| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/00980/И |
| Дугаар | 01319 |
| Огноо | 2020-06-25 |
| Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 01319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Б.Ө -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогт М.Б -д холбогдох
Охин Б.О, хүү Б.Т нарын асрамж өөрчлүүлэн, М.Б-аас тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч М.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би М.Б-тай 2003 онд гэр бүл болж 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 429 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү О, 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О, 2011 оны 9 дүгээр сарын 16-нд төрсөн хүү Т нарыг эх Б-ын асрамжинд үлдээж, надаас хуулинд заасан ёсоор хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хүүхдүүдээс хамгийн бага хүү ээж дээрээ огт очоогүй, 2 том ээжтэйгээ байх гэж очсон боловч 2017 оны 3 сард охин маань ээж зодсон гээд аав руугаа оргож ирсэн, түүнээс хойш өнөөдрийг хүртэл ээж дээрээ очоогүй, надтай хамт амьдарч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар том хүү О 17 настай, ээжтэйгээ Галт суманд амьдарч байгаа гэх боловч хүү ирэн очин байдаг. Би шүүхийн шийдвэрт заасан ёсоор хүүхдүүдийн тэтгэмжийг зохих ёсоор төлсөн бөгөөд хүүхдүүд над дээр байдаг, гэтэл би ээжид нь хүүхдийн тэтгэлэг төлдөг түүнийг ээж нь авч үрдэг, хүүхдүүдэд төрөөс олгож байгаа 20.000 төгрөгийг ч мөн л ээж нь өөрөө авдаг ийм байдлаар 4 жил боллоо. Уг нь бол надаас хүүхдийн тэтгэлэг гэж авч байгаа хүүхдийн тэтгэлгийн мөнгө болон төрөөс хүүхдэд олгож байгаа 20.000 төгрөг нь хүүхдүүдийн хэрэгцээнд зориулах ёстой байх. Гэтэл уг мөнгийг ээж нь авч үрдэг, мөн хүүхдүүдтэйгээ эвээр биш хатуу, ширүүн аргаар хандсанаас болж хүүхдүүд нь над руу ирж оргон барин ирдэг, гэтэл ээж нь намайг хүчирхийлдэг хүүхдүүдийг өгдөггүй, чихэр боовоор хуурдаг гэх зэргээр бусдад ойлгуулдаг нь бодит байдалд нийцэхгүй байна. Тиймээс би өмнө асрамж өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хүүхдүүдийн асрамжийг өөрчлөх ноцтой шалтгаан байхгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хүүхдүүдийн ээж Баянжаргал нь хүүхдүүдтэйгээ хатуу ширүүн харьцдаг бусадтай гэр бүлийн харьцаа тогтоож хувийн харьцаанд орсон явдалд /хамт унтах/ зэрэгт хүүхдүүд дургүйцдэг энэ байдлаа хүүхдүүддээ зөв ойлгуулж чадахгүй, зодох цохих зэргээр буруу харьцсанаас болж охин хүүхэд нь хүртэл оргож босож аав руугаа ирсэн. Эргэж ээж рүүгээ очихгүй байгаа ээждээ гомдсон гомдлоо хичээлийнхээ дэвтэр дээр бичиж тэмдэглэх зэргээр эрсдэлт байдал бий болгож байна. Хүүхдүүд минь надтай байдаг. Эх нь ямар байдлаар тэдэнтэй ханддаг тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг хэн авдаг зэрэг байдлыг сумын засаг захиргаа, баг сумын Засаг дарга, сургуулийн багш нар бүгд мэднэ. Тиймээс сумын гэр бүлийн хүчирхийллийн хамтарсан багаас хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ зэргийг сумын нийгмийн ажилтан болон холбогдох албан тушаалтан гаргаж, сумын гэр бүл хамгааллын хамтарсан багийн хурлаар хэлэлцсэн. 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү О /аав ээж 2-ынхоо дунд ирж очиж байдаг одоо 17 наснаасаа өнгөр байгаа, ирэх жил насанд хүрнэ/ Харин 2 бага хүүхдээ буюу 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О, 2011 оны 9 дүгээр сарын 16-нд төрсөн хүү Т нар бол угаасаа аав дээрээ байгаа учраас 2 хүүхдийг аав Б.Ө миний асрамжинд үлдээхээр өөрчилж, ээж М.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхэддээ хатуу ширүүн хандаж байсан зүйл байхгүй. Архи ууж хүүхдээ дарамталж байгаагүй гэж хэлмээр байна. 2016 онд би гэр бүлээ цуцлуулсан. Эхнэр маань гэртээ хотоос хүн авчирч архидуулсан байсан. Би том хүүхдээ сургуульд ороход нь Г сумын төвд хашаа байшин барьж өгсөн юм. Одоогийн байдлаар би бага 2 хүүхдийнхээ асрамжийг өөрчлүүлэх хүсэлттэй байна. Хүүхэд маань хулгайн хэрэгт холбогдсон байхаар нь би Өмнөговь аймгаас ажлаасаа ирж цагдаа нартай уулзаж, хохирлыг нь барагдуулсан юм. Ингээд би Ж суманд хүүхдээ сургуульд нь оруулж, сургуулийн багш, захиралтай нь уулзаж байсан. Би хүүхдээ зун нь Ө-д хамгаалалтын албанд оруулж ажиллуулаад овоо хөөрхөн болсон юм. Гэтэл сургуульд сурахаар Г-д ээж рүүгээ яваад одоо манай хүүгийн ааш нь олдохоо байсан, дүү нь ах таныг байхгүй хооронд архи ууж тамхи татаад байна гэж хэлдэг. Энэ талаар нь хүүдээ хэлэхэд танд хамаа байхгүй, би ээжтэйгээ амьдармаар байна гэж хэлдэг. Би 3 хүүхдийнхээ төлөө нойр, хоолгүй зүтгэж байгаа. Шүүхийн шийдвэрээс над руу залгаад таны хүүхдийн тэтгэмж чинь 7,000,000 төгрөг болсон байна. Үүнийг эртхэн хаалгахгүй бол болохгүй гэж хэлсэн. Би эхнэр рүүгээ залгаад энэ талаар хэлэхэд чамд хамаа байхгүй, чи мэддэг юм уу би мэддэг юм уу гэж хэлсэн. Надад тэгж архи, дарс ууж байсан зүйл байхгүй. Ээж нь хүүхдийн мөнгө авч байхад би юу ч аваагүй. Би одоо сард 3,000,000 төгрөгийн цалин авч байшин барьж байгаа. Намар гэхэд байшиндаа орчих байх гэж бодож байна. Эхнэр маань нэг удаа ч гэсэн хувцасыг нь бэлдэж, авч өгч байгаагүй. Эхнэр маань хотод тогооч хийнэ гээд явсан. Өөр хүнтэй суусан байсан. Хүү маань айлд мод хийж байгаад одоо нурууны суулттай болсон байсан. Миний хувьд хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Хүүхдийн мөнгийг данс нээж хийсэн гэсэн байсан. Би 2003 оны хавар хүү, охин 2-тоо данс нээж 200,000 төгрөг хийж байсан. Гэтэл тэр мөнгийг авчихсан байсан. Сая харин данс руу нь 200,000 төгрөг хийсэн. Авсан байсан 200,000 төгрөгөө буцааж хийсэн байсан. Хүүхдийн 20,000 төгрөгийг дансанд нь хийсэн байна уу гэж би хүнээр шалгуулахад хийгээгүй байсан. Намайг байхад лав хүүхдүүддээ юм өгч байгаагүй. Би хүүхдүүдээ ээжтэйгээ ярь гэдэг. Хүү маань би ярьж яахав гэж хэлдэг. Миний хувьд хүүхдүүдээ оргуулж гэртээ авчирсан зүйл байхгүй. Охин маань ээж намайг халуун тогооны залгуураар зодсон гээд өрөөсөн гуяа нь хөх болчихсон ирсэн. Замд дайгдсан автобус бөөлжихөөр нь хаясан байсан. Явган яваад Хөвсгөл аймгийн Галт сумын төвөөс 6-7 километр зайтай айлд байсан юм. Хонинд явж байсан хүн мэдээд надад хэл хүргэсэн юм. Ээж дээр нь аваачиж өгөх гэсэн уйлаад яваагүй байсан. Түүнээс хойш би ээж руу явахгүй гээд яваагүй. Би 3 хүүхдээ нэг дороо байгаасай гэж бодож байна. Өнгөрсөн жил манай хүү зүгээр хөөрхөн ааштай байсан юм. Би сургуулийнханд нь ч гэсэн захиж үлдээгээд байнга утсаар ярьдаг байсан. Амралтаар нь би авч яваад 3 сар ажил хийлгэсэн юм. Гэтэл ээж нь хүүхдээ авч үлдэхгүй бол болохгүй гээд байхаар нь том хүүхдээ орхисон юм. Сая над дээр ирэхдээ сонин ааштай болчихсон байсан гэв.
Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Ө-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцлаа. Би 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Б.Ө-аас гэрлэлтээ цуцлуулж 3 хүүхдээ өөрийн асрамжинд авч шийдвэрлүүлсэн. Үүнээс хойш Өлзийбаяр нь шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж хүүхдүүдээ өөрийн асрамжинд авахаар ханддаг боловч хүүхдүүдийг миний асрамжинд үлдээсэн шийдвэр удаа дараа гарч байсан. Өлзийбаяр нь хамтын амьдралтай байхдаа архи ууж байнгын хүчирхийлэл дунд амьдардаг. Том хүүг хүртэл зодож эрх чөлөөнд нь халддаг байснаас үндэслэн гэрлэлтээ цуцлуулж байсан. Нөгөө талаар Ө нь хөдөө ажилладаг, хүүхдүүдийг 70 гаран настай ээж дээрээ үлдээж явдаг зэргээс болж хүүхдийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүсэхээс болгоомжилж байна. Өлзийбаяр нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийх, өрх толгойлсон ганц бие эцгийн мөнгөн тэтгэмж авах зорилгоор хүүхдээ өөрийн асрамжинд авах зорилго агуулж байна гэдэгт эмзэглэж байгаагаа нууж чадахгүй байна. Ялангуяа эмэгтэй хүүхдийн хувьд илүү санаа зовж байна. Миний хувьд хүүхдэд олгосон хүүхдийн мөнгийг нь авч зарцуулаагүй бөгөөд хадгаламж нээж 18 нас хүрэхээр нь өөрсдөө захиран зарцуулахаар хадгалж байгааг баримтаар тайлбарлаж баримтыг хуулбарлан хавсаргав. Нэгэнт хүүхдүүд эцгийнхээ дэргэж байгаа болохоор хүүхдийн тэтгэлэг аваагүй болно. Дээрхи нөхцөл байдлаас үндэслэн Ө үнэхээр хүүхдээ асарч халамжлах үнэнхүү сэтгэл гаргаж чадвал эх миний зүгээс эцэгт нь асрамжлуулахад татгалзахгүй болохоо энэхүү тайлбараар илэрхийлж байна гурван хүүхдээ салгаж өсгөмөөргүй байгаа учир гурвууланг нь хамт байлгах хүсэлтэй байна. Хэдийгээр ийм шийдвэр гаргаж байгаа ч миний хувьд 3 хүүхдээ асран хамгаалах харгалзан дэмжих үүргээс чөлөөлөгдөхгүй байнга анхаарал халамжийг чадлынхаа хирээр тавьж байх болно гэжээ.
Хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө хүүхдүүдтэй минь утсаар ч яриулдаггүй. Би хүүхдүүдээ хувцас явуулахаар чиний тэрүүгээр яадаг юм гэж хэлдэг. Нэг удаа явуулсан хувцасаа хүүхдээсээ асуусан чинь ямар гутал, ямар куртик гэж байсан. Тэгээд аавын ахын хүүхдэд өгсөн ш дээ гэж хэлж байсан. Би энэ талаар Б.Ө-т хэлдэггүй. Хэлэх юм бол хүүхдүүдээ загнадаг. Миний хувьд хүүхдүүддээ хэрэгтэй гэсэн болгоныг нь авч өгдөг. Намайг хүнтэй суусан, хүүхэдтэй болсон гэдэг. Намайг муугаар хэлэхэд гомдох зүйл байхгүй. Б.Ө намайг муу муухайгаар хэлж байсан. Ноднин манай охин манайд ирэхдээ бөөстсөн байсан. Би эмээ нь нүд муутай болохоор нь хараагүй юм байлгүй гэж бодсон. Хүүгээ цагаан сараар аавтайгаа очиж золго гэж хэлээд явуулдаг. Харин цагаан сарын үеэр хүүхдүүдийг маань над руу явуулдаггүй. Би хүүхдүүдтэйгээ хамт байхыг хүсдэг. Намайг маш их зоддог. Надад их хатуу, ширүүн ханддаг. Манайх Ж-д байхад гадаа хонож байсан. Шатаана гээд 25 литрийн шатахуун авчирч байсан. Маш хэцүү байдаг байсан учраас би салсан юм. Б.Ө хүүхдүүдэд маань ээж чинь өөр хүнтэй гэр бүл зохиогоод хүүхэдтэй болсон, та нарыг тоохгүй гэж хэлсэн байсан. Охин маань ээж хүнтэй суугаагүй, хүүхэд төрүүлээгүй л байсан юм байна ш дээ гэж хэлсэн байсан. Тэтгэлэг би авч байгаагүй. Харин дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас яриад энэ хүнд чинь өгөх юм байхгүйн байна, чамд Жаргалантаас торх аваад ирлээ. Үүнийг нь аваад тэтгэлгийг нь хаагаад өгчих гэхээр нь би гарын үсэг зураад авсан юм. Түүнээс хойш би Б.Ө-аас юу ч аваагүй. Хүүхдийн 20.000 төгрөгийг би авдаг. Гэхдээ хүүхдүүддээ зарцуулдаг. Одоо би Улаанбаатар хотод амьдарч байгаа. Тэр үед сумын олимпиад болох гэж байсан юм. Манай хүүхэд ангийнхаа нэг охинтой олимпиадад орно гээд өдөр гараад явсан юм. Тэгээд орой ирэхгүй болохоор нь ангийн хүүхэд руу залгаад асуусан чинь над дээр ирээгүй гэсэн. Би ангийнх нь багш руу залгаад машинтай хуваагдаж сумын төвөөр хайсан. Аав руу нь залгаад асуусан чинь пизда минь чи хүний наймаанд зарсан юм байлгүй, хүүхэд олж ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би цагдаатай Ж суманд очиход Б.Ө 2 хүүхэдтэйгээ унтаж байсан. Би чи хүүхдээ авсан юм бол яагаад хэлэхгүй байгаа юм гэсэн охин маань оргоод ирсэн байна гэж хэлсэн. Б.Ө-ыг би шоронд орох гээд байхаар нь шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулж байсан. Бас айлын адуу хулгайлсан байхаар нь ноолуурын мөнгөө, өөрийн хонио тууж ирээд шилээд ав та гэж хэлж байсан. Намайг ерөөсөө боддоггүй. Согтуу гэрээс хөөж гаргаад уулнаас намайг чирээд миний нуруу улаан зулга болж урагдсан. Бас би хотоос авто машин аваад ирэхэд чи нөхөртэй болсон байна, нөхөр дагуулж ирлээ гэж хэлж байсан. Намайг хардаад хааш нь ч гаргадаггүй, шөнөжин юм оёод суухад цайгаа уусан уу гэж асууж ч байгаагүй. Пизда минь чиний оёсон юм хэдэн төгрөг болсон бэ гэж л хэлдэг. Манай хүүхэд санаатай хулгай хийсэн юм байхгүй. Харин өмнө нь хулгай хийж байсан хүүхдүүдийг дагаж явсан. Айлын гадаа мотоцикль байхаар нь цуг явсан хүүхдүүд нь чи энийг унаад явчих гэхээр нь унаад явсан байсан. Гэтэл тэр мотоцикль нь таньдаг хүнийх болж таарсан юм. Би гэртээ тэр хүнийг авчраад хоол цай хийж өгөөд таны мотоцикль эвдрээгүй биз дээ гэхэд хэсгийн төлөөлөгч нь та унаж яваад нэг тойроод ир гэсэн. Унаж ирээд зүгээр байна, танай нутгийнханд танай сумынханд баярлалаа гэж хэлж байсан...гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч М.Б-д холбогдуулан 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О, 2011 оны 9 дүгээр сарын 16-нд төрсөн хүү Т нарын асрамжийг өөрчлүүлэн өөрийн асрамжинд авах,хариуцагчаас хоёр хүүхдэд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ..
Хариуцагч М.Б нь ... Би хүүхдүүдтэйгээ хамт байхыг хүсдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. ... гэж маргасан байна.
Хэрэгт нэхэмжлэгчээс Х аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн 1120042401 дугаар Хувийн хэрэг 12 хуудас, Ж сумын Хүүхэд гэр бүл хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл 3 хуудас, Г сумын засаг дарга М.Должинжавын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/683 дугаар албан бичиг, Хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Э-ийн тодорхойлолт, НХЖХТасгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.А-ын тодорхойлолт, хүүхдийн гар бичмэл гэх 2 хуудас баримт, эмнэлэгийн тодорхойлолт, Сум багийн засаг дарга, сумын тамгын газрын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын тодорхойлолт 7 хуудас, холбон зуучлах үйлчилгээний илгээх хуудас маяг 1 хуудас, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан мэдэгдэл, тогтоол 2 хуудас, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 80 дугаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 3 хуудас, О, Т нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Хөвсгөл аймаг дахь ШШГАлбанд М.Б-ын гаргасан тодорхойлолтын хуулбар 1 хуудас, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 429 дүгээр Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 6 хуудас, Б.Ө-ын гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй талаархи Ж сумын хэсгийн төлөөлөгчийн тодорхойлолт 1 хуудас баримтыг,
Хариуцагч М.Б-аас хүүхдүүдийн хамт авахуулсан фото зургийн цаасан дээр буулгасан зураг 1 хуудас, 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ 3 хуудас зэрэг баримтуудыг тус тус гаргаж ирүүлжээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Ө, М.Б нарын гэрлэлт 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Х аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 429 дүгээр шийдвэрээр цуцлагдсан, тэд хамтын амьдарлынхаа явцад гурван хүүхдийн төрүүлсэн, шүүхийн шийдвэрээр 3 хүүхдийг эх М.Б-ын асрамжинд үлдээсэн, гэрлэлт цуцлагдсанаас хойшхи 4 жилийн хугацаанд бага хүү Т аавын асрамжинд, 2017 оноос хойш охин О мөн аавын асрамжинд байгаа бөгөөд том хүү О нь аав болон ээжийн асрамжинд ээлжлэн тэдний хооронд ирж очин байдаг зэрэг үйл баримт тогтоогдлоо.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. ,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно. гэж тус тус хуульчилжээ.
Охин О, хүү Т нарын шүүхэд өгсөн санал, аав Б.Ө-таа ээнэгшин дасаж сүүлийн 3-4 жил хамт амьдарсан байдал,
Жаргалант сумын хүүхэд гэр бүл хамгааллын хамтарсан багийн хурлын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар ...4-р багийн иргэн Б.Ө-ын асуудлыг Х аймгийн ХГБХХ-т уламжлахаар шийдвэрлэв. Хөвсгөл аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хууль ёсны асран хамгаалагчаар эцэг Б.Ө-ыг тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна гэх шийдвэр,
Гэр бүл хүчирхийллийн нөхцөл байдлын ...амьдрах орчин нөхцөл хэвийн, тогтмол орлоготой, гэр бүл салаад 4 жил болж байгаа бөгөөд хүүхдүүд нь аавтайгаа амьдарч байхад ээж нь хүүхдийн мөнгө болон тэтгэмжийн мөнгөө шүүхийн шийдвэрээр дамжуулан байнга нэхдэг... гэж үнэлэгдсэн 1120042401 дугаар хувийн хэрэг дэх үнэлгээний маягт,
Гэр бүл бүл нөхцөл байдлын ...Б.Ө нь 2018 оноос эхлэн 8х8 байшин барьж байгаа бөгөөд одоо доторлоход бэлэн болсон, доторлогооны материалыг авчирсан байна. 2020 оны намар уг байшиндаа орох төлөвлөгөөтэй, хоол хүнсээр хангалттай, сольж өмсөх хувцастай, хүүхдийн эрүүл мэнд хэвийн, сургууль, цэцэрлэгт хүмүүждэг, ээж Б нь хүүхдүүдээ өөрөө хардаггүй байж хүүхдүүдийнхээ мөнгийг өгдөггүй ... гэх ХХ04 дүгээр маягт зэргийг үндэслэн 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О, 2011 оны 9 дүгээр сарын 16-нд төрсөн хүү Т нарын асрамжийг өөрчилж эцэг Б.Ө-ын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин О, 2011 оны 9 дүгээр сарын 16-нд төрсөн хүү Т нарт хуульд заасан хэмжээгээр эхээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд тэтгэлэгийн талаар тохиролцож гэрээ байгуулаагүй байна. Хүүхдүүдийн асрамжийг өөрчилөн шийдвэрлэж байгаа тул Б.Ө-ын эх М.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Хариуцагч М.Б нь хүүхдүүдийн мөнгийг насанд хүрсэн хойноо авахаар хадгаламж нээлгэн хадгалж байгаа гэж тайлбартаа бичиж хадгаламжийн гэрээг ирүүлсэн боловч энэ нь мөнгөний дүн хадгалуулсан хугацааны хувьд бодит байдалтай нийцэхгүй байх ба хариуцагчийн дээрхи тайлбараар М.Б нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно.,
40.1.1-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,
40.1.2-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заажээ.
Иймд 11 нас 10 сартай охин Ө.О-д 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, 8 настай хүү Ө.Т-д 11 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр эх М.Б-аас тэтгэлэг гаргуулан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Ө-аас нь улсын тэмдэгтийн хураамжид 158.916 төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар 158.916 төгрөгийг хариуцагч М.Б-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Ө-т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ө.О , 2011 оны 9 дүгээр сарын 16-нд төрсөн хүү Ө.Т нарын асрамжийг өөрчилж, эцэг Б овогт Б.Ө-ын асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ө.О-д 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, 2011 оны 9 дүгээр сарын 16-нд төрсөн хүү Ө.Т-д 11 настай болтол тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт эх Б овогт М.Б-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар 158.916 төгрөгийг хариуцагч М.Б-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Ө-т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА