Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 01396

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Т.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.А-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Т.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Э нь эхнэр О.А-тай танилцаж, үерхэж байгаад 2006 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2007 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин Э.Н, 2009 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин Э.Н, 2012 оны 02 дугаар 08-ны өдөр охин Э.О нарыг төрүүлсэн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бидний харилцаа хэвийн, амьдрал сайхан байсан. Гэвч бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2014 оноос хойш 6 жилийн хугацаанд одоог хүртэл тусдаа амьдарч байна. 2014 оноос хойш охидууд маань миний асрамжинд одоог хүртэл байгаа. Охидууд миний асрамжинд байдаг боловч Засгийн Газраас хүүхэд бүрт сар бүр олгодог 20.000 төгрөгийг би авдаггүй, эх О.А нь өөрөө авч захиран зарцуулдаг байсан. 2014 оноос хойш хугацааны сар бүр олгодог 20.000 төгрөгийг өнөөдрийн байдлаар тооцож үзэхэд 4.320.000 төгрөг болж байгаа ба дээрх мөнгийг бас гаргуулан авах хүсэлтэй байна.

Иймд одоо эхнэр О.А-тай гэрлэлтээ бүртгүүлсэн 2006 оны гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж, охин Э.Н, Э.Н, Э.О нарыг миний асрамжинд үлдээж, хуульд заасны дагуу эх О.А-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2006 онд  гэрлэлтээ батлуулсан. Том охин 2007 , дунд охин 2009, бага охин 2012 онд тус тус төрсөн. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотруу ээж аав руугаа явлаа гэж ярьсан. Би гурван охиноо үлдээгээд яваарай гэж хэлсэн. Намайг ирэхэд зөрөөд явж байсан. Үүнээс хойш холбоогүй байж байгаад 1 дүгээр сард холбоо барьсан. Замын-Үүдэд байна гэхээр нь яваад очсон. Ажил хийж байгаа гэж хэлээд манай найзынд хоёр хүүхдээ орхиод явчихаад байсан гэсэн. Тэгээд хүүхдүүдээ аваад буцаж ирсэн. Үүнээс хойш миний асрамжинд байгаа. Сод-Эрдэнэ сургуульд том охин 8 дугаар анги, дунд охин 6 дугаар анги, сурдаг, бага охин 3 дугаар ангид сурдаг.4 жилийн хугацаанд эвлэрэх болов уу гэж бодсон. Хүүхдүүдтэйгээ ч ирж уулзаагүй. Хааяа баяраар бэлэг явуулдаг. Би урьд нь ирж байсан. Эвлэрүүлэн зуучлагчтай уулзсан. Гурван сарын хугацаанд шийдвэрлэнэ гэсэн. Тухайн үед ажилтай зав гарахгүй байсаар өдийг хүрсэн байна. Хүүхдүүд маань эрүүл бойжиж байгаа. Одоо би гэр бүлтэй болсон. Нэг хүүтэй болсон. Хүүхдүүдээ хааяа Тариаланд байдаг эмээ рүү нь явуулдаг. А нь Тариалангийн хүнтэй суусан гэсэн. Ирсэн байна гэж эгч дүү нар хэлсэн. Тэр үед нь хүүдүүдтэйгээ уулзаарай гэж утсаар хэлэхэд за гэж хэлээд уулздаггүй. Манайх дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Хөдөө ажлаар яваад ирэхээр архи уусан байсан. Энэ асуудлаас болоод маргалдаад  би найзындаа хонохоор явсаны маргааш ажил дээр байхад явах талаараа ярьсан. Би явахдаа гурван хүүхдээ орхиод яваарай гэж хэлсэн.Ер нь архи дарс уугаад хүн амьтантай гэр бүлээс гадуур харилцаа их тогтоогоод байсан юм. Би хүүхдүүдээ бодоод эвлэрэх гэж явсаар байгаад удлаа. ... гэв.

Хариуцагч О.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч О.А надад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг болон 2014 оноос хойшхи 3 хүүхдэд сар бүл олгосон  20.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаагаар тооцож үзээд 4.320.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Би Т.Э-тэй 2006 онд танилцан, үерхэж байгаад 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж нэг гэрт орж хамт амьдарсан юм. Бидний дундаас 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдөр том охин Э.Н, 2009 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин Э.Н, 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдөр охин Э.О нар тус тус төрсөн. Бид хоёр хамтын амьдралын эхний жилүүдэд сайхан амьдарч байсан хэдий ч үл ойлголцол, хоорондын таарамжгүй байдлаасаа болж салаад 2014 оны 9 дүгээр сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа юм. Миний хүүхдүүд анхнаасаа өөрийнхөө гэрт, аав Эрдэнэмөнхийн асрамжид үлдсэн цагаасаа хойш одоог хүртэл аав дээрээ байгаа. Би 2015 оноос хойш Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа бөгөөд тусдаа амьдрах хугацаандаа хүухдүүддээ хэрэглээний мөнгө төгрөг, хувцас хунар авч өгч байдаг. Би нэхэжлэлийн шаардлага болох гэрлэлтээ цуцлуулах, Э.Н, Э.Н, Э.О нарыгаа эцэг Э-ийн асрамжид үлдээж хуульд заасан хэмжээгээр хүүхдүүддээ тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна.

Харин 2014 оноос хойшхи 3 хүүхдийн 20.000 төгрөг буюу 4.320.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас нэхэмжлэгч Т.Э нь татгалзахаар бид хоёр харилцан тохиролцсон тул түүнийг төлөхгүй болно гэжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч О.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг, 4.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч Т.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4.320.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгч Т.Э, хариуцагч О.А нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Э.Н, Э.Н, Э.О нар төрсөн болох нь;

Монгол улсын иргэн РЮ88122611, Б овогт Т.Э, Монгол улсын иргэн РЙ82030200 Т овогт О.А нарын 2007 оны 01 дүгээр сарын 13-нд гэр бүл болсныг Х аймгийн М сумын 0140-рт 2007 оны 4 дүгээр саын 06-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх “Лавлагаа” 1 хуудас,

2007 оны 7 дугаар сарын 28-ны өдөр М суманд төрсөн Б овогт Э.Н-ийн №0045199-386 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/,

2009 оны 10 дугаар сарын 11-ний өдөр М суманд төрсөн Б овогт Э.Н -ийн  №0339807-642 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/,

2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр М суманд төрсөн Б овогт Э.О-ийн №152 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/ зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ... гэж заасан байх тул нэхэмжлэгч М.Э  нь шаардах эрхтэй байна.

         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл, учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.

Мөн Хөвсгөл аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгорын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “ ... эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийсэн боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул ... ажиллагааг дуусгавар болгов. “ гэх албан бичиг хэрэгт авагдсан, гэрлэгчид 2014 оноос хойш тусдаа амьдарсан, О.А нь тусдаа гэр бүлтэй болсон, нэхэмжлэгч Т.Э нь мөн өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж хүүхэд төрүүлсэн зэрэг байдлыг үндэслэн гэрлэгчдийг шүүхийн журмаар эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

        Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан байх ба зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй хариуцагч О.А нь охин Э.Намуунаа, Э.Н, Э.О нарыг эцэг Т.Э-ийн асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул охин Э.Н, Э.Н, Э.О нарыг  эцэг  Т.Э-ийн асрамжинд үлдээж,

       Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг эх дараахь үүрэг хүлээнэ: ...26.2.2-т Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж,

       Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасан байх тул эх О.А-аас хуульд заасан хэмжээгээр охин  Э.Н, Э.Н, Э.О нарт сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж тус тус шийдвэрлэв.

          Хэрэгт охин Э.Н, Э.Н, Э.О  нар нь эрүүл бойжиж байгаа болон эцэг Т.Э-ийн асрамжинд байгаа талаар:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  13 дугаар багийн засаг дарга  С.Ариунаагийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “ Т овогтой Э нь тус багийн                16 дугаар гудамжны 19 тоотод  ам бүл 4, 3 хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн болно.” гэх

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Н.Хоролмаагийн “ Э овогтой Н эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно.” гэх,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Н.Хоролмаагийн “ Э овогтой Н, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно.” гэх,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Н.Хоролмаагийн “ Э овогтой О, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно.” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

  

           Гэрлэгчид нь  хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар Зохигчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй гэж заасан ба энэ үүргээ хариуцагч О.А биелүүлээгүй, түүнд  шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “ ...  хүрэлцэн ирж чадахгүй, өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...”  гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч хүрэлцэн ирж чадахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаараа нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад хариуцагчаас 4.320.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учир үүнийг дурьдав.

 

Нэхэмжлэгч Т.Э нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэхуягийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 441 дугаартай  “... баталсан амьжиргааны түвшиний 409.679 босго онооноос доогуур багтсан байна...” гэх албан бичгийн хавсарган улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.А-аас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх 122.930 төгрөгийг нийт 193.130  гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Б овогт Т.Э, Т овогт О.А   нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Б овогт Э.Н, 2009 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б овогт Э.Н, 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Б овогт Э.О нарыг эцэг  Б овогт Т.Э-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б овогт Э.Н, 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Б овогт Э.О нарт  11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Б овогт Э.Н, 2009 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б овогт Э.Н, 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Б овогт Э.Онарт   11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эх Т овогт                  О.А-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

5. Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч О.А-аас 4.320.000/дөрвөн сая гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.

  6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч О.А-аас улсын тэмдэгтийн хураамж  193.130 /нэг зуун ерэн гурван мянга нэг зуун гуч/ төгрөгийг  гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

 8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

  9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Т.Э, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О.А нарт тус тус даалгасугай

 10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА