Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/224

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч М.П,

орчуулагч, хэлмэрч А.А,

шүүгдэгч А.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,  Ш о овгийн Ан Сд холбогдох 2313002320220 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, ам бүл 7, хүүхдүүд, ач, зээ нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш ох овгийн А С, регистрийн дугаар .......

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.С нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Жийн биеийн нүүрний шанаа хэсэгт гутлаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “Хохирогчтой зодолдоно гэж бодож зодолдоогүй. Хоорондоо маргалдсан 2 хүүхэд 10 жил хамт хөрш болсон н.Марат гэх хүний хүүхэд байсан. Хүүхдүүд маргалдсаныг би хараагүй. Хөрш айлуудад хов хэлдэг хүн байсан. Хохирогч манай гэрт ирээд хүүхдүүд зодолдсон талаар хэлэхэд би түүнд хандаж өдөр болгон хүүхдүүд зодолддог асуудлын талаар яагаад хов ярьж байна гэж хэлсэн. Тухайн үед хохирогч хашхирч, намайг хэл амаар доромжилж, хэлэх, хэлэхгүй үг хэлсэн. Хохирогч чи яагаад надад хашхирч байна, чи хов ярьдаг болохоор бусад хөрш нарын гэрт орж чадахгүй байна гэж хэлсэн. Хохирогч намайг зодох гэж дайрсан. н.А хохирогчийг гэрээс гаргах гэж байхад 6 настай хүүхдийн цагаан шаахайг авч надад шийдсэн. Тухайн шийдсэн шаахай нь миний нүүрэн тус газрыг оноосон. Хохирогчийн надад шийдсэн шаахайг эргүүлж шийдэхэд хохирогчийн мөрөн тус газраас зөрөөд үүдний өрөөнд буусан. Тэгж хэрүүл маргаан гарч байх явцад хохирогчийн охиныг хэн дуудсаныг мэдэхгүй манай гэрт хүрээд ирсэн. Хохирогчийн охинд болсон асуудлын талаар тайлбарлаж өгсөн. Дараа нь хохирогч, охинтойгоо хамт гараад явсан. Орой нь эмээ уугаад унтах гэж байхад гэрт цагдаагийн албан хаагч болон хохирогч ирсэн. Та Ж.Жийн шүдийг хугалсан байна гэж хэлсэн. Ж.Ж чи миний шүдийг унгасан гэж надад харуулсан. Тухайн үед би Ж.Жтэй хамт 10 жил хөрш болж ирсэн. Ж.Жд шүд байхгүй, хиймэл шүдтэй гэдгийг хэлсэн. Хохирогчийн дээд, доод шүд нь бүгд хиймэл шүд. Тухайн унасан гэх шүд нь урьд хэсэгт байдаг шүд. Хохирогчийн зөвлөснөөр би бас шүдээ авхуулж байсан. Хохирогчийн унасан гэх шүд нь 2 суурьтай шүд байсан гэдгийг цагдаад хэлж байсан. Та явж болно гэж цагдаагийн албан хаагч хэлснээр би гэртээ явсан. Дараа нь хүргэн хүү маань нас барьж Казахстан Улс руу яваад ирсэн. Казахстан Улсаас ирсний дараа Цагдаагийн байгууллагаас дуудах үед энэхүү асуудлын талаар мэдсэн. Би хохирогчийг зодоогүй. н.А, н.С нараас гэрчийн мэдүүлэг авч өгвөл энэхүү асуудлын талаар тодорхой хэлж өгнө”  гэв.

2. 2313002320220 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Ж.Жээс 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “манай хөрш С гэх эмэгтэй миний биед халдаж шанаа тус газарт гутлаар цохисны улмаас миний 1 шүд унасан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2.2. Хохирогч Ж.Жээс гаргаж өгсөн шүдийг эд мөрийн баримтаар тооцож хүлээж авсан мөрдөгчийн тогтоол, эд зүйл хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

2.3. Хохирогч Ж.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед өөрийн гэрээс гараад хөрш болох М-ын гэрт очиход тэднийх босоогүй байсан тул буцаад гэр лүүгээ явж байхад Ховд голын наад талд нэг эрэгтэй хүүхэд уйлаад сууж байхаар нь яагаад уйлаад байгаа юм бол гэж бодоод хажууд нь очиход бас нэг хөрш болох Маратын 10 настай хүү А байсан. Би Агээс “яагаад уйлаад байгаа юм вэ” гэж асуухад “намайг Берик зодсон” /Берик нь түүний ах нь/ гэж хэлсэн. Тэгээд би түүнд хандаад “чи түүнийг эмээдээ хэлээч дээ” гэхэд “эмээ маань харсаар байж юу ч хэлээгүй зодуулсан” гэж хариулсан. Би түүнд хандаад “тэгвэл чи манай гэрт очихгүй юм уу” гэж хэлэхэд очихгүй гээд суугаад байсан. Тэгээд би Ад хандаад “чи голын ус руу ойртож болохгүй шүү, за юу” гэж хэлээд гэр лүүгээ явсан.

Улмаар орой 18 цагийн үед хөрш М-ын гэрт дахин ирээд сууж байхад А гэх эмэгтэй орж ирээд надад хандаад “толгойны эм байна уу, би эм хайгаад явж байна” гэж хэлж байхад түүний хүү А бас араас нь орж ирсэн. А орж ирээд “та өдөр болсон асуудлыг ээжид хэлээд өгөөч” гэж хэлсэн тул би түүний хариуд “би өдөр Ховд голын эрэгт явж байхад А уйлаад сууж байсан. Би түүнээс юу болсон вэ гэж асуухад Берик зодсон гэж хэлсэн” гэж хэлэхэд А Аг дагуулаад гараад явсан. Тэгээд би Муратын гэрээс 2-3 аяга цай уугаад гарч гэр лүгээ явж байхад С гэх эмэгтэй миний араас хашхираад “хөөш доголон авгай, тахир авгай наашаа ир” гэж дахин дахин хашхирсан тул би хажууд нь яваад очиход С надад хандаад “чи Ад С хүүхдүүдийг чинь зөв харахгүй байна, байнга аргал түүлгэдэг, хоол цай ч өгдөггүй гэж хэлсэн байна, чи муу доголон, тахир авгай, чи байнга архи уудаг, байнга залуучуудыг гэртээ цуглуулдаг, хулгай хийдэг биз дээ” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би Сд хандаад “чи юу яриад байгаа юм вэ, хүүхдүүд чинь байнга гадуур тэнэж явдаг нь үнэн биз дээ” гэж хэлчхээд цаашаа эргээд явах гэж байхад миний мөрнөөс татах үед би эргээд харахад гэрийн үүдэнд байсан нэг гутлыг аваад миний баруун талын шанаа тус газарт нэг удаа цохиод авсан. Тэгээд миний баруун талын доод эрүүний нэг шүд нь эвгүй болоод шууд унаад цус гарчихсан. Тэгээд би гэртээ очоод байж байгаад цагдаа дуудсан юм.

 Тухайн үед миний охин болох 14 настай Ахмарал байсан.... ” гэсэн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 9 дэх тал), 

 

2.4. Насанд хүрээгүй гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдрийн 18 цагийн орчимд байх би өөрөө гэрийн ойролцоо явж байхад ээм маань хөрш болох С гэх эмэгтэйгийн гэрт орж байхыг нь хараад ээжийн араас очих гээд явж байхад ээж тухайн айлд ороод буцаад гараад ирсэн. Гараад ирэхэд С ээжийн араас нь ирээд мөрнөөс нь татсан, тэр үед ээж маань С руу эргэж харахад С нь гартаа барьж байсан цагаан өнгөтэй пүүзэн гутлаар нэг удаа цохиод авсан. Тэгээд би хурдан гүйгээд ээжийн хажууд хүрч ирээд Сд хандаад “та зүгээр үү, ээжийг яагаад зодож байгаа юм вэ” гэхэд С надад “гичий минь чамд хамаагүй чи зайл” гэж хэлсэн. Тэр үед ээжийн амнаас нь цус гарчихсан байсан ба ээж амаа гараараа дарж зогсож байгаад амнаасаа нэг шүдээ гаргаад ирсэн. Тухайн үед С ээжийн ам руу гутлаар цохиход ээжийн нэг шүд нь унасан байсан. Тэгээд би Стай хэрэлдэж маргалдаж байхад ээж маань надад “ийм хүмүүсийн хараалын үгийг битгий сонс явцгаая” гэж хэлээд намайг дагуулаад гэрч очсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

2.5. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Еын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 454 дугаартай “...1.Ж.Жийн биед үзэгдэх доод баруун 3 дугаар шүд унасан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна... 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал), 

2.6. Яллагдагч А.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “......Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Жийг зодсон асуудал байхгүй. Би энэ талаар ямар нэгэн мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

2.7. Гэрч Е.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ж нь надад худлаа хэлж хүүхдүүдийн дунд яс хаясан асуудал гаргасан болохоор маргаан үүссэн. Эхлээд Ж өөрөө гутлаар манай ээжийн толгой руу цохисон. Дараа нь уг гутлыг манай ээж аваад Ж рүү шидсэн. Оносон, оноогүй талаар анзаараагүй. Тухайн үед Жийн биед ямар нэгэн гэмтэл, бэртэл учирсан зүйл болоогүй..” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 55 дахь тал) нотлох баримтууд болно.

2.8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа  (хавтаст хэргийн 45-47 дахь тал),

- Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал),

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.9. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүгдэгч А.Саас шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Ж.Жийг гутлаар цохиогүй, тэрээр угаасаа шүдгүй байсан, байнга хиймэл шүд зүүдэг, хохирогчийн гаргаж өгсөн шүд нь 3 дугаар шүд биш” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааны үед “хохирогчийн шүд нь урьд нь унасан байсан, зодуулсны улмаас унасан нь эргэлзээтэй, хэргийн нотлогдвол зохих байдал нотлогдоогүй” гэсэн дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай мэтгэлцсэн болно. 

3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн

ргэн Ж.Жээс 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

-хохирогч Ж.Жээс гаргаж өгсөн шүдийг эд мөрийн баримтаар тооцож хүлээж авсан мөрдөгчийн тогтоол, эд зүйл хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

-хохирогч Ж.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...С хэл амаар доромжлоод байхаар нь би Сд хандаад “чи юу яриад байгаа юм вэ, хүүхдүүд чинь байнга гадуур тэнэж явдаг нь үнэн биз дээ” гэж хэлчхээд цаашаа эргээд явах гэж байхад миний мөрнөөс татах үед би эргээд харахад гэрийн үүдэнд байсан нэг гутлыг аваад миний баруун талын шанаа тус газарт нэг удаа цохисон. Тэгээд миний баруун талын доод эрүүний нэг шүд нь эвгүй болоод шууд унаад цус гарчихсан.... ” гэсэн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 9 дэх тал), 

- Насанд хүрээгүй гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С ээжийн араас нь ирээд мөрнөөс нь татсан, тэр үед ээж маань С руу эргэж харахад С нь гартаа барьж байсан цагаан өнгөтэй пүүзэн гутлаар нэг удаа цохисон. Тэгээд би хурдан гүйгээд ээжийн хажууд хүрч ирээд Сд хандаад “та зүгээр үү, ээжийг яагаад зодож байгаа юм вэ” гэхэд С надад “гичий минь чамд хамаагүй чи зайл гэж хэлсэн. Тэр үед ээжийн амнаас нь цус гарчихсан байсан ба ээж амаа гараараа дарж зогсож байгаад амнаасаа нэг шүдээ гаргаад ирсэн. Тухайн үед С ээжийн ам руу гутлаар цохиход ээжийн нэг шүд нь унасан байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

-Шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 454 дугаартай “...1.Ж.Жийн биед үзэгдэх доод баруун 3 дугаар шүд унасан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна... 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал), 

- Гэрч Е.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Дараа нь уг гутлыг манай ээж аваад Ж рүү шидсэн. Оносон оноогүй талаар анзаараагүй...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс

харьцуулан үнэлэхэд шүүгдэгч А.С  нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хөрш буюу хохирогч Ж.Жийн биеийн нүүрний шанаа хэсэгт “охин Ад хандаж хүүхдүүдээ харсангүй гэж үг хэлсэн” гэх шалтгаанаар гутлаар 1 удаа цохисны улмаас хохирогчийн баруун талын 3 дугаар шүд нь унасан  зэрэг үйл баримт тогтоогдож байна.

3.3. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан гэрч Е.Аын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч А.Сы шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “хохирогч Ж.Жийг гутлаар цохиогүй, тэрээр угаасаа шүдгүй байсан, байнга хиймэл шүд зүүдэг, хохирогчийн гаргаж өгсөн шүд нь 3 дугаар шүд биш” гэх агуулгатай мэдүүлэг, гэрч Е.Аын “Жийг оносон, оноогүй талаар анзаараагүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хохирогч Ж.Жийн “гэрийн үүдэнд байсан нэг гутлыг аваад миний баруун талын шанаа тус газарт нэг удаа цохиод авсан. Тэгээд миний баруун талын доод эрүүний нэг шүд нь эвгүй болоод шууд унаад цус гарчихсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х.Ахмаралын “ээж маань С руу эргэж харахад С нь гартаа барьж байсан цагаан өнгөтэй пүүзэн гутлаар нэг удаа цохиод авсан” гэх мэдүүлэг, хохирогчийн Ж.Жээс 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “манай хөрш С гэх эмэгтэй миний биед халдаж шанаа тус газарт гутлаар цохисны улмаас миний 1 шүд унасан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Ерболын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 454 дугаартай “биеийн хэсэг газрын үзлэгт: Биед үзэгдэх доод шүдний баруун 1, 2, 4, 5 шүднүүд хуучин унасан хиймэл шүдтэй, доод баруун 3 дугаар шүд шинээр унасан, шүдний ёзоор нь улаан өнгийн цус хуралттай” гэх дүгнэлтээр үгүйсгэгдэж байна гэж үзлээ. 

3.4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1.Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч А.Сы хохирогч Ж.Жийг гутлаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл үүсгэсэн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, түүний эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

4.2. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Ж.Жийн биед нь үүссэн гэмтэл  нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

4.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.С нь хохирогч Ж.Жийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй гэж үзэх, түүнийг цагаатгах нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гутлаар цохисон идэвхтэй үйлдэл болон хохирогчийн биед үүссэн гэмтэл буюу эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

4.4. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.5.  Иймд шүүгдэгч А.Сыг хохирогч Ж.Жийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.6. Шүүгдэгч, хохирогч нарын хувийн таарамжгүй харилцаа, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч эмчилгээний зардал зэрэг хор уршиг нэхэмжилсэн талаарх нотлох баримтуудыг бүрдүүлж өгөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч А.Сыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгж буюу 600000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн агуулгатай,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ам бүл олуулаа, хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялыг багасгаж оногдуулж өгнө” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.

2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хувийн байдлын хувьд 56 настай, эмэгтэй, ам бүл 7, хүүхдүүд, ач, зээ нарын хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч А.Сы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгчийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

2.6. Шүүхээс шүүгдэгч А.Сы “ам бүл олуулаа, халамжаас өөр орлогогүй” гэсэн тайлбарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

 Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2.  Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүд 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш о овгийн Ан Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.Сд сануулсугай.

5. Шүүгдэгч А.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Ж нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар 2313002320220 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүд 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б