| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/1115/З |
| Дугаар | 221/МА2026/0354 |
| Огноо | 2026-05-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2026/0354
“В д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З
Нэхэмжлэгч: “В д” ХХК
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: С.Б, Б.М, Б.А, Д.Э, Б.А
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2026/325 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/1115/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0250 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “В д” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 31 дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамж, 2021 оны А/662 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжуудын С.Б, Б.М, Б.А, Д.Э, Б.А нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
2.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д захиргааны үйл ажиллагаанд баримтлах “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримталж гуравдагч этгээдүүдэд Дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн хүрээнд тухайн газарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг буруутгах боломжгүй гэх агуулгаар дүгнэсэн байна.
2.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар "В д" ХХК-ийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл түрүүлж үүссэн байхад сүүлд эрх үүссэн иргэдийн хууль ёсны итгэлийг хамгаалах шаардлагатай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.3. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна." Гэж заасан байхад төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас шалтгаалан гуравдагч этгээдүүдийн газар олгогдож 20 жил амьдарсныг харгалзан манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хууль зөрчсөн гэж үзэж байна.
2.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулгаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Нэхэмжлэгч “В д” ХХК-иас шүүхэд “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 31 дүгээр “Газар эзэмшүүлэх захирамж”, 2021 оны А/662 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжуудын С.Б, Б.М, Б.А, Д.Э, Б.А нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газар болон “Т с” ХХК-ийн хооронд 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 10442А дугаартай ашигт малтмал ашиглах эрхийг Хан-Уул дүүргийн Гавьжийн шанд нэртэй газарт орших 122 гектар талбай бүхий уурхайн эдэлбэр газрыг 60 жилийн хугацаатайгаар олгожээ.
4. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжаар “Т с” ХХК-д Хан-Уул дүүргийн Гавьжийн шанд нэртэй газарт байрлах 122 га газрыг уурхайн эдэлбэрээр ашиглах эрхийг 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд газар ашиглах эрхийн хугацаа 2008 онд дуусгавар болсон бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргаагүй байна.
5. “Т с” ХХК-наас иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “В д” ХХК-д дээрх тусгай зөвшөөрлийг шилжүүлэн гэрчилгээ олгосон байна.
6. Гуравдагч этгээд С.Б, Б.М, Б.А, Д.Э, Б.А нарт нарт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 31 дүгээр захирамжаар Гавьжийн шандад гэр хороолол суурьших газарт 0.07 га хүртэлх гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгож дугаар бүхий гэрчилгээнүүд олгож, мөн дүүргийн Засаг даргын 2021 оны А/662 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгажээ.
7. Газар зохион байгуулалт, геодези , зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2/259 тоот албан бичгээр нэхэмжлэгч “В д” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй 112 га талбай гуравдагч этгээд С.Б нарын эзэмшил газартай бүхэлдээ гуравдагч этгээд Д.Э-ийн эзэмшил газартай 366.57 мкв тус тус давхцалтай болохыг тогтоожээ.
8. Хан-Уул дүүргийн Засаг дарга гуравдагч этгээд С.Б нарт дээрх Гавьжийн шандад газар эзэмшүүлэхдээ Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан “Хан-уул дүүргийн 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г үндэслэж гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгосон байна.
9. Анхан шатны шүүхээс “...“В д” ХХК-ийн 122 га эдэлбэр газрын ашиглах эрх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд газар ашиглах эрхийн хугацаа 2008 онд дуусгавар болсон, ...хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга гуравдагч этгээд С.Б нарт 31 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэхдээ Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 18 дугаар газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан тогтоолын дагуу олгосон нь хуульд нийцсэн тул гуравдагч этгээдүүдийн хууль ёсны итгэл хамгаалагдах үндэслэлтэй, ...өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын давхцал нь захиргааны байгууллагуудын харилцан уялдаагүй үйл ажиллагаанаас шалтгаалсан, тухайн газарт амьдарч байгаа гуравдагч этгээдүүд 20 орчим жил амьдарч, хашаа барьж, мод тарьж, байшин барьж мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх тул тэдгээрийн хууль ёсны итгэл хамгаалагдах үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
10. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухай шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, Тайлбар: “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэж хуульд тус тус зохицуулсан
11. Хэдийгээр нэхэмжлэгчийн уурхайн эдэлбэр газартай гуравдагч этгээд нарын эзэмшил газар давхацсан, мөн гуравдагч этгээдүүд нь 2006 оны захирамжаар олгосон газар эзэмших эрхийг гэрчилгээг үндэслэн 2021 оны А/662 дугаар захирамжаар сунгуулсан асуудалд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарыг шууд буруутгах боломжгүй бөгөөд төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоогүй үйл ажиллагаа, шийдвэр нөлөөлсөн байх бөгөөд гуравдагч этгээдүүд нь 2006 оноос хууль ёсны дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж, 2021 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулсан байгаа газартаа мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хашаа, байшин, мод тарьж 20 гаруй жил амьдарч байгаа энэ тохиолдолд тэдгээр иргэдийн хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим үйлчлэх учиртай энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
11. Мөн нэхэмжлэгч “В д” ХХК-ийн 122 га эдэлбэр газрын ашиглах хугацаа Нийслэлийн Засаг даргын 2005 оны 348 дугаар захирамжаар 3 жилийн хугацаатай олгосон уурхайн эдэлбэр газар ашиглах хугацаа 2008 онд дуусгавар болсон бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нар нь газар ашиглах хугацааг сунгуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
12. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дугаар сарын 01-ны өдрийн 128/ШШ2026/0325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 948 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР