Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2016/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0084/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч П.Баттулга, Ж.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч А.А, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир, 
Хохирогч *******,  
Гэрч С.Ц ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, 
Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б овогт В-ийн  Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000733 дугаартай хэргийг 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, Б  овогт В-ийн Б  /РД:.......... /,   ..........  төрсөн, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл ........ , ........-ийн хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:     

Шүүгдэгч В.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр..............  тоотод оршин суух С.Ц-ийн гэрт иргэн Ө.О-тэй маргалдаж, цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч В.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Ц -ийн нөхөр нь бурхан болоод ажил явдал дуусаад 49 хоног нь өнгөрөөд байж байхад О  нэг эмэгтэйтэй хамт архитай ирээд бид 4 хувааж уусан. О  дагуулж ирсэн хүүхэнтэйгээ бэлгийн харьцаанд орсон. 49 хоног нь болж байсан тул зул битгий унтраа гэж хэлэхэд намайг хаалга руу чирээд боосон, би боолтонд ороод амь тэмцээд байж байхад газраас гарт хутга баригдахаар нь аваад О-ийг хэд цохиход гар нь тавигдсан. Тэгээд би гарч зугтсан. 
…Зул асаах гэтэл хохирогч 49 хоног болоод дууссан байхад хэзээ зул асааж байсан юм бэ гэж хэлэхээр нь муудалцсан.” гэх мэдүүлэг, 

-Гэрч С.Ц -ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би зул унтраахад******* үснээс зулгаагаад ус буцалгагчны сав шидэхэд Ө.О  “эгчийгээ зодохоо боль” гээд миний урдуур орсон. В.Б  Ө.О нар барилцаж аваад ноцолдоод, тэгээд Ө.О-ийг хутгалсан. Зул унтрааснаас болж маргаан үүссэн. В.Б гартаа хутга атгасан байж байгаад хутгалсан. Манайд тийм хутга байхгүй, В.Б ын өөрийнх нь хутга байх. Цагдаа нар манай гэрт хайгаад хутгыг олоогүй.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Ө.О ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 8-ны орой .........-аас орж ирээд “......... ”-н тэнд буугаад явж байхад Ц над руу “хоол хүнсний зүйл дөхүүлээд өгөөч” гэж ярьсан. Тэгээд явж байтал Э таарахаар нь 0.75 хэмжээтэй архи, бага зэрэг идэх юм аваад Ц-ийнд цуг очсон.  
…Э  эгч бараг архи уугаагүй, гайгүй байсан. Болсон явдлыг сайн санаж байгаа.  Би 9 хоног эмчилгээ хийлгээд эмнэлэгээс гарсан. Амьсгаа тэмцээд байвал эмч эргэж ирээрэй гэж хэлсэн. Нийт 930000 орчим төгрөгний эмчилгээ хийлгэсэн боловч хагалгаа хийлгэсэн 300000 төгрөгийг*******аас гаргуулна, үлдэх хэсгийг нь нэхэмжлэхгүй. Санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-6 дахь тал/, 
-Шүүгдэгч В.Б ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...Ц  эгч, би, О  болон О тэй хамт орж ирсэн хүүхэн бид 4 тэр шилтэй архийг хувааж уусан. 
...О ийг “чи болиоч дээ, хүүхдүүдийн хажууд заваараад байх юм” гэсэн чинь О  “чамд ямар хамаатай юм бэ?” гээд намайг хөлөөрөө толгой уруу өшиглөсөн. 
...буцаж гэр лүүгээ ороод О т “одоо больё” гэсэн чинь надад юу ч хэлэхгүй боосон./хүзүүнээс/ Тэгэхээр нь би усны савны хажууд гараараа тэмтэрч байгаад хутга гарт баригдахаар баруун гараараа аваад О ийн мөр рүү нь хутгалсан.” гэх мэдүүлэг /хэргийн 33-35 дахь тал/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 47 дахь тал/, 

-Хохирогч Ө.О ийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, эмнэлэгээс гарах, шилжих үеийн эпикриз /хэргийн 49-58 дахь тал/, 

-Гэрч Ё.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр би биржийн тэр хавьд О-тэй таарсан. Тухайн үед О  бага зэрэг халамцуу, би ч бас бага зэрэг халамцуу байсан. Тэгээд тухайн үед зүс таних Ц -ийн нөхөр нас бараад удаагүй байсан, тэгээд ч О  Ц -ийн найз нь болохоор О  бид 2 Ц -ийн гэрт очихоор болоод дэлгүүр ороод 1 шил “Түмний хишиг” гээд 0.75 архи аваад Цэнд-Аюушийн гэрт очсон. 
...О  тэр 2 маргалдаад зодолдоод О  Б ыг зодчихсон. Тэгээд гайгүй болоод эвлэрээд бид нар унтах гээд хэвтэцгээсэн. Тухайн үед О  бид 2 бэлгийн харьцаанд орсон. Харин зулыг Ц ийн охин нь унтраачихсан байсан. Тэгсэн Б  хэвтэж байснаа “зул унтраалаа” гээд хэрүүл өдөөд Ц тай маргалдаад үснээс нь зулгаагаад гэрээр нь хувинтай байсан муу ус асгасан. Тэгсэн О  босч ирээд “эгчийгээ зодлоо” гээд Б ыг өшиглөж зодож нүдсэн. Тэгээд О , Б ыг “гэрээс гар” гээд чирээд хаалганы тийшээ аваачсан. Бас хүзүүгээр нь гараараа боосон. Тэгсэн нэг мэдсэн Б  хаанаас ч юм хутга аваад О ийг мөр рүү нь хутгалсан тэгээд гараад зугтаасан. 
…Б  Ц -тай муудалцаад үснээс нь зулгаагаад зодох гээд байхаар нь О  Б-ын “эгчийгээ зодлоо чи” гээд Ц -ийг өмөөрөөд*******тай муудалцаад эхэлсэн. Тэгээд Б-ыг О  зодоод гэрээс гарах гээд боогоод чирээд байсан, тэгээд л Б  О-ийг хутгалсан.” гэх мэдүүлэг /хэргийн 67-68 дахь тал/,

-Насанд хүрээгүй гэрч Ц.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тэгээд архи нь дуусаад бүгдээрээ унтах гэж байтал гэрт асаасан байсан зулыг Б  ах үлээж унтраасан. Тэгсэн чинь манай ээж уурлаад “наад зулаа асаа” гэсэн. Тэгэхээр нь би асаах гэсэн чинь О  ах “49 хоног нь дуусчихсан байхад асаадаггүй юм” гэж хэлсэн. Тэгсэн Б  ах, О  ах 2 хэрэлдээд зодолдоод эхэлсэн, тэгээд хэрэлдэж муудалцахаа болиод бүгдээрээ унтахаар хэвтсэн. 
...тэгээд гэнэт хүмүүс хэрэлдээд зодолдоод байхаар нь сэрээд хартал Б  ах, О  ах 2 гэрийн хаалганы тэнд зодолдож байсан. Тэгээд Б  ах хутга гаргаж ирсэн, би хаанаас гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд би айгаад 2 дүүгээ аваад урд айл руугаа орсон. Тэгээд цагдаагийн машин ирэхээр нь гэртээ орсон. 
…намайг унтаж байгаад сэрсэн чинь******* ах ээжийг үснээс нь зулгаачихсан байсан. Тэгсэн чинь О  ах Б  ахыг “болиоч” гэж хэлээд хэвтсэн чинь Б  ах болихгүй байсан. Тэгсэн чинь О  ах босч ирээд ээжийг өмөөрөөд Б  ахтай муудалцаад зодолдсон. 
…хүмүүс маргалдаад зодолдоод байхаар нь би сэрээд лаа байхгүй болохоор зул асаах гээд шүдэнз зураад зулаа асаачихаад хартал Б  ах хутга гаргаж ирж байсан. Би яг хаанаас гаргаж ирснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан хутгатай байсан тэгээд л би 2 дүүгээ гялс аваад гүйгээд гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 69 дэх тал/,

-“Шинжээч эмч С.Б-ын урьд гаргасан ¹1230 тоот дүгнэлтийн 1.2.3-р заалт үндэслэлгүй байна. Урьд гаргасан ¹1230 тоот дүгнэлтийн 1-д оногийн дутуу буруу бичсэн, 3-т гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэсэн заалт байхгүй, 4-т учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна гэсэн нь буруу байна. Ө.О-ийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус болон хий хуралт, цээжний зүүн талын болон хүзүүний арьсан доорх хийжилт, зүүн бугалганы шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ө.О-ийн биед учирсан цээжний хөндийд зүүн талаар нэвтэрсэн шарх, зүүн бугалганы шарх нь хэрэг явдал үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Ө.О-т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.” гэх 2016 оны1 дүгээр сарын 25-ны өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 80-81 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “хохирогч Ө.О  нь В.Б ын хоолойг боосон учир аргагүй хамгаалалт хийж Ө.О ийг хутгалсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж мэтгэлцэж байна.

“Аргагүй хамгаалалт” гэж тухайн халдлага нийгэмд аюултай байх, халдлага бодитой байх, хүний эрх, эрх чөлөөнд хохирол учруулахаар бодитой заналхийлсэн байх явдлыг ойлгох бөгөөд хэрэг учрал болсон тухайн цаг үед хохирогч Ө.О  нь шүүгдэгч В.Б ын хоолойг боож, түүнийг амь насаа алдах боломжтой нөхцөл байдал үүсгэсний улмаас шүүгдэгч В.Б  нь хохирогч Ө.О ийг хутгалж, бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдохгүй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  В.Б  нь 2015 оны 10 дугаар сарын 8-ны шөнө .......... тоотод оршин суух С.Ц -ийн гэрт иргэн Ө.О-тэй маргалдаж, цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ө.О , гэрч С.Ц  нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ө.О ийн өвчний түүх /хэргийн 49-58 дахь тал/, гэрч Ё.Э -ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…О  босч ирээд “эгчийгээ зодлоо” гээд Б ыг өшиглөж зодож нүдсэн. Тэгээд О , Б ыг “гэрээс гар” гээд чирээд хаалганы тийшээ аваачсан. Бас хүзүүгээр нь гараараа боосон. Тэгсэн нэг мэдсэн Б  хаанаас ч юм хутга аваад О ийг мөр рүү нь хутгалсан тэгээд гараад зугтаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 67-68 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Ц.Э -ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тэгээд гэнэт хүмүүс хэрэлдээд зодолдоод байхаар нь сэрээд хартал Б  ах, О  ах 2 гэрийн хаалганы тэнд зодолдож байсан. Тэгээд Б  ах хутга гаргаж ирсэн, би хаанаас гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд би айгаад 2 дүүгээ аваад урд айл руугаа орсон. Тэгээд цагдаагийн машин ирэхээр нь гэртээ орсон.” гэх мэдүүлэг /хэргийн 69 дэх тал/, Ө.О-ийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус болон хий хуралт, цээжний зүүн талын болон хүзүүний арьсан доорх хийжилт, зүүн бугалганы шарх тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.” гэх 2016 оны1 дүгээр сарын 25-ны өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 80-81 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч В.Б-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

    Хохирогч Ө.О  нь гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авч, 930000 орчим төгрөгний эмчилгээ хийлгэсэн боловч хагалгаа хийлгэсэн 300000 төгрөг нэхэмжилнэ, үлдэх хэсгийг нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд /хэргийн 58 дахь тал/ шүүгдэгч В.Б аас 300000 төгрөг гаргуулж, хохирогч Ө.О т олгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч В.Б-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 47 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч В.Б-ын ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа боловч ар гэрийн амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэлээ.

В.Б-ын энэ хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 100 /нэг зуу/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    
1.Шүүгдэгч Б  овогт В-ийн Б ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч Б овогт В-ийн Б т 5 жил 10 хоног /таван жил арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч В.Б т оногдуулсан 5 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч В.Б ын энэ хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 3 дугаар 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 100 /нэг зуун/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч В.Б аас 300000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч ............. тоотод оршин суух Ө-ийн О т олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.     

    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

     9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл В.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ

ШҮҮГЧИД                        П.БАТТУЛГА 

Ж.МӨНХТУЯА