Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

 

 

 

                                           

        

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч С.Батгэрэл,

Шүүгдэгч /хохирогч/ Ч.Энхтөр, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаяр /ҮД-2283/

Шүүгдэгч /хохирогч/ Э.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг /ҮД-2142/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

  

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон жоожоо овогт Чагнаадоржийн Энхтөр, Хөндлөн овогт Эрдэнэбилэгийн Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн 201626022811 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, илчит тэрэгний техникч мэргэжилтэй, Улаанбаатар зүтгүүрийн депод туслах машинист ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо Их наран 6 дугаар гудамж 11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЧА83080215 регистрийн дугаартай, Боржгон жоожоо овогт Чагнаадоржийн Энхтөр.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, 102-1204 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ДЭ85043011 регистрийн дугаартай, Хөндлөн овогт Эрдэнэбилэгийн Отгонбаяр.

 

Шүүгдэгч Ч.Энхтөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7 дугаар байрны орчим үл ялих зүйлээр шалтаглаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Э.Отгонбаярыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний эзэмшлийн 88-23 УНС улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины зүүн талын толийг хугалж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Э.Отгонбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7 дугаар байрны орчим үл ялих зүйлээр шалтаглаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Ч.Энхтөрийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Ч.Энхтөр мэдүүлэхдээ:

2016 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7 дугаар байрны орчим Эрдэнэсоёлын машинаар хүргүүлэхдээ машинд нь 1 шил архи уусан. Тэгтэл хажууд машин ирээд миний сууж байсан машины хаалгыг цохьсон. Түүнээс болж Отгонбаяртай маргалдаж намайг түлхэхэд нь цохьлоо гэж ойлгоод түүнийг цохьсон. Толийг яаж хугалсанаа санахгүй байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Э.Отгонбаяр мэдүүлэхдээ:

2016 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө 03 цагийн үед Барс захаас хоёр хүн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7 дугаар байрны орчим нөгөө хоёр хүнээ буулгах үед хамт явсан зорчигч маань миний машинаас буухдаа хажууд байсан машиныг хаалгаар цохьсон. Гэтэл тэр машинаас нэг хүүхэн гарж ирээд машин цохьлоо гэж ууралсан. Гэтэл ард сууж байсан нэг хүн нь буухдаа дахин цохьсон. Гэтэл нэг залуу гарч ирээд хүний машин цохьлоо гэсэн. Надаар хүргүүлсэн зорчигч нар маань уучлалт гуйгаад буудал руу орсон. Би хажууд байсан машинаас бууж ирсэн залуугаас уучлалт гуйсан боловч бид хоёр маргалдсан. Тэгээд миний машины толь, миний гар утас эвдэрсэн гэв.

 

Хохирогч Энхтөр: Миний хоёр нүд хавдаж биед шарх үүссэн байсан. Би төмөр замын эмнэлэгт очоод эм авч эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрсэн. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Отгонбаяр: Нэхэмжлэх зүйлгүй. Утас, машины толь эвдэрсэн байсан. Тэр хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо гомдол санал байхгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

   Мөрдөн байцаалтад хохирогч Э.Отгонбаярын өгсөн:

   “... 2016 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед би өөрийн 88-23 УНС улсын дугаартай приус 20 маркийн машинтай таксинд явж байгаад Барсын зам дагуу зогсож байсан 2 хүнийг аваад, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Хавана зочид буудалд хүргүүлье гэсний дагуу хүргэж өгсөн. Буудлын гадаа зогсоол дээр зогсоод урд талд суусан хүн буухдаа миний хажуугийн машины хаалгыг хаалгаараа санамсаргүй цохьсон. Тэгсэн ар талд сууж байсан хүн буухдаа тэр машины хаалгыг хаалгаараа санамсаргүй цохьсон. Тэгтэл хажуугийн машинаас 1 хүүхэн, залуу 2 гарч ирээд, уурлаад, яагаад хаалга цохиод байгаа юм гээд байсан. Тэгтэл нөгөө 2 зорчигч маань уучлалт гуйгаад буудал руугаа яваад орсон. Би өмнөөс нь уучлалт гуйгаад “уучлаарай согтуу хүмүүс байсан юм, буудал руу орчихлоо, би хүргэж өгсөн таксины жолооч байгаа юм” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу нь над руу уурлаж дайраад байхаар нь би цээж рүү нь түлхсэн. Тэгтэл тэр залуу миний нүүр рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохиод, бид цохилцоод, над руу дугуйны хаймар авч шидсэн. Тэр нь ойгоод машины хаалгыг хонхойлгосон. Тэгэж байгаад дахиж дайрч ирээд, бид 2 ноцолдоод байж байтал машины толь хугарсан байсан. Яг яаж хугарсныг би сайн хараагүй. Ноцолдож байхад миний гар утас шидэгдсэн байсан. Тэгээд салаад цагдаа дуудаад тэр залууг аваад явсан. Би тэр залуутай машины хаалга цохилоо гэх шалтгаанаас болж маргалдсан. Миний хамар, шанаа, нүүр рүү гараараа цохьсон. Машины толь яаж хугарсныг мэдэхгүй, утас унаад эвдэрчихсэн. Би хохирлын 1 сая төгрөг авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Энхтөрийн өгсөн:

   “... Эрдэнэсоёл бид 2 Баянгол дүүргийн 2 дугаар хороо 34 дүгээр байрны зогсоол дээр машиныг нь зогсоогоод сууж байтал жолоочийн талд зай байсан бөгөөд тэр зайнд саарал өнгийн приус 20 машин ухарч зогсоод, урд хаалгаар нь бууж байсан 40 орчим насны эрэгтэй хүн хаалгаараа Эрдэнэсоёлын хаалгыг цохьсон. Эрдэнэсоёл цонхоо онгойлгоод та хаалга шүргэчихлээ гээд байж байтал хойд талын хаалгаар бас 40 орчим насны эрэгтэй хүн буухдаа машиныг хаалгаараа цохьсон. Тэгэхээр нь буугаад “та нар хүний машин зурчихлаа, хаалгаа болгоомжтой онгойлгоход яадаг юм бэ” гэхэд нөгөө 2 хүн юм ярилгүй буудал руу орсон бөгөөд жолоо барьж явсан залуу нь юун сүртэй юм гээд, цаашаа явсан. Тэгэхээр нь би тэр жолооч дээр очоод уурлаад, “чиний машиныг ингээд байвал ямар байна” гэж хэлсэн чинь тэр залуу миний цээж рүү гараараа түлхсэн. Би цохиж байна гэж ойлгоод тэр залуугийн нүүр рүү 2 удаа цохьсон. Хоорондоо заамдалцаж авч, бие биенийгээ цохиж байгаад салаад, дахиж барьцалдаж байгаад би толийг нь биеэрээ санаандгүй хугалсан. Тэгсэн нөгөө залуу дахиад чи яагаад байгаа юм гээд дахиж зууралдаад, би тэр залууг далайсан чинь цахилгаан бороохой гаргаж ирээд, бороохойдоно шүү гэж сүрдүүлсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд зам дээр байсан жижиг дугуйгаар биеэ хаагаад, тэр залуу руу шидсэн. Тэр дугуй ойж очоод, залуугийн машины хаалгыг хонхойлгосон байсан. Тэр залуу нүүр рүү 2-3 удаа цохьсон. Ноцолдоод бие шалбарсан, хамар, нүд хавдсан, зовхи шалбарсан толгой хавдартай байсан. Би эмчилгээ хийлгээгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Эрдэнэсоёлын  өгсөн:

“... Энхтөр бид 2 машин дотроо юм яриад сууж байхад миний баруун талд саарал өнгийн приус 20 маркийн машин ирж зогссон бөгөөд урд хаалганаас нэг хүн бууж ирэхдээ миний машины хаалгыг цохьсон. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод та яаж байгаа юм бэ зурчихлаа шүү дээ гэж хэлээд, машинаа хартал зурагдаагүй байсан. Тэгсэн нөгөө хүн за уучлаарай гээд цаашаа явсан. Тэгсэн цаад талын хаалгыг тас хийтэл цохиод дахиад 1 эрэгтэй хүн буугаад ирсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад, та машин цохьчихлоо гэсэн чинь нэг ах бууж ирж байсан бөгөөд сүртэй шүү дээ гэх зүйл хэлсэн. Тэр үед машиныг нь жолоодож байсан залуу буугаад ирсэн. Хаалга цохьсон 2 залуу зочид буудал руу яваад орсон. Энхтөр машинаас бууж ирээд, та нар эмэгтэй хүний машиныг болиоч ээ гэх зүйл ярьсан чинь жолооч нь гэх залуу ирээд, юун сүртэй юм яагаа ч үгүй байна шүү дээ гээд тэр 2 хоорондоо ойртоод, маргалдаад эхэлсэн бөгөөд жолооч залуу нь Энхтөрийн цээж рүү цохиод авсан. Тэгсэн Энхтөр зөрүүлээд тэр залууг нүүр рүү нь гараараа 2 удаа цохьсон. Тэр үед жолооч залуу машинаа тойрч гүйсэн чинь Энхтөр тэр залуугийн машины зүүн талын толийг гараараа цохиод хугалсан.  Жолооч залуу машинаасаа бууж ирэхдээ цахилгаан бороохой гаргаж ирээд, Энхтөрийг хөөгөөд хоёр машины завсар оруулаад, Энхтөрийг цахилгаан бороохойгоор цохиулаад байсан. Тэгэхээр нь би явж очоод, тэр залууг хойноос нь татаад “чи болиоч яагаад байгаа юм” гэхэд тэр залуу над руу бороохойгоо дуугаргаад цохиулах гээд байсан. Тэгэхээр нь би айгаад холдсон. Тэр хооронд Энхтөр тэр хавьд байсан хаягдал дугуй барьж аваад, тэр залуу руу шидээд, оноогүй хажуугаар нь өнгөрсөн. Тэгээд Энхтөр жолооч 2 дахиад барьцалдаад авсан. Тэр үед жолооч залуугийн халааснаас гар утас нь газарт унасан бөгөөд утсан дээрээ тэр жолооч өөрөө гишгээд гарчихсан. Тэгээд тэр 2 зууралдаад бие биенийгээ цохиод, хэсэг байж байгаад салсан. Тэгээд Энхтөрийг машиндаа оруулж ирээд суулгаад, цагдаа дуудсан. Тэр залуу гадаа хашгичаад орилоод байхаар нь Энхтөр цонх онгойлгоод “ахын дүү ороод ир хоёулаа эр хүн шиг юм яръя” гэсэн чинь нөгөө залуу “чам шиг юмтай юу ярьдаг юм, чамаар юмаа төлүүлнэ” гээд орилоод байсан. ... Энхтөр дунд зэргийн согтолттой байсан. ... Эхлээд тэр жолооч залуу Энхтөрийн цээж рүү цохисон. Тэгсэн Энхтөр зөрүүлээд тэр залуугийн нүүр рүү гараараа 2 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14516 дугаартай:

     1.Отгонбаярын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд доод зовхи, хамрын уг нуруунд цус хуралт, баруун гарын эрхий хурууны уг хэсэгт шарх үүсжээ.

     2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

     4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө гэх дүгнэлт, /хх-ийн 33-р хуудас/

 

     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14646 дугаартай:

     1. Энхтөрийн биед 2 зовхинд цус хуралт, хэвлий нуруунд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун цавь, умдагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

     5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт, /хх-ийн 34-р хуудас/

 

     - Вендо ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 14-15, 70-80-р хуудас/

 

Шүүгдэгч Ч.Энхтөрийн хувийн байдалтай холбоотой:

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Цэрэнхүүгийн өгсөн:

“... Ч.Энхтөр 2010 оноос одоог хүртэл Төмөр замд Илчит тэрэгний туслах машинистаар ажиллаж байгаа. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд төлөв түвшин, ажилсаг, хөдөлмөрч, нийтэч, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй юм. Чөлөөт бөхөөр барилддаг, Төмөр замын аварга болж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Батбаярын:

“... Ч.Энхтөр төлөв даруу, шудрага үнэнч, хүнд тусархуу, ажилсаг хөдөлмөрч, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй, ... элдэв муу гаж зуршил байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-р хуудас/

- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/

- Төмөр замын дээд сургуулийн бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 65-66-р хуудас/

- Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр хуудас/

- Улаанбаатар Төмөр Замын Улаанбаатар Татах Хэсгийн албан тоот /хх-ийн 62 дугаар хуудас/

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 67 дугаар хуудас/

- Өргөмжлөл, дурсамж бичгийн хуулбар /хх-ийн 68-69 дүгээр хуудас/

- Ч.Энхтөрийн “АСАП” сангийн лавлагаа /хх-ийн 81-84 дүгээр хуудас/

- Тээврийн прокурорын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар /хх-ийн 91-93 дугаар хуудас/ зэрэг,

 

Шүүгдэгч Э.Отгонбаярын хувийн байдалтай холбоотой:

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Уянгын өгсөн:

“... 2012 онд бид 2 танилцаад, гэр бүл болоод амьдарч байгаа. 1 настай хүүхэдтэй. Манай нөхөр архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй, хүнтэй муудалцаж маргалддаггүй, эвийг нь олдог тайван, ар гэртээ халамжтай, ажилсаг хөдөлмөрч, ажилгүй байх үедээ машинаараа таксинд явж мөнгө олж, гэр бүлээ тэжээх гэж зүтгэдэг, их сайн хүн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Ичинхорлоогийн өгсөн:

“... Би Отгонбаярын ээж нь байгаа юм. ... Э.Отгонбаяр нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Төлөв даруу, өрөвчхөн сэтгэлтэй, хүлээцтэй, архи тамхи хэрэглэдэггүй, ажилсаг хөдөлмөрч, гэр бүлдээ халамжтай, ээждээ анхаарал тавьдаг. Сагсан бөмбөг тоглох авъяастай, багадаа бөхөөр хичээллэж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-р хуудас/

 

- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх-ийн 147 дугаар хуудас/

- Тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх-ийн 60-р хуудас/

- Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ч.Энхтөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7 дугаар байрны орчим үл ялих зүйлээр шалтаглаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Э.Отгонбаярыг зодож бие махбодид нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд доод зовхи, хамрын уг нуруунд цус хуралт, баруун гарын эрхий хурууны уг хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний эзэмшлийн 88-23 УНС улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины зүүн талын толийг хугалж, догшин авирлаж танхайрсан болох нь:

шүүхий хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Э.Отгонбаярын “...Нэхэмжлэх зүйлгүй. Утас, машины толь эвдэрсэн байсан. Тэр хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо гомдол санал байхгүй гэх,

 

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч  Б.Эрдэнэсоёлын мэдүүлсэн “...Энхтөр машинаас бууж ирээд, та нар эмэгтэй хүний машиныг болиоч ээ гэх зүйл ярьсан чинь жолооч нь гэх залуу ирээд, юун сүртэй юм яагаа ч үгүй байна шүү дээ гээд тэр 2 хоорондоо ойртоод, маргалдаад эхэлсэн бөгөөд жолооч залуу нь Энхтөрийн цээж рүү цохиод авсан. Тэгсэн Энхтөр зөрүүлээд тэр залууг нүүр рүү нь гараараа 2 удаа цохьсон. Тэр үед жолооч залуу машинаа тойрч гүйсэн чинь Энхтөр тэр залуугийн машины зүүн талын толийг гараараа цохиод хугалсан. ... Энхтөр тэр хавьд байсан хаягдал дугуй барьж аваад, тэр залуу руу шидээд, оноогүй хажуугаар нь өнгөрсөн. Тэгээд Энхтөр жолооч 2 дахиад барьцалдаад авсан ...” гэх мэдүүлэг, Вендо ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14516 дугаар дүгнэлт зэрэг,

 

шүүгдэгч Э.Отгонбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7 дугаар байрны орчим үл ялих зүйлээр шалтаглаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Ч.Энхтөрийг зодож бие махбодид нь 2 зовхинд цус хуралт, хэвлий нуруунд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун цавь, умдагт цус хуралт  хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болон нь:

шүүхий хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ч.Энхтөрийн “...Миний хоёр нүд хавдаж биед шарх үүссэн байсан. Би төмөр замын эмнэлэгт очоод эм авч эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрсэн. Нэхэмжлэх зүйлгүй гэх,

 

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч  Б.Эрдэнэсоёлын мэдүүлсэн “...жолооч залуу нь Энхтөрийн цээж рүү цохиод авсан. Тэгсэн Энхтөр зөрүүлээд тэр залууг нүүр рүү нь гараараа 2 удаа цохьсон. Тэр үед жолооч залуу машинаа тойрч гүйсэн чинь Энхтөр тэр залуугийн машины зүүн талын толийг гараараа цохиод хугалсан.  Жолооч залуу машинаасаа бууж ирэхдээ цахилгаан бороохой гаргаж ирээд, Энхтөрийг хөөгөөд хоёр машины завсар оруулаад, Энхтөрийг цахилгаан бороохойгоор цохиулаад байсан. Тэгэхээр нь би явж очоод, тэр залууг хойноос нь татаад “чи болиоч яагаад байгаа юм” гэхэд тэр залуу над руу бороохойгоо дуугаргаад цохиулах гээд байсан. ... Тэр залуу гадаа хашгичаад орилоод байхаар нь Энхтөр цонх онгойлгоод “ахын дүү ороод ир хоёулаа эр хүн шиг юм яръя” гэсэн чинь нөгөө залуу “чам шиг юмтай юу ярьдаг юм, чамаар юмаа төлүүлнэ” гээд орилоод байсан. ... Эхлээд тэр жолооч залуу Энхтөрийн цээж рүү цохисон ...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14646 дугаар зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Энхтөр, Э.Отгонбаяр нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Ч.Энхтөр, Э.Отгонбаяр нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Энхтөр нь хохирогч Э.Отгонбаярт 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүгдэгч хохирогч Э.Отгонбаяр, Ч.Энхтөр  нар нь бие биедээ гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Энхтөрд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд,

 

шүүгдэгч Э.Отгонбаярт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд  тус тус тооцож,

 

шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тус тус тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Боржгон жоожоо овогт Чагнаадоржийн Энхтөр, Хөндлөн овогт Эрдэнэбилэгийн Отгонбаяр нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энхтөрийг 3 (гурав) жил 6 (зургаа) сар хорих ялаар,

шүүгдэгч Э.Отгонбаярыг 3 (гурав) жил 01 (нэг) сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Энхтөрд оногдуулсан 3 жил 6 сар хорих, Э.Отгонбаярт оногдуулсан 3 жил 01 сар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Энхтөр, Э.Отгонбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ч.Энхтөрд оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст,

 

Э.Отгонбаярт оногдуулсан 3 жил 01 сар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Энхтөр, Э.Отгонбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Энхтөр, Э.Отгонбаяр нарт авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ