| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 115/2026/0011/з |
| Дугаар | 221/МА2026/0393 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2026/0393
Дорноговь аймгийн Прокурорын газрын
Хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах
ажил хариуцсан хяналтын прокурор Д.Д-ын
дүгнэлттэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: дүгнэлт гаргагч хяналтын прокурор Д.Д, хариуцагч хяналтын улсын байцаагч Д.Т
Дүгнэлт гаргагч: Дорноговь аймгийн Прокурорын газрын Хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Д.Д
Хариуцагч: Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Д.Т
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 115/ШШ2026/0011 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хатантуул
Хэргийн индекс: 115/2026/0011/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дүгнэлт гаргагч хяналтын прокурор Д.Даас Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Д.Т-т холбогдуулан “Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Д нь Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Т-ын гаргасан 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн иргэн М.Э-д Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0897038 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулахаар”-аар маргажээ.
2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 115/ШШ2026/0011 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дын гомдол /дүгнэлт/-ын шаардлагыг хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Т-ын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0897038 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай “Шийтгэлийн хуудас”-ыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дүгнэлт гаргагч хяналтын прокурор Д.Д гомдол гаргажээ. Үүнд:
3.1. “...Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно" гэж зөрчил үйлдсэн хугацааг хэрхэн тооцох талаар тодорхой заасан байдаг учир 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаартай "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" прокурорын дүгнэлтэд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон талаар тусгагдаагүй. Шүүхээс прокурорын гомдол /дүгнэлт/-ын шаардлагыг хангаж, хариуцагч эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан “Шийтгэлийн хуудас”-ыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шүүх Зөрчлийн тухай хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
3.2. Учир нь Замын-Үүд сумын Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 тоот захирамжаар М.Э нь Замын Үүд сумын 2 дугаар баг, Эрүүл мэндийн гудам-д 500м² газрыг ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон байх ба тэрээр газар эзэмших хугацаа дууссан /2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр/ буюу 15 жилийн хугацаа өнгөрсөн байхад сунгуулалгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх зөрчлийг үйлдсэн.
3.3. М.Э нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс тухайн зөрчил үйлдэгдэж эхэлсэн ба тухайн зөрчил таслан зогсоогдоогүй, үргэлжилсээр байсан нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүхээс “...М.Э нь “газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй” Газрын тухай хуулийг зөрчсөн зөрчлийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэж дууссан, өөрөөр хэлбэл зөрчил мөн өдөр төгссөн бөгөөд хариуцагч нь үүнээс хойш 6 сар буюу 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байна. Гэтэл хариуцагч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш хуанлийн 4 жил 9 сарын дараа хууль зөрчин, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан...” гэж дүгнэж, шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь: хэсэгтээ тусгаж Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
3.4. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт тусгасан хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбарлаж, дүгнэсэн хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасан “...хууль буруу хэрэглэсэн ...” үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
3.5. Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 115/ШШ2026/0011 шийдвэрийг өөрчлөлт оруулахаараа Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.17, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг баримтлан прокурорын гомдол гаргав.” гэжээ.
4. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын улсын байцаагч Д.Т гомдол гаргажээ. Үүнд
4.1. “...Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. М.Э нь газар эзэмших эрхийн хугацаа дууссанаас хойш эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрыг бодитоор үргэлжлүүлэн ашиглаж байсан бөгөөд энэхүү үйлдэл нь нэг удаагийн төгссөн зөрчил бус, үргэлжилсэн шинжтэй зөрчил болно. Хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн газар эзэмших эрхийн хугацаа дууссан өдрөөр тооцох бус, зөвшөөрөлгүй газар ашиглалт үргэлжилсэн хугацаагаар тооцох үндэслэлтэй байсан.
4.2. Анхан шатны шүүх "сунгуулах хүсэлт гаргаагүй өдөр"-өөр зөрчлийг төгссөн гэж үзсэн нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсгийн агуулга, зорилгод нийцээгүй байна.
4.3. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан "эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан" зөрчил нь газар ашиглалт бодитоор үргэлжилж байгаа нөхцөлд тасралтгүй үргэлжилдэг шинжтэй зөрчил юм.
4.4. Тухайн газар нь бодитоор ашиглагдсаар байсан бөгөөд улмаар энэхүү гомдол гаргах цаг хугацаанд газар эзэмших эрх сунгагдаж, шинэ эзэмшигчид шилжсэн/захирамжийг хавсаргав/ нөхцөл байдал нь газар ашиглалт тасралтгүй үргэлжилж байсныг илтгэж байна. Иймд уг зөрчлийг нэг удаагийн төгссөн үйлдэл бус, үргэлжилсэн шинжтэй зөрчил гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн холбогдогч өөрөө зөрчлөө сайн дураар илчилж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, шийтгэлийг сайн дураар биелүүлсэн болно.
4.5. Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 115/ШШ2026/0011 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Т-ын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0897038 дугаартай "Шийтгэлийн хуудас"-ыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Д-аас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, хэрэг үүсгэн, улмаар тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Т-ын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0897038 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай “Шийтгэлийн хуудас”-ыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг анхаараагүй байна.
2.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д энэ хуульд заасан “гомдол” гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.
2.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд дээрх байдлаар прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэх талаар заасан боловч хугацааг тусгайлан заагаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэхээр байна.
2.3. Гэтэл анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хууль зүйн үндэслэл, хэрэгжилтийг шалгах тухай” удирдамжаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Д нь 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр прокурорын дүгнэлт үйлдэж, шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлж дээрх хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй нь буруу болжээ.
2.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурор Д.Дын дүгнэлт буюу гомдлыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 115/ШШ2026/0011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т заасныг баримтлан Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Д.Т-ын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №0897038 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Д-ын дүгнэлт /гомдол/-ыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын Хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Д.Д болон тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Д.Т нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР