлэн С.Э өөрт хамааралгүй бусдын зээлийн гэрээг хавсаргаж өөрөө олж ирсэн мэтээр худал бичиг баримт бүрдүүлэн компаниас их хэмжээний мөнгө нэхэмжлэлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд харин компанийн мөнгөн болон эд хөрөнгийг хууль бусаар завшсан, захиран зарцуулсан, завшсан үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө болон мөнгөн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13-р хороолол, 8а байрны 100 тоот 187,3м2 орон сууцны засвар үйлчилгээг хийсэн байж болзошгүй байгаа билээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар С.Эгийн нэхэмжлэлтэй “О” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч талын тайлбарыг сонслоо. Нэгдүгээрт дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манайх С.Этай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тийм зүйл огт дурдаагүй. Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа нэг ч төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөгдөөгүй. Бэлэн мөнгөөр худалдаж авсан тохиолдолд 10%-ийг төлөхөөр тохиролцсон байсан. Гэхдээ гэрээнд ийм заалт огт байхгүй. Компани өөрсдийн эд хөрөнгийг барьцаалж зээл авч байсан. Өөрсдөө төлдөг байсан. Орон сууц худалдан борлуулахдаа борлуулалтын ажилтнаар борлуулдаг байсан. Захирал ажилтай С.Эд хамаарахгүй. 100 тоотын хувьд 850,000,000 төгрөгөөр нэхэмжилсэн байдаг. Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд энэ талаар заагаагүй. С.Эгийн хувьд 2018 оны 09 сараас 2019 оны 02 сар хүртэл 6 сар ажиллаад ажлаасаа халагдсан байгаа. С.Э манай компанийн эд хөрөнгийг барьцаанд тавиад буцаагаад манай компанид хохирлоо төлж байсан. Ингэхдээ компанийн зүгээс тухайн орон сууцанд засвар хийхдээ амаар болон бичгээр тохиролцож байсан зүйл байхгүй. Манайх стандарт засвар хийсэн мөнгийг нэхэмжилнэ гэж үзэж байгаа. С.Э орон сууцны 30%-ийг төлөөгүй. Нийт 37,000,000 төгрөгийн засвар хийсэн тооцоо байгаа. 27,500,000 төгрөгийг төлөх боломжтой байгаа. “О” ХХК болон С.Э нарын хооронд байгуулсан гэрээг цуцалсан байгаа. С.Э өөрөө сайн дураараа засвар хийсэн. Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар хөлсөө төлөөгүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар гэрээг цуцалсан байгаа. Тухайн үед Хаан банк надад зээл өгнө гэсэн гээд “О” ХХК захирал н.Ганзоригоос бичиг хийж өгөөч ээ гэхэд бичиг хийж өгөөгүй байдаг. Илтэд худлаа ярьсан байсан. Манай компани Хөдөлмөрийн гэрээнд зааснаар цалин хөлсийн олгодог байсан. Ажилд 2018 оны 09 сард орсон. Нийт 6 сар ажилласан байгаа. Тухайн байранд засвар хийснээ манай компанид мэдэгдээгүй. Албан ёсоор мэдэгдэж зөвшөөрөл аваагүй байсан учраас манай компани засвар хийснийг бүр сүүлд мэдсэн байгаа.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч С.Э хариуцагч “О” ХХК-д холбогдуулан санхүүжүүлсэн урамшуулал 66 649 849/жаран зургаан сая зургаан зуун дөчин есөн мянга найман зуун дөчин ес/ төгрөгийг, барилгын гүйцэтгэлийн урамшуулал 71 233 500/далан нэгэн сая хоёр зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөгийг, дотоод засал болон тавилгын үнэ 119 651 690/нэг зуун арван есөн сая зургаан зуун тавин нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг, нийт 257 535 039/хоёр зуун тавин долоон сая таван зуун гучин таван мянга гучин ес/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “О” ХХК нь нэг, хоёрдугаар шаардлагын хувьд нотлогдохгүй байгаа, гуравдугаар шаардлагын хувьд засварын хөлсийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Зохигчид 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 01/395 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болох нь 01/395 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 183.4/нэг зуун наян гурав аравны дөрөв/ м.кв, нийт 857 395 000/найман зуун тавин долоон сая гурван зуун ерэн таван мянга/ төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, орон сууцны үнэд 857 395 000/найман зуун тавин долоон сая гурван зуун ерэн таван мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 01/395 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Хариуцагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн 01/395 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-ий шинжтэй байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

          Нэхэмжлэгч нь 183.4/нэг зуун наян гурав аравны дөрөв/ м.кв орон сууцанд хийсэн дотоод заслын зардал буюу засварын материал, ажлын хөлс, орон сууцанд зориулан хийлгэсэн тавилгын үнэ нийт 119 651 690/нэг зуун арван есөн сая зургаан зуун тавин нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

          Нэхэмжлэгч нь 183.4/нэг зуун наян гурав аравны дөрөв/ м.кв орон сууцны дотоод заслын зардал буюу засварын материал, ажлын хөлс болон орон сууцанд зориулан хийлгэсэн тавилгын үнэд нийт 119 651 690/нэг зуун арван есөн сая зургаан зуун тавин нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг зарцуулсан болох нь “Хаан банк” ХХК дахь 5029878704 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Орлогын болон Зарлагын баримтын хуулбар, Байрны засварын зардлын тооцоо, “Хөрөнгийн Үнэлгээний Төв” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, “Барилгын Төсөвчдийн Холбоо” ТББ-ын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь 183.4/нэг зуун наян гурав аравны дөрөв/ м.кв орон сууцанд дотоод засал хийхдээ хариуцагчид мэдэгдсэн болох нь “О” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн № 01/357 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 183.4/нэг зуун наян гурав аравны дөрөв/ м.кв орон сууцны төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлээр Гэрээнээс татгалзсан болох нь нэхэмжлэгчийн “... төлбөрийг төлөх боломжийг хааж, гэрээг цуцалсан мэдэгдлийг надад хүргүүлсэн болно.” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь Гэрээнээс татгалзахаас өмнө нэхэмжлэгч нь 183.4/нэг зуун наян гурав аравны дөрөв/ м.кв орон сууцанд дотоод засал болон тавилга хийлгэж нийт 119 651 690/нэг зуун арван есөн сая зургаан зуун тавин нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийн зардал гаргасан болох нь Гэрээний хуулбар, “Хаан банк” ХХК дахь 5029878704 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Орлогын болон Зарлагын баримтын хуулбар, Байрны засварын зардлын тооцоо, “Хөрөнгийн Үнэлгээний Төв” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, “Барилгын Төсөвчдийн Холбоо” ТББ-ын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол ... түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн 183.4/нэг зуун наян гурав аравны дөрөв/ м.кв орон сууцыг өөрийн гэж андуурч нийт 119 651 690/нэг зуун арван есөн сая зургаан зуун тавин нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийн зардал гаргасан байх тул хариуцагчаас 119 651 690/нэг зуун арван есөн сая зургаан зуун тавин нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас “Хайя Апартмент”/High Apartment/ орон сууцны барилгын үйл ажиллагааг санхүүжүүлсэн урамшуулал гэх 66 649 849/жаран зургаан сая зургаан зуун дөчин есөн мянга найман зуун дөчин ес/ төгрөгийг, тус барилгын гүйцэтгэлийн урамшуулал гэх 71 233 500/далан нэгэн сая хоёр зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөгийг, нийт 137 883 349/нэг зуун гучин долоон сая найман зуун наян гурван мянга гурван зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар зохигчид 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн байгуулсан болох нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай “Хайя Апартмент”/High Apartment/ орон сууцны барилгын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт олж санхүүжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө оруулалтын 1/нэг/ хувиар, мөн барилгын явцыг 2019 оны 02 дугаар сард 80/ная/ хувьд хүргэсэн тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулсан Гэрээний үнийн дүнгийн 10/арав/ хувиар тооцож урамшуулал олгохоор хэлцэл хийсэн гэж тайлбарлаж байх боловч тус тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь урамшуулал олгохоор хэлцэл байгуулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь иргэн, аж ахуйн нэгжээс 6 664 984 950/зургаан тэрбум зургаан зуун жаран дөрвөн сая есөн зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн хөрөнгө оруулалт гаргуулан авсан, “Хайя Апартмент”/High Apartment/ орон сууцны барилгын гүйцэтгэлийг 80/ная/ хувьд хүргэсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчаас урамшуулалд нийт 137 883 349/нэг зуун гучин долоон сая найман зуун наян гурван мянга гурван зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1 дэх заалтад зааснаар “Барилгын Төсөвчдийн Холбоо” ТББ-ын шинжээчийн ажлын хөлсийг хариуцагч төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

          Шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас нийт 119 651 690/нэг зуун арван есөн сая зургаан зуун тавин нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгож, үлдсэн 137 883 349/нэг зуун гучин долоон сая найман зуун наян гурван мянга гурван зуун дөчин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас нийт 119 651 690/нэг зуун арван есөн сая зургаан зуун тавин нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгож, үлдсэн 137 883 349/нэг зуун гучин долоон сая найман зуун наян гурван мянга гурван зуун дөчин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч С.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1 455 700 төгрөгөөс 1 445 625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 75 төгрөгийг, хариуцагч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 756 280 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ