| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/00880/И |
| Дугаар | 181/ШШ2020/01761 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2020/01761
| 2020 оны 06 сарын 30 өдөр | 181/ШШ2020/01761 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ё.А/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Э/РД: /-д холбогдох,
10 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ё.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ё.А миний бие Unegui.mn хаягт тавигдсан газар зарна гэсэн зарын дагуу З.Этай холбогдож 2013 оны 10-р сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27-р хороо Их дарь-Эх 18-7а тоот хаягт байрлах 160м2 талбайтай Иргэний ахуйн зориулалттай газрыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж тухайн өдрөө 10,000,000 төгрөгийг З.Эд бэлнээр өгсөн.
Жич: Тухайн үед миний ээж болор Дорж овогтой Пагамдулам газар авах зориулалтаар надад 2013 оны 10-р сарын 01-ний өдөр 19,500 төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. Үүнээс зарлагаар 9,500,000 төгрөгийг гаргаж З.Эд бэлэн өгсөн байдаг.
Тэгээд Баянзүрх дүүргийн газрын албанд Эгийн таньдаг хүн болох тус газрын албаны ажилтан Газар эзэмших эрх шилжүүлэх материалаа өгсөн. Гэвч түүнээс хойш Засаг даргын шийдвэр гарахгүй байна гэж удаан хугацаагаар хүлээлгэсэн. Иймд тухайн газраа хашаа байшин барих хүсэлтэй байгаагаа илэрхийлж З.Эд хэлэхэд 2015 оны 05-р сарын 02-ны өдөр нотариатад очиж тухайн газар дээрээ хашаа, хувийн сууц бариулах бүрэн эрхийг олгож байна гэсэн итгэмжлэл хийж өгсөн. Үүний дагуу тухайн газар дээр очиж хашаа барьж контайнер буулгах гэтэл ойр хавийн оршин суугчид буулгахгүй маргаан гаргасан тул тус газар хашаа, байшин барих зөвшөөрлийн итгэмжлэлийг барьж Баянзүрх дүүргийн газрын албанд очиход тодорхой хариу өгөөгүй.
Ингээд өмч харилцааны газар хандахад тус газрын эзэмших эрх хүчингүй болсон байна гэж мэдэгдсэн. Энэ тухай З.Эд хэлж нэгэнт эрх шилжүүлэх гэрээний үүрэг биелэгдээгүй тул гэрээнээс татгалзахаа илэрхийлж мөнгөө буцааж авахаа хэлсэн. Гэтэл өөрийгөө хүндээр өвдсөн түр хугацаагаар хойшлуулж өгөөч гэсэн. Тэгээд сүүлдээ утсаа авахаа больсон. Одоо ямар утсан дээр байгаа нь мэдэгдэхгүй болно.
Ё.Атай гэрээ байгуулснаас хойш гэрээнийхээ үүргээ зөрчөөд өөр хүнрүү шилжүүлчихсэн харагддаг. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2013 онд гэрээ байгуулсан хэдий ч гэрчилгээ гараагүй байгаа гэсэн агуулгаар 2015 онд итгэмжлэл олгосон байдаг. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэл гаргасан
Иймд З.Эгаас Иргэний хуулийн 205.1-д заасны дагуу газрын эзэмших эрхийн гэрээнээс татгалзсантай холбоотой газрын эзэмших эрхийг худалдан авахад төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан шаардаж байна.” гэв.
Хариуцагч З.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын иргэн Ё.Агийн нэхэмжпэлтэй, Монгол Улсын иргэн З.Эд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, бүхэлд нь эс зөвшөөрч доорхи тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Иргэн З.Э миний бие 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ё.Атай “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Их дарь эх 18-7а тоот хаягт байрлах 160 м.кв талбайтай Иргэний ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан.
Уг гэрээний дагуу З.Э миний бие Ё.Ад ямар нэгэн эрхийн доголдолгүй газар эзэмших эрхийг шилжүүлсэн ба холбогдох бичиг баримтуудыг тухайн үед газрын албанд хүлээлгэн өгснөөр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, уг гэрээ дуусгавар болсон юм.
Харин 2015 онд Ё.А нь надтай утсаар холбогдож надаас худалдан авсан газар дээрээ барилга барих гэтэл дүүргийн газрын албанаас надаас заавалчгүй итгэмжлэл авсан байхыг шаардаад байна гэсний дагуу 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ё.Атай уулзаж, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Их дарь эх 18-7а тоот хаягт байрлах газар дээр барилга барих зөвшөөрөл олгож буй агуулгатай итгэмжлэлийг түүнд хийж өгсөн.
Үүнээс хойш Ё.А нь надад холбогдуулан энэхүү нэхэмжлэлийг гаргах хүртлээ надтай огт холбогдож байгаагүй билээ.
Хэрэв зээ Ё.Агийн нэхэмжлэлдээ дурдсанчлан өмч харилцааны газар түүний худалдан авсан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон юм бол Ё.А нь холбогдох төрийн байгууллага, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах ёстой байсан болохоос надад холбогдуулан нэхэмжлэл гаргах нь зүтэй байсан хэмээн үзэж байна.
Мөн хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2013 онд гэрээ байгуулчихаад шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч өөрөө хариуцлагагүй байдлаасаа болж газраа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байна.
Иймд Ё.Агийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ё.А хариуцагч З.Эд холбогдуулан газрын эзэмших эрхийг худалдан авахад төлсөн 10 000 000/арван сая/ төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хариуцагч З.Э нь ямар нэгэн эрхийн доголдолгүй газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь тус гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Тус Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний 1-т зааснаар хариуцагч нь нэгж талбарын 18644313337102 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Их дарь-Эх 18-7а тоот хаягт байршилтай 160/нэг зуун жар/ м.кв гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-ий шинжтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь ... хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн ... шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”, 260 дугаар зүйлийн 260.1-т “Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага ... худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна.” гэж заасан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь нэгж талбарын 18644313337102 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Их дарь-Эх 18-7а тоот хаягт байршилтай 160/нэг зуун жар/ м.кв гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрын эзэмшигч байсан байх ба нэхэмжлэгч нь хариуцагчид тус 160/нэг зуун жар/ м.кв газрын эзэмших эрхийн үнэд 10 000 000/арван сая/ төгрөгийг төлсөн талаар зохигчид маргахгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 160/нэг зуун жар/ м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлээгүй болох нь 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний болон Д.Булганжавын Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан өргөдлийн хуулбар, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.Булганжавтай нэгж талбарын 18644313337102 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Их дарь-Эх 18-7а тоот хаягт байршилтай 160/нэг зуун жар/ м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Д.Булганжавын Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан өргөдлийн хуулбар, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ.” гэж заасан.
Хариуцагч нь 160/нэг зуун жар/ м.кв газрын эзэмших эрхийг Д.Булганжавт шилжүүлэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр А/23 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж гаргасан байх тул Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар тус 160/нэг зуун жар/ м.кв газар нь эрхийн доголдолтой гэж үзнэ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцааж өгөх үүрэгтэй.”, 256 дугаар зүйлийн 256.1-т “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан ... аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол ... нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 252 дугаар зүйлийн 252.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар нэгж талбарын 18644313337102 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Их дарь-Эх 18-7а тоот хаягт байршилтай 160/нэг зуун жар/ м.кв газар эрхийн доголдолтой байх тул нэхэмжлэгч нь Гэрээг цуцалж, өөрт учирсан хохирол болох хариуцагчид шилжүүлсэн 10 000 000/арван сая/ төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 10 000 000/арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.2 дахь заалтад зааснаар үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Эгаас нийт 10 000 000/арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Ад олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
тогтоох нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ