Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

                                                    

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Тамир,

Гэрч П.Цэнддорж,

Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.Чинзориг, түүний өмгөөлөгч Б.Билгүүн /ҮД:0448 /, З.Хүрэлсүх /ҮД-0809/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэбаярын Чинзоригт холбогдох эрүүгийн 201626022488 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Сити” дээд сургуулийн жүжигчиний 4 дүгээр курсын оюутан, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, ах эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 35 Гудамжны 523 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УК96080753 регистрийн дугаартай, Боржигон овогт Эрдэнэбаярын Чинзориг.

 

Шүүгдэгч Э.Чинзориг нь 2016 оны 9 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх Монгол” рестораны гадна согтуурсан үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Д.Батжаргалыг шалтгаангүй цохиж зодон бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Чинзориг мэдүүлэхдээ:

2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Цэнддоржын төрсөн өдөр болсон юм. Тэгээд бид нар Тэмүүлэнгийн ажилладаг караокед очоод, тэндээ 2-3 цаг дуулсан. Тэгээд би гэртээ харих гээд гарсан. Цэнддорж намайг таксинд суулгах гээд хамт явж байсан. Цэнддорж миний ард явж байсан бөгөөд Цэнддорж руу эргээд харахад гурван ахтай мөргөлдсөн. Гэтэл тэд нар маргалдаад байхаар нь уучлалт гуйсан. Уучлалт гуйгаад болохгүй болохоор нь хөгшин төгцөг минь гэж хэлсэн. Гэтэл Цэнддоржийг нэг ах араас нь боосон. Би болиулах гэтэл тэр ах намайг цохих гээд урагшаа болохоор нь сандарсандаа түүний нүүр рүү нь нэг удаа цохьсон. Хажууд нь хоёр өндөр ах байсан бөгөөд намайг хэд хэд цохьсон. Түүнийг болиулах гээд  цааш нь түлхэж байхдаа нэг удаа цохьсон. Тэгээд байж байтал Батбагана, Даваадорж хоёр ирээд биднийг салгаад машиндаа суулгасан. Удалгүй Тэмүүлэн яриад чи манай таньдаг ахыг зодчихлоо, гэмтлийн эмнэлэг дээр очъё гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод хохирогчтой уулзахад маргааш ярья гэж хэлээд салсан. Маргааш нь уулзахад шинжилгээний хариугаа авсны дараа уулзая гэж хэлээд салсан. Би 2-3 пиво уусан байсан. Хохирогч нар согтуу байсан. Тэмүүлэн надад хэлэхдээ Цэнддорж бид хоёрыг явсаны дараа хохирогч манай найзтай үзэх үү гэж хэлээд байсан гэж байсан. Цэнддорж бид хоёр явж байгаад би эргэж харахдаа санаандгүй хохирогчийг мөргөсөн. Тэгээд маргаан болсон. Би хохиролд 2,000,000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Цэнддорж мэдүүлэхдээ:

Чинзориг бид хоёр ярилцаад зогсож байсан юм. Гэтэл хохирогч болон түүний найзууд бид хоёрын хажуугаар алхаад гарахад Чинзориг юугаа хараав гэхэд юу гэнээ ахын дүү гээд маргаан эхэлсэн. Богд-Эрдэнэ гэх хүн намайг хараад нэг нь байна гээд миний нүүр рүү цохьсон. Надад гэмтэл учраагүй. Би маргааныг болиулах гээд байж байтал тэд нар дайрсан. Тэгээд цохилцоод эхлэхэд миний араас боосон. Би манай найз согтуу байна гээд уучлалт гуйсан юм. Чинзориг хохирогчоос уучлалт гуйгаагүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ:

Зүүн дайврын хөндийн урд ханын хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа. Бусад гэмтэл нь хөнгөн гэмтэл байгаа. Эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах гэдэгт 28-аас дээш хугацааг хамааруулж үздэг. Хохирогчид учирсан хүндэвтэр гэмтлийг мэс заслаас өөр аргаар эмчлэх боломж багатай. Заавал хагалгаанд орох шаардлагатай гэж үздэг. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэдэг нь тухайн өвчтөн эмчилгээ хийлгэсэн тохиолдолд хөдөлмөр хийхэд нөлөөлөхгүй гэсэн ойлголт юм. Хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд байгаа өвчтөний онош нь зүүн хацар ясны хугарал, хамар ясны хавсарсан хугаралыг бичсэн байна. Хугаралыг зөрүүгүй эдгээхийн тулд металл ялтас тавьдаг. Хохирогчид учирсан гэмтлийг манай улсад бүрэн эмчлэх боломжтой. Хамар ясны хугарал нүүрний хэлбэр дүрс алдагдах нөлөөлөхгүй. Эмчилгээгээ бүрэн хийлгэх юм бол нөлөө байхгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

           

           Мөрдөн байцаалтад хохирогч Д.Батжаргалын өгсөн:

           “... Би 2016 оны 9 дүгээр сарын 11-ний орой 17 цагийн үед найз Өлзийбаатар, Богд-Эрдэнэ хоёртой Баянгол дүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол Корена Тайм ХХК-ийн ажлын  өрөөнд ... ажлын талаар ярилцаж байгаад шөнө 00 цагийн үед Өлзийбаатар, Богд-Эрдэнэ бид 3 хамт гарч, гэр рүүгээ харихаар Алтан-Од зочид буудлын арын төв зам дээр хотын төв рүү явах гээд такси барихаар алхаж байсан. Өлзийбаатар Богд-Эрдэнэ бид хоёрын урд алхаж явсан. ... Өлзийбаатарын өөдөөс нэг танихгүй 22 орчим насны болов уу гэмээр өндөр туранхай залуу ирээд, Өлзийбаатарыг хөгшин төгцөг минь гэж хэлээд, бариад авахаар нь би түрүүлж очоод, болио гэж хэлээд, салгах хооронд тэр залуу миний нүүрэн тус газар цохиод, доош тонгойход нөгөө залуу миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би түр зуур ухаан алдаж унасан ...миний хамраас маш их цус алдаж байсан тул цагдаад дуудлага өгчихөөд шууд гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлсэн. ... Би 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улсын 1 дүгээр эмнэлгийн  эрүү нүүр, чих хамар хоолойн хамтарсан хагалгаанд орсон.... хамрын зөөлөн эдийн хагалгаанд 45-аад хоногийн дараа дахин орох шаардлагатай... хацрын хадсан төмрийг 6 сарын дараа дахин хагалгаанд орж авна гэсэн. ... Намайг Чинзориг зодож миний биед гэмтэл учруулсан. Өөр намайг зодсон хүн байхгүй. ...Чинзориг надад 2,000,000 төгрөг өгсөн ... Эмчилгээний зардлын баримт байгаа, би баримтыг тооцож үзээгүй тийз захиалсан билетийн үнэ 1,823,000 төгрөг болсон.... Солонгост очоод шинжилгээ болон гарах зардалын баримтыг ойролцоогоор бодож нийт зардал 7.000.000 төгрөг болно гэж бодож байна. ...Эмчилгээний зардлын үлдэгдэл 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна ... Би маш их гомдолтой байна, хуулийн дагуу энэ асуудлыг шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20, 21-р хуудас/,

 

           Мөрдөн байцаалтад гэрч П.Цэнддоржийн өгсөн:

           “... 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр миний 20 насны төрсөн өдөр болсон. ... Би найз Энхмандах, Жавхлантөгс, Батбагана, Даваадорж, Чинзориг  нарыг Нийслэл караокед 3 тоот өрөөнд орцгоосон. Тэгээд гаднаас 2 жил архи авч орсон. Караокед ороод дотроос 6 цэвэр ус, 6 шилтэй пиво авсан. ... шөнө 00 цаг болж байхад тамхи татахаар Чинзориг, Тэмүүлэн, Батбагана бид 3 хамт гарсан. Тэр үед Чинзориг нэлээд согтуу, шүлс мүлсээ хараад нэлээд неривтэй байсан ... Тэгээд би Чинзоригийг таксинд суулгаад өгье гэж хэлээд арын зам руу явсан. Тэмүүлэн ард тамхи татаад үлдсэн ... тэгээд төв зам руу дөхөөд ирсэн. Тэр үед бид хоёрын ард 3 ах чанга юм яриад явж байсан. Тэр 3 хүн бид хоёрыг харсан юм шиг байгаа юм. Тэгээд Чинзориг тэр 3 хүн рүү үхсэнээ хараад байгаа юм хөгшин төгцөг минь гэж хэлсэн. Тэр үед нөгөө 3 ах юу гэнэ ээ гэж хэлээд хүрээд ирсэн. Би тэр 3 ахаас уучлаарай, манай найз согтуу байна гэж хэлсэн чинь Чинзориг тэр 3-т уурлаад, араас нь орилоод байсан. Тэгээд Чинзориг тэр 3 ах руу дайрахаар нь би Чинзоригийг цааш түлхсэн. Тэр үед Чинзориг тэр 3 ахын нэгийг гараа далайгаад хүчтэй цохьсон. Тэгээд би Чинзоригийг араас тэврээд авсан. Тэгтэл нөгөө цохиулсан ах дахиад хүрээд ирсэн. Тэр үед миний араас нэг хүн хүзүүгээр боогоод, хойш татсан. Тэр үед Чинзориг нөгөө ахын нүүрэнд нэг удаа цохьсон ... Тэмүүлэн ирээд намайг салгасан, намайг яв гэж хэлсэн. Тэгээд би буцаад караоке руу ороод өөрийн болон бусад хүмүүсийн хувцасыг хамж аваад гарч ирсэн. ... Намайг хараад нөгөө 3 ахын Богд-Эрдэнэ гэдэг нь хамт байсан энэ байна шүү дээ гэж хэлээд над руу дайрсан. Би тэр үед зугтаасан. Тэгээд тэр ах намайг 2 удаа цохьсон ... Миний харснаар Батжаргал гэдэг хүнийг Чинзоригоос өөр хүн цохиж зодоогүй ... гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/,

          

           Мөрдөн байцаалтад гэрч М.Дөлгөөний өгсөн:

 “... Би 2016 оны 09 дүгээр сарын 11-ний орой 17 цагийн үед Нийслэл зочид буудалд ажилдаа ирсэн. ... би гадаа тамхи татаж байсан. ... буцаад орох гэж байхад манай компаний захирал Богд-Эрдэнэ менежер Батжаргал  болон нэг танихгүй ахын хамт 3-уулаа гарсан. Тэгээд би зөрөөд текний ард зогсож байтал 2-3 хүн буцаж орж ирээд, гадаа зодоон гэж хэлсэн. ... Би яваад очиход менежер Батжаргал ах нэг машины хажууд суусан, доошоо тонгойсон, хамраас цус гарсан, захирал Богд-Эрдэний хувцас урагдсан ... Өлзийбаатар гэх ахыг төрсөн өдөр тэмдэглэж байсан залуучуудын нэг нь заамдсан, хамт явж байсан хоёр залуу салгаад зогсож байсан. Тэгээд би очоод салгаад, Өлзийбаатар ахыг Батжаргал, Богд-Эрдэнэ ах хоёр дээр авч ирж өгсөн. ... Батжаргал ахыг хэн зодсныг хараагүй ... зодоонд оролцоогүй 4-өөс 5 залуу орж ирсэн уучлалт гуйгаад, тэр залуучууд гайгүй уучлалт гуйгаад ухамсартай залуучууд байсан...”  гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р хуудас/,

 

              Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12695 дугаартай:

              1. Батжаргалын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн доод хана, зүүн гайморын хөндийн урд хана, хамар ясны хугарал, зүүн гайморын хөндийн шингэн хуралдалт, таславчийн мурийлт, уруулын дотор салстын язарсан шарх бүхийн гэмтлүүд тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

              3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна

              4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 34-р хуудас/,

 

            - Хохирогч Д.Батжаргалын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 61-66-р хуудас/,

- Хохирогчийн хохирлын баримтууд /хх-ийн 70-74-р хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 75-р хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16-р хуудас/,

 

шүүгдэгч Э.Чинзоригийн хувийн байдалтай холбоотой:

             Мөрдөн байцаалтад гэрч Э.Батзоригийн өгсөн:

   “...Миний дүү Чинзориг нь ээж, аав, ах эгч нарын үгнээс гарч байгаагүй, үгэнд сайнд ордог, дуулгавартай, гэр орондоо хөдөлмөрч, ажилч, ээждээ тусалж дэмждэг, архи тамхи хэрэглэдэггүй, хүнд тусархуу сурч байгаа мэргэжилдээ маш их сонирхолтой ... урд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. ... энэ хэргийн талаар ярихдаа маш их гэмшиж байгаагаа хэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

 

             Мөрдөн байцаалтад гэрч П.Байгалмаагийн өгсөн:

“...Миний хүү гэрийн ажил, төрөлд сайн, ээждээ тусалж дэмждэг ... нийгмийн идэвхи сайтай, хоёр удаа богино хэмжээний кино зохиож уралдаанд оролцож байсан. ... надад ярихдаа маш их гэмшиж байгаа...гэж ярьж байсан... ” гэх мэлдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

              - Э.Чинзоригийн АСАП сангийн лавлагаа /хх-ийн 77-р хуудас/,

              - Э.Чинзоригийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51-р хуудас/,

              - Сити их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 67-р хуудас/,

   - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Э.Чинзориг нь 2016 оны 9 дүгээр сарын 11-12нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороны нутаг дэвсгэрт байрлах “Хөх Монгол”  рестораны гадаа согтуурсан үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Д.Батжаргалыг шалтгаангүй цохиж зодон бие махбодид нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн доод хана, зүүн гайморын хөндийн урд хана, хамар ясны хугарал, зүүн гайморын хөндийн шингэн хуралдалт, таславчийн мурийлт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Э.Чинзоригийн “...Би тэр үед эргээд харсан миний ард явж байсан 3 ахтай мөргөлдсөн, тэр ах яаж байгаа юм бэ гэхээр би уучлалт гуйсан тэгсэн тэр ах нар хэрүүл хийгээд байхаар нь хөгшин төгцөг минь гэж хэлсэн чинь нэг өндөр ах хамт явж байсан найз Цэнддоржиийг боосон, тэгтэл Батжаргал гэдэг ах гараа атгаад урагшаа цохих гээд над рууд дайрахаар нь би сандраад бие хамгаалах гээд нүүр рүү нь нэг удаа цохьсон, хажууд байсан хоёр ах намайг хэд цохьсон тэгэхээр нь би нүүрээ хамгаалж байгаа дахин нүүр лүү нэг удаа цохьсон... Дээрх гэмтлийг би учруулсан, надаас өөр хүн цохиж зодоогүй...Би Батжаргалд 2.000.000 төгрөг өгсөн.... Би Батжаргал гэх хүнийг таньдаггүй байсан, ямар нэг өр авлага өс хонзонгийн маргаантай зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад хохирогч Д.Батдоржийн өгсөн “...Өлзийбаатарын өөдөөс нэг танихгүй 22 орчим насны болов уу гэмээр өндөр туранхай залуу ирээд Өлзийбаатарыг хөгшин төгцөг минь гэж хэлээд бариад авахаар нь би түрүүлж очоод болио гэж хэлээд салгах хооронд тэр залуу миний нүүрэн тус газар цохиод доош тонгойход нөгөө залуу миний нүүр рүү өшиглөсөн тэгээд би түр зуур ухаан алдаж унасан, ...миний хамраас маш их цус алдаж байсан тул цагдаад дуудлага өгчихөөд шууд гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлсэн. ... Намайг Чинзориг зодож миний биед гэмтэл учруулсан, өөр намайг зодсон хүн байхгүй ... гэх,

гэрч П.Цэнддоржийн“...Чинзориг тэр 3 хүн рүү үхсэнээ хараад байгаа юм хөгшин төгцөг минь гэж хэлсэн. Тэр үед нөгөө 3 ах юу гэнээ гэж хэлээд хүрээд ирсэн, би тэр 3 хаас уучлаарай манай найз согтуу байна гэж хэлсэн чинь Чинзориг тэр 3-т уурлаад араас нь орилоод байсан. Тэгээд Чинзориг тэр 3 ах руу дайрахаар нь би Чинзоригийг цааш түлхсэн. Тэр үед Чинзориг тэр 3 ахын нэгийг гараа далайгаад хүчтэй цохьсон. ... тэр үед Чинзориг өнгөө ахын нүүрэнд нэг удаа цохьсон...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12695 дугаар дүгнэлт, хохирогч Д.Батжаргалын өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Чинзоригийн өмгөөлөгч Б.Билгүүн, З.Хүрэлсүх нар хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэрч, хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцлээ.

 

Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох үүднээс талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралд гэрч П.Цэнддорж, шинжээч Ц.Оюунцэцэг нарыг оролцуулсан шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримтын талаар ноцтой зөрүүтэй мэдүүлээгүй тул хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Э.Чинзоригийг согтуурсан үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн бусдыг шалтгаангүй цохиж зодон, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Батжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7 сая төгрөг үүн дээр өмгөөлөгчид төлсөн 1,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөг нэхэмжилж буй талаар хохирогч өмгөөлөгч Б.Тамир мэтгэлцсэн /хх 7-р хуудас/ үүнээс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сөүл хот руу ниссэн нислэгийн үнэ болох 1,823,800 төгрөгийг ямар зорилгоор нисэх болсон гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцоолох бусад баримт, түүнчлэн өмгөөлөгчид төлсөн гэх 1,000,000 төгрөгийн хувьд өмгөөлөгч хүлээж авч ногдох татварыг төлсөн баримт байхгүй зэргийг харгалзан үзэж хохирлыг тооцоолох боломжгүй байна гэж шүүх үзлээ.Харин 711,200 төгрөгийн /хх 72, 74-р хуудас/ нотлох баримт хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Э.Чинзориг нь 2,000,000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн /хх 75-р хуудас/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Иймд хохирогч Д.Батжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээттэй үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Чинзориг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн томографиккийн 4 ширхэг зургийг хохирогч Д.Батжаргалд буцаан олгож,  битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Чинзориг цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаярын Чинзоригийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чинзоригийг 3 (гурав) жил 01 (нэг) сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Чинзоригт оногдуулсан 3 жил  01 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Чинзориг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Батжаргалд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Д.Бажаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн томографиккийн 4 ширхэг зургийгхохирогч Д.Батжаргалд буцаан олгосугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Чинзоригт оногдуулсан 3 (гурав) жил 01 (нэг) сар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх  дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Чинзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Чинзоригт авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ