| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01059/И |
| Дугаар | 01413 |
| Огноо | 2020-07-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 01413
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Н,
Хариуцагч Б.Г нарт холбогдох,
Гэм хорын хохирол 3.769.892 / гурван сая долоон зуун жаран есөн мянга найман зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй 155/2020/01059/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Э, иргэдийн төлөөлөгч Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г овогтой А гэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө 05 цагийн орчимд миний охин Б.А-г гэрээс нь авч өөрийн жолоодсон машинд суулган Х тосгон руу авч явсан. Ингэж явахдаа өөрөө архидан согтуурч өөрийн эзэмшин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан Тоёота алион загварын 05-60 Хөв улсын дугаартай тээврийн хэрэгслийг насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох М.Н-д шилжүүлснээс М.Н нь осол гаргаж уг тээврийн хэрэглээр зорчиж явсан миний насанд хүрээгүй охин Б.А-ийн амь насыг хохироосон. Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж 2019/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолоор Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, түүнд 1/ нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн нэг жилийн хугацаагаар хойшлуулж, хохирогч нарыг сэтгэл санааны болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар М.Н, иргэний хариуцагч Б.Г нараас нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн. Би 2014 оноос Монгол-Япон хоёр улсын ажил олгогч байгууллагуудын хэлцлээр Япон улсын “Ямагашизүмү” компанид албан ёсны хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан учир охиныхоо оршуулгын ажил явдалд оролцохоор Япон улсаас БНСУ-аар дамжин Монголд ирэхэд болон Монгол улсаас БНСУ-аар дамжин Японд буцахад зарцуулсан зардал болох 5.955.092 төгрөг, 2017.04.22-ны өдрөөс 5 дугаар сарын 22-ны хүртэл нийт ажлын 26 хоног буюу 208 цаг ажилгүй байсан хугацааны цалингийн орлого 3.660.800 төгрөг, бусад зардалд зарцуулсан 2.215.312 төгрөг нийт 9.615.892 төгрөг нэхэмжилсэн, үүнээс 2020.08.09-ний байдлаар буюу хэргийг шийдвэрлэх хүртэл хариуцагч нар нь 8.061.000 төгрөг төлсөн үлдэх 1.554.892 төгрөг, хэргийг бүтэн 2 жил 3 сар гаруй хугацаанд шалгаж шийдвэрлэх явцад өмгөөлөгч нарт төлсөн өмгөөллийн хөлс 2.000.000, эгчийгээ зуурдаар алдсан 8 настай охиндоо сэтгэл зүйн зөвлөгөө авахад төлсөн 105.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх явцад УБ-Мөрөн, Мөрөн-УБ хооронд зорчсон замын зардал 110.000 төгрөг нийт 3.769.892 төгрөгийг нэхэмжилж байна. Охиноо зуурдаар алдсаны улмаас сэтгэл санааны хямралд орж, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас Япон буцаж очсоны дараа ажлаа хийж чадахгүй болж 3 сарын туршид сэтгэцийн эмчилгээ хийлгэсний зардал болон хоёр улсын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй буцаж ирсэн тул 3 жилийн туршид төлсөн татварын буцаан олголт болох 28.000.000 төгрөг гээд нийт 42.000.000 төгрөгийг зардал гарсан боловч би үүнийг нэхэмжлээгүй. Иймд М.Н, иргэний хариуцагч Б.Г нараас одоо нэхэмжилж буй 3.769.892 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Х аймгийн А сумын Эрхэлийн хөндийд тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.Н-ийн буруутай үйл ажиллагааны улмаас онхолдож Н.А-ийн ам нас хохирсон. Тухайн үед талийгаач өвөө эмээ дээрээ амьдарч байсан. Өвөө, эмээ нь оршуулгын зардлыг гаргасан байгаа. Япон, Монгол Улс хоорондын хөдөлмөрийн гэрээгээр Япон улсын Нагояа хотод ажиллаж, амьдарч байсан ээж нь охиныхоо оршуулгын ажилд оролцохоор ирсэн.
Ирээд оршуулгын ажилд оролцоод Сөүлээр дамжиж буцсан. Энэ зардалтай холбоотой 9,615,892 төгрөгийн баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн хувьд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхийн тулд их хичээсэн. Нийт 8,061,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн юм. Нэхэмжлэгчийн хувьд Б.Г-т ихээхэн гомдолтой байдаг. Учир нь эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр “та нар охиноо харж байхгүй яасан юм, хохь чинь” гэж хэлээд инээж хүн чанаргүй зан гаргасан.
Эрүүгийн хэрэг 2 жил 3 сарын дараа эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд өмгөөлөгч Б.У, мөн миний бие тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “шууд хохирлыг хохиролд тооцно”, “хохирол учирсантай холбоотой гарсан үр дагаврыг хор уршигт тооцно” гэж заасан. Хэрвээ Б.Г нь хайхрамжгүй байдал гаргаж машин жолоодож явахдаа архи уусан, жолоогоо Б.Н-д шилжүүлж, дүрэм зөрчөөгүй бол талийгаач охин өнөөдөр амьд байх байсан.
Үүнтэй холбоотой эрх зүйн туслалцаа үзүүлсэн бөгөөд энэ өмгөөлөгчийн хөлс заавал төлөгдөх ёстой. Хуульд ч мөн адил ингэж заасан. Тухайн үед эгчийгээ нас барахад 8 настай байсан дүүд нь сэтгэлзүйн эмчилгээ шаардлагатай болсон. Гэхдээ энэ бол зөвхөн оношлогоо юм. Яг ямар эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй байгаа. Зөвхөн зөвлөгөө өгсөн хөлс нь 105,000 төгрөг болсон. Нэг сард 60,000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч зөвлөсөн байдаг. Ээж, аав 2 нь Мөрөн-Улаанбаатарын хооронд явж шүүх хуралдаанд оролцсон. Энэхүүү замын зардал болох 110,000 төгрөг болсон. Ингээд нийт 3,769,862 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. 3,769,892 төгрөгийн 1,554,000 төгрөг нь хохирол тооцогдож баталгаажсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зааснаар бусад хохирлоо Иргэний хэргийн журмаар гаргуулах эрхтэй гэж заасан. 105,000 төгрөг нь сэтгэцийн эмчээс зөвлөгөө авсан мөнгө, харин 2,000,000 төгрөг нь өмгөөлөгчийн хөлс юм. Б.Ганхуяг машинаараа хохирсон тул гэм бурууг хариуцахгүй гэдэг. Энэ тохиолдолд жолоочийн гэнэтийн ослын даатгал хийлгэх ёстой. Тухайн тээврийг хэрэгслийг эзэмшигчийн хувьд бусдын амь бие эд хөрөнгөд хохирол учруулах юм бол түүнийг төлөхөөр даатгалын компанитай гэрээ байгуулсан. Б.Н-д жолоогоо шилжүүлсэн н.А-ийн буруу байсан боловч ял завшаад хариуцлага хүлээгээгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Энэ зохицуулалтын дагуу хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэгт хэрэгсэхгүй болгосон боловч бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн журмаар шүүхэд хандах эрхтэй гэж заасан учраас нэхэмжилж байгаа. Миний тооцоогоор 7,566,000 төгрөг төлөгдсөн байдаг. Нотлох баримтуудаа цуглуулахаар ийм үнийн дүн гарч байгаа. Харин н.С-д өгсөн мөнгө бол хамааралгүй юм. Нийт 15,000,000 төгрөг болсноос 12,000,000 гаруй төгрөг нь төлөгдсөн. Одоо 3,000,000 төгрөг үлдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт л маргаан гарч байгаа. Нэхэмжлэл дээр тодорхой дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл Б.У өмгөөлөгчийг эрүүгийн хэрэг дээр оролцуулсан 1,000,000 төгрөг, миний бие иргэний маргаанд оролцож байгаа тул 1,000,000 төгрөг гэж бичсэн. 769,892 төгрөгийн 20 хувийг нь М.Н-аас гаргуулж, үлдэх хэсгийг нь Б.Г-аас гаргуулах саналтай байна. 2,000,000 төгрөгийг нь Б.Г-аас гаргуулж, үлдэх 1,769,892 төгрөгийг М.Н-аас гаргуулна ...гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Н нь тус шүүхэд 3.769.892 төгрөг гаргуулах тухай М.Н, Б.Г нарт холбогдох нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Д.Н-аас нэхэмжилж буй гэм хорын хохирол 3.769.892 төгрөгөөс иргэний хариуцагч Б.Г 1.000.000 төгрөгийг Д.Н-д болон талийгчийн өвөө С нарт төлсөн. Манай гэр бүлээс хүү М.Н-ийн төлбөл зохих 2.769.892 төгрөгийн төлбөрийг Д.Н-д бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс ямар ч шийдвэр гарсан бай хүндэтгэж үзнэ. Миний хүү тэр өдөр гэртээ унтаж байсан бол ийм зүйл болохгүй байсан. Хариуцагч Б.Г-ийн тал энэ асуудал дээр сэтгэл гаргах ёстой гэж бодож байна. Тиймээс төлбөрийг тодорхой хэсгийг Б.Г-аас гаргуулж өгнө үү гэж хүсч байна. Би нийт 9,000,000 гаруй төгрөг төлсөн. Дараа нь 2,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг төлсөн байгаа. Гэхдээ яг нарийн тооцож үзээгүй. Тухайн өдөр н.А нь бүжгийн заалнаас хүний утас хулгайлсан байсан. Утсаа алдсан хүн араас нь сэржим өргөөд ийм зүйл болсон байдаг. Манай хүү талийгаач охин болон н.А нарыг огт танихгүй. н.А талийгаач охинтой 7 хоног үерхсэн нэртэй манай хүүг гэртээ унтаж байхад нь Хатгал руу дагуулж авч явсан. Хатгалд очоод насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гээд 2-3 удаагийн үйлдэлтэй хүн өнөөдөр гэмгүй ял завшсан. Эцэст нь хэлэхэд төмрөөр хүний амийг сольж болохгүй, тэгж зүйрлэмгүй зүйл... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Нын хариуцагч М.Н, Б.Г нараас гэм хорын хохирол 3.769.892 төгрөг гаргулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, уншиж танилцлаа. Тус хэрэгт холбогдох эрүүгийн хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр шийдвэрлэсэн ба иргэний хариуцагч болох Б.Г-аас 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хохирол төлбөрт төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Б.Г нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр талийгч охины өвөө С-ын 5890504722 тоот дансанд 500.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр нэхэмжлэгч Д.Н-ын 5890597219 тоот дансанд 500.000 төгтөгийг тус тус шилжүүлсэн ба түүнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газрын 2020.02.28-ны өдрийн 2/166 тоот шийдвэрээр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарсан байдаг. Тиймээс хариуцагч Б.Г-ийн хувьд өөрөөр нэхэмжлэгч Д.Н-д хохирол төлбөр төлөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь 3.769.892 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа батлах, нотлох баримт гаргаж өгөөгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь түүний 14,000,000 төгрөгийн үнэтэй авто машин нь дахин ашиглах боломжгүйгээр эвдэрсэн. Тухайн үед тээврийн хэрэгслийг М.Н жолоодож явсан. Б.Г машинаа зээлээр авсан ба сар бүр зээлээ төлсөөр байгаад дуусгасан. Энэ хохирлыг бид нар өөрсдөө барагдуулъя гэж эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа хэлж байсан. Энэ асуудалд Б.Г-ийг илтэд буруутгаж хохирол төлбөр төлөх ёстой гэж болохгүй. Ямар ч байсан иргэний хариуцагчаар шүүх хуралдаанд оролцож шүүхээс тогтоосон төлбөрийг нь бүрэн төлсөн. Тиймээс цаашид хохирол төлбөр төлөх бүрэн үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирол төлбөрт үлдэгдэл гэх 1,554,892 төгрөг нь яг юу нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 8,000,000 гаран төгрөгийг нь шийдвэрлээд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нь хариуцагч Б.Г, М.Н нараар төлүүлэхээр болсон. Үүнээс 1,000,000 төгрөгийг нь төлж барагдуулсан. Мөн сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан гэх 105,000 төгрөгийг төлсөн байхад дахин нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Тийм, гэм буруутай этгээд нь хохирол төлбөрөө төлөх ёстой. Өөрөөр хэлбэл гэм буруутай этгээд нь Б.Н, харин Б.Г бол тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч юм. Тиймээс Б.Г-ийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татаж, шүүхээс 1,000,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хэрвээ Иргэний хуульд зааснаар машины төлбөрийг Б.Н-аас нэхэмжлэх боломжтой. Гэтэл тэгээгүй өөрсдөө машиныхаа зээлийг төлсөн. 14,000,000 төгрөгийг Б.Г нь 2 жил гаран барилгын ажил хийж байж цуглуулсан байдаг. Энэ бол хүний хөрөнгө юм. Хэрвээ хүн чанар гаргаагүй бол өөрийн тээврийн хэрэгслээ нэхэмжлэх ёстой байсан. Б.Г нь гэртээ унтаад байж байтал хүүхэд нь машин авч явна гэж хэлж байсан. Гэртээ зүгээр байсан хүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй...гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь М.Н, Б.Г нарт холбогдуулан гэм хорын хохиролд 3.769.893 /гурван сая долоон зуун жаран есөн мянга найман зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч М.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолын “Шүүхийн архив хуулбар үнэн” тэмдэг дарагдсан хуулбар 9 хуудас,
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Гончигийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2/208 дугаар “С.Содномбямба нь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүнээр томилогдож, иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж ажилладаг нь үнэн болно” гэх албан бичиг, 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн “...Э-г анх ээж Н сэтгэлзүйн зөвлөгөөнд 2018 оны 7 сард хамруулахаар дагуулж ирсэн...” гэх бичилт бүхий Сэтгэлзүйн эрсдэл нөхцөл байдлын үнэлгээ 1 хуудас, Хохирогчийн овог нэр Б.Э... гэх” Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний үнэлгээний маягт 1 хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Сэтгэл зүйчийн тусламж үйлчилгээний төлбөр авсан тухай” тодорхойлолт 1 хуудас, хөтөч тэмдэглэгээнүүд монгол хэлээр бусад зүйлс өөр улсын хэлээр бичигдсэн “Цалинд өөрчлөлт орох тухай мэдэгдэл” “Хөдөлмөрийн хөлсний төлөх нөхцөл” гэх 2 хуудас баримт, Ханшийн том нэмэлт төлбөр, дүрэм журам, хязгаарлалт, агаарын тасалбар, буцаан олгох, шилжүүлэх, та нэрээ өөрчилж чадахгүй гэх зэрэг зүйлс бичигдсэн нислэгтэй холбоотой баримт 10 хуудас / гадаад хэлээр бичигдсэн баримтуудтай/, зарлагын баримт 1 хуудас, хот хооронд зорчсон, болон буяны ажилд үнэгүй ус өгсний баримт 6 хуудас, Монгол банкны зарласан ханшийн мэдээлэл 1 хуудас, орлогын баримт 1 хуудас зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөрдөгчийн тогтоол 2 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний эх хувь 4 хуудас зэрэг баримтыг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд Б.Э, Б.Г нарын ХААН банкны дансны хуулга 2 хуудас,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газрын “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолын /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ хуулбар 1 хуудас, Магсарын Амаржаргалын ХААН банкны дансны хуулбар 2 хуудас зэрэг баримтуудыг нотлох баримтаар тус тус ирүүлжээ.
Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримт болон зохигчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Х аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 05-60 Тоёота алион маркийн Б.Г-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг М.Н нь согтуугаар жолоодож явахдаа хөдөлгөөний авулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөнөөс осол гарч зорчиж явсан Б.А-ийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдлоо.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,нэр,төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээрийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төхөх үүрэгтэй,
Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч Д.Н нь өөрийн төрсөн охин Б.А-ийн зам тээврийн ослын улмаас нас барснаас үүдэн гарсан хохирлыг хариуцагч М.Н, Б.Г нараас нэхэмжлэх эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Учир нь: нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ...9.615.892 төгрөг нэхэмжилсэн, үүнээс үлдэх 1.554.892 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, эгчийгээ зуурдаар алдсан 8 настай охиндоо сэтгэл зүйн зөвлөгөө авахад төлсөн 105.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх явцад УБ-Мөрөн, Мөрөн-УБ хооронд зорчсон замын зардал 110.000 төгрөг гэжээ.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх 2019/ШЦТ/240 дугаар тогтоолд... хохирогч Д.Н нь Япон улсаас ирж, буцсан замын зардал, цалинд өөрчлөлт орсны зөрүү, өмгөөлөгчийн хөлс, сэтгэл зүйчийн хөлс болох нийт 9.615.892 төгрөг нэхэмжилснээс ...хохирогч Д.Н-д 2.431.000 төгрөгийг, хохирогч Д.Н-д, хохирогч Д.Н-ын ХААН банкны 5890597219 дугаарын данс руу шүүгдэгчээс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 1.840.000 төгрөг, 790.000 төгрөгийг нийт 12.061.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байх тул М.Н-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв...Тогтоох хэсгийн 10-т хохирогч нар нь сэтгэл санааны хохирол болон бусад зардлаа хойшид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай гэж шийдвэрлэсэн байна.
Үүнээс үзвэл тухайн хэрэг шийдвэрлэгдэх үе хүртлэх гарсан хохирлыг Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэн М.Н нь дээрхи шүүхийн шийтгэх тогтоолоор бусдад төлөх өр төлбөргүй үлдсэн ба харин хойшид гарах хохирол зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхийг дурьдаж шийдвэрлэсэн байх ба үлдсэн хохиролгүй болох нь үүгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь үлдэх 1.554.892 төгрөгийг ямар учиртай хэдэн төгрөгний хохирол төлөгдөөгүй үлдсэн, үүнд юу юуны хохирол төлөгдөөгүй зэргийг тодорхойлоогүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаархи шаардлагаа нотлоогүй,
Түүнчлэн өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гэсэн боловч Х аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн шүүхийн 240 дугаар шийтгэх тогтоолд хохирогч Д.Н-ын нэхэмжилж буй өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов ...гэсэн ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ууганбаяр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн 1.000.000 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгосон, Иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд В.Э өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны 1.000.000 төгрөгийг бас нэхэмжилсэн гэж тайлбарласан.
Гэвч В.Э нь хэзээ, хэнд ямар учиртай үйлчилгээ үзүүлэх болсон, хэрхэн ямар байдлаар үйлчилгээг үзүүлсэн талаархи баримтгүй, хэрэгт 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хавсаргасан боловч энэ нь ямар хэрэгт туслалцаа авсан нь тодорхойгүй, уг гэрээ нь эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэхээс өмнөх хугацаатай байх боловч эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос үзэхэд өмгөөлөгч Ууганбаяр гэснээс өөр өмгөөлөгч уг хэрэгт оролцсон талаар дурьдагдаагүй, /Туслалцаа авсан хэргийнхээ шүүхийн тогтоол, захирамжийг хавсаргаж ирүүлээгүй/
Хэрэг хянан шийдвэрлэх явцад УБ-Мөрөн, Мөрөн-УБ зорчсон 110.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ нь хэзээ, хэн, хаанаас ирсэн, явсан талаар тодорхойгүй, /хэрэгт хавсаргасан зорчигчийн тасалбарууд нь Эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнөх хугацаатай тасалбар байна/,
Мөн нэхэмжлэгч нь эгчийгээ зуурдаар алдсан 8 настай охиндоо сэтгэл зүйчийн зөвлөгөө авахад төлсөн 105.000 төгрөгийг нэхэмжилж сэтгэлзүйн эрсдэлт нөхцөл байдлын үнэлгээ, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний үнэлгээний маягт, сэтгэлзүйчийн төлбөр авсан тухай баримтыг ирүүлсэн хэдий ч эгч А-ийн амь насаа алдсантай шалтгаант холбоотойгоор Б.Э-ийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлсөн талаар оношлогдсон зүйл бичигдээгүй, Б.Э нь хохирогч А-ийн төрсөн дүү мөн эсэх талаархи баримтыг ирүүлээгүй зэрэг байдлуудаас нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг нотлоогүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар хуульчилжээ. Энэ үүргээ нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотлолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ