Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2016/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0093/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгч Э.С  /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Э-ийн  С ад холбогдох 201609000083 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт Э-ийн  С , /регистрийн дугаар: ........ /, ........ суманд .......... төрсөн, ........  настай, эрэгтэй, ........  тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, ...... мэргэжилтэй, .........  нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ......... -ны өдөр Увс аймгийн Сум дундын шүүхийн .... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 01 сар хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 8 сарын хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Э.С  нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчим .................. тоотод оршин суух иргэн Д.А ын гэрт хууль бусаар нэвтрэн орж зөөврийн компьютер, бэлэн 21,000 төгрөгийг хулгайлан авч бусдад 671,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/


ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.С ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ..............  тоотод оршин суудаг миний хүргэн ах Э ийн гэрт хажуу айлын хүн болох А  гэдэг хүн гэрийнхээ түлхүүрийг хүргэн ахынд үлдээж явдгийг би мэдээд гэр нь эзэнгүй байх үеэр нь буюу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 цагийн орчим шөнө хүргэн ахын гэрээс А ын гэрийн түлхүүрийг авсан. Тэгээд шууд А ын байшингийн хаалгыг түлхүүрээр онгойлгож ороод байшингийн жижиг өрөөнийх нь сервантны хажууд байсан бор, шар өнгийн гадартай Аcer маркийн нөүтбүүкийг аваад хүргэн ахын хашаанд 00-ынх нь ард нууж тавиад маргааш нь биржийн урдаас харсан байрны дор байдаг “........ ” ломбардад 200,000 төгрөгт барьцаалах гээд хүнээс нь асуугаад нөүтбүүкээ асааж шалгуулсан. Тэгсэн ломбардны ажилтан эгч нөүтбүүкийг асааж үзээд гэнэт “чи Н-ыг таньдаг юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би таньдаг гэтэл тэр эгч за чиний нөүтбүүкийг 170,000 төгрөгт авъя гэхээр нь би үгүй ээ барьцаалахаа болилоо гэж хэлээд нөүтбүүкийг аваад тэндээс гарсан. Тэгтэл цагдаа нар ирээд намайг барьсан. Би цагдаад баригдаж хулгайлсан нөүтбүүкээ А т хүлээлгэн өгсөн. Нөүтбүүкийг би ганцаараа хулгайлсан. Мөнгө хэрэгтэй байсан учраас зарах зорилготой хулгай хийсэн. Миний буруу би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би нөүтбүүк болон бэлэн 21,000 төгрөгийг А ын гэрээс хулгайлсан. Хулгай хийсэн 21000 төгрөгөөр би 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр архи уусан. Миний буруу энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хурал болохоос өмнө энэ 34,000 төгрөгийг төлж барагдуулна /хавтаст хэргийн 32 дахь тал/, ...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, цаашид ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарна, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, ахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна” гэх мэдүүлэг

Хохирогч Д.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Манайх ...........  тоот хаягт амьдардаг. 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би .......-ийн хамт Улаанбаатар хот уруу явахдаа гэрээ эзэнгүй үлдээж байгаа тул галлаж байгаарай гэж хэлээд хамаатны хүн болох У  эгчид гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн. Тэгээд У  эгч ажилтай болчихлоо гэхэд нь Э  ахынд манай гэрийн түлхүүрийг үлдээчих гэж ээж хэлсэн байсан. Э  ах нь У  эгчийн хамаатны айл бөгөөд манай хашаанд монгол гэртэй амьдардаг. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр миний төрсөн ах Н  миний гар утас уруу залгаад “чиний нөүтбүүк хаана байгаа вэ” гэхээр нь би гэрт байгаа гэхэд, нөүтбүүк чинь ломбардад барьцаанд тавигдахаар ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд манайх эзгүй байсан тул хулгай орсон байна гэж бодоод ээж У  эгч уруу ярьсан. Ингээд хулгай орсон нь тодорхой болоод бид нарыг Улаанбаатар хотоос тухайн өдөр ирэхэд С  өөрөө миний нөүтбүүкийг авчирч өгөөд надаас уучлалт гуйсан. С  хэлэхдээ “танай гэрийн түлхүүр Э  ахынд байхыг мэдээд түлхүүрийг чинь аваад гэрийг чинь онгойлгоод орсон. Нөүтбүүкийг чинь хулгайлсанд уучлаарай гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдээд хулгайн талаар мэдүүлэг өгөхдөө би эхлээд зөвхөн нөүтбүүкээ алга болсон гэж бодоод нөүтбүүкээ үнэлж мэдүүлсэн. Гэтэл дараа нь гэрээ шалгаж үзэхэд миний өрөөнд буюу байшингийн жижиг өрөөнд зурагтны суурин дотор байсан бэлэн 21,000 төгрөг алга болсон байсан. Нөүтбүүкийн хувьд хэвийн ажиллагаатай байгаа, нөүтбүүкээ буцааж авсан тул гомдолгүй. Алга болсон 21,000 төгрөг болон нөүтбүүкийнхээ үнэлгээг хийлгэсэн 10,000 төгрөг мөн би энэ хэргийн улмаас цагдаад ирж мэдүүлэг өгөхөд гарсан унааны зардал болох 3000 төгрөг нийт 34,000 төгрөгийг нэмж С аас нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/, 

Гэрч А.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д  ахынхан гэр бүлээрээ Улаанбаатар хот уруу явахдаа манай гэрт гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн. Тухайн өдөр 22 цагийн орчим хадам дүү С  манай гэрт ирээд унтаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01 цагийн орчим найз охиноо хүргэж өгчхөөд ирье гэж гарч яваад 02 цагт найз охиноо хүргээд өгчихлөө гэж буцаж ирсэн. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өглөө С  явахдаа өчигдөр шөнө найз охиноо хүргэж өгчхөөд ирж байхад хоёр залуу танай хашааны буланд тааралдсан. Тэр хоёр миний хажуугаар зөрж өнгөрөхдөө нэг зүйл унагачихсан гэж хэлсэн. Би С ыг явсны дараа Д  ахын байшингийн бүрэн бүтэн байдлыг шалгахад хэвийн байсан. Тэгээд 11 цагийн орчим манай хадам эгч У  нөхрийнхөө хамт манай гэрт ирээд Д  ахынд чинь хулгай орсон байна, нөүтбүүкийг нь ломбардад барьцаалсан байна гэж хэлсэн. Д  ахын гэрийн түлхүүр манай гэрийн шкафны өлгүүрт өлгөөтэй, ил харагдаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, 

Гэрч Д.У гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... .........  гэсэн дугаараас Ц  эгч миний .........  гэсэн дугаар уруу залгаад “манай гэрт хулгай ороод миний хүүхдийн нөүтбүүк ломбардад барьцаанд тавигдах гэж байна, би чамд түлхүүрээ үлдээсэн яасан бэ” гэж асуусан. Ц  эгч надад орой гэрт орж гал түлчхээд Э ийнд манайт түлхүүрийг үлдээчих гэж хэлсэн. Тэгээд би орой 20 цагийн орчим Э , Ц  эгч хоёрын гэрт нь орж галыг нь түлчхээд Э ийн гэрийн гадаа байх хувин доогуур хийгээд Э т утсаар Ц  эгчийн түлхүүр хаана байгаа талаар хэлсэн. Ц  эгч над уруу залгаад манай гэрт хулгай ороод нөүтбүүк алга болсон байна гэж хэлэхэд хулгайн хэрэг үйлдсэн хүн нь С  гэдгийг таамаглаж байсан. Тэгээд цагдаа нар ирээд С-ыг авч яваад хулгайн хэрэг үйлдсэн гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/, 

Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2016 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн орчим барьцаалан зээлдүүлэх төв дээрээ ирж ажилдаа орсон. Тэгтэл өдөр 14 цагийн орчим 170 см өндөртэй, улаан хацартай, 20 орчим насны залуу орж ирээд нөүтбүүк авах уу гээд Аcer маркийн i-3 үзүүлэлттэй бор шаргал өнгийн зөөврийн компьютерийг хар өнгийн үүргэвчээс гаргаж ирээд үзүүлсэн. Тэгээд би компьютерийг асааж үзэхэд компьютерийн дэлгэц дээр Н  гээд манай нөхөр Р-ийн найзынх нь зураг байхаар нь би тэр зөөврийн компьютер барьцаалах гэж байсан залуугаас “энэ чиний компьютер юм уу?” гэж асуухад тэр залуу “мөн, би найзаасаа худалдаж авсан юм” гэж хариулахаар нь би “хэн гэдэг хүнээс худалдаж авсан юм бэ? гэж асуусан чинь Д гэж хариулсан. Тэгээд би Н -с худалдаж авсан юм байна гэж бодоод “Н ас худалдаж авсан юм уу, хэзээ худалдаж авсан юм” гэж асуухад тэр залуу “Н ас цагаан сарын дараа худалдаж авсан” гэж хэлсэн. Тэгээд би компьютерийг нь шалгаж дуусаад барьцаанд авч болохоор юм байна, цүнхэндээ хийгээд цэнэглэгчтэй нь өгчих гээд компьютерийг нь буцааж өгөхөд тэр залуу нэг хүнтэй утсаар “хаана байна, Гандан дээр байгаа юм уу, одоо очлоо” гэж ярьснаа надад компьютерийг барьцаанд тавихаа больчихлоо гэж хэлээд буцааж цүнхэндээ хийгээд гараад явсан. Тэгээд би Н-ын ....... гэсэн дугаарын утас уруу өөрийнхөө ........  дугаарын утсаараа залгаад “чи нөүтбүүкээ хүнд зарсан юм уу, чамд I-3 үзүүлэлттэй бор шаргал өнгийн нөүтбүүк байдаг юм уу” гэж асуухад Н  надад хэлэхдээ “миний дүүдээ өгсөн нөүтбүүк юм шиг байна, асуугаад хариу хэлье” гээд утсаа салгасан. Удалгүй 5 орчим минутын дараа Н  над уруу залгаад “манай дүүгийн нөүтбүүк мөн байна, дэлгэцэн дээр манай гэр бүлийн зураг байгаа” гээд манай гэрт хулгай орсон юм шиг байна, би хүн явуулаад гэрээ шалгуулаад хариу хэлье гээд утсаа салгасан. Тэгээд надаас нөүтбүүк барьцаалах гэж байсан залуугийн гадна төрхийг асууж байгаад найз нь таних юм шиг байна, манай хажуу талын айлд ирдэг хүүхэд юм шиг байна гэж Н  хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, 
    
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-6 дахь тал/,

2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/20 дугаартай “......... ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээ /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/, 

2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 62-63, 78-81 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Э.С  нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчим .................. тоотод оршин суух иргэн Д.А ын гэрт хууль бусаар нэвтрэн орж зөөврийн компьютер, бэлэн 21,000 төгрөгийг хулгайлан авч бусдад 671,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. 

Аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Б.С ыг бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтрэн орж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Д.А т шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний .........  дугаарын утас уруу залгахад “Нөүтбүүкээ авсан тул Э.С аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэсэн тайлбар өгсөн, хохирол нөхөн төлсөн талаарх баримт ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй байна.

Шүүгдэгч Э.С  нь урьд 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ........  аймгийн Сум дундын шүүхийн ......  дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 01 сар хорих ял шийтгүүлж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 8 сарын хугацаагаар хойшлуулсан, хамгийн сүүлд хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлснээс хойш ялтайд тооцогдох хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.С  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Мөн шүүгдэгч нь өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.С  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Б  овогт Э-ийн  С ыг орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б  овогт Э-ийн  С ыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.С ад оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Э.С  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Э.С ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жил /хоёр/-ийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул, Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг Э.С ад мэдэгдсүгэй.
7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    
8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.С ад бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГЭРЭЛТ-ОД