Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 33

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Иргэн Б.У, Д.Б нарын нэхэмжлэлтэй ОАЗД-д холбогдох “ОАЗД-ын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.У би иргэн М.Г-оос Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 360 тоот иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжтай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг Яргуйт Толгодын .....8 тоотод байрлах 800 кв.м газрыг 2016.08.18-ны өдөр 3.000.000 төгрөгөөр худалдан авсан юм. Уг газрыг худалдан авахад хашаа барьсан 2 айлын газар байсан ба нөхөр маань Орхон аймаг Баян-Өндөр сумын 22-р баг Яргуйт Толгодын 1...... тоотод байрлах 800 кв.м газрыг 2017.01.13-ны өдөр өөрийн нэр дээр худалдан авсан. Ингээд өөрсдийн газар дээр 2017.06.17-ны өдөр байшин барихаар газар дээрээ очтол контейнер буулгасан, монгол гэртэй айл буусан байсан. Ингээд уг газарт маргаан үүсгэж асуудал болтол Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 06 сарын 17-ны өдрийн 206 тоот иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжтай бид өмчлөгч гэж Л.У гэх хүн маргасан. Үүний учрыг олох гэж газар худалдан авсан хүнтэйгээ холбогдоход бид бас мэдэхгүй байна яах аргагүй бидний өмчлөлийн газар хашаа бариад удаж байгаа бид өөр хүнд газраа зараагүй. Уг газрыг 2009 онд өөр хүн өмчилсөн гэж үзэх боломжгүй бидний газар гэж тайлбарласан.

Бид хууль ёсны дагуу газрыг өмчлөн авсан иргэнээс газрыг худалдан авсан гэж үзэж байх тул Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 06 сарын 17-ны өдрийн 206 тоот иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжийн иргэн Ц овогт Л-ийн У-т Их залуу багийн 42А..... тоот 816 кв.м газрыг өмчлүүлсэн тухай захирамжийн хэсгийг хүчингүй болох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

Хариуцагч ОАЗД Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Иргэн М овогтой Г-д Баян-Өндөр сумаас 2007 онд Шанд 72б-... тоот газрыг хуваарилан олгож аймгийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 360 дугаар захирамжаар 800 мгазар өмчлүүлэх захирамж гарсан. Иргэн М.Г нь 2007 оноос хойш газартаа хашаа бариагүй бөгөөд 2014 онд Л.У-ийн барьсан хашаанд хэмжилт хийлгэж кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн байна.

Иргэн Л.У-т 2009 онд тус газрыг нөхөн олголтоор хуваарилж 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна. Л.У-тэй зөвшилцөж Яргуйт баг Толгодын 10 дугаар гудамжны ,..  тоот газарт хашаагаа нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрсөн өргөдөл гаргасан. гэжээ.

Гуравдагч этгээд Л.У шүүхэд гаргасан тайлбартаа: Л.У би 2009 онд Их залуу багийн 42а гудамжны 04 тоот 816 м2 газрыг Орхон аймаг Баян-Өндөр сумын газрын албанаас бүх журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж авсан. Намайг авахад хажууд нь айл байхгүй хоосон газар байсан. 3 тал хашаа барьж хаалга үүд гаргаж 2009-12-17-нд газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж авсан. Гэтэл 2015 онд энэ хүмүүс ярьж наад газар чинь бидний газар хашаагаа буулгаж ав гэж дайрсан. Учрыг нь олох гэж газрын албанд очиход таньд давхардуулан олгосон байна ямар ч арга байхгүй оронд нь өөр газар өгье гэсэн. Ингээд надад өөр газар олгохоор болсон. Иймд би барьсан хашаагаа 2018 оны хавар буулгаж авна. Надад хөрөнгө мөнгө, санхүүгийн байдал хүнд байна. Хэргийг намайг байхгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.У, Д.Б нарын гаргасан ОАЗД-д холбогдох 2009 оны 06 дугаар сарын 17-ниы өдрийн 206 дугаар захирамжийн Л.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж Л.У-гт Яргуйт баг Толгодын 10 дугаар гудамжид .... дугаар тоот газрыг олгохоор хувиарласан болно.

Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа учир хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.У, Д.Б нарын нэхэмжлэлтэй ОАЗД-д холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн болно. Хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Л.У нь маргаан бүхий газрыг чөлөөлж өгөхөөр тайлбар гаргасан.

Иймээс шүүх хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, 119/2017/0020/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАЗД-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.БОЛОРМАА