Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2016/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0071/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч П.Б , Т.М , 
Хохирогч Т.М ын өмгөөлөгч С.Чулуунбаатар,
Шүүгдэгч А.Г , түүний өмгөөлөгч Ц.Отгонсүх, шүүгдэгч С.Ж , түүний өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О овогт А-ийн Г т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, Х  овогт С-ийн Ж-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1-д заасан хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000889 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.  Монгол Улсын иргэн, О  овогт А-ийн Г  /Регистрийн дугаар: ...... /, ..... аймагт ...... оны ........  дугаар сарын ........ -ний өдөр төрсөн, ....  настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..............  тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

2. Монгол Улсын иргэн, Х  овогт С-ийн Ж  /Регистрийн дугаар: ....... /, .......  аймгийн .. суманд ....  оны ....  дугаар ... -ний өдөр төрсөн, ....  настай, эрэгтэй, тэтгэвэрт байдаг, ............... тоотод оршин суудаг, дээд боловсролтой, ...... мэргэжилтэй, улсаас .....  медаль, .........-ийн гавьяаны одонгоор шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:
    
Шүүгдэгч А.Г  нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр .....  аймгаас ......-ын чиглэлд С.Ж-ын жолоодож явсан ......  улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явах үедээ С.Ж-аас жолоог нь шилжүүлэн авч .......  баг ..... гэх газар  тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эсрэг урсгалд орон иргэн Т.М ын жолоодож явсан .....  улсын дугаартай Приүс-10 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.Ц , П.Б , Т.М  нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, 

Шүүгдэгч С.Ж  нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр О аймгаас  ...... ын чиглэлд ......  улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ тээврийн хэрэгсэлд жолоодох эрхгүй этгээд болох А.Г т жолоогоо шилжүүлсний улмаас А.Г  нь 19 цагийн орчим .......  баг ..... гэх газар  зам тээврийн осол гаргаж Д.Ц , П.Б , Т.М  нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч А.Г ийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б , А  гэх хоёр найзтайгаа О аймгаас  ......  уруу явахаар 16 цагийн үед О аймгийн   автовокзал дээр очиход нэг саарал Приүс-20 маркийн машинтай ах бид гурвыг автобусны үнээр ......  уруу явах уу гэж асуухаар нь бид гурав за тэгье гээд тэр ахын машинд суусан. Тэгээд тэр ах автовокзал дээрээс хөдөлж, 77777  микрийн ....... байрны  урд очиж зогсоод ах нь жаахан оройтож гарахаар болчихлоо та гурав энэ ахын машинд зардлаа өгөөд суугаад явчих гээд бид гурвыг нэг хөгшин жолоочтой буюу Ж  ахын ......  дугаартай цагаан өнгийн Приүс-20 маркийн машинд суулгасан. Бид машинд нь суухдаа Ж  ахад өөрсдийн зардлаа нийлүүлэн нийт 45,000 төгрөг өгсөн. Тэгээд бид нар 16 цаг өнгөрч байхад Э3ээс гарсан. Э-ээс гарахад Ж  ах машинаа бариад Ж  ахын эхнэр ачтайгаа урд суудал дээр суугаад бид гурав арын суудал дээр суугаад явж байсан. Бүрэнхий болж байхад бид нар Д3ны пост уруу дөхөж ирсэн. Тэр үед жолооч Ж  бид гурваас машин барьж чаддаг хүн байна уу гэж асуухаар нь би машин бага зэрэг барьж байсан болохоор “би чадна” гэж хэлсэн юм. Тэгэхэд Ж  ах “ах нь хараа муутай нүд бүрэлзээд байна. Пост өнгөрөөд машинаа бариулна шүү” гэж хэлсэн. Тэгээд пост дээр ирэхэд миний сууж явсан машиныг замын цагдаа зогсоогоод Ж  ах бичиг баримтаа шалгуулж машиныхаа паарыг яаж ажиллуулдаг эсэхийг тэр цагдаагаар заалгуулаад хөдөлсөн. Хөдлөөд удаагүй Ж  ах машинаа зогсоогоод “за машин барих хүүхэд чинь хэн билээ хоёулаа солигдъё” гээд надтай солигдож би машиныг нь бариад явсан. Тэгээд .........  сумын .......  гэх цайны газар өнгөрөөд явж байтал миний урд нэг хар өнгийн жийп машин явж байгаад урдаа явж байсан өвс ачсан ачааны машиныг гүйцэж түрүүлэхээр дохиогоо өгөөд эсрэг урсгалд ороход нь би тэр жийп машиныг дагаад орсон. Тэгтэл тэр жийп машин нөгөө ачааны машиныг гүйцэж урд нь орох үед миний урдаас гэнэт нэг машин гараад ирсэн. Тэр үед би нөгөө өвс ачсан ачааны машинтай зэрэгцээд явж байсан бөгөөд өөрийнхөө эгнээнд орох боломжгүй байсан учраас машиныхаа хурдыг хасах гээд тоормос дээрээ дөнгөж гишгээд нөгөө урдаас ирж явсан машинтай мөргөлдсөн. Тэгээд бид нар машинтайгаа замын зүүн тал уруу шидэгдэж зогссон. Тэр үед Ж  ах, манай найз Б , А  бид нар өөрсдөө машинаасаа гарсан. Машины урд сууж явсан Ж  ахын эхнэрийн талын хаалга нь онгойхгүй байсан тул бид нар хамжиж байгаад эхнэрийг нь ачтай нь хамт жолооч талын хаалгаар гаргаж авсан. Удалгүй мөргөлдсөн машины жолооч болох цэргийн хувцастай хүн бид нар дээр хүрч ирэхэд тэр хүний хамраас нь бага зэрэг цус гарчихсан байсан. Тэр жолооч ах машиндаа нэг эгчтэй хамт явж байсан бөгөөд тэр эгчийн хуруу нь гэмтчихсэн байсан. Тэгээд Ж  ах, нөгөө машины жолооч хоёр утсаараа цагдаа дуудсан. Удалгүй Ж  ахын дүү нь гээд бид гурвыг Ж  ахын машинд суулгасан саарал Приүс-20 маркийн машинтай ирээд Ж  ахын эхнэр хүүхдийг нь аваад .....-ны эмнэлэг уруу явсан. Тэд нарыг явсны дараа цагдаа болон онцгой байдлын албаныхан ирсэн. Осол болохын өмнө 80-90 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед би суудлын бүсээ зүүгээгүй байсан. Зорчигч нараас урд сууж байсан эгчээс бусад нь суудлын бүсээ зүүгээгүй байсан, /хавтаст хэргийн 111-112 дахь тал/, ... Хохирогч нарт учирсан хохирлоос ямар нэгэн хохирол төлөөгүй байгаа, мөнгө хөөцөлдөж байгаа, дахин хүний машин барихгүй, гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Ж ын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр О аймгийн   төвөөс эхнэр Д.Ц , 5 настай ач М.Ө , эхнэрийн дүү А , түүний хүү Т нарын хамт хоёр машинтай ......  уруу явахаар болж 16 цагийн үед эхнэр, ач хүү, бид гурав ......  улсын дугаартай Приүс-20 машинтайгаа А ийн гэрийн гадна ирэхэд Т  намайг ах аа, та ардаа хоосон явж байхаар миний таньдаг энэ гурван залууг аваад явчих, зардлаа өгнө гэхээр нь би бензиндээ нэмэр болгох гээд тэр гурван залуугаас 45,000 төгрөг аваад машиндаа суулгаж ......  уруу гарсан. Бид нарын араас удаагүй А , Т  хоёр өөрсдийн машинтайгаа гарлаа гэж байсан. Э ээс Дарханы пост хүртэл би машинаа барьж миний хажууд манай эхнэр, ач хоёр сууж, арын суудал дээр нөгөө гурван залуу суугаад явсан. Дарханы пост дөхөж ирээд би нөгөө гурван залуугаас “машин барьдаг хүн байна уу” гэж асуухад нэг залуу би машин барьдаг гэхээр нь “чи ямар машин барьж байсан юм бэ” гэж асуухад “би Соната-6 барьж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугаас “чи буруу талдаа рультэй машин барьж байсан уу” гэж асуухад тэр залуу “би барьж байсан” гэж хэлсэн. Тэгээд пост дээр ирэхэд намайг замын цагдаа дохиж зогсоогоод, бичиг баримтыг маань шалгаж, машиныхаа паарыг яаж ажиллуулдаг талаар тэр цагдаагаар заалгуулж аваад хөдөлсөн. Тэгээд постоос хөдлөөд Дархан хаалганы хажууд ирээд би машинаасаа бууж бие засчхаад нөгөө машин барьж байсан гэх залуу болох Г т машинаа бариулаад өөрөө машиныхаа арын суудалд суугаад цаашаа явсан. Би жолоочийн ард суугаад тэр залууг яаж жолоодож байна гэдгийг хянаад явж байсан. Бид ......  сумын ... .....  гэх газар нэг жийп машины араас явж байхад тэр жийп машин урдаа явж байсан өвч ачсан том ачааны машиныг гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгалд ороход Г  бас араас нь дагаад орсон. Тэр үед урдаас нэг машин ирж байгаа харагдсан. Би Г т амжихгүй ш дээ гэхэд Г  тоормосоо нэг гишгэснээ буцаад хурдаа нэмж нөгөө өвстэй машиныг гүйцэж түрүүлэхээр хурдалсан. Гэтэл амжаагүй нөгөө урдаа ирж явсан машинтай мөргөлдөж бид нар машинтайгаа замын хажуу тал уруу шидэгдэж машин хамраараа газар цохиж буцаад дугуйн дээрээ зогссон. Би машин зогссон даруйд нь бууж эхнэр, хүүхдээ машинаас гаргах гэтэл хаалга нь онгойхгүй байхаар нь тэднийг жолооч талын хаалгаар буулгаж авсан. Тэгээд би утастай хүн байна уу, цагдаа, эмнэлэг дууд гээд өөрөө хэнээс нь мэдэхгүй утас аваад ард явж байсан дүү А , Т  хоёр уруу ярьж маш хурдан ирээрэй, бид нар аваарт орчихлоо гэж хэлсэн. Тэгээд 10 минутын дараа Т  ирж манай эхнэр, ач хүү хоёрыг эмнэлэг уруу авч явсан. Би тэр үед нөгөө мөргөлдсөн машинд сууж явсан эмэгтэйг хамт суугаад Дарханы эмнэлэг уруу явуулах гэхэд тэр эмэгтэй явахгүй байсан. Удалгүй Онцгой байдал, цагдаагийн байгууллагын хүмүүс ирсэн. Осол болсны дараа манай машинд сууж явсан 3 залуугийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй, би тэр гурваас та гурав зүгээр үү гэж асуухад зүгээр ээ гэж байсан. Тухайн үед миний зүүн хөл бага зэрэг хөндүүрлэж, доголж байсан. Манай эхнэрийн зүүн талын гар хөндүүртэй байна гэхээр нь би гар хөлийг нь хөдөлгөж үзэхэд зүүн гараас бусад нь зүгээр байсан. Мөргөлдсөн машинд зорчиж явсан эмэгтэй нь нэг нүдээ дараад машиныхаа хажууд зогсож байгаа харагдсан. Тэр эмэгтэй Онцгой байдлын албаны машинд суугаад эмнэлэг уруу явсан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа, эхнэрийн маань зүүн гарын шууны яс хугарсан байсан. Одоо ...... од гэртээ байгаа бөгөөд биеийн байдал нь дээрдсэн. Манай ач хүүгийн биеийн байдал хэвийн, ач хүүгээ Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн ЭХО оношлогоонд үзүүлэхэд дотор эрхтнүүд нь гэмтээгүй, зүгээр байна гэж хэлсэн. Би Г оос жолооны үнэмлэхтэй эсэх талаар асуугаагүй. Тухайн үед миний унаж явсан машин 70-85 км цагийн хурдтай явж байсан байх, /хавтаст хэргийн 114-115 дахь тал/, ... би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, миний буруугаас болоод аваар гарсан байна, үүндээ гэмшиж байна. Би эхнээс нь хохирол төлбөр барагдуулж байгаа, хохирлоос 25-10 дугаартай машинд 3,920,000 төгрөгөөр сэлбэг авч өгсөн, 1,240,000 төгрөгөөр вьетнам засварт оруулсан, Ц гийн гарыг эмчлэхэд 650,000 төгрөг зарцуулсан. Хохирогч нарын аль алиных нь хохирлыг төлж барагдуулна гэж бодож байгаа” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Б гийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр М  машинтайгаа 15 цагийн үед ...... ын .......-ын автобусны буудлын орчмоос намайг ирж аваад тэгээд бид хоёр шууд ...  аймаг уруу гарсан. М  машинаа бариад би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад бид хоёр 19 цагийн үед ......  сумын ..... гэх газар  явж байтал гэнэт урдаас нэг машин гарч ирээд бид хоёрын унаж явсан машинтай маш хүчтэй мөргөлдсөн. Тэгтэл хоёр машин хоёулаа замын зүүн тал уруу шидэгдэж дугуйн дээрээ унасан. Машинаас гарахад миний зүүн нүднээс бага зэрэг цус гарч байсан. Зүүн гар болон баруун гарын долоовор хуруунаас цус гарч, толгой, бие бүхэлдээ өвдөж байсан. Тэгээд би машинаас гарсан даруйдаа утсаа авч хүү болон эгч уруугаа залгаад осол болсон талаар хэлсэн. Тэгэхэд нөгөө машин бид хоёроос нилээд зайтай хүмүүс нь машинаасаа гарчихсан бололтой орилолдоод байсан. Удаагүй Дарханаас манай эгчийн найз нь машинтай ирж намайг аваад Дарханы нэгдсэн эмнэлэгт хүргэж ирээд гар хуруунд үүссэн шарханд оёдол тавиулсан. Дарханы эмнэлэг намайг оршин суугаа газрынхаа эмнэлэгт очиж нарийн үзлэг, шинжилгээ хийлгээрэй гэж хэлсэн. Тэгээд би тэр шөнөдөө буцаад хот уруу явж ...... ын Гэмтэл согогын үндэсний төв эмнэлэг, ....... нэртэй хувийн эмнэлэгүүдээр явж биеэ үзүүлэн оношлогоо хийлгүүлж гэрээр эмчилгээ хийлгүүлсэн. Тухайн хэргийн газар дээр нэг залуу би машин бариад явж байсан гэж надад хэлж байсан. Тэд нар хоорондоо машин гүйцэж түрүүлэх гэж байгаад амжилгүй мөргөчихлөө гэж ярьж байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, гэмтлээс болж миний бие хэвийн байдалдаа орохгүй байна. Одоо миний биеийн байдал толгой, чээж хөндүүртэй, удаан суухаар нуруу өвдөөд байдаг болсон. Баруун гарын 4 хуруу мэдээгүй болсон. Би маш их гомдолтой байна. Тэр осол гаргасан жолооч нар энэ хугацаанд надаас миний биеийн байдал ямар байгаа талаар нэг ч удаа асуугаагүй. Эмчилгээний зардалд нэг ч төгрөг өгөөгүй. Нийт 500,000 төгрөгийн эмчилгээ болон унааны зардал гарсан байгаа. Цаашид гарах эмчилгээний зардалтайгаа нийт 2,500,000 төгрөг нэхэмжилж байна, /хавтаст хэргийн 17 дахь тал/, ... одоогийн байдлаар эмчилгээний зардал, зорчих төлбөр, 2 сар гэртээ хэвтсэн тул орлого байхгүй байгаа нийт 2,500,000 төгрөг нэхэмжилж байна, эмчилгээний зардлын 600,000 төгрөгийн нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Миний хувьд гомдолтой байна, миний хүүтэй адил хүүхэд уруу бурууг чихээд байгаа С.Ж  нь өөрийн машинаа янзалсан байна” гэх мэдүүлэг, 

Хохирогч Т.М ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...  бид хоёр 15 цаг өнгөрч байхад ...... ын ........-ын  автобусны буудал дээр уулзаад С  аймаг уруу гарсан. Тэр өдөр манай эхнэр ......  аймгийн Эмнэлэгт төрж би шинэ хүү, эхнэр хоёр дээрээ очихоор явж байсан юм. Б  эгч машинд миний хажууд суугаад явж байсан. Тэгээд бид хоёр бүрэнхий тасарч байхад 19 цагийн орчим байх Дархан-Уул аймгийн ......  сумын ......  гэх газар явж байтал миний урдаас нэг жийп машин гэрлээрээ дохиод ачааны машин гүйцэж түрүүлсэн. Би тэр үед хурдаа хассан. Тэр жийп эсрэг талын буюу миний зорчиж явсан эгнээнд орж урдаа явсан ачааны машиныг гүйцэж түрүүлээд буцаад эгнээндээ орох үед нь би тэр жийптэй зөрсөн. Тэгээд би ачааны машинтай зөрөх гэж байтал араас нь нэг суудлын машин гараад ирсэн. Тэр машиныг гараад ирсэн даруйд нь машиныхаа хурдыг хасаж, машинаа аль болох баруун гар тал уруугаа шахсан боловч зам өндөр эрэгтэй байсан учраас хэтэрхий шахаж болохгүй би өөрөө замаас гарч унах гээд байсан. Тэгээд тэр машинтай машиныхаа зүүн урд хэсгээр хүчтэй мөргөлдөж машинтайгаа шидэгдэн замаас гарч дөрвөн дугуйн дээрээ унасан. Би мөргөлдөж шидэгдэх үед толгойгоороо их хүчтэй юм мөргөсөн. Машин зогсох үед би манарсан байдалтай машинаас буухад миний хамраас цус гарчихсан байсан. Би хамт явсан эгчийгээ яаж байна гэхэд Б  эгч, эгчийгээ аваарай гээд тусламж гуйсан. Би Б  эгчийг машинаас гаргах гэтэл машин мөргөлдөх үедээ яг Б  эгчийн талаар мөргөлдсөн учир тэр талынх нь хаалга онгойх боломжгүй болчихсон байсан. Тэгээд би Б  эгчийг цонхоор нь гаргаж аваад харахад надтай мөргөлдсөн машинтай хүмүүс бид хоёроос 50-иад метрийн зайтай замынхаа зүүн тал буюу бид нарын талд шидэгдэж зогссон байсан. Би тэр хүмүүс дээр очиход цагаан өнгийн Приүс-20 маркийн ......  улсын дугаарын машинтай 4 эрэгтэй, нэг эмэгтэй нэг хүүхэдтэй хүн байсан, ... Ослын дараа би эмнэлэгт нурууныхаа зургийг авахуулахад миний нуруунд суулт, мурийлт өгсөн байна гэж байсан. Одоо удаан зогсохоор миний нуруу бага зэрэг хөшөөд байгаа. Өөр зовиур өвдөлт байхгүй. Осол болохоос өмнө би 70-80 км цагийн хурдтай явж байсан. Тэр үед харанхуй болсон байсан учраас зөрж өнгөрч байгаа машинууд гэрлээ шилжүүлэхгүй байсан болохоор нь би удаан явж байсан. Миний машины хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний машин одоо явах боломжгүй болсон, заслаа гээд хуучин хэвэндээ орохгүй учир би машинаа анх авч байсан үнээсээ 500,000 төгрөг хасаад үлдсэн мөнгийг нь гаргуулж авна. Миний биед гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоож гаргасан нэмэлт шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би гомдолтой байна. Би машинаа 2015 оны 02 дугаар сард 6,500,000 төгрөгөөр худалдаж авад гамтай унаж байсан. Мөн эмчилгээний зардал, цагдаагийн байгууллагаас дуудаж байцаалт өгөх, эрүүл мэндээ үзүүлж С  аймгаас .......   гээд 6 удаа ирж очсон. Хоол, унааны зардал нийт 308,950 төгрөг гарсан. Мөн би энэ хугацаанд ажлаа хийж чадаагүй. Ажлаас акт авсан байгаа тул 23 хоногийн цалин 725,000 төгрөг гарсан. Ослын дараа Цагдаагийн байгууллагаас миний машинд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг гаргуулахаар шинжээч томилсон ба тэр шинжилгээний байгууллага нь хувийн үнэлгээний эрхтэй компани байсан тул үнэлгээ хийсэн зардал 225,000 төгрөгийг надаас гаргуулж авсан. Өмгөөллийн зардал 1 сая төгрөг, энэ хугацаанд ажлаа хийж чадаагүй учраас банкнаас авсан зээлийнхээ 12 дугаар сарыг төлж чадаагүй цалингийн зээл 410,000 төгрөг, би ...... од түрээсийн байранд байдаг мөн 12 дугаар сард түрээсийн 250,000 төгрөгийг төлж чадаагүй зэрэг нийт 9,002,950 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. Цаашид би нурууныхаа эмчилгээг хийлгэх учраас гарсан зардлыг тухайн үед нь нэхэмжлэх болно. Би машиныхаа хохирол, биеийн эрүүл мэндийн эмчилгээний зардлуудыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... “Цалингийн зөрүү 450,850 төгрөг, бусад 3,013,800 төгрөг, өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд нэмэгдсэн 52,400 төгрөгийг нэмээд, Машины 3,510,000 төгрөг, нийт 6,576,200 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Ц гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ...... оос нөхөр С.Ж , ач хүү Ө  нарын хамт бэрийнхээ ......  улсын дугаартай Приүс-20 маркийн автомашинтай О  аймагт хувийн ажлаар оччихоод маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буцаад ......  уруу явж байсан. ... Бид нар Дархан-Уул аймгийн ......  сум өнгөрөөд явж байтал манай машины урд явж байсан нэг жийп машин урдаа явж байсан том оврын ачааны машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Тэр үед манай машиныг жолоодож явсан нөгөө залуу тэр жийп машины араас нь дагаад орсон. Тэгээд тэр жийп машины нөгөө ачааны машиныг гүйцэж түрүүлээд урд нь орох үед манай машины урдаас гэнэт нэг машин гарч ирээд гэрлээ гялалзуулаад ороод ирсэн. Тэр үед би амжихгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл хэн ч юу ч дуугараагүй. Манай машины жолооч машиныхаа хурдыг нэг хассанаа буцаад хурдалж нөгөө ачааны машинаа гүйцэж түрүүлэх гэтэл тэр урдаас ирж явсан машинтай миний сууж явсан талаар хүчтэй мөргөлдөж бид нар машинтайгаа замын зүүн тал уруу шийдэгдэж зогссон. Тэр үед би хүүгээ өвөр дээрээ аваад машины урд талын суудал дээр сууж явсан. Манай нөхөр Ж  жолоочийн хоёр найзтай хамт арын суудал дээр суугаад явж байсан. Машин мөргөлдөх үед би хүүгээ дараад тонгойсон. Тэгээд машин зогссоны дараа манай хүн бууж ирээд хүү яаж байна гэж надаас асуугаад хүүгээ авсан. Миний сууж явсан талын хаалга онгойхгүй байсан учраас би жолоочийн талын хаалгаар өөрөө гарсан. Тэр үед нөгөө мөргөлдсөн машины жолооч нь гэх залуу хүрч ирээд манай машины жолоочийг урсгал сөрж орж ирлээ гээд загнаад байсан. Тэгээд удаагүй бид нарын ард явж байсан манай дүү нар машинтайгаа ирж намайг ач хүүтэй минь хамт Дарханы эмнэлэгт хүргэж өгсөн. Уг ослын улмаас миний зүүн гарын шуу хугарсан. Би ...... ын Гэмтэл согог үндэсний төвийн эмнэлэгт биеэ үзүүлж гэрээрээ эмчилгээ хийлгүүлсэн. Би эрүүл мэндээрээ хохирсон учраас Г т гомдолтой байна. Нөхөртөө гомдолгүй. Миний эмчилгээний зардал 300,000 төгрөг гарсан түүнийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, 

Иргэний нэхэмжлэгч Б.У-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр миний эзэмшлийн ......  улсын дугаартай Приүс-20 маркийн авто машиныг манай хадам аав С.Ж  унаад хадам ээж, миний хүү Ө  нар О  аймаг уруу явсан юм. Тэд нар маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буцаад ......  уруу явж байгаад харанхуй болсон байсан учраас манай аав миний машиныг Г  гэх залууд бариулж явсан байсан. Тэр Г  гэх залуу нь миний машиныг барьж явж байгаад урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ эсрэг урсгалд орж урдаасаа ирж явсан машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан гэж хэлсэн. Тийм учраас би өөрийнхөө машины хохирлыг Г оос нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 3,360,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/, 

Гэрч Б.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... пост өнгөрөөд явж байтал жолооч ах машинаа зогсоогоод Г ийг чи машин барьчих гээд тэр хоёр солигдож суугаад Г  машин бариад явж байсан. Тэгээд удаагүй ......  сумын ..... гэх газар т хар өнгийн жийп машины араас дагаад явж байтал тэр жийп машин урдаа байсан өвс ачсан ачааны машиныг гүйцэж түрүүлэхээр дохиогоо өгөөд эсрэг урсгалд орсон. Тэр үед Г  бас тэр жийп машины араас дагаад орсон. Тэр жийп нөгөө ачааны машиныг гүйцэж түрүүлээд урд нь гарсан. Бид нар ачааны машиныг гүйцэж түрүүлэх гэтэл амжаагүй байх үед гэнэт урдаас нэг машин гараад ирсэн. Тэр үед Г  машиныхаа хурдыг хасаад зогсож амжаагүй байхдаа нөгөө урдаас ирж байсан машинтай мөргөлдсөн. Мөргөлдөх үед машин хэд хэдэн удаа газарт хүчтэй эргэлдэж замаас гарч дугуйн дээрээ зогссон, ... Манай машинд сууж явсан эгчийн гар нь шуу хэсгээрээ хугарсан байсан. Мөн Ж , А  хоёрын хөл нь бага зэрэг доголоод байсан. Нөгөө машины жолоочийн хамраас цус гарсан байсан. Зорчигчийг нь би хараагүй. Г  бид хоёр биедээ ямар нэг гэмтэл аваагүй. Тухайн үед миний сууж явсан машин 80-90 км цагийн хурдтай явж байсан. Одоо миний биеийн байдал зүгээр хэвийн байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/, 

Гэрч Ц.А-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... бид нар 16 цаг өнгөрч байхад О аймгаас  гарч бүрэнхий болж байхад .....-ны пост дээр ирж манай машиныг цагдаа зогсоож Ж  ах бууж шалгуулчхаад удаагүй тэндээс хөдөлсөн. Тэгээд тэр постоос хөдлөөд явж байхад Ж  ах бид гурваас машин барьдаг хүн байна уу гэж асуусан. Тэгтэл манай найз Г  би өмнө нь соната-6 маркийн машин барьж байсан гэж хэлэхэд Ж  ах, ах нь хараа муутай, гадаа харанхуй болохоор зам сайн харагдахгүй байна гэж хэлсэн. Тэгээд машинаа зогсоож бууж бие засчхаад хүрч ирээд Г ийг за чи машин барьчих гээд Г оор машинаа бариулж, өөрөө арын суудалд сууж явсан. Тэгтэл удаагүй урд сууж явсан эгч гэнэт чангаар орилоход нь би сэртэл машины урдаас ирж байсан машинтай мөргөлдөж замын хажуу тал уруу шидэгдэж дөрвөн дугуйн дээрээ зогссон. Яг осол болох үед би унтаж явсан болохоор хараагүй. Машин унасны дараа Г , Б , Ж  нарын ярианаас сонсоход өвстэй машин гүйцэж түрүүлэх гэж байгаад эсрэг урсгалд орсноос болж ирж явсан машинтайгаа мөргөлдсөн гэж байсан. Ж  ах Г оос жолооны үнэмлэхтэй эсэх талаар асуугаагүй. Зөвхөн машин барьдаг хүн байна уу гэж асуусан. Мөн өмнө нь ямар машин барьж байсан юм бэ гэж асууснаас өөр зүйл асуугаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, 

Шинжээч С.А-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу иргэн Т.М ын эзэмшлийн .....  улсын дугаартай Приүс-10 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг тогтоож дүгнэлт гаргасан. Би уг автомашины үнэлгээг гаргахад ...... од Приүс-10 маркийн машины сэлбэг зардаг газруудаас үнийн судалгаа авсны үндсэн дээр уг автомашины эвдрэл хохирлын үнэлгээг 5,119,000 төгрөг болохыг тогтоосон. Уг компаниар оношлогоо хийлгэсэн нь “........” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон асуудал биш юм. .....  улсын дугаартай машиныг дээрээс нь үзээд эвдрэлийг нь тогтоох боломжгүй байсан учраас далд ямар эвдрэл байгаа эсэхийг тогтоохын тулд мэргэжлийн засварчнаар үзүүлж эвдрэлийг нь тодорхой авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/, 

Шинжээч Л.Э уяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчийн тогтоолоор иргэн Т.М ын эзэмшлийн .....  улсын дугаартай Приүс-10 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг тогтоох шинжилгээ явуулахыг даалгасны дагуу миний бие оролцон манай компаниас 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр тус тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргасан. “БАН ХАС” ХХК нь .....  улсын дугаартай Приүс-10 маркийн тээврийн хэрэгсэлд шинжилгээ явуулж дүгнэлт гаргахдаа дүгнэлтэд тээврийн хэрэгслийн маркийг Приүс-30 гэж буруу оруулсан байсан. Энэ нь Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн сэлбэгийг судалж тогтоосон гэж үзэж болохоор байсан. Мөн Приүс-10 маркийн авто машины сэлбэгийн үнийн зах зээлийн судалгааг бага хийсэн байсан. Энэ нь дүгнэлтдээ хавсаргасан “..... ” ХХК-иас .....  улсын дугаартай Приүс-10 маркийн тээврийн хэрэгсэлд оношлогоо хийж, сэлбэгийн үнийн санал болгосон хүснэгтээс харагдаж байсан учраас шинжээчийн бүрэлдэхүүн “БАН ХАС” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/, 

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Ө-ын 2015 оны 12 дгаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай “... Жолооч С.Ж  нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Приүс маркийн ......  улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7 /жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно, 2.7б тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шижлүүлэхийг хориглоно/,

Жолооч А овогтой Г  нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн орчим .....   сумын нутаг дэвсгэр ... .....  гэх газар автомашины зэм дээр Приүс маркийн ....  улсын дугаартай авто машин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.1-а /Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч биедээ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй явна/ гэсэн заалт, мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1а “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино/ гэсэн заалт зөрчин өөдөөс ирж явсан жолооч Төмөрбаатар овогтой М ын жолоодож явсан Приүс маркийн .....  улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан, жолооч Т.М  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. А овогтой Г  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй санд бүртгэлгүй этгээд байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34 дэх тал/, 

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн тухай дүгнэлт /хавтаст хэргийн 41 дэх тал/, 

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 108 дугаартай “БАН ХАС” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,  

2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 437 дугаартай “АШИД БИЛГҮҮН” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 61-62 дахь тал/, 

2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/06 дугаартай шинжээчийн тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 68-69 дэх тал/, 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-6, 43, 52-54, 63-65, 71 дэх талууд/,

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17534 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн “... Д.Ц гийн биед зүүн шууны богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77 дахь тал/, 

2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17570 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн “... Д.Б гийн биед тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгийн шарх, зүүн нүдний харааны бууралт 0,04, зүүн нүдний доод зовхи, зүүн гуяны цус хуралт, зүүн бугалга, чээж, баруун гарын 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.9-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын 15 хуваарь тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид нүдний хараа сайжрах эсэх ба ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 81 дэх тал/, 

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1450 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн “... Т.М ын биед тархи доргилт, 2 шүдний хөдөлгөөнтэй байдал, баруун хөлийн зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Т.М д учирсан гэмтэл нь цаашдын байнгын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 86 дахь тал/, 

2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 76 дугаартай шүүхийн эмнэлгийн шинжээчийн нэмэлт шинжилгээ хийсэн “... Т.М ын биед бүсэлхийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89 дэх тал/, 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1451 дугаартай “... Б.Б ын биед гэмтэл тогтоогдсонгүй” /хавтаст хэргийн 93 дахь тал/, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1463 дугаартай “Ц.А-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” /хавтаст хэргийн 96 дахь тал/, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17536 дугаартай ”С.Ж ын биед гэмтэл тогтоогдсонгүй” /хавтаст хэргийн 100 дахь тал/, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “М.Ө гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” /хавтаст хэргийн 103 дахь тал/ гэх дүгнэлтүүд,

Өвчний түүх /хавтаст хэргийн 143-145 дахь тал/,

Хохирогч Т.М ын хэрэг бүртгэлтийн шатанд гаргаж өгсөн зарлагын баримтууд: 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 84,000 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 146 дахь тал/, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “БАН ХАС” ХХК-д Т.М аас .....  улсын дугаартай Приүс-10 маркийн машины хохирлын үнэлгээний төлбөр 195,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6,400 төгрөг төлсөн тооцооны хуудас, мөн оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5,200 төгрөг төлсөн тооцооны хуудас, “....... ” ХХК-д оношлогоо хийлгэсний төлбөр 30,000 төгрөг тушаасан баримт, Т.М ын нийт 18,500 төгрөгийн зорчих тасалбарууд /хавтаст хэргийн 148-149 дэх тал/, УБТЗамын элдэв хураамжийн 1,900 төгрөг төлсөн тасалбар /хавтаст хэргийн 150 дахь тал/, УБТЗамын зорчих эрхийн 10,400 төгрөгийн тасалбар /хавтаст хэргийн 151 дэх тал/, Хот хооронд зорчсон нийт 34,800 төгрөгийн тасалбар /хавтаст хэргийн 152 дахь тал/, Хавтаст хэргийн 153 дахь талд авагдсан зорчсон хүний нэр өөр болон тодорхойгүй баримт,Т.М ын түр чөлөөний хуудсаар ажлаас нэг өдрийн цалингүй чөлөө авсан гэх баримт, /нэг өдрийн хөлс 35,000 төгрөг/ шатахуун авсан 37,000 төгрөг нийт 72,000 төгрөгийн баримтууд /хавтаст хэргийн 154 дэх тал/, УБТЗамын зорчих эрхийн нийт 80,800 төгрөгийн тасалбарууд /хавтаст хэргийн 155 дахь тал/, Т.М ын нэг сарын цалингийн хэмжээг харуулсан цалин олгосон гэх баримт /247710 төгрөг/ /хавтаст хэргийн 156 дахь тал/, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22,800 төгрөгийн зарлагын баримт /хавтаст хэргийн 157 дахь тал/, байрны түрээсийн гэрээ /хавтаст хэргийн 159 дэх тал/, 

Т.М ын шүүхийн шатанд гаргаж өгсөн: хохирогч Т.М  болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд ирэх, буцахад хэрэглэсэн бензин болон 1 хоногийн буудлын мөнгө нийт 142,800 төгрөгийн баримтууд, мөрдөн байцаалтад ирж буцсан бензин, шатахууны нийт 74,000 төгрөг, С  аймагт эмчлүүлж байсан эмчилгээ, үзүүлэх, хэвтэх үед гарсан зардал гэх нийт 79,200 төгрөг, ...... од эмнэлэгт хоол, цай хүргэж өгөхөд гарсан зардал гэх нийт 10,000 төгрөг, С  аймагт эмчилгээ хийлгээд ......  уруу буцах үеийн зардал нийт 26,200 төгрөг, С  аймгаас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дархан хотод шүүхэд ирээд буцах үеийн зардал гэх нийт 26,200 төгрөгийн баримт,

Хохирогч П.Б гийн хэрэг бүртгэлийн шатанд гаргаж өгсөн: П.Б гийн өвчний түүх /хавтаст хэргийн 161-164 дэх тал/, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Монос Туул” эмийн сангаас эм авсан гэх баримт, нүдний үзлэгт 30,000 төгрөг төлсөн гэх баримт, П.Б гийн Бриллианс Клиник ХХК-д 120,000 төгрөгөөр үзүүлсэн гэх баримт, /хавтаст хэргийн 165 дахь тал/, бинт, нарийн лент, тамедин 0,7х300 зэрэг нийт 4,200 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 166 дахь тал/, 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 130-131 дэх тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч А.Г  нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр О аймгаас  ...... ын чиглэлд С.Ж ын жолоодож явсан ......  улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явах үедээ жолоодох эрхгүй атлаа С.Ж аас жолоог нь шилжүүлэн авч Дархан-Уул аймаг, ......  сум, 1 дүгээр баг ..... гэх газар  тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1а “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс нь ирж явсан T.Prius маркийн .....  улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Ц , П.Б , Т.М  нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, 

Шүүгдэгч С.Ж  нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр О аймгаас  ...... ын чиглэлд ......  улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ тээврийн хэрэгсэлд жолоодох эрхгүй этгээд болох А.Г т жолоогоо шилжүүлж, А.Г  зам тээврийн осол гаргаж Д.Ц , П.Б , Т.М  нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

Аймгийн прокурорын газраас тэдгээрийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Онги овогт Алтангэрэлийн Г ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, иргэн Д.Ц , П.Б , Т.М  нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, шүүгдэгч Хурган овогт Сүхийн Ж ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахаар, гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол гэм хорыг хамтран хариуцахаар заасан.

Шүүгдэгч С.Ж , А.Г  нарын хэн алиных нь хууль бус буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ц , П.Б , Т.М  нарын биед хүндэвтэр гэмтэл, эд хөрөнгөд хохирол учирсан байх тул эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч нарт тэнцүү хуваан хариуцуулах нь зүйтэй байна.

Хохирогч Т.М  шүүхийн хэлэлцүүлэгт: ... машины үнэлгээг 3,510,000 төгрөгөөр тогтоосон дүгнэлтийн талаар маргахгүй, цалингийн зөрүү 450,850 төгрөг, бусад зардалд 3,013,800 төгрөг, өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд нэмэгдсэн 52,400 төгрөгийг нэмээд, машины эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоосон 3,510,000 төгрөг, нийт 6,576,200 төгрөг нэхэмжилж байна гэх боловч үнэлгээний дагуу хохирлоо авахгүй, машиныг анх худалдаж авч байсан үнэлгээнээс эдэлгээний 500,000 төгрөгийг хасаж машины үнэд 6,000,000 төгрөг гаргуулна гэжээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлд ... “эд хөрөнгөд учирсан гэм хорыг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан ба шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.М ын машиныг засварлах боломжтой гэж үзэн эвдрэл, хохирлын үнэлгээг 3,510,000 төгрөгөөр тогтоосон байх тул мөн хэмжээний төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Т.М  нь өөрийн автомашинд учирсан хохирол 3,510,000 төгрөгөөс гадна эмчилгээний зардал, байрны түрээсийн зардал, цалингийн зөрүү, ирж очих унааны зардал, хоолны төлбөр, өмгөөлөгчид төлсөн хөлс зэрэгт нийт 3,066,200 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд оролцохоор ирэхэд гарсан буудлын болон унааны зардал, автомашины эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал, гэмт хэрэг гарснаас хойш хугацаанд ирж очиход автомашин, галт тэрэг, автобусаар зорчсон зардал, шатахуун, эм тариа авсан зэрэг нотлох баримтын шаардлага хангаж буй хохирогч Т.М ын нэр, регистрийн дугаараар олгогдсон баримтуудын хэмжээнд 393,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Мөн Т.М  нь иргэний нэхэмжлэгчийн хувьд өөрийн гаргаж буй нэхэмжлэл, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй, гаргаж өгсөн зарим баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул машины эвдрэл хохирлын үнэлгээнээс гадна 3,066,200 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаж буй баримтын хүрээнд 393,800 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийт “6,576,200 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаас машины эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 3,510,000, бусад хохиролд 393,800 төгрөг нийт 3,903,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2,672,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Хохирогч П.Б  эмчилгээний зардал болон олох байсан орлого, бусад зардалд 2,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт 194,300 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул мөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ж  нь Б.У-ийн 25-10 дугаартай авто машиныг засварлахад 3,920,000 төгрөгөөр сэлбэг авч өгсөн, 1,240,000 төгрөгөөр вьетнам засварт оруулсан гэж мэдүүлсэн, сэлбэгт 3,920,000 төлсөн гэх зарлагын падаан, засварт 1,220,000 төгрөг төлсөн гэх тодорхойлолт гаргаж өгсөн боловч иргэний нэхэмжлэгч Б.У шүүх хуралдаанд оролцоогүй, дээрх баримтуудын талаар ямар нэгэн тайлбар ирүүлээгүй тул хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Б.У-д учирсан хохирол, хохирол төлөгдсөн байдлын талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байна. 

Иймд хохирогч Д.Ц  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч С.Ж  шүүх хуралдааны явцад Б.У-д учирсан гэм хорын хохиролд 3,920,000 төгрөгийн үнэ бүхий 13 нэр төрлийн сэлбэг худалдан авсан гэх зарлагын падаан, засварт 1,220,000 төгрөг төлсөн гэх тодорхойлолт ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Ийнхүү дурдсан нь С.Ж  5,140,000 төгрөгийн хохирлыг Б.Урангоод төлсөн гэж үзэх, шүүгдэгч нар Б.У-д учруулсан хохирол, төлбөрийн хэмжээ, бусад байдлын талаар маргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч А.Г , С.Ж  нар нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 130-131 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.Г  нь ямар нэгэн хохирол төлөөгүй, шүүгдэгч С.Ж  нь өөрийн ойр дотны хүмүүст учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх боловч хохирогч Т.М , П.Б  нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул тэдэнд торгох ял оногдуулах нь зохимжгүй байна.

Шүүгдэгч А.Г , С.Ж  нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан даруйдаа хохирогчид тусламж үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Г  автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй боловч түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, үндсэн ялаа эдэлж дууссанаас хойш 2 жилийн хугацаанд түүнд жолоодох эрх олгохгүй байхыг Замын Цагдаагийн Газарт, тогтоолын хувийг Замын Цагдаагийн Газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Я-т тус тус даалгаж, ялтан энэ хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О  овогт А-ийн Г ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, иргэн Д.Ц , П.Б , Т.М  нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, шүүгдэгч Х  овогт С-ийн Ж ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар Онги овогт А-ийн Г т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар Х  овогт С-ийн Ж т 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар А.Г , С.Ж  нарт тус тус оногдуулсан 2 сар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхийг дурдсугай.

4.Шүүгдэгч А.Г т оногдуулсан баривчлах ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан жолоодох эрхийг хасах ялыг Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн ялыг эдэлж дууссан үеэс тоолох ба үндсэн ялаа эдэлж дууссанаас хойш 2 жилийн хугацаанд түүнд жолоодох эрх олгохгүй байхыг Замын Цагдаагийн Газарт, тогтоолын хувийг Замын Цагдаагийн Газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Я-т тус тус даалгаж, ялтан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 258 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх болохыг сануулсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж , А.Г  нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4,098,100 төгрөгийг хувь тэнцүү гаргуулж хохирогч Т.М д 3,903,800 төгрөг, хохирогч П.Б д 194,300 төгрөг олгож, Т.М , П.Б  нарын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Ц  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б.У-д хохирол нөхөн төлсөн талаар баримт ирүүлсэн болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г , С.Ж  нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, С  аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан А.Г , С.Ж  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
        


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГЭРЭЛТ-ОД