| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/01541/И |
| Дугаар | 101/ШШ2020/01821 |
| Огноо | 2020-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2020/01821
2020 05 20 101/ШШ2020/01821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: З.Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Х-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Б-, хариуцагч Д.Х-, түүний өмгөөлөгч Б.Дамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: би ******* улсын дугаартай Марк-Х маркийн авто машинаа Д.Х-ад өгч, дээр нь 800.000 төгрөг нэмж Ланд Крузер маркийн авто машин авсан юм. Тэр машин эвдрэлтэй байсан учир буцааж өгөхөөр болсон. Тэгээд өөрийн Марк-Х маркийн машинаа буцааж авахаар Ланд Крузер маркийн авто машиныг нь аваачиж өгөхөд Д.Х- “чиний машиныг 14.000.000 төгрөгөөр зарчихлаа. Би 15.000.000 төгрөг юм уу Приус-30 маркийн авто машин авч өгье, надад итгэмжлэл хийгээд үлдээчих” гэсэн. Тэгээд би Д.Х-ын эгчид нь итгэмжлэл өгсөн. Ингээд надад Приус-20 маркийн машин, дээр нь 5.000.000 төгрөг өгье гэж бид тохиролцсон юм. Ингээд тохиролцсоны дагуу мөнгөө өгөхгүй явсаар 2020 оны 01 дүгээр сард нотариат орж зээлийн гэрээ байгуулсан. Тиймээс энэ зээлийн гэрээний дагуу 6.160.000 төгрөгийг Д.Х-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Х- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 6 дугаар сарын сүүлээр миний төрсөн дүү болох Д.******* нэхэмжлэгч З.Б-аас Марк-Х маркийн машин дээр 800.000 төгрөг нэмж авсан нь үнэн. Улсын бүртгэл дээр Марк-Х маркийн машиныг Д.Хашлхагвын эхнэрийн нэр дээр шилжүүлээд, Д.******* Ланд-80 маркийн машиныг З.Б-ын нэр лүү шилжүүлсэн. Энэ машины наймаа хийхэд би огт байгаагүй. Хэд хоногийн дараа З.Б- машин эвдэрлээ гэхэд миний дүү Д.******* хөдөө явж байсан. З.Б- нь миний дүүгийн гэрийн гадаа Ланд-80 маркийн машин авч ирж өгөхөд нь би дүү рүүгээ утсаар ярьж “эвдэрсэн байна” гэж хэлсэн. Дүү Д.******* “наад хүндээ байрны хажуу талд байгаа улаан өнгийн Patrol маркийн машиныг өгөөд явуул” гэж хэлсэн. Тэгээд би улаан өнгийн Patrol маркийн машиныг З.Б-ад үзүүлэхэд “надад одоо жийп машин хэрэггүй. Би урагшаа 30 хоног яваад ирнэ. Намайг ирэхэд энэ машиныг зараад, зарахгүй бол Приус-20 маркийн машин болгочих” гэж хэлсэн.
Тэгээд 1 сар болоод З.Б- эргэж ирсэн ба тухайн үед миний дүү Д.******* хөдөөнөөс ирээгүй байсан. Дүү маань “наад хүндээ ******* улсын дугаартай приусыг өгөөд явуул” гэж надад хэлсэн. Тэгээд би З.Б-ад ******* улсын дугаартай Тоёота приус маркийн машиныг 10,000,000 төгрөгт бодоод өгч явуулсан. Тэгээд 5.500.000 төгрөгийн үлдэгдлийг надаас зээлсэн болоод приус машиныхаа өрийг дарчих л гэсэн. Тэгээд би дүүгээс асуухад та гарын үсэг зурчих гэхээр нь зурсан. Тэрнээс би дансаар болон бэлнээр мөнгө аваагүй. Би хариуцагч биш тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Б- нь хариуцагч Д.Х-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч зээлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгчээс мөнгө аваагүй, манай дүүтэй машины наймаа хийсэн, тухайн үед дүү байхгүй тул намайг гарын үсэг зурчих гээд зурсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Нэхэмжлэгч З.Б- өөрийн эзэмшлийн Ланд крузер маркийн ХӨ******* улсын дугаартай авто машиныг, хариуцагч Д.Х-тай Тоёота Приус-20 маркийн, УНС ******* улсын дугаартай авто машинаар арилжааны гэрээгээр арилжсан байна.
Нэхэмжлэгч Ланд крузер маркийн, ХӨ******* улсын дугаартай авто машиныг 15,000,000 төгрөгөөр, хариуцагч Тоёота приус-20 маркийн авто машиныг 10,000,000 төгрөгөөр үнэлж, зөрүү 5,500,000 төгрөгт зохигчид зээлийн гэрээг байгуулж, нэхэмжлэгч хариуцагчид бэлнээр мөнгө өгөөгүй талаар тайлбарласан, энэ талаар хэн аль маргаагүй.
Зохигчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2 сар 15 хоногийн хугацаатай байгуулсан зээлийн гэрээний дагуу 5,500,000 төгрөгийг төлөх, үүргээ зөрчсөн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардсан, Д.Х- зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч харин гэрээний дагуу мөнгийг бодитойгоор шилжүүлж аваагүй гэж тайлбарлаж байгаа болно./хх-ийн 5 дугаар тал/
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар буюу мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1-д мөнгө, төгрөг, 3.1-д “зээл олгож эхэлсэн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр”, 3.4-т зээл олгох хэлбэр, хугацааг бэлнээр 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө гэж тус тус зааснаас үзэхэд зээлдүүлэгч З.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 5.500.000 төгрөгийг хариуцагч Д.Х-ын өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж, мөн талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний 3.1-д “Гэрээ нь зээлдүүлэгчээс буюу З.Б-аас зээлдэгч буюу Д.Х- зээлийн хүлээн авсан үеэс эхлэн тоологдоно...” гэж заажээ.
Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсэх ба талууд анхнаасаа зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай. Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч З.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Х-ад холбогдох 6,160,000 төгрөг гаргуулах тухай З.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ