| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2020/0039/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | т.Өсөхболд |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 24
*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолтой *******д холбогдох эрүүгийн 1936003480252 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1977 оны 07 сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, ард казак, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, ам бүл-3, урьд ял шийтгэлгүй, ПЭ 77071603 дугаарын регистртэй, ******* овогт *******ы Сапаргүл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн иргэн *******д 1380000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1.Шүүгдэгч ******* овогт *******ы Сапаргүлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2700000 төгрөгний торгох ялыг 1/ нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн 1936003480259 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг нь баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно мөн хуулийн 3-д бичмэл нотлох баримтыг эх хувиар нь хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна гэх хуулийг зөрчсөн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан.
Уг мотоциклийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтооход ач холбогдолтой хэдэн онд, ямар албан тушаалтны шийдвэрийн дагуу 1 ширхэг мотоциклийг хэдэн төгрөгөөр худалдан авалт хийсэн эх үүсвэр нь тодорхойгүй байх тул улсын төсвөөр худалдан авалт хийсэн нь тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1-д мөрдөгч нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ, мөн хуулийн 3-д хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүйд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.
Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүнд ял оногдуулсан байх ба түүнчлэн шүүгдэгч *******д ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
******* нь Ховд аймгийн ******* сумын Рашаант багийн Засаг даргаар ажиллаж байхад нь ******* сумын Тамгын газраас түүний албан ажлын хэрэгцээнд зориулж 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Сhongoing Hongli “ маркийн улаан өнгийн мотоциклийг 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн иргэн *******д 1380000 төгрөгөөр худалдан борлуулж , бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий , хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нарын “ Анхан шатны шүүх эд хариуцагч *******ийн эд хөрөнгийн бүртгэлийн 7 дугаарт мотоцикль амаар тоолсон гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад нотлох баримтыг үнэлсэн, шүүгдэгч *******ийн бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлоогүй “ гэх давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг дүгнэвэл:
******* нь Ховд аймгийн ******* сумын Рашаант багийн Засаг даргаар ажиллаж байхад нь ******* сумын Тамгын газраас түүний албан ажлын хэрэгцээнд зориулж 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Сhongoing Hongli “ маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн иргэн *******д 1380000 төгрөгөөр худалдан борлуулж , бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Ариунбилэгийн өгсөн . . .” 2018 оны зун 8 сард манай 12 багийн Засаг дарга болон аймгийн хэмжээний нийт 91 багийн Засаг дарга нарыг дуудаж, тендер зарлан оруулж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн 91 мотоциклыг олгосон. Бид талбай дээрээс мотоциклоо гардаж аваад бүх мотоциклыг складанд хийж байгаад . . . 9 сард бүх багийн Засаг дарга нараа ******* сумын Засаг даргын Тамгын газрын үүдэнд цуглуулаад мотоциклыг албан ёсоор түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. . . Мөн аймгийн Иргэдийн хурлаас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор ******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэж авахыг даалгасан. Мотоциклыг 2018 оны 09 сард хөрөнгийн бүртгэлд бүртгээд мотоциклыг хүлээлгэн өгсөн. Манай сумын өмч хамгаалах зөвлөл хөрөнгөө хагас, бүтэн жилээр тоолдог. 2019 оны эхээр мотоциклыг зарим нь амаар зарим нь авчирч үзүүлж тоолуулсан байсан. *******ийн хувьд мотоциклоо хүлээн авсны дараа дүүгээрээ бариулаад ******* сумын Тамгын газарт ирж байхыг харж байсан.
Тухайн мотоциклыг өмчийн программ дээр бүртгэсэн, Багийн засаг дарга нарын өмчийн бүртгэлд мөн бүртгэсэн . . . Мотоцикль нь Цагдаагийн байгууллага дээр хураагдсан байгаа. Иймд хохирол бодит байдлаар төлөгдсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 20-21 /,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ийн өгсөн . . . “2018 оны 12 сарын
сүүлээр ******* гэдэг хүнтэй утсаар ярьж байгаад мотоцикль авахаар болсон.
Би хадам ах *******д мөнгө зээлсэн байсан тул тухайн мөнгөнөөсөө цаашаа шилжүүлээд ******* гэдэг хүнээс мотоцикл аваарай гэж хэлсэн. Манай ах дансаар 1400000 төгрөг шилжүүлээд “ Hongli “ маркийн улаан өнгийн мотоциклыг авсан байсныг би аймаг орж өөрөө авчирсан. . .******* утсаар яриад” зарах ёсгүй мотоцикл байсан байна гээд 2019 оны 10 сарын сүүлээр ирээд буцаагаад аваад явсан. Надад өөрөө ирээд 1300000 төгрөгийг бэлэн өгсөн . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 23-26х /,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цогт-Эрдэнийн өгсөн . . . Би *******д мөнгө өгөх байсан. 2018 оны 12 дугаар сард ******* утсаар яриад нэг утасны дугаар өгөөд “ Та энэ дугаар луу яриад 1380000 төгрөг өгөөд мотоцикл авчих “ гэсэн. Би тэр дугаар луу нь яриад Номингийн доод талд очоод нэг танихгүй казак эмэгтэйтэй *******ийг яриулаад 1380000 төгрөгийг би өөрийн 99038297 дугаараас тухайн эмэгтэйгийн дансруу шилжүүлээд улаан өнгөтэй шинэвтэр мотоцикл авсан.Би тэр мотоциклыг аваад гэртээ тавьсан байхад хэд хоногийн дараа ******* ирээд авсан. Би өөрийн эзэмшлийн 5863022721 дугаарын данснаас 99038297 дугаараас шилжүүлээд тооцоо хийсэн. . . Сүүлд *******тэй уулзахад зарсан хүн нь буцаагаад авсан гэж байсан . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н27х /,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ийн өгсөн . . . ******* сумын Багийн засаг дарга нарын хөрөнгийг 2019 оны 2 дугаар улиралд хагас жилээр тоолсон.
Наран багийн Засаг дарга Цэрмаа мотоциклоо авчирч тоолуулсан. Бусад багийн дарга нар мотоциклоо авчирч үзүүлээгүй байгаа гээд амаар тоолуулсан. Рашаант багийн Засаг дарга *******ийг нэг удаа дүүгээрээ мотоциклоо унуулаад ирж байсныг харж байсан. Бусад эмэгтэй багийн дарга нарыг мотоциклоо унаж байгааг харж байгаагүй . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 28х /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 4-9х /,эд хөрөнгийн үнэлгээ / 1-р хх-н 32х /, депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1-р хх-н 56х /, эд хариуцагч *******ийн “ эд хөрөнгийн бүртгэлийн 7 дугаарт мотоцикл- амаар тоолсон гэх баримт / 1-р хх-н 58х /, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 14-ний өдрийн Б/25 дугаартай “ *******ийг Рашаант багийн засаг даргаар томилсон тухай тушаал / 1-р хх-н 59х /, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн мэдүүлэг / 1-р хх-н 48-49х / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
*******ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байх тул түүнийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
*******ийг Ховд аймгийн ******* сумын Рашаант багийн засаг даргаар ажиллаж байгаагийнх нь хувьд түүний албан хэрэгцээнд нь зориулан БНХАУ-д үйлдвэрлэсэн “Hongli “ маркийн улаан өнгийн мотоциклыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас *******д хүлээлгэн өгснөөр уг мотоцикл нь орон нутгийн өмч болсон байна.
Иймээс ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Ариунбилэгийг энэ хэрэгт хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь “тухайн мотоциклыг өмчийн программ дээр бүртгэсэн, багийн Засаг дарга нарын өмчийн бүртгэлд мөн бүртгэсэн талаар” хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ариунбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.
Иймд шүүгдэгч *******ийн өмгөөлөгч нарын тухайн мотоцикл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирсэн улсын өмч, эсхүл орон нутгийн өмч болох нь тогтоогдоогүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, ******* нь тухайн мотоциклыг хүлээн авснаар бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь тухайн мотоциклыг шүүгдэгч *******ийн албан хэрэгцээнд зориулан түүний эзэмшилд шилжүүлсэн уг мотоциклыг захиран зарцуулах эрх олгогдоогүй байхад бусдад худалдсан нь эд хөрөнгө завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.
Иймд шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож , анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Б.ДАМБА