Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 01397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: А.Ч -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Батсүх -д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2020/01283/и индекстэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,  нэхэмжлэгч А.Ч, хариуцагч С.Б нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Ч нь  нөхөр болох С.Б-тэй 1998 оны 11 дүгээр сарын 10-нд гэр бүл болж өөрийн хүү Э-г 1 настай байхад ханилж суусан. Энэ үеэс хойш бид хамтран амьдарч, амьдралын явцад 1999 оны 12 дугаар сарын 08-нд хүү Э төрөөд түүнээс хойш  2004 оны 4 дүгээр сарын 16-нд бага охин Э төрсөн. Ингээд түүнээс хойш 22 жил амьдрахдаа сүүлийн 10 жил эрс хэрүүл маргаан салахаа байж зан байдлын хувьд таарч тохирохгүй, хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо. Мөн бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэмж авахгүй болно.

Иймд 1998 оны 11 дүгээр сарын 10-нд бүртгүүлсэн №01 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч А.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 1998 онд гэрлэлтээ батлуулсан. 3 хүүхэдтэй. Анхны хүүхдээ төрүүлээд бид хоёр нэг гэр бүл болоогүй дараа нь гэрлэлтээ батлуулж хамтран амьдарсан. Намайг их зоддог. Ах дүү нь бидний амьдралд оролцдог. Архи уудаг. Намайг биеэ үнэлж хүүхэдтэй болсон гэж зодсон. Хүн амьдралдаа алдаж болно үүнээс болоод зоддог ах дүү нарт нь гомддог. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй тохиролцсон байгаа. Намайг үргэлж тэгж ярьдаг. Ороод гарсан хүнтэй ч харддаг. Эрүүл байхдаа ч зоддог. Юугаар ч хамаагүй цохидог. Унтаж байхад гараараа толгой руу цохьсоноос болоод сорив үлдсэн. Энэ өвөл зодсон. Урд өмнө нь зодоод  14 хоног баривчлагдаж байсан. Тэр үед нь би эргэж очоогүй юм. Баривчилгаанаас гарч ирээд эргэж очоогүй гэж   дарамталсан. Би эргэж очдог гэж мэдээгүй. Сумынхаа цагдаагаас асуухаар зүгээр байгаа гэдэг байсан. Хүнсэнд хэрэглэхийг авч болно. Ах дүү нар нь зараад байдаг юм. Гүү байхаар нь зарсан. Саяхан бас ах дүү нартайгаа 4 адуу зарах гэж байхаар нь гэрлэлтээ цуцлуулсаныхаа дараа зар гээд болиулсан гэв.

 Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.Б нь нэхэмжлэгч А.Ч-ын гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухайн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би эхнэр А.Ч-той  1998 оноос хойш одоог хүртэл буюу              22 жил хамт амьдарсан бөгөөд бидний дундаас 1999 оны 12 дугаар сарын 08-нд хүү Эрдэнэлхагва, 2004 оны 4 сарын 16-нд бага охин Э нар тус тус төрсөн. Бид хамт амьдрах хугацаандаа мал аж ахуйгаа жилийн дөрвөн улирал маллаж улмаар 2019 оны  жилийн эцсийн малын тоогоор бог, бод нийлсэн  400 шахам мал тоолуулсан юм. Энэ нь эхнэр, бид хоёрын хөдөлмөрийн үр шим гэж бодож байна. Эхнэр, бид хоёр сүүлийн үед зан харьцааны хувьд таарамжгүй болж улмаар би 2020 оны 5 сарын сүүлээр салахаар гэрээсээ яваад өнөөдрийг хүртэл Дархан хотод дүүгийндээ толгой хоргодон амьдарч байна. Би гэрээсээ явахдаа өмссөн хувцастайгаа гэрээсээ юу ч аваагүй явсан. Би түүний гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна.  Харин эд хөрөнгийн талаар эхнэр маргаангүй гэсэн байна. Миний хувьд эхнэр маань надад хүн чанар гаргаад  аав, ээжийн гэр, авдар сав, хэдэн тооны мал өгөх байх гэж бодож байна. Би хөрөнгөө хуваана, өөрт оногдох хувиа авна гэж маргахгүй, нээх их зүйл нэхэхгүй гэжээ.

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 22 жил хамт амьдарсан байна. Миний нас барсан аав ээжийг доромжлохоор би тэвчихгүй алгадсан. Ийм зүйлийг тэвчиж чадахгүй сэтгэл өвддөг. Энэ хүн гэр бүлээс гадуур харилцаатай. Манайх адуутай. Гурван хүүхдээ бодоод ямар нэгэн зүйл авахгүй гэж бодож байна. Харин одоо амьдрах гэр, авдар бусад зүйлээ бүгдийг нь авах хүсэлтэй байна. Байнга хэрүүл маргаантай байдаг. Гэр бүлээс гадуур харилцаатай. Тэр хүнтэйгээ архи уугаад явж байсан гэж сумын хүмүүсээс сонссон. Ийм учраас би гэрээсээ яваад өөр газар ажил төрөл хийж байгаа. Надад цөөхөн хэдэн идэшний хонь өгнө биз гэж бодож байна. Би архи уудаггүй. Хонинд явж ирэхээр л хэрүүл болоод аав ээжийг маань дуудаад байхаар нь тэсэхгүй алгадсан. Нэг удаа. 14 хоног баривчлагдсан. Эхнэр маань эргэж ирээгүй гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч  А.Ч нь хариуцагч С.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А.Ч, хариуцагч С.Б нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Б.Э төрсөн болох нь:

Монгол улсын иргэн, 1967 онд төрсөн, С овогтой Б, Монгол улсын иргэн 1976 онд онд төрсөн, А овогтой Ч нар 1998 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  гэр бүл болсон учир 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв. “ гэх бичилттэй ПА№01 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/,

        Х овогт С-ын Б, Т овогт А-ийн Ч нарын гэр бүлд 2004 оны 4 дүгээр сарын 16-нд төрүүлсэн охин Х овогт  Б-ийн Э -г 2004 оны 5 дугаар сарын 26-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас олгосон Г№43 дугаартай, төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн/ зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид нь гурван хүүхэдтэй бөгөөд хоёр хүүхэд нь насанд хүрсэн болох нь тэдний тайлбараар нотлогдож байх бөгөөд охин Б.Э нь дунд сургуульд суралцдаг талаархи Х аймгийн Т сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан Б.Баярсайханы 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “ Б овогтой Э нь /5 дугаар багийн харъяат, Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн Г.Гэрэлцэцэг багштай 10б ангид суралцаж байгаа нь үнэн болно. “ гэх тодорхойлолт,

Мөн Х аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Л-ын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “ ... эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийсэн боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул ... ажиллагааг дуусгавар болгов. “ гэх албан бичиг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд “гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний ... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”  гэж заасан байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь гэрлэгчид нь эвлэрэн хэлэлцэх талаар ямар нэгэн санал санаачлагагүй, мөн Хөвсгөл аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болжээ.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдлаа.

Иймд А.Ч, С.Б нарын гэрлэлтийг цуцлаж, охин Б.Э-г  эхийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Нэхэмжлэгч А.Ч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд 70.200  төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг хариуцагч С.Б-ээс  гаргуулж нэхэмжлэгч А.Ч-т  олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Х овогт С.Б, Т овогт А.Ч нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны               4 дүгээр сарын 16-нд төрүүлсэн охин Х овогт  Б.Э-г эх Т овогт А-ийн Ч-ын асрамжинд үлдээсүгэй.

3.  Гэрлэгчид нь  хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Ч-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  /далан мянга хоёр зуу / төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг  хариуцагч С.Б-ээс гаргуулж нэхэмжлэгч А.Ч-т  олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш                14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА