Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

0016 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2016/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                 Хэргийн индекс: 171/2015/0081/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, 
Хохирогч Г.Э ,
Шүүгдэгч А.Н  нарыг оролцуулан эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт А-ийн Н д холбогдох 201509000801 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
 Монгол Улсын иргэн, О  овогт А-ийн Н , /регистрийн дугаар: ...... /, ......  төрсөн, 38 настай, эмэгтэй,  .......  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тухайн хаягтаа оршин суудаггүй, бүрэн бус дунд боловсролтой, ногоочин мэргэжилтэй, ам бүл ... , эрхэлсэн тодорхой ажилгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 

 Холбогдсон хэргийн талаар:
 Шүүгдэгч А.Н  нь ........  өдөр .......-гт өөрийн төрүүлсэн 1000 грамм жинтэй эм хүйсний нярайг төрөөд 4 хоногтой байхад нь нэгдсэн эмнэлгийн амаржих тасагт ........  өдөр санаатай хаяж явсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
                                            
        ТОДОРХОЙЛОХ нь: 


Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав Үүнд: 

Шүүгдэгч А.Н гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би ......... -ний өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрж 1 кг жинтэй охин төрүүлсэн. Тэгээд эмнэлэгт охиноо төрүүлээд 3 хоногтой байхад нь би эмнэлгээс өөрийн дураар гарч яваад гадуур бирж дээр явж байгаад таньдаг хүмүүстэйгээ хамт архи уугаад халамцуу төрөх тасагт ирсэн. Эмч нар надад хүүхэд чинь жин багатай төрсөн. Хүүхдийг чинь бие нь яаж ч магадгүй байна шүү гэхэд нь би хүүхдээ эмнэлэгт хаяад Улаанбаатар хот уруу явсан. Ингээд Улаанбаатар хотод дэмий явж байгаад сүүлдээ Хангай зах дээгүүр нүүрс шуудайлдаг ажил хийж байгаад хонох айлгүй тэнэж яваад 2015 оны 11 дүгээр сараас Хар хорингийн 25 дугаар байрны орцны жижүүрээр ажилд орсон. Тэнд би 1 сар ажиллаж цалингаа авсан. Намайг Улаанбаатар хотод байхад Дарханы цагдаа Э  гэдэг хүн барьж Дарханд авчирсан. Хүүхдээ орхин хаяж явсан нь миний буруу. Эмнэлэгт хүүхдээ хаяж яваад түүнээс хойш би ихэвчлэн Улаанбаатараар явсан. Энэ хугацаанд төрүүлсэн хүүхдээ би огт асууж сураглаагүй, эргэж очоогүй нь үнэн” /хавтаст хэргийн 123 дахь тал/, ... Би эмнэлэгт байх хугацаандаа өөрийн биеэр 1 удаа эргэж очиж үзэхэд бие нь муу болохоор нь цаашдаа хүн болж чадахгүй, мөн өөрөө өсгөж чадахгүй гэж бодсон. Тэгээд хэрвээ өнгөрчих юм бол эмнэлгийн ажилчдыг гаргачих байх гэж бодоод хаяж явсан. Энэ үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг, 

Хохирогч Г.Э ийн /Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэст мэргэжилтэн ажилтай/ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэх байна. Өөр санал, хүсэлт байхгүй. Уг хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн тохиолдолд Н  овогтой Д-ийн нийгмийн асуудалд буюу асаргааны асуудлыг жичид нь шийдэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Нэгэнт төрүүлсэн хүүхдээ эмнэлэгт санаатай хаяад явсан эхийнх нь хувийн байдлыг авч үзэхэд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх боломж муу нь харагдаж байна. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэгдэж дууссаны дараа хүүхдийн асаргааны асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд манай хэлтсийн зүгээс холбогдох арга хэмжээ авахуулна гэсэн саналтай байна. ...........  өдөр А-ийн Н  нь Дархан-Уул аймгийн төрөх тасагт төрөөд үүнээс хойш 4 хоногийн дараа хэнд ч мэдэгдэхгүйгээр эмнэлэгт хүүхдээ хаяж зугтсан. Энэ зугтаж байх хугацаандаа хүүхдээ асууж, сураглаж ирээгүй талаар хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгт тодорхой байсан. А.Н  нь хүүхдээ хаяж явахын зэрэгцээ архины хамааралтай буюу олон жил архи уусан. Мөн энэ хүүхдийн цаана эцэг гэдэг хүн байдаг юм болов уу? Тэр Г гэдэг хүний мэдүүлэгтэй танилцсан байгаа. А.Н  нь өөрийн хоёр охиноо асарч хамгаалах үүргээ хангалтгүй биелүүлж байсан. Мөн өөрийн оршин суух хаяггүй, орон гэргүй, подволын болон траншаны архаг архичидтай нийлж байнгын архи уудаг болохыг судалсан. Монгол улс нь Олон улсын хүүхдийн эрхийн тухай конвенц 1990 онд нэгдэн орж өнөөдрийг хүртэл 26 дахь жилдээ хэрэгжиж байна. Хүүхдийн эрхийн тухай конвенцын 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана гэсэн байгаа. Гэтэл иргэн А.Н  нь энэ заалтыг удаа дараа зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Яагаад гэвэл Х , Х гэх хоёр охиноо өөрийн гараар өсгөөгүй өөрийнхөө ээж, аав болон дүүдээ өгч өсгүүлсэн байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах хуулинд хүүхэд эрүүл аюулгүй орчин өсөж бойжих орон байраар хангах асуудлыг зөрчсөн гэж манай байгууллагын зүгээс үзэж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, 

-Өвчний түүх /хавтаст хэргийн 14-33, 51-107 дахь талууд/, 

Гэрч В.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... .......  дугаар сард байх би өдрийг нь сайн санахгүй байна. Миний хүү Г  надад Н  эмнэлэгт төрсөн чинь хүүхэд нь дутуу төрсөн гэж байна гээд манайд хүрээд ирсэн. Тэгээд би Н г эргэхээр хоол цай авч очсон. Тэгтэл Н  надад “хүүхдийн биеийн байдал муу байна дутуу төрсөн учраас бие нь сайжрахгүй байх” гэсэн утгатай зүйл ярьсан. Тэр өдөр Г  манайд ирж хоносон. Маргааш нь Н  танихгүй дугаараас миний дугаар уруу залгаад Г тай ярья гэхээр нь би яриулсан. Г  Н тай утсаар ярьсны дараа цаадах чинь эмнэлгээс хүүхэдтэйгээ гарна, хүүхдийн өлгий хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгсэн өдөр нь Г  хэлэхдээ “Н  гэртээ хариагүй архи уугаад явж байна, эмнэлэг дээр очоогүй байна” гэж хэлээд гараад явсан. Маргааш нь Г , Н  хоёр манайд согтуу ирээд Г  надад “ээж, миний хүүхэд эндсэн гэж байна. 1 кг гаран жинтэй гарсан юм чинь аргагүй байх гээд уйлаад байсан. Н  юм хэлэхгүй дуугүй суугаад байсан. Тэгэхээр нь би хүүхдийг нь эндсэн юм байна гэж ойлгосон. Тэгээд Н  манайд 2-3 хоноод явснаас хойш ирээгүй. Дарханд Г , Н  хоёр хамт архидаад байгаа сурагтай байсан. Хамгийн сүүлд .......... -ны өдрийн 21 цагийн үед танихгүй дугаараас хүний утсаар гуйж ярьж байна гээд Г  над уруу ярихаар нь би Н тай яриадахъя гээд Н д “чи ямар сонин юм бэ, нөгөө муу төрсөн нярай чинь амьд байгаа юм байна ш дээ чи худлаа ярьсан байна. Цагдаагийнхан чамайг хүүхдээ хаяад явсан гээд надаас сураад байна” гэхэд “харин тиймээ би мэдэж байгаа” гээд надтай согтуу ярихаар нь “хаана байгаа юм бэ Г  та хоёр хүрээд ирээч” гэж хэлэхэд “за” гээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/, 

Гэрч У.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...  ......... -ний өдрийн өглөө өөрийн ажилладаг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт ажиллаж байхад манай тасагт амаржиж 1000 грамм жинтэй эм хүйсийн дутуу нярайг төрүүлсэн эх нь нярайгаа эмнэлэгт орхиод явсан байсан. Тэгээд би энэ талаар Цагдаад дуудлага өгсөн. Тус нярай нь манай амаржих тасагт Н  гэх эмэгтэйгээс өөрөөр нь /хагалгаагаар бус/ ........  төрөөд нярай өөрөө бага жинтэй тул эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байсан. Дээрх нярайг төрүүлсэн Н  гэх эмэгтэй хүүхдээ төрүүлэхдээ манай тасагт согтуу ирсэн байсан. Нярайг төрүүлсэн эх хүүхдээ төрүүлээд манай тасагт эхийн 2 дугаар тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Энэ хугацаанд эмнэлэгт хүүхдээ нэг удаа хаяж гадуур явж байгаад орой нь эргэж ирсэн байсан. Тэгээд ээж нь эмнэлэгт хэвтэж байхдаа эмнэлэгт нярайгаа хаяж яваад огт ирэлгүй 4 хонож байна. Н  гэх эмэгтэйн охин болох хүнтэй утсаар ярихад ээж эмнэлэгт төрүүлсэн хүүхэд маань өнгөрчихлөө, нас барсан гэж хэлээд надаас 80,000 төгрөг аваад явсан. Хаана байгааг нь мэдэхгүй, олдохгүй байна гэж хэлж байсан. Тэгээд нөгөө охиных нь утас ч сүүлдээ холбогдохоо больсон. Ингээд нярайн эх Н  нярайгаа эмчилгээтэй байхад эмнэлэгт хаяж яваад сураггүй 4 хоносон тул манай тасгийн эрхлэгч намайг цагдаад ханд гэж хэлсний дагуу цагдаад би энэ талаар дуудлага өгсөн юм. Ингээд нярай төрснөөсөө хойш манай тасагт 20 гаран хоног эмчлэгдэж байгаад ээж нь огт ирээгүй тул цаашид энэ хүүхдийг эмнэлэгт үргэлжлүүлэн асрах боломжгүй учраас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дагуу нярайн сувилгааны газар уруу шилжүүлсэн. Тэндээ эмчлэгдэж байгаа. Тухайн нярай нь эмнэлгээс гарахдаа жингийн хувьд л бага байсан болохоос биеийн байдал эрүүл байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/, 

Гэрч Ш.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Өдрийг нь сайн санахгүй байна. Н  надтай утсаар ярихдаа би төрсөн, охинтой боллоо. Дутуу жинтэй төрсөн, бие нь муу байна гэж хэлсэн. Ингээд би эмнэлэг дээр очиж чадаагүй. Төрснөөсөө хойш нилээд хэд хоногийн дараа Н  хүний утаснаас над уруу залгаад өлгий хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлгээс гарах гэж байгаа юм байна гэж бодоод Дарханд ирдэг өглөөний суудлаар /вагон/ гэрээсээ даавуу, адель зэргийг аваад 08 цаг 20 минутад Дарханы Төмөр замын вокзал дээр буухад Н  намайг тосч авч уулзаад охиноо эмнэлэгт өнгөрсөн /нас барсан/ гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед за яахавдээ хүн болох ёсгүй байсан юм байгаа биз гээд бусад зүйлийн талаар Н гаас асуугаагүй. Тэгээд Н гийн хамтаар Дарханы бирж орчмоор хэд хоног архи ууж байгаад Улаанбаатар хот уруу хамт явсан. Улаанбаатар хотод очоод Н гийн хамт найзындаа хэд хоног байж байтал Н  бид хоёр маргаад Н  охин дээр очно гэж хэлээд явсан. Н гийн надад хэлсэн нярайн эцэг нь би мөн байх гэж бодож байна. Би өөрийн төрсөн аав Ш-аас нярайг амьд гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дахь тал/, 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 163 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 

Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Н  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай буюу өөрийн хийсэн үйлдлийн учир холбогдлыг ойлгох бүрэн чадвартай атлаа Нэгдсэн эмнэлэгт өөрийн төрүүлсэн 1000 грамм жинтэй эм хүйсний нярайг төрөөд 4 хоногтой байхад нь нэгдсэн эмнэлгийн амаржих тасагт ........  өдөр санаатай хаяж, төрүүлсэн эхийн хувьд хуульд заасан төрүүлсэн хүүхдээ тэжээн тэтгэх үүргээсээ зориуд зайлсхийлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинж агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Н д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүгдэгч А.Н гийн ..........  өдөр төрүүлсэн хүүхэд нь Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд асран халамжлуулж Н гийн Д  гэсэн нэртэй бичиг баримттай болсон байх бөгөөд шүүгдэгч А.Н  нь төрүүлсэн хүүхэд Н.Д-ийг хаясан гэмт хэрэг үйлдсэн байх тул энэхүү шүүхийн шийтгэх тогтоолоор хүүхдийг төрсөн эх А.Н д буцаан олгох боломжгүй юм.

Тиймээс Н.Д-ийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дагуу нярайн сувилгааны газарт асран хамгаалуулахаар хариуцуулан үлдээж, хэрэв асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах шаардлагатай гэж үзвэл Гэр бүлийн тухай хуулийн 63, 66 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

Шүүгдэгч А.Н гийн хувийн байдлын талаарх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлавал тэрээр бага насны буюу хоёр хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэргүй зэрэг байдлаас түүнд хуульд заасан албадан ажил хийлгэх болон торгох ялыг оногдуулах нь ял бодитойгоор хэрэгжих боломжгүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн 201509000801 дугаартай хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н гийн цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О  овогт А-ийн Н г төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н г 3 сар /гурав/ баривчлах ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар А.Н д оногдуулсан 3 сар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхийг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч А.Н гийн урьдчилан цагдан хоригдсон 45 хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлж эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч А.Н гийн төрүүлсэн хүүхэд Н.Д-ийг Улаанбаатар хотын Хүүхдийн төв сувилалд асран хамгаалуулахаар хариуцуулан үлдээж, хэрэв асран хамгаалагч харгалзан дэмжигч томилуулах шаардлагатай гэж үзвэл Гэр бүлийн тухай хуулийн 63, 66 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэрлүүлсүгэй. 

6.Эрүүгийн 201509000801 дугаартай хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Н д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.ГЭРЭЛТ-ОД