Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 22

 

 

*******ид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, *******.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, хохирогч Т.*******өхбаатар түүний өмгөөлөгч Д.Нямдорж,  яллагдагч ******* түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаар шүүгчийн захирамжтай *******ид холбогдох эрүүгийн 2036000460051 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч *******.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* *******од оршин суух, эмэгтэй, урьд ял шийтгэлгүй, ******* ******* *******гийн Цэнд-Аюуш // нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* нутаг дэвсгэр бага тойруугийн дөрвөн замын уулзварт 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр улсын дугаартай HYUNDAI AVENTE XD маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 18.3, 5.12б заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж хохирогч Т.*******өхбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “*******ид холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх *******ид холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд  Л.Цэнд-Аюшийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн ойрын гэрэл асахгүй байдал, холын гэрэл асаж байгаа боловч бүрэн тусахгүй, гэрлийн тусгал нь стандартын шаардлага хангаагүй, гэрлийн тусгалын чиглэл нь доошоо тусгалтай байдал нь зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Учир нь: Хохирогч Т.*******өхбаатарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Д.*******алтын мэдүүлэг, шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, яллагдагч *******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар яллагдагч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 5.12б заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн болох нь тогтоогдсон. Мөн хэрэг учрал болох үед эсрэг урсгалаар тээврийн хэрэгсэл зөрсөн эсэх, тухайн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалаар зөрсөн нь зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох гэжээ. Эсрэг урсгалаар машин зөрж өнгөрсөн талаар яллагдагч ******* гэрчийн мэдүүлэг болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн, шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар эсрэг урсгалаар машин зөрж өнгөрсөн, гэрлийн гялбаанд орсон болох нь нотлогдож тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Т.*******өхбаатар түүний өмгөөлөгч Д.Нямдорж нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч ******* түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд  дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж  үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* нутаг дэвсгэр *******ага тойруугийн дөрвөн замын уулзварт 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр улсын дугаартай  HYUNDAI AVENTE XD маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 18.3,5.12-б заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж хохирогч Т.*******өхбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа нь яллагдагч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*******ид холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр, прокурорт буцааж  шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

1. Жолооч *******ийн стандартын шаардлага хангаагүй гэрэлтэй тээврийн хэрэгслийг жолоодож үзэгдэх орчин хязгаарлагдсан үед замын хөдөлгөөнд оролцож буй нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн эсэх мөн хохирогч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчихөд тээврийн хэрэгслийн гэрлийн стандартын шаардлага хангаагүй байдал нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалган тогтоох шаардлагатай гэжээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан ХОА 44-87 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэлд Ховд аймгийн Авто тээврийн төвийн техникийн оношилгооны инженер Д.*******алтыг оролцуулан үзлэг хийсэн тэмдэглэл / хх-н 162х / мөн *******алтын гэрчээр өгсөн мэдүүлэг / хх-н 167-168 /, 2020 оны 02 сарын 12-ны өдрийн шинжээчийн 06 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж, анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж бичсэн прокурорын эсэргүүцэл нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуулийн  22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ“ гэж заасан байхад шүүх энэхүү хуулийн зохицуулалтыг анхаарахгүйгээр “жолооч *******ийн стандартын шаардлага хангаагүй гэрэлтэй тээврийн хэрэгслийг жолоодож үзэгдэх орчин хязгаарлагдсан үед замын хөдөлгөөнд оролцож буй нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор” хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

2.Яллагдагч ******* нь эсрэг урсгалаар явж өнгөрсөн тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орсон болон ямар машины гэрлийн гялбаанд орсон болохыг шалга гэжээ.

******* нь тухайн үед гэрлийн гялбаанд орсон талаараа мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд харин одоо ямар маркийн авто машин болон хэн гэдэг жолоочийн гэрлийн гялбаанд орсныг  тогтоох боломжгүй юм.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр шүүхэд  буцаасан учир хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/102 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, *******ид холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг шүүхэд очтол яллагдагч  *******ид урьд авсан  хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

             

           

                                                           

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

                                                  ШҮҮГЧИД                                       М.НЯМ*******АЯР

                                                                                                          *******.ДАМ*******А