| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2016/0082/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/69 |
| Огноо | 2016-03-10 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2016/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0082/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Хохирогч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З овогт О-ийн ийн Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000849 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны .. дүгээр сарын ...... . -ны өдөр .... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ....... н мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , ......... нарын хамт ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, З овогт О-ийн ийн А /РД:......... /,
Шүүгдэгч О.А нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр .......... тоотод оршин суух гэртээ иргэн Б.Б г гэрийн гадаа удаан сигналдлаа, гэрт дураараа орж ирлээ гэх шалтгаанаар эрүүн тус газар цохиж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.А-ний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө Д танайд найзтайгаа очъё гэж манай дүү уруу утасдаад байсан. Тэр өдрийн оройны 21 цагийн үед худаг дээрээс манай дүүг эд нар аваад явсан байсан. Гэтэл орой орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл уусан байсан. Найзууд нь гэрийн гадаа 30 минут сигналдсан. Би дүүгээсээ энэ хүн яах гээд байгаа юм бэ гэтэл гутал авах гэж байгаа байх гэсэн, гарч гутлыг нь өгөөд байхад эд нар гэрт ороод ирсэн. Би гэрээс гар гэхэд гарахгүй байсан тэгээд би Б г нэг удаа цохисон. Б манайхаас гараад эмнэлэг явсан байсан тул би араас нь очсон. Гэтэл хохирогчийн эрүү нь хугарсан байсан учир би эмчилгээ хийлгэх бүх зардлыг төлж барагдуулсан. Д манай дүү Ц-тэй цуг урьд нь хэрэг үйлдсэн байсан. Ц өршөөлөөр гарч ирээд удаагүй тул би дүүгээ гаргахгүй гэж Б г цохисон. Би 1,427,000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн байсан хурлаас өмнө дахин эмчилгээний зардалд хохирогчид 412,850 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх болно. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Т , Д бид гурав 2015 оны 11 дүгээр сарын 18-нд нийлсэн юм. Д Ц эд нэг юм өгье гээд бид нар Ц ийнд очсон. Тэр гурав архи ууж байгаад цуг явна гэж хэлж байсан. Хуучин Дарханд очоод дахиад пиво авч уусан. Д Ц хоёртой Ц ийг гэрт нь хүргэж өгье гэж очсон. Тухайн үед би машины паараа үзээд байж байтал Т сигналдаад байсан тэгээд гэрт нь орж асууя гэсэн. Бид хоёр гадаа даараад байсан тул гэрт нь орж асуухаар ороод сайн байна уу? гэж хэлэхэд шүүгдэгч өөдөөс хаанаас ирсэн хулгайч нар вэ гэж хэлсэн. Би ямар хачин хүн бэ гэж бодоод Ц ээ чи гарах юм уу гэж асуухад Ц хувцасаа аваад ирэхэд нь би хаалга онгойлгоод гарах гэтэл намайг цохисон. Машинд ороод толинд хартал эрүү заагаараа хоёр салсан байсан. Ц эхнэртэйгээ гарч ирээд эмнэлэг явсан. Миний эрүү голоороо хугараад дээшээ доошоо болж зөрсөн байсан. Эмнэлэг дээр очсон өдрөө аппарат тавиулсан 23-ны өдөр хагалгаанд орсон. Би 10 хоног эмнэлэгт хэвтсэн эмчилгээний гарсан зардлыг А төлсөн би гар дээрээ аваагүй өвчний түүх дээр 1,050,000 төгрөг гарсан гэж бичсэн байсан. Эмнэлгээс гараад эмчилгээнд хэрэглэсэн 412.850 төгрөгийг хурлаас өмнө хүлээн авсан. Одоо эрүүний хадаас авахад мөнгө хэрэгтэй байгаа, хэдэн төгрөг болохыг нь тодорхой мэдэхгүй байна. Ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 3,450,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нэхэмжилнэ. Зүгээр айлд ороод зодуулсан учир гомдолтой байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.А -ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр гэрийн гадна удаан сигналдаад байсан мөн гэрт дураараа орж ирээд гарахгүй байсан. Би бодохдоо манай дүү болох Ц ийг уруу татаж шоронд оруулсан хүүхдийн нэг байна гэж бодоод цохисон юм. Би дүүгээ дахиж хэрэгт орчихвий гэж бодоод гаргахгүй гэж Ц ийн найз нарт хэлэхэд юм дуугарахгүй, гарахгүй байхаар нь би цохисон юмаа. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б гийн өгсөн: ”...Ингээд Т бид 2 Ц ийн гадаа хүлээж байтал машины пара ажиллахаа больчихоор нь Ц ийн гэрт нь ортол Ц ийн ах нь бололтой нэг залуу Т бид 2-ыг хаанаас ирсэн хулгай ч нар вэ? гэхээр нь бид 2 юм хэлээгүй харин Ц -д хандаж андаа гарах болж байна уу? машины пара ажиллахгүй хөлдөж үхлээ гэтэл Ц одоохон хувцасаа өмсөж байна одоо гарлаа гээд Ц болчихоор нь гарах гээд эргэтэл хажуугаас миний зүүн шанаа хэсэг рүү Ц ийн ах нь цохьсон /нэг удаа/ тэгэхээр нь би доошоо тонгойгоод амаа дартал амнаас цус гарахаар нь би шууд гараад явсан. Тухайн үед би бодохдоо шүд унчихлаа гэж бодсон юм” гэх мэдүүлэг /хэргийн 7дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Ц ийн өгсөн: “...тэгээд удалгүй эхнэр орж ирээд байж байтал Т , Б нар орж ирсэн юм тэгтэл манай ах А хэн бэ та нар гэсэн Т , Б хоёр чимээгүй зогсоод байсан тэгтэл хулгайч нараа гэрээс гар би та нарт юм хэлээд байгаа юм биш үү гэхэд Т , Б нар чимээгүй зогсож байтал А ах Б г шанаа хэсэг уруу нь цохитол Б гараад явсан араас нь Т гарсан тэгэхээр нь би эхнэртэйгээ хамт гартал Б эрүү эвгүй болоод байна гэхээр нь би эхнэрийн хамт эмнэлэг яваад Б г эмнэлэгт үзүүлтэл эрүү нь хугарсан байна гэсэн” гэх мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Н-ийн өгсөн: “...А ах “ хэн бэ та нар гараач” гэтэл 2 залуу дуугуй байгаад байсан тэгтэл А ах дөхөж очоод “хулгайч нараа би та нарт юм хэлээд байгаа юм биш үү” гэтэл мөн дуугуй байгаад байхаар нь ах очиж зүүн талд нь зогсож байсан залууг зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохитол тухайн залуучууд гараад явсан.... бид 2 машин дотор нь ортол машин барьж явсан залуу эрүү эвгүй болчихлоо гэхээр нь хамт эмнэлэг орж үзүүлье гээд эмнэлэг ортол тухайн залуугийн эрүү нь хугарсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.О-ийн , Б.Д нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 11, 12 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэгийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1414 тоот шинжээчийн дүгнэлт: “Б.Б гийн биед доод эрүүний хоёролсон хугарал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.Б д учирсан гэмтэл нь цаашдын байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” /хэргийн 15 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б гийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хэргийн 39-53 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.А нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр .......... тоотод оршин суух гэртээ иргэн Б.Б г гэрийн гадаа удаан сигналдлаа, гэрт дураараа орж ирээд гарахгүй байна /дүү Ц ийг авч явах гээд байна/ гэх шалтгаанаар түүний эрүүн тус газар гараараа цохиж бие махбодид нь доод эрүүний хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.А -ний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б /хэргийн 7 дугаар хуудас/, гэрч О.Ц , Б.Н нарын /хэргийн 9, 10 дугаар хуудас/ өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1414 тоот дүгнэлт /хэргийн 25 дугаар хуудас/, хохирогч Б.Б гийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно.
Иймд шүүгдэгч О.А -ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.А нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох хохирогчийн өгсөн эмчилгээ хийлгэхэд гарсан нотлох баримтаар тогтоогдсон 1,839,850 төгрөгийг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэхэд гарсан зардлыг А төлсөн, эмнэлгээс гарснаас хойш эмчилгээний зардалд 412.850 төгрөг гарсан байсныг хурлаас өмнө өгсөн. Одоо О.А-с ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин нийт 3,450,000 төгрөг мөн эрүүний хадаас авахуулах зардал хэд болохыг мэдэхгүй байгаа боловч энэ зардыг гаргуулахаар нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн болно.
Хохирогч Б.Б гийн ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин нийт 3,450,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгт авагдсан байгууллагын цалингийн тодорхойлолтыг үндэслэн гаргах боломжгүй өөр нотлох баримт /нийгмийн даатгалын дэвтэр гэх мэт/ шаардлагатай бөгөөд эрүүний хадаас авах зардал мөнгө нь тодорхойгүй, баримтгүй байх тул дээрх нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт О-ийн ийн А-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалинг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар О.А-ийг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.А-д урьд авсан авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б, Р.Э нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА