Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 01398

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Ч.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З аймгийн И сумын харъяат Баян-Ухаа багт амьдардаг бөгөөд Хөвсгөл аймгийн харъяат Ж.Б-тай 2015 онд танилцаад бид 8 сарын 4-нд хуримаа хийж айл гэр болон амьдарч байсан юм. Амьдарч байх хугацаанд охин М   2015 оны 8 сарын 22-нд төрсөн бөгөөд бид Их-Уул суманд амьдарч байсан юм. Б бид амьдарч байхад хоорондоо таарч тохирохгүй, чи юутай ирсэн юм, зайл гээд байнга хөөдөг болоод 2018 оны 6 сард салаад Х аймгийн Ж сум руу явснаас хойш өдий хүрсэн. Одоо бидний хооронд ямар ч харьцаагүй, энэ хугацаанд охинтойгоо ч уулзаагүй. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй. Ж.Б бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй тул цаашид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

   Нэхэмжлэгч Ч.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2015 онд танилцаж хамтран амьдарсан. 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр охиноо төрүүлсэн. Одоо эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан... гэв.

Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ж.Б би Ч.Б-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Ж.Б нь Ч.Б-ийн 2015 онд танилцан үерхэж байгаад 2015 оны намар нэг гэртээ орсон бөгөөд бидний дундаас 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр охин Б.М төрсөн. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа үзэл бодол таарч тохирохоо байж цаашид амьдрал боломжгүй болоод 2019 оны намар 8 сард сална гэж гэрээсээ яваад эргэж ирээгүй юм. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хүүхэд маань надаар овоглогдсон юм. Эхнэр Ч.Б нь гэрээсээ явснаас хойш би охинтойгоо уулзах гэж хэд хэдэн удаа очсон боловч аав, ээж нь чиний хүүхэд биш, чамтай уулзуулахгүй гээд уулзуулаагүй, харин би эхнэртэйгээ уулзсан. Одоо Ч.Б нь өөрөө салж, тусдаа амьдрахаар шийдвэр гаргаад шүүхэд өргөдөл өгсөн байгаа учраас миний зүгээс хамт амьдрах гээд зүтгээд хүчлээд ч нэмэргүй гэж бодож байна.

Иймд Ж.Б би охин Б.М-д хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Ж.Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч Ч.Б нь жирэмсэлж тэдний дундаас охин Б.М  төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хэрэгт авагдсан:

2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Цагаан гэрүүд овогт Бямбажаргалын Мөнхзул /РЕ15282222/-ийн 6719000099 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатчаар гэрчлүүлсэн/

Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Ариунзаяагийн   2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “ Б овогтой М нь З аймгийн Т сумын  нэгдсэн эмнэлэгт 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Одоо  эсэн мэнд бойжиж байгаа нь үнэн болно. “ гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Ц овогт Бямбажаргалын М-д эцэг Ц овогт Ж.Б-аас хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;

40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж заасан байх тул охин Б.М-д эцэг Ж.Б-аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т тус тус зааснаар хүүхдэд тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Ч.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.214  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-аас 34.214  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2-д зааснаар  Ц овогт Б.М-д 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг  Ц овогт Ж.Б-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.214  /гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-аас 34.214  /гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгосугай.

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА