| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2017/04141/И |
| Дугаар | 101/ШШ2020/02776 |
| Огноо | 2020-08-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2020/02776
2020 08 05 101/ШШ2020/02776
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Д.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Г-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т.Б-т холбогдох
Гэм хорын хохиролд 6,590,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, иргэдийн төлөөлөгч Д.Пүрэвдаш, С.Оюунбилэг, С.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 49 минутад манай хашаанд байрладаг гарааш шатаж надад хохирол учирсан. Манай хөрш Т.Б-ийн цахилгааны утас манай гараашийн дээгүүр явдаг. Урд нь 2 удаа гал гарч байсан. Цагдаа, галын газраас цахилгааны утасны богино холболтоос гал гарах шалтгаан болсон гэж дүгнэсэн. Машины гарааш 2014 онд 1,500,000 төгрөгөөр баригдсан. Гарааш дотор байсан 2013 оны цоохор модон 4 ханатай гэр 1,500,000 төгрөг, бургасан тооно уньтай 5 ханатай гэр 1,000,000 төгрөг, авдарт хадгалж байсан хурганы арьс 33 ширхэг нэг бүрийн үнэ 30,000 төгрөг нийт 99,000 төгрөг, мөнгөн товчтой даавуун дээл 5 ширхэг нэг бүрийн үнэ 80,000 төгрөг, нийт 400,000 төгрөг, 40 литрийн бетон 2 ширхэг нэг бүрийн үнэ 150,000 төгрөг, нийт 300,000 төгрөг, ширмэл ширдэг 1 ширхэг 450,000 төгрөг, хасаг ширдэг 1 ширхэг 450,000 төгрөг, нийт 6,590,000 төгрөгийн хохирол надад учирсан тул Т.Б-ээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: хариуцагч Т.Б- нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн орчимд гэртээ байх үед хөрш айл болох нэхэмжлэгч Н.Г-ын хашаанд байсан амбаар шатаж байгааг харсан байдаг. Гал гарч байгааг хармагц хойд айлын н.******* гэх залуутай хашааг нь давж ороод гэрийн хаалгыг нүдэж гэрт байсан залууд гал гарч байгаа тухай хэлээд залуусын хамт гал унтраах гэж хичээсэн байдаг. Гэвч залуус гал унтраахад хүч мөхөстөж гал улам хүчтэй дүрэлзэх үед нэхэмжлэгчийн амбаар дээгүүр явсан гэрлийн утас галд өртөж хайлаад улмаар гэрлийн шонгоос цахилгаан авдаг 6 айлын тог зэрэг унтарсан байдаг. Хариуцагч гал гарах үед өөрийн биеэр байсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгч гал унтраахаар хашаанд орсон хөрш айлын залууг хашаанд орж архи ууж, тамхи татаж байж гал гаргасан хэмээн цамнаж цагдаад мэдүүлж байсан боловч нөхцөл байдал өөрчлөгдөхөд ийнхүү үндэслэлгүйгээр хариуцагчийг гүтгэж галд шатсан гэх эд зүйлсийг нэхэмжлээд байгаа юм. Тухайн үед гал Г.*******ийн цахилгааны утаснаас гарсан эсэхийг тогтоогүй. Шүүхээс гал хаанаас гарсан голомтыг тогтоолгохоор олон удаа шинжээч томилсон боловч шинжилгээг хийх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсоныг нэхэмжлэгч өөрөө мэдэг байдаг. Гал гарсан амбаарт хохирол хэмээн нэхэмжлээд байгаа эд зүйлс үнэхээр байсан эсэх нь эргэлзээтэй. Галд шатсан амбаар тийм гээд хэлэхээр эд зүйлс юу ч байгаагүй бүрэн шатаж дууссан байсан ба ямар үндэслэлээр ийнхүү 6,590,000 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ямарч үндэслэлгүй бодит үнэнд нийцээгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Г- нь хариуцагч Т.Б-т холбогдуулан гэм хорын хохирол 6,590,000 төгрөгийг хариуцагч гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч манай гэрийн цахилгааны утаснаас гал гарсан гэдгийг тогтоогүй байхад надаас хохирол шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Баянзүрх дүүрэг 0дүгээр хороо, *******ын 9 дүгээр гудамжны ******* тоотод 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 49 минутад иргэн Н.Г-ын 4,5*3,0*1,6 м хэмжээтэй 25 см тоосгон гараашид гал гарч, эд хогшил шатаж байсныг Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 63 дугаар анги гал түймрийг унтраасан үйл баримт тогтоогдсон.
Дээрх үйл баримттай холбоотой нэхэмжлэгчийн гомдлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №4028 тоот тогтоолоор”гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй” гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн, тогтоолд гомдол гаргаагүй тул прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 6, 38-57 дугаар тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч “урд нь хоёр удаа Н.Б-ийн цахилгааны утаснаас гал гарч байсан. Тухайн гал гарах тэр үед би байгаагүй, манай хөрш А.А- Т.Б-ийн цахилгааны утас пис, пас гэж дуугарч байгаад гал гарсан гэж надаа хэлсэн. Гал хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан гарсан.” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.
Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч П.*******ын дүгнэлтийн
нэгд: “........манай хөрш айлын иргэн А.А-ын харснаар гарааш дээгүүр цахилгааны утас буудаж байгаад шатаад манай гарааш дээр унаж гал түймэр гарч байгааг харсан гэж надад хэлсэн гэх зэргээс дүгнэхэд гал түймэр гарсан шалтгаан нь цахилгаан гадна кабелийн утас байнгын хөдөлгөөнтэй бэхлээгүй улмаас механик гэмтэл авч галтай утсанд цахилгааны богино холбоо үүссэн гал түймэр гарсан байх магадлалтай.”,
хоёрт: “Гал түймрийн голомтыг тогтоох боломжгүй болно.” гэж,
Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлтэд “ ....шатах шингэн илрээгүй,.... хими биологийн урвалын үйлчлэлээр шатах бодис, газ, шатамхай хий зэргийг мөн гал гарахад нөлөөлсөн хүчин зүйлсийн тодорхойлох боломжгүй.” гэжээ./хх-ийн 3-4, 53-54 дүгээр тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн гаргасан “хариуцагч Б.*******ийн эзэмшлийн цахилгааны утас хашааны /ертөнцийн зүгээр/ урд хэсэг, бетон хашаан дээгүүр дамжин гараашийн баруун буланд байрладаг цахилгааны шит-22-т холбогддог” гэх тайлбар хэргийн газар үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Хэрэгт Хөрөнгийн үнэлгээний төвийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №144 тоот шинжээчийн үнэлгээгээр Н.Г-ын эд хөрөнгөнд учирсан хохирлыг 2,097,000 төгрөгөөр үнэлжээ./хх-ийн 86-112 дугаар тал/
Шүүх гал гарсан голомт болон хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гал гарсан болохыг тогтоолгохоор Онцгой байдлын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг туршилт шинжилгээний төв, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургууль, УБЦТС ХХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийг шинжээчээр томилоход, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг туршилт шинжилгээний төвөөс цахилгаан дамжуулах утас шинжилгээнд хамрагдаагүй, хэргийн газар давтан үзлэг хийх боломжгүй(цэвэрлэгдсэн), зэргийг харгалзан тухайн хэргийн шалтгаан нөхцөл, гал түймрийн голомтыг тогтоох боломжгүй.” гэх хариуг ирүүлсэн.
Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Б-ийн цахилгааны утаснаас өмнө 2 удаа гал гарч байсан талаар эрх бүхий байгууллагад энэ тухай гомдлыг гаргаж байсан гэж маргах боловч түүнтэй холбоотой баримтыг шүүхэд цуглуулж, гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.
Хариуцагч Т.Б-ийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн гараашид гал гарсан нь хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хөдөлбөргүйгээр нотлогдохгүй, хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид А.А-аас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б-т холбогдох гэм хорын хохиролд 6,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ
Б.МАНДАЛБАЯР