| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/02762/И |
| Дугаар | 101/ШШ2020/02777 |
| Огноо | 2020-08-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2020/02777
2020 08 05 101/ШШ2020/02777
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: В.М-д холбогдох
Сургалтын төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А-, хариуцагч В.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч В.М-аас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр охин М.Ц-, хүү М.Д-нарт сар бүр тэтгэлэг тогтоолгож, 2017-2018 оны сургалтын төлбөр 5,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Хүүхдүүд маань математик-англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Оргил сургуульд суралцаж байна. Миний бие сургалтын төлбөрийг хожимдуулсан хэдий ч ямар нэгэн байдлаар төлдөг. Өнөөдрийн байдлаар сургалтын төлбөр төлөгдөөгүй байгаа. Иймд хүүхдүүдийн эцэг В.М-аас 2018-2019, 2019-2020 оны хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч В.М- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр хүүхдүүдийн сургалтын төлбөрт 5,000,000 төгрөгийг төлсөн. Хүүхдүүдийг Оргил бүрэн дунд сургуульд шилжүүлэн сургахад надаас зөвшөөрөл аваагүй. Хавтас хэрэгт авагдсан баримтаас харахад 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрт хүүхэд тус бүр сургалтын төлбөрөөс 30%, 2018-2019 оны хичээлийн жилд хүүхэд тус бүр 20% хөнгөлөлт эдэлснээс үзэхэд нийт 7,500,000 төгрөг төлөгдөхөөр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч В.М-ад холбогдуулан охин М.Ц-, хүү М.Д- нарын 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 10,000,000 төгрөг, 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийн 50 хувь болох 10,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч В.М- 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрт хүүхэд тус бүр сургалтын төлбөрөөс 30%, 2018-2019 оны хичээлийн жилд хүүхэд тус бүр 20% хөнгөлөлт эдэлснээс үзэхэд нийт 7,500,000 төгрөг төлөгдөхөөр байна. Сургалтын төлбөрийг Б.А- биш сургууль нэхэмжлэх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01323 дугаар шийдвэрээр В.М-аас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан охин М.Ц-, хүү М.Д- нарт хүүхдийн тэтгэлгийг, сургалтын төлбөр 5,000,000 төгрөгийг гаргуулан Б.А-т олгож шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 10-15 дугаар тал/
Зохигчид 2014 онд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээсэн талаар маргаагүй.
Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.”, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-д “Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.”, 17 дугаар зүйлийн 2-т “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.” гэж хуульчилсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч “хүүхдүүдийг Америк сургууль, цэцэрлэгт сурч байхад нь надаас зөвшөөрөл аваагүй монгол Оргил сургууль руу шилжүүлсэн. Хүүхдүүдийг сургуульд нь хүргэж өгч, авдаг, багш нартай нь байнга уулздаг.” гэсэн тайлбараас үзэхэд хүүхдүүдийг төлбөртэй сургуульд суралцаж байсныг эцэг нь хүлээн зөвшөөрсөн, надаас төлбөртэй сургуульд суралцуулах зөвшөөрөл аваагүй гэх тайлбар няцаагдсан гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг,эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж , адил үүрэг хүлээнэ “ 26.2.3-т “хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй
Хүүхдүүд Оргил бүрэн сургуулийн 7, 5 дугаар ангиудад суралцдаг бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр тус бүр 5,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийн төлөх төлбөрөөс тус бүр 20 %-ийн хөнгөлөлтийг эдэлж 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь төлсөн, 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 10,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-ийн 36 дүгээр тал/
Иймд В.М- нь хүүхдүүддээ өсгөн хүмүүжүүлэх, боловсрол эзэмшүүлэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул 2018-2019 оны сургалтын төлбөрийн 8,000,000 төгрөгийн 50% болох 4,000,000 төгрөг, 2019-2020 оны сургалтын төлбөр 10,000,000 төгрөгийн 50 хувь болох 5,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч В.М-аас 9,000,000 төгрөгийг гаргуулж, Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар В.М- нь эцгийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх нь Б.А- саад учруулахгүй байх үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ