| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2015/0085/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/67 |
| Огноо | 2016-03-10 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2016/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0085/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч П.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Ч.Алтанцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Хохирогч Э.С ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Отгонсүх,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан хэрэгт З овогт Д-ийн Г т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000890 дугаартай хэргийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З овогт Д-ийн Г /РД:....... /, ......... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, ........ тоотод оршин суух, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ....... ХХК-д ....... ажилтай байсан, ам бүл .... , урьд ...... оны .... дүгээр сарын .... -ний өдөр ........ аймаг дахь Сум дундын шүүхийн ........ дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 02 цаг 35 минутын үед ........ тоотод оршин суух өөрийн эхнэр болох ..... настай эмэгтэй Э.Э-йг 3 настай төрсөн охин Г.Г гийн дэргэд 12 удаа хутгалан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Г ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “…Ингээд ямар ч байсан хэвтье гээд хөнжлөө дундаа хийгээд хэвтсэн. Тэгтэл эхнэр намайг элдвээр гуйлгачин, түүлгэчин гэж хэлээд байсан. Би одоо больё гэж хэлсэн боловч миний үгийг авахгүй, өглөө зайл гэж хэлсэн. Тэгээд надад ямар ч урамгүй санагдаад ингэж амьдрах шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэсэн бодол төрж эхэлсэн. Тэгээд эхнэртээ “хоёулаа хэрүүлээ больё” гэж хэлсэн боловч чимээгүй болохгүй, элдвээр хэлээд байхаар нь бүр дотор давчдаад босч очиж гал тогооны өрөөнөөс хутга аваад жижиг өрөөнд орж ирээд орны хөлд хутгаа тавиад “би юу хийх гэж байна аа” гэж бодсон. Тэгээд охиноо тэвэрч нэг үнсээд, эхнэрт хандан хоёулаа хэрүүлээ больё гэхэд Э үгүй гэж хэлээд орилоод, намайг дуугүй зайл гэж хэлсэн. Тэгэхэд бид нарын хажууд газар унтаж байсан С хөдлөөд байсан. Би тухайн үед С -ийг унтаагүй байна гэж бодож байсан. Эхнэр баруун талаараа хажуу тийшээ харж хэвтсэн, би ард нь хажуугаараа хэвтэж, охин миний ард байсан. Би нуруугаа охин уруугаа харуулаад охин маань ханан талд хэвтэж байсан, би хутга аваад эхнэрийн араас мөрийг нь давуулаад хатгасан. Гар халтираад нэг л сонин болоод явсан. Тэгээд дүү босч ирээд болиоч гэж намайг түлхээд талийгаачаас холдуулсан. Тэгтэл Э эргэж хараад Х гэж хэлээд орноосоо буугаад доор газар сууж байгаа харагдсан. Тэгтэл аав, ээж орж ирж байх шиг болоод хүмүүстэй ноцолдож байх шиг байсан. Тэгж байхдаа би өөрийнхөө хоолойг хэрчсэн. Нэг мэдэхэд цаана С-ий хэвтэж байсан подушкан дээр би хэвтэж, талийгаач миний хөлөн дээр хэвтэж байсан. Би тэрийгээ сайн мэдэхгүй байна, ямар ч байсан анх нэг удаа хатгаад гар халтираад тэгээд эхнэр боссон байсан уу, эсвэл сууж байхад нь би ахиад гэдэс орчимд нь хутгалсан. Тэгэхээр ямар ч байсан хоёр удаа хутгалсан нь санаанд орж ирж байна. Миний архи сайн гараагүй байсан. Гэхдээ болсон асуудлыг санаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128-135 дахь талууд/, “... Э ийн ар талаас зүүн чээжний орчим хутгалсан. Тэгээд Э орилоход унтаж байсан С босч ирээд намайг түлхээд холдуулсан. Тэгээд би цаашаа холдсон хойно ахиад Э ийг гэдэс орчимд нэг хутгалсан. Цаашаа юу болсныг санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 140-143 дахь тал/,
Шүүгдэгч Д.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ингээд би түүний араас ороход хадам аав, ээж хоёр том өрөөнд зурагт үзээд сууж байсан. Талийгаач хадам аав, ээж хоёрт “Г намайг ажлын газрын хүмүүсийн дэргэд онигоо болгосон” гэхэд хадам аав юу болоод байгаа юм бэ? эртхэн унтаж амарцгаа гэж хэлсэн. Ингээд охин бид 3 өрөөндөө орсон. Талийгаач намайг ажлын газрын хүмүүсийн дэргэд онигоо болгосон зайл гээд элдвээр хэлэхэд нь ханиа болиоч ээ, маргааш эрт гадуур хөөцөлдөх ажил байна, эртхэн амарцгаая гэж хэлээд хэвтсэн. Тухайн үед охин унтсан байсан болохоор охиноо ханан талд гаргаад би талийгаачид хандан яах гэж гуйлгачин түүлэгчингээр нь хэлж байдаг юм бэ? гэхэд талийгаач “охин бид хоёр чамтай чамгүй сайхан амьдрах болно” гэсэн. Одоо хоёулаа охиноо бодоод хамтдаа сайхан амьдаръя гэхэд талийгаач охиноо бодох хэрэггүй, энэ чиний хүүхэд биш гэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ? яагаад миний хүүхэд биш гэж 2-3 удаа давтан асуусан. Тэгээд би гал тогоо уруу хурдан алхаж очоод хутга авснаа санаж байна. Харин үүнээс хойш юу болсноо сайн санахгүй байна, ... Миний санахаар нэг удаа хутгалсан санагдаж байгаа. Тухайн үед С намайг орноос татаж унагаасан. Тэгээд би дээшээ хараад хэвтэж байхад миний хүзүүний хавьцаа сонин болоод байхаар нь гараа хүргэж үзсэн чинь цус гарч байсан, ... Надаас өөр талийгаачийн биед гэмтэл учруулах хүн байгаагүй, тэгэхээр талийгаачийн биед учирсан шарх гэмтлийг би учруулсан, энэ миний хийсэн хэрэг, хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.С ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн: ... ”Би болсон асуудлын талаар аав, ээж нараасаа сонсож мэдсэн. Хэрэг болох үед манай аав, ээж, дүү нар бүгд байсан. Би маш их гомдолтой байна. Талийгаач дүүгийн маань охин Г одоо миний асрамжинд байгаа. Г гийн хувьд шөнө болохоор уйлаад, тэгээд шалтгааныг нь асуухаар муухай юм зүүдлээд гэж хэлдэг. Тэгээд зурагтаар элдвийн зүйл харахаараа айгаад, зурагт үзэхгүй юман доогуур шургаж ороод байдаг болсон. Дархан уруу өвөө, эмээгийндээ очъё гэхээр би Дархан явахгүй, ээж тэнд ухаан алдчихсан гээд байдаг болсон, бусдаар бол бие нь өвдсөн зүйл байхгүй. Талийгаачийн оршуулгын зардалд нийтдээ 6,528,945 төгрөг гарсан. Энэ талаарх баримтыг би хэрэгт хавсаргахаар өгсөн байгаа. Энэ зардал дээр талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл 1,666,667 төгрөгийг нэмээд 8,195,612 төгрөгийг нэхэмжилж байна. Одоогоор ямар нэг хохирол төлбөр төлөгдсөн зүйл байхгүй. Уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, ... Охин Г г өөрийнхөө асрамжид авч 18 нас хүртэл Д.Г ийн гэрийхнээс нь тэтгэмж гаргуулмаар байна. Өнөөдөр эдийн засгийн хохирлоос илүү сэтгэл санааны хохирол байна. Миний аавын даралт 180-200 хооронд, ээж минь даралт, багтраа, астамтай хүн, өдөр болгон тариа хийлгэж байгаа, би тэр үед цагдаа дуудаад өгчихгүй яасан юм бэ? гээд толгойгоо бариад сууж байгаа миний 17 настай дүү, би одоо Дархан уруу явахгүй гэж хэлээд сууж байгаа 3 настай охин нарын сэтгэл санааг яах юм бэ? Охин Г гийн хувьд хэцүү байгаа, зурагтаар орилж хашгирсан дуу гарахаар айгаад, зан аашийн хувьд өөрчлөлттэй байгаа. Би сэтгэл зүйчид хандсан боловч 3 настай хэл ярианы хувьд сайн хөгжөөгүй байгаа учраас 5-6 нас хүртэл нь харж байгаарай гэж хэлсэн. Би Д.Г т гомдолтой байна. Амийг нь амиар солимоор байна. Даанч Монгол улс цаазын ялгүй учраас хорих ялын дээд хэмжээг өгөхийг шүүхээс хүсэж байна, ... хуралдааны үеэр гаргаж өгсөн 1 сая төгрөгийг дансаар авъя, нийт хохирлоос хасч тооцоход татгалзах зүйлгүй, үлдэх мөнгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,
Гэрч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай охин Э ийн ажилладаг Аймгийн музейн шинэ жил болоод гэрээсээ охиныг яг хэдэн цагт явсныг мэдэхгүй байна. Ажил дээр 17 цаг 30 минутад уулзана гэж байсан. Манай хүргэн Г 2015 оны 12 дугаар сарын 22-ны оройны вагоноор Улаанбаатар хот уруу явсан байсан. Маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны орой 22 цаг 30 минутын орчим манай охин Э шинэ жил тарж байна гэж ......... тоот утсаар холбоо бариад, одоо би гэртээ очих гэж байна гэж надад хэлсэн. Тэрнээс хойш 23 цагийн орчим хүргэн Г архи үнэртүүлсэн, охин архи уусныг мэдээгүй хоорондоо хэрэлдээд орж ирсэн. Гадна хаалгыг цохиход нь би онгойлгож өгсөн. Тэгтэл манай охин “ээжээ энэ Г намайг ажлынхны дэргэд онигоо болголоо” гээд байсан. Тэгэхээр нь би “согтуу хүмүүс хоорондоо яах гэж хэрэлдээд байгаа юм, орж унт” гэж хэлээд өрөөнд нь оруулсан. Би нөхөр Э-ийн хамтаар том өрөөндөө ороо засчихсан унтах гэж байсан. Манай хүү С жижиг өрөөнд байсан юм. Э , Г хоёр шууд жижиг өрөөнд орсон юм. Би нөхрийн хамтаар том өрөөндөө хэвтэж байхад хүргэн Г , охин Э хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би унтсан байсан. 02 цагийн орчим би тухайн үед сайн хараагүй, манай нөхөр Э намайг сэрээгээд “энд хүн алчихлаа” гэсэн. Би босоод жижиг өрөөнд ороход манай охин газар цустай холилдсон байдалтай хэвтэж байхаар нь би гүйж ороод охиндоо амьсгалын массаж хийгээд чээжин дээр нь дараад амьсгалж байгаа эсэхийг үзэхэд амьсгалахгүй байсан. Тэгээд би охин үхэж байна гэж хэлэхэд манай нөхөр зээ охиныг тэвэрчихсэн зогсож байсан. Хажууд нь манай хүү С зогсож байсан. Тэгээд би түргэн дуудаачээ гэхэд манай хүү С эмнэлэг, цагдаа дуудсан. Хүргэн Г ийг хартал буйдан дээр дээшээ харсан байдалтай байх шиг байсан. Би сайн анзаарч хараагүй, нэг харахад Г хоолойгоо татаад гараараа хоолойгоо барьсан байсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Манайх 3 ширхэг хутгатай, хутганууд гал тогооны өрөөнд байсан. Жижиг өрөөнд хүргэн Г , охин Э , зээ Г , манай хүү С нар унтаж байсан. Манай нөхөр Э-ийг хүү С дуудсан гэж байсан ..., Би их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-36 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Э.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ээж хаалга онгойлгож өгсөн чинь эгч Э , хүргэн ах Г хоёр амьсгаадчихсан орж ирсэн. Тэр хоёр орж ирээд эгч Э , хүргэн ах Г т “чи намайг ажлынхны дунд онигоо болголоо” гэж хэлсэн чинь Г ах “чи утсаа авахгүй таслаад, хэдэн эрэгтэй хүмүүс утсыг чинь аваад” гээд хардах маягтай хэрүүл болоод тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Эгч, хүргэн ах Г нар жижиг өрөөндөө хэрэлдээд орилоод байсан. Тэгээд Э эгч хүргэн ахад “чи ямар ядаргаатай юм бэ, унт л даа” гэж хэлэхэд хүргэн ах “би одоо унтлаа” гэж хэлж байсан. Би тэр хоёрыг маргалдаад байхаар нь 3 настай охиныг нь хэрүүлтэй газар байлгаад яахав гэж хэлээд жижиг өрөөнөөс нь ороод авах гэтэл хүргэн ах Г “миний охин аав, ээжтэйгээ унтах хамгийн сүүлчийн шөнө байх болно” гэж хэлэхээр нь би тэр хоёрын дунд байсан охиныг нь авч чадалгүй үлдээсэн. Тэгээд би ах, эгч хоёрын өрөөнд хамт байдаг болохоороо орондоо ороод унтсан. Тэгтэл шөнө 02 цаг өнгөрч байхад манай эгч Э орилоод явчихсан. Би сандраад эгчийн байгаа орон дээр яваад очтол “хүргэн ах Г Э эгчийн дээр гараад суучихсан, эгчийн бие нь нил цус болчихсон, хүргэн ах Г гартаа хутга барьчихсан, бие нь бас цус болчихсон” байсан, би сандраад Г ахыг орон дээрээс татаж унагаасан юм. Тэгтэл эгч цуг татагдаж орноос унасан. Би хүргэн ах Г ийн гараас хутгыг нь булааж авах гэтэл гартаа хутга атгачихаад тавихгүй байсан учраас жижиг өрөөнд унтаж байсан аавыг сэрээж хэлсэн чинь аав ирээд Г ахын гартаа барьж байсан хутгыг булаан авч үүдний хэсэг уруу шидсэн. Г ах мөлхөж явсаар газар зассан байсан миний хэвтэж байсан орон дээр очоод хэвтээд өгсөн. Эгчийг орилох үеэр ээж сэрээд аавтай хамт ороод ирсэн байсан. Аав бид нар бүгд сандарчихсан байж байтал ээж “түргэн дуудаач ээ” гэж хэлсэн. Тэгээд аав бид хоёр 103 болон цагдаад дуудлага өгсөн. Манай гэрийн гал тогоонд байдаг урт бор шаргал өнгийн иштэй хутга барьчихсан байсан. Бид нарыг унтах үед тэр хутга өрөөнд байгаагүй. Г ах эрүүлдээ ч эгчтэй хэрүүл маргаан хийж байдаг. Эгчийг хардаж хэрүүл хийдэг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг унтаж байхад манай хүү С намайг татаж сэрээгээд “аав аа бөөн юм болчихлоо, Х ахыг хараач” гэхээр нь би босоод нөгөө өрөөнд орсон. Намайг өрөөнд ороход С-ний унтаж байсан подушкан орон дээр Г дээшээ хараад хэвтчихсэн, гар нь доошоо биеэ дагасан байдалтай байсан ба охин Э наана нь бөгсөн бие нь газар, чээжин бие нь ор налсан байдалтай, Г ийн хөл талд байсан. Тэгэхээр нь би охиноо босооч гэхэд хөдлөхгүй байсан. Тэгээд Г уруу харахад хоолой орчим нь эсгэгдсэн шархтай, нэг гарт нь хутга атгаастай байхаар нь би хутгыг нь авч шидчихээд эргэж өрөөндөө ороод эхнэрээ дуудаад С д эмнэлэг, цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд эхлээд эмч нар ирээд хараад зогсож байхад араас нь цагдаа орж ирсэн. Тэгээд Г ийг эмнэлэг аваад явсан. Би охиныхоо биед огт хүрээгүй. Би охиноо сайн хараагүй, манай эхнэр орж ирээд охиноо татаад дуудаад, орилоод байсан. Г ийн хоолойг нь харчхаад өөрийгөө зүсчихэж гэж бодсон. Хоолойноос нь том том нөжтэй цус гарч байсан. Г надад юм хэлээгүй, ямар ч хөдөлгөөнгүй, өөдөөс дуугүй гөлрөөд хараад байсан. Г ийн гараас авсан хутга нь цагаан, шаргал өнгийн бариултай, нимгэн, бариулынх нь нэг тал унасан хутга байсан. Тэр хутга нь манай гал тогоонд хоолны шүүгээний шуруулганд байдаг хутга юм. Тэнд ер нь бол 2 хутга байсан. Г хутгаа яаж барьсан, гар нь ямар байдалтай байсныг санахгүй байна. Бас хутгыг хаанаас нь барьсан гэдгийг санахгүй байна. Би охиноо хутгалагдсан гэж бодоогүй учраас шууд Г дээр очиж үзсэн юм. Талийгаач охины маань охиныг Г гэдэг одоо 3 настай. Төрсөн эцэг нь Г юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
Гэрч Д.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой 18 цагаас Дархан-Уул аймгийн Төв номын сантай хамтарч шинэ жилийн арга хэмжээг Компорт зочид буудалд хийсэн юм, ... өндөрдүү нуруутай, 35-36 орчим насны их архи үнэртүүлсэн залуу орж ирээд би захад сууж байхад Музейн Э байна уу гэж асуусан. Тухайн үед би Э ийн нөхрийг мэдэхгүй, танихгүй учраас “юун архи үнэртүүлсэн хүн манай ажилтанг асуудаг билээ” гэж бодож байгаад “мэдэхгүй” гэж хариулсан. Тэгж хэлэхэд тэр залуу буцаад гараад явсан. Дараа нь би ажилчдадаа шагнал гардуулж байхад Э ийн дуу гараад нэг хүнтэй маргаад байгаа сонсогдсон. Би Э ийг дуугаар нь таньсан болохоос биш хэнтэй маргалдаад байгаа нь харагдаагүй. Шагналаа гардуулж дуусчхаад ширээн дээрээ суугаад буцаж бие засах гээд явахад Э харагдаагүй, нойл ороод ирэхэд Э гаднаас орж ирээд хамт олонтойгоо юм яриад сууж байсан. Намайг анзаарч байхад Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа харагдахгүй байсан. Тэгээд Э ширээн дээрээ суугаад байсан болохоор анзааралгүй орхисон. Шинэ жилийн арга хэмжээ 23 цаг болж байхад дууссан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... шинэ жилийн арга хэмжээ эхлээд байж байхад миний гар утас дуугараад авахад “Э тэй яръя” гэж хэлсэн. Тэгээд би Э т гар утсаа өгөөд яриулсан. Э утсаар ярьж дуусаад надад миний утсыг буцааж өгсөн. Тэгтэл утас дахин дуугараад харахад Э тэй ярьж байсан дугаараас байхаар нь Э чамтай ярих гээд байх шиг байна гэж хэлээд утсаа өгсөн. Тэр хүн над уруу утсаар залгаад Э ийн нөхөр байна, намайг Э тэй яриулаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаараа яриулсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
Гэрч Б.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэгж байхад Э ийн утас нь байнга дуугараад байсан бөгөөд Э утсыг нь аваад яриад байсан. Тэгээд байж байтал Энхбаярын утас уруу Э ийн нөхөр нь залгаад Э тэй бас яриад байсан. Тэгтэл Э их сонин байдалд ороод Э-аас боломжтой бол утсаа салгаж болох уу гэж асууж байсан. Удалгүй Э-ын аав нь гэмтчихсэн гээд дуудлага ирээд гараад явсан. Тэгэхэд Э гарч, орж яваад бид нартай тогтвортой суухгүй байсан. Шинэ жилийн арга хэмжээ үргэлжлээд 22 цагийн орчим гаднаас Э ийн нөхөр нь орж ирсэн. Нөхөр нь орж ирэхдээ хар хөх өнгийн куртка өмсчихсөн, гараа халаасандаа хийсэн, бид нарын баярыг ямар нэг байдлаар хүндэтгэсэн шинжгүй орж ирсэн. Тэгтэл Э нөхрөө түрүүлж хараад хувцас солих өрөө уруу гүйгээд орчихсон. Тэгээд нөхөр нь бид нар дээр ирээд Э ийг асуухад хажууд байсан хүмүүс Э байгаа, бид нар шинэ жилийн арга хэмжээтэй байна гэж хэлэхэд нөхөр нь Э намайг ирж аваач гэж хэлсэн гээд хайгаад Э ийн орсон хувцас солих өрөө уруу ороод хоорондоо яриад байх шиг байсан. Тэгээд хувцас солих өрөөнөөс буцаад гарахдаа нөхөр нь түрүүлж яваад араас нь Э хувцсаа бариад гарч явахдаа бид нарт “би явахгүй бол болохгүй юм байна” гэж хэлээд гараад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 275 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн цэцэгтэй цэнхэр алаг өнгийн дэр, нохойны зурагтай цэнхэр, эрээн өнгийн дэвсгэр даавуу, саарал өнгийн хөнжлийн даавуу, саарал өнгийн даавуун өмд, ягаан пудболка, хар өнгийн хөхний даруулга, хар өнгийн дотоож, ногоон эрээн өнгийн хөнжил, хулганы зураг бүхий шоо хээтэй даавуу, бамбаруушны зурагтай цэнхэр өнгийн дэр, хэргийн газрын үзлэгээр гал тогооны өрөөний хаалганы ирмэг дээрээс бэхжүүлэгдсэн арчдас, хэргийн газрын үзлэгийн нойлын өрөөний бариул дээрээс бэхжүүлсэн гэх арчдас, 12 см шар өнгийн хуванцар оруулгатай иштэй, 26 см урттай хутган дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.
Цэцэгтэй цэнхэр, алаг өнгийн дэр, саарал өнгийн хөнжлийн даавуу, саарал өнгийн даавуун өмд, ягаан пудболка, хулганы зураг бүхий шоо хээтэй даавуу, бамбаруушны зурагтай цэнхэр өнгийн дэр, 12 см шар өнгийн хуванцар оруулгатай иштэй, 26 см урттай хутган дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.
Хар өнгийн хөхний даруулга, хар өнгийн дотоож, ногоон эрээн өнгийн хөнжил,
нохойны зурагтай цэнхэр, эрээн өнгийн дэвсгэр даавуу, хэргийн газрын үзлэгээр гал тогооны өрөөний хаалганы ирмэг дээрээс бэхжүүлэгдсэн арчдас, хэргийн газрын үзлэгийн нойлын өрөөний бариул дээрээс бэхжүүлсэн гэх арчдас дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай “... Үндсэн онош: баруун мөр, баруун чээжин тал, баруун бугалга, хүзүү, хоолой, духны зүүн хэсэг, зүүн гарын шуу, бугалга, зүүн гарын 2 дугаар хуруун дахь олон тооны /12/ шарх, чээжний хөндийд нэвтэрч баруун уушгины дээд, дунд дэлбэнг гэмтээсэн шарх. Чээжний баруун хөндийн 400 мл цусан хураа, Эгмэн доорх артер судасны тасрал. Хүндрэл нь гэмтлийн шок, хурц гадуур, дотуур цус алдалт, хурц цус алдалтын дараах хурц цус багадал зэрэг гэмтэл болно. Талийгаачийн биед дээрх үндсэн оношид бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц, ир, үзүүртэй багажийн олон удаагийн хүчин үйлчлэлээр, амьд ахуй биед үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.1.11, 3.3.3-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь биед учирсан олон тооны шархны улмаас гэмтлийн шокоор нас баржээ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 54 дугаартай “... Д.Г ийн биед хүзүү, хоолойн дахь шарх, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурч, ир, үзүүртэй, хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.Г ийн биед илэрсэн гэмтэл нь өөрийн гараар, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Г т учирсан дээрх гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 87 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны химийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаартай “... Шинжилгээнд авсан Д.Г ийн цусанд 0,45 промиль этилийн спирт илэрсэн болно. Д.Г нь хөнгөн зэргийн согтолттой байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 99 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн ягаан цамц, хар хөхний даруулганд зүсэгдсэн уранхай шинээр гарсан байна. Хар өнгийн хөхний даргуулганд хөвөрсөн уранхай, гогогдсон уранхай хуучин эдэлгээний явцад, хар өнгийн дэвсгэртэй шар өнгийн цэцэгтэй цэнхэр судалтай дэвсгэр даавуунд гогогдсон уранхай хуучин эдэлгээний явцад гарсан байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын мөрийн шинжилгээний лабораторын шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 211 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс гарын мөр илэрхгүй байх тул цаашид гарын мөрийн харьцуулах шинжилгээ явуулах боломжгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 111 дэх тал/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-10, 75-79, 105-107, 112 дэх тал/,
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 18 дахь тал/,
Цогцосны гадна хийсэн үзлэг /хавтаст хэргийн 80-82 дахь тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 148 дахь тал/,
1996 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 444 дугаартай Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 155-156 дахь тал/,
“Мобиком корпораци” ХХК-ий 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд гарсан ...... , ...... дугаартай утаснуудын ярианы дэлгэрэнгүй жагсаалт /хавтаст хэргийн 205-206 дахь тал/,
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 215, 218-244 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 02 цаг 30 минутын үед ........ тоотод 3 настай төрсөн охин Г.Г , талийгаачийн төрсөн дүү Э.С нарын дэргэд Э.Э ийн баруун мөр, баруун чээжин тал, баруун бугалга, хүзүү, хоолой, духны зүүн хэсэг, зүүн гарын шуу, бугалга, зүүн гар зэрэг газар хутгалан олон тооны буюу 12 шарх, гэмтэл учруулж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Г ийн хэргээ хүлээн мэдүүлсэн ... “Би гал тогооны өрөөний аль хэсгээс хутга авснаа санахгүй байна. Ямар ч байсан талийгаачийн зүүн тал уруу нь хатгасан, ... Би нуруугаа охин уруугаа харуулаад охин маань ханан талд хэвтэж байсан, тэгээд би хутга аваад эхнэрийн араас мөрийг нь давуулаад хатгасан. Тэгээд гар халтираад нэг л сонин болоод явсан. Тэгээд дүү босч ирээд болиоч гэж намайг түлхээд талийгаачаас холдуулсан, ... Энэ миний хийсэн хэрэг, хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, гэрч Д.С-ын ... “02 цагийн орчим би тухайн үед сайн хараагүй, манай нөхөр Э намайг сэрээгээд “энд хүн алчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би босоод жижиг өрөөнд ороход манай охин газар цустай холилдсон байдалтай хэвтэж байхаар нь би гүйж ороод охиндоо амьсгалын массаж хийгээд чээжин дээр нь дараад амьсгалж байгаа эсэхийг үзэхэд амьсгалахгүй байсан гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Э.С-ийн ... “шөнө 02 цаг өнгөрч байхад манай эгч Э орилоод явчихсан. Би сандраад эгчийн байгаа орон дээр яваад очтол “хүргэн ах Г Э эгчийн дээр гараад суучихсан, эгчийн бие нь нил цус болчихсон, хүргэн ах Г гартаа хутга барьчихсан, бие нь бас цус болчихсон байсан, би сандраад Г ахыг орон дээрээс татаж унагаасан юм. Тэгтэл эгч цуг татагдаж орноос унасан. Би хүргэн ах Г ийн гараас хутгыг нь булааж авах гэтэл гартаа хутга атгачихаад тавихгүй байсан учраас жижиг өрөөнд унтаж байсан аавыг сэрээж хэлсэн чинь аав ирээд Г ахын гартаа барьж байсан хутгыг булаан авч үүдний хэсэг уруу шидсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-ийн ...намайг өрөөнд ороход С-ний унтаж байсан подушкан орон дээр Г дээшээ хараад хэвтчихсэн, гар нь доошоо биеэ дагасан байдалтай байсан ба охин Э наана нь бөгсөн бие нь газар, чээжин бие нь ор налсан байдалтай Г ийн хөл талд байсан. Тэгэхээр нь би охиноо босооч гэхэд хөдлөхгүй байсан. Тэгээд Г уруу харахад хоолой орчим нь эсгэгдсэн шархтай, нэг гарт нь хутга атгаастай байхаар нь би хутгыг нь авч шидчхээд эргэж өрөөндөө ороод эхнэрээ дуудаад С д эмнэлэг, цагдаад дууд гэж хэлсэн гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн ... баруун мөр, баруун чээжин тал, баруун бугалга, хүзүү, хоолой, духны зүүн хэсэг, зүүн гарын шуу, бугалга, зүүн гарын 2 дугаар хуруун дахь олон тооны /12/ шарх, чээжний хөндийд нэвтэрч баруун уушгины дээд, дунд дэлбэнг гэмтээсэн шарх. Чээжний баруун хөндийн 400 мл цусан хураа, Эгмэн доорх артер судасны тасрал, талийгаач нь биед учирсан олон тооны шархны улмаас гэмтлийн шокоор нас баржээ гэх дүгнэлт болон бусад баримтуудаар нотлогдож байна.
Аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч Д.Г ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ... “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар зүйлчлэх” ёстой гэж мэтгэлцсэн боловч уг саналыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь шүүгдэгч Д.Г хүнийг санаатай алах гэмт хэргийг ойр дотных нь хүмүүс болох амь хохирогчийн аав, ээж, төрсөн дүү болон өөрийн төрсөн охиныхоо дэргэд тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгаж, олон тооны буюу 12 шарх, гэмтэл учруулж үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдож тогтоогдсон байх ба дээрх байдал нь онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт “хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан” бол 25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр заасан боловч Монгол Улс 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэж орсон, Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд ... “Монгол Улс Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ, Монгол Улсын Олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан тул цаазаар авах ял шийтгэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Ц.Г ийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээгээр хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.11 дэх хэсэгт “онц хүнд гэмт хэрэгт арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн эрэгтэй ялтны хорих ялын заримыг гянданд эдлүүлэхээр шүүх тогтоож болно” гэж заасан тул Д.Г т оногдуулсан 25 жилийн хорих ялын эхний 3 жил хорих ялыг гянданд, үлдэх 22 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Э.С нь гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол, оршуулгын зардалд 6,528,945 төгрөг, талийгаачийн банкны зээлийн үлдэгдэл 1,666,667 төгрөг нийт 8,195,612 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ц.Г ийн ар гэрээс хохирогч талд 1,000,000 төгрөгийг шүүх хуралдааны явцад дансаар шилжүүлсэн, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс иргэний нэхэмжлэл, хохирол төлбөрийн хэмжээний талаар маргаагүй тул үлдэх 7,195,612 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Э.С т олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Г нь амь хохирогч Э.Э тэй хууль ёсны гэр бүл болж гэрлэлтээ батлуулаагүй байх ба /хавтаст хэргийн 213 дахь тал/ тэдний дундаас 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, бага насны буюу 3 настай Г г амь хохирогчийн төрсөн эгч Э.С т харгалзан дэмжүүлэхээр үлдээж, хүүхдийн овог солих, асран хамгаалагч тогтоолгох асуудлыг Гэр бүлийн тухай хуульд зааснаар жич шийдвэрлүүлэх, хүүхдийн овог солиход шүүгдэгч Д.Г татгалзах зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Г нь ....... аймаг дахь Сум дундын шүүхийн . ... оны ..... дүгээр сарын . ..... -ний өдрийн ...... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан боловч хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан ялгүй болох хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. /хавтаст хэргийн 148 дахь тал/
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны химийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаартай, “шинжилгээнд авсан Д.Г ийн цусанд 0,45 промиль этилийн спирт илэрсэн болно, Д.Г нь хөнгөн зэргийн согтолттой байна” гэх дүгнэлтээр шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзсэн ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан, цэнхэр өнгийн дэр, хөх цоохор өнгийн дэвсгэр даавуу, цайвар өнгийн хөнжлийн даавуу, 12 см шар өнгийн хуванцар оруулгатай иштэй, 26 см урттай хутга, талийгаачийн өмсөж явсан гэх цайвар ягаан өнгийн пудболка, хар өнгийн хөхний даруулга, саарал өнгийн даавуун өмд, 2 хажуудаа хөндлөн цагаан өнгийн судалтай хар өнгийн дотоож тус бүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Хэрэгт дээр дурдсан эд зүйлүүдийн хамт эд мөрийн баримтаар хураан авсан ........ дугаарын сим карт бүхий, амь хохирогчийн эзэмшиж байсан Самсунг маркийн гар утсыг уг утсанд үзлэг хийн, 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Э.С т хүлээлгэн өгсөн байна. /хавтаст хэргийн 14 дэх тал/
Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор шүүгдэгч Д.Г ийн өмчлөлийн Самсунг маркийн гар утас, Шарф маркийн 32 инчийн зурагт, Мада-141 маркийн хөргөгчийг битүүмжилж, Самсунг маркийн гар утсыг хэргийн хамт шилжүүлж, хөргөгч зурагтыг Д-ийн Г /.......... /-д хариуцуулан үлдээсэн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд хөрөнгийг зарж борлуулан хохирол төлбөрт тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч З овогт Д-ийн Г ийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г т 25 /хорин тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.11-д зааснаар
шүүгдэгч Д.Г т оногдуулсан 25 жил хорих ялын зарим буюу 3 /гурав/ жилийн хорих ялыг гянданд, үлдэх 22 /хорин хоёр/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Д.Г ийн энэ хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г аас 7,195,612 /долоон сая нэг зуун ерэн таван мянга, зургаан зуун арван хоёр/ төгрөг гаргуулж, ......... тоотод оршин суух хохирогч Э.С т олгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан, цэнхэр өнгийн дэр, хөх цоохор өнгийн дэвсгэр даавуу, цайвар өнгийн хөнжлийн даавуу, 12 см шар өнгийн хуванцар оруулгатай иштэй, 26 см урттай хутга, талийгаачийн өмсөж явсан гэх цайвар ягаан өнгийн пудболка, хар өнгийн хөхний даруулга, саарал өнгийн даавуун өмд, 2 хажуудаа хөндлөн цагаан өнгийн судалтай хар өнгийн дотоож тус бүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар хэрэг битүүмжлэгдсэн Самсунг маркийн гар утас, Шарф маркийн 32 инчийн зурагт, Мада-141 маркийн хөргөгч тус бүр 1 ширхэгийг зарж борлуулан хохирол төлбөрт тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, бага насны буюу 3 настай Г г амь хохирогчийн төрсөн эгч Э.С т харгалзан дэмжүүлэхээр үлдээж, хүүхдийн овог солих, асран хамгаалагч тогтоолгох асуудлыг Гэр бүлийн тухай хуульд зааснаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ П.БАТТУЛГА