Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 78

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч О.Мөнхцэцэг,

            хохирогч Д.Мөнхзориг, өмгөөлөгч О.Баярбаясгалан,

            шүүгдэгч С.Батболд, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Содоогийн Батболдод холбогдох 201726010363 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 13-175 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Содоогийн Батболд /РД: АМ85012117/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Батболд нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 13-175 тоот хашааны гадна талд аавынхаа төрсөн дүүгийн хүүхэд болох Д.Мөнхзоригтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд; шүүгдэгч С.Батболд нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 13-175 тоот хашааны гадна талд аавынхаа төрсөн дүүгийн хүүхэд болох Д.Мөнхзоригтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Мөнхзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр 12 цагийн орчимд манай ээжийн ахын хүүхэд болох Батболд манай гэрт ганцаараа ирээд манай гэрт байсан манай найз Батхишиг, Даваадорж бид дөрөв нийлээд 0,75 литрийн Хараа архи хоёрыг хувааж уусан. Тэгээд Батболд гэр лүүгээ яваад өгсөн тул 16 цагийн орчимд Батхишиг, Даваадорж бид гурав Батболдын араас Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 13-175 тоотод оршин суух гэрт нь очсон. Гэрт нь очоод 0,75 литрийн Хараа архи нэгийг хувааж уусан. Тэгээд согтчихоод Батболд бид хоёр хоорондоо маргалдаад гэрээс нь гараад хашааны гадаа гартал Батболд намайг нэг удаа төмсөг рүү өшиглөсөн тул би газар унаад босч чадахгүй байсан. Даваадорж намайг татаж босгосон. Тэгээд гэр лүүгээ шууд харьсан. ...Уг нь бол өшиглөсөн. Эмч үзээд юмаар хатгасан юм шиг байна гээд байгаа. Би өөрөө сайн мэдэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 х/

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2203 дугаартай дүгнэлтэд:

        а/ Д.Мөнхзоригийн биед төмсөгний зүсэгдсэн шарх, доод уруулын няцарсан шарх, зүүн чихний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

        б/ Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 31 х/

 

        Шүүгдэгч С.Батболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл

            Шүүгдэгч С.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгөн: “...2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 16-17 цагийн орчимд манай аавын дүүгийн хүүхэд болох Д.Мөнхзориг нь согтуу хоёр найзынхаа хамт ирээд агсам тавиад надаас архи нэхээд байхаар нь би нэг шил 0,5 литрийн Хараа архи авч өгсөн. Тэр архиа ууж дуусчихаад ахиж архи нэхээд байхаар нь бид хоёр гэрээс гарч хашаан дотор адуунаас болж хэрүүл маргаан болсон. Одоогоос арваад жилийн өмнө Мөнхзориг манай нэг адууг хулгайлж байгаад баригдаж байсан тэрнийг би хэлж хоорондоо маргалдаж, намайг хэл үгээр доромжилсон. Тэгээд хашаанаас гараад Мөнхзоригийн салтаа орчим 1 удаа өшиглөсөн. Тэгтэл Мөнхзориг миний төмсөг рүү өшиглөчихлөө гэж орилж байгаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

   Иймд шүүгдэгч С.Батболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Харин хохирогч Д.Мөнхзориг нь шүүгдэгч С.Батболдтой сайн дураараа эвлэрсэн тухайгаа мэдүүлж, эвлэрлийн гэрээг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч С.Батболдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг “хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч С.Батболд нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 х/-аар тогтоогдсон болно.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч С.Батболд нь хохирогч Д.Мөнхзоригт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу эмчилгээний зардал гэж 250.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул /хх-ийн 44 х/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Батболдын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч С.Батболдын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав.

 

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 , 414, 418 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Содоогийн Батболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батболдод хологдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч С.Батболдод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Энэ тогтоолыг  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Батболдод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.АЛТАНЦЭЦЭГ