Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2026/0333

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч Б.Н

Нэхэмжлэгч: Б.Н

Хариуцагч: Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.С

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 115/ШШ2026/0006 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Н

Хариуцагч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг  

Хэргийн индекс: 115/2026/0007/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 115/ШШ2026/0006 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, 106.3.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сд холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар иргэн Б.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан 44-65890, 44-65888, 44-65886, 44-65885, 44-65884, 44-65882 дугаартай мэдүүлгүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Сгийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл"-үүдийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол 86,400,000 төгрөгийг гаргуулах” тухай Б.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч Б.Н дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

2.1. “...Улсын бүртгэлийн ерөнхий Хуулийн 19 дүгээр зүйл 19.4.10, 20 дугаар зүйлийн 20.1 заалт, 20.1.2 заалтыг зөрчин Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гаргасан иргэн Б.Нгийн мэдүүлгийг үл хөдлөх хөрөнгүүд дээр эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 30-р зүйл 30.1.4-д, 31-р зүйлийн 31.1-д заасан үндэслэл буюу ямар нэгэн тусгай болон урьдчилан тэмдэглэгээ хийгээгүй байхад мөн хуулийн 29-р зүйл 29.1.5 заалтаар бүртгэхээс татгалзсан захирамжилсан үйл ажиллагааны улмаас учирсан хохирол нэхэмжилснийг үндэслэлгүй гэсэн нь нэг талыг барьж захиргааны байгууллагыг хууль бус үйл ажиллагааг хаацайлсан шийдвэр гэж би үзэж байна.

2.2. Улсын бүртгэгч Б.С Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 64-р байранд 24 айлын орон сууцанд Ковид-19 цар тахлын хөл хорионы үед 2021 онд нэг ч төгрөгийн төлөөгүй дайран орж амьдарч буй тус сумын ЗДТГ-т болон төрийн захиргааны байгууллагад албан тушаал хашдаг иргэдийн хууль бус үйлдлийг хаацайлан хамгаалж өмчлөгч Б.Н Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар мэдүүлэг гаргамагц айл бүрийн хаалгыг Аймгийн улсын бүртгэлийн даргатай хамт очин нүдэж... та нарын амьдарч буй байрыг энэ хүн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан барьцаа хөрөнгийг худалдаж авах замаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар улсын бүртгэлд хандлаа... гэж миний хувь хүний нууц мэдээллийг бусдад задруулж, Эд хөрөнгийн улсын ажилтны чиг үүрэгт хамааралгүй мэдээллийг цуглуулсан.

2.3. Б.С Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйл 20.2 заасныг зөрчин улсын бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсан. Мөн улсын бүртгэлийн ажилтан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйл, 19.1, 19.4.1, 19.4.7, 19.4.10, 19.4.12 заалт бүрийг заалт бүрийг зөрчсөн тайлбар өгч 5 хоногийн дотор иргэн хуулийн этгээдийн гаргасан эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэн гэрчилгээг гаргахаар хуульчилсан байхад 5 сар гаруй Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар болон хуучин улсын бүртгэгчээр ажиллаж байсан Хэнтий аймгийн У.Х.Э.Х улсын бүртгэгчээс... бүртгэж болох эсэхийг асууна... гэж чирэгдүүлсэн шүүх хурал дээр үүнийгээ ч нуухгүй яриад мэтгэлцээд байхад анхан шатны шүүх зөвтгөсөн үндэслэл үгүй байна.

2.4. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт... Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3. “Захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”, 106.5. “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг баримтлан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар иргэн Б.Н-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан 44-65890, 44. 65888, 44-65886, 44-65885, 44-65884, 44-65882 дугаартай мэдүүлгүүдийг улсын бүртгэлд бүртгэлд бүртгэхээс татгалзсан Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.С-гийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл”- үүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна”... гэсэн нь үндэслэлгүй.

2.5. Энэ талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбарт 70.2.6 Захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэн хуулийн этгээдэд учирсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчлөх хасах. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шинэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7... Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээд учирсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчлөн тогтоох заалтыг тайлбарлахдаа: ... Эндээс үзвэл хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.6-д (Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.7-д) зааснаас бусад бүх заалтуудаар нэхэмжлэл гаргах үндэслэл нь захиргааны хууль бус акт байдаг бол энэ заалт нь ийм нөхцөлийг шаардахгүй. Өөрөөр хэлбэл, захиргааны акт байж ч болно, байхгүй байж ч болно. Түүгээр зогсохгүй уг акт нь хууль бус, эсхүл хууль ёсны эсэхээс үл хамаардаг байна. Гол нь захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны хохирол учирсан байх нь гол нөхцөл... гэжээ үүнийг анхан шатны шүүх анхаарсангүйгээс иргэн Б.Н-г зөвхөн хохирол нэхэмжилсэн мэт ташаа тайлбарлан хохирлын талаарх нотлох баримтыг үнэлэхгүй гэрч асуулгах хүсэлтийг хангалгүй орхилдуулсан.

2.6. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагаагаар захиргааны байгууллагын хууль бус захирамжилсан үйл ажиллагаа болох татгалзлын улмаас хохирсон хохирлоо нэхэмжилсэн хуулийн этгээдийг нэхэмжлэлийг хүртэл хууль бусаар хүлээж авахгүй татгалзан хохироосон. Иймд хууль бус эдгээр анхан шатны шүүхийн шийдвэр захирамжийг хүчингүй болгон дахин анхан шатны шүүхээр хохирлын талаарх нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг хавтаст хэрэгт авхуулж иргэн хуулийн этгээдийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хамгаалж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

            1.Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийг буруу тайлбарлаж, маргааны үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

            2. Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаснаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Н хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, 106.3.7-д заасан шийдвэрийн төрөлтэй уялдуулан гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

            3. Тухайлбал нэхэмжлэгч анхнаасаа хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох”  гэж заасан шийдвэрийн төрлөөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь тогтоогдож байх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тохиолдолд хууль бус татгалзсан үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол 86,400,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэж дүгнэхдээ мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасныг үндэслэл болгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг “нэхэмжлэлийн дагалдах шаардлага” гэж тодорхойлж дүгнэсэн нь хуулийг буруу ойлгож тайлбарласан гэж дүгнэхээр байна.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:”, 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн дээрх хуулийн 52.5.2-т зааснаар улсын бүртгэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэхээс татгалзсан үйл ажиллагаа хууль бус эсэх, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эсэхийг шалгах замаар хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, үнэлсний эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэх бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн дагалдах шаардлага гэж буруу тодорхойлж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 

            5. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахдаа хууль зөрчсөн эсэх, хууль бус үйл ажиллагаа явуулсан эсэх,  хууль бусаар татгалзсан мэдэгдэл гаргасан эсэх, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д заасан нотлох баримт, лавлагаа, тайлбар авах ажиллагаа хийсэн эсэх болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасныг зөрчиж улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгчийн мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаатай холбоотой нотлох баримтуудыг цуглуулаагүй бөгөөд шүүхийн шийдвэртээ дээрх үйл баримтын талаар огт дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

6. Захиргааны хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Б.Н нь 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Дорноговь аймаг, Замын -Үүд сум, 1-р баг, 8-р хэсэг, 64 дүгээр байрны 6, 7, 8, 9, 10, 20 тоот байруудыг худалдан авч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд “ шинээр баригдсан орон сууц өмчлөх эрх анх удаа бүртгэх төрлөөр мэдүүлэг гаргасан байна.

7. Хариуцагч нь Дорноговь аймаг, Замын -Үүд сум, 1-р баг, 8-р хэсэг, 64 дүгээр байрны 6, 7, 8, 9, 10, 20 тоот хаягт байрлах орон сууцанд амьдарч байгаа иргэдээс 2025 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд тус хэлтэст гаргасан өргөдөл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэл зэргийг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг үндэслэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

8. Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд иргэдийн өргөдөл, иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл зэрэг нь дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасан  “маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” гэх үндэслэлд хамаарахад хангалтгүй бөгөөд шүүхээр маргааныг хянан хэлэлцэж байгаа гэх ойлголтод нэхэмжлэгчийн өмчлөх хүсэлт гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн талаар шүүхэд иргэний хэрэг үүсгэн шалгах, хянан хэлэлцэх асуудал хамаарах бөгөөд хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн өмчлөхийг хүссэн байрнуудтай холбоотой иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, шийдвэр хэргийн материалд нотлох баримтаар авагдаагүй байх тул маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа гэх үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй. 

9. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 07 тоот зөвшөөрлөөр нэхэмжлэгч Б.Нгийн өмлөхийг хүссэн маргаан бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгө болон дээрх хаягт байрлах “Т к” ХХК-ийн захирал Г.Д-ын нэр дээрх өмчлөх эрхийн  1200 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зөвшөөрлийг мөрдөн байцаагчид өгсөн байх бөгөөд уг зөвшөөрлийг албан бичгээр Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн талаар хариуцагч хариу тайлбартаа дурдсан байна.

10. Гэвч 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 тоот “Хүсэлт хэсэгчлэн хангах тухай” прокурорын тогтоолоор дээрх 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 07 тоот зөвшөөрөлд өөрчлөлт оруулж, Г.Дын нэр дээрх өмчлөлийн Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг, 8-р хэсэг, 64 дүгээр байр тоот хаягт байршилтай 1200 мкв орон сууцны зориулалттай Ү-071400**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг цуцалжээ.

11. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Н нь “Т к” ХХК-тай орон сууц захиалгаар худалдан авах гэрээ хийж Г.Д-ын нэр дээрх өмчлөлийн Дорноговь аймаг, Замын -Үүд сум, 1-р баг, 8-р хэсэг, 64 дүгээр байр тоот хаягт байршилтай 1200 мкв орон сууцны зориулалттай орон сууцнаас 06, 07, 08, 09, 10, 20 тоот байруудыг худалдан авсан байх бөгөөд нэхэмжлэгчийг мэдүүлэг гаргах үед буюу 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дээрх 6 үл хөдлөх эд хөрөнгийг прокурорын байгууллагаас хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаан шүүх дээр хянан хэлэлцэж байгаа нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

12. Мөн хариуцагч улсын бүртгэгч нь нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлэхдээ холбогдох хуульд заасан чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлсэн эсэх,  шийдвэр гаргах ажиллагаандаа бусдаас хараат бус байх зарчмыг баримталсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.3.4,  121.3.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 115/ШШ2026/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                           Д.ОЮУМАА

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                           Л.ОДБААТАР