| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2020/01074/И |
| Дугаар | 182/ШШ2020/01770 |
| Огноо | 2019-08-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2020/01770
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ... оршин суух Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .... байрлах Ц-т холбогдох
Тус ц-ийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.Б би тус байгууллагад 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс бүлгийн багшаар ажилд орж, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс арга зүйчээр ажиллах болсон юм. Миний бие нь жирэмсэн ба жирэмсний хожуу үеийн хордлогын улмаас 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эмчийн магадлагаар ажлаасаа чөлөөлөгдсөн өвчтэй байсан, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс төрөхийн өмнөх амралтаа авах байсан. Жирэмсний амралт болон тэтгэмж авах, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагад хандахад “2020 он гараад нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй, бичилт хийгдээгүй учраас эрх үүсээгүй байна” гэж Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын ажилтан н.Ч хэлсэн. Ингээд эрхлэгч Ш.Н-тэй утсаар холбогдож, энэ тухай хэлэхэд тэрээр “...1, 2 дугаар сарын цалин гарга гэж нябод хэлье” гэсэн. Шинэ төрлийн короновируст халдварын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр өмчийн хэлбэрээс үл хамаарч ерөнхий боловсролын сургууль, ц-ийн үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр зогсоож, хөл хорио 2020 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл үргэлжилсэн. Миний хувьд элдэв халдвараас сэргийлэх, жирэмсний хожуу үеийн хордлого, хаван ихтэй хэвтрийн дэглэмд байсан бөгөөд эмнэлэгт үзүүлэхээр очиход эрүүл мэндийн даатгалын дэвтэр огт бөглөгдөөгүй Ш.Н эрхлэгчтэй утсаар ярихад “ирж, тушаалаа ав” гэж хэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эрхлэгч Ш.Н-ээс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолсон Б/02 дугаартай “ажлаас халах тухай “ тушаалыг авсан. Дээрх хууль бус шийдвэрийн улмаас эдлэх ёстой эрхээ эдлэж чадахгүй хохирсоор байна. Намайг жирэмсэн байхад ажлаас халсанд гомдолтой байна. Миний хувьд ажил таслаагүй, эмчийн чөлөөтэй байсан. Ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй.
Иймд тус ц-ийн эрхлэгчийн 2020 оны 01дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Ц-ийн эрхлэгч Ш.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Б.Б нь тус ц-т багшийн ажилд 2019 оны 09 дүгээр сараас хөдөлмөрийн түр гэрээгээр орсон. Тэрээр эрхэлсэн ажилдаа хайнга хандаж, удаа дараа ажил тасладаг, бага насын хүүхдийг эзэнгүй ангид орхиж, бусад анги танхимаар сэлгүүцэн хэсэж, дуртай үедээ ажлын байраа орхин гадуур гарч, улмаар 2 буюу түүнээс дээш хоногоор ажил таслаж, хүүхдийг хохироосон нь нотлогоотой юм. Мөн эцэг, эхчүүдээс мөнгө авч, шан харамж нэхэн ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн болохыг хамт олон нь гэрчилнэ.
Тус ц-ийн удирдлага Б.Б-д удаа дараа шаардаж, зөвлөн туслаж байсан ч тэрээр алдаагаа засахгүй байсан тул сануулга анхааруулга амаар болон удирдлагын хурлаар хэлэлцэж өгсөн. Гэтэл эцэг эхчүүдээс мөнгө авч, багш ажилчдыг хууран мэхлэн залилаж хүн бүрээс мөнгө авч байсан байна. Энэ үйлдлийг зогсоох, хүүхдийн сурч хөгжих болон аюулгүй байдал алдагдах эрсдэл учирсан тул багшийн ажлаас чөлөөлж, арга зүйчийн ажилд томилсон.
Б.Б нь арга зүйчээр ажиллаж байхдаа ц-ийн нэрийг барьж, нэг эцэг эхээс” ц-т цонхны хөшиг авна” гэж 150.000 төгрөг авсан байна. Улмаар эцэг эх, хамт олноос түүнд залилуулсан гэх гомдол болон хохирлыг барагдуулах хүсэлт олноор ирэх болсон. Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй. Өвчтэй бол эмнэлгийн магадлагаа авч ир гэхэд ирээгүй, ямар шалтгаантай байгаа талаар нотлох бичиг баримт авчирч, уулз гэж утсаар болон мессежээр хангалттай хэлсэн. Цаашид сургалт хүмүүжлийн ажлыг тасалдуулахгүйн тулд ажлаас чөлөөлж, шинээр арга зүйч авч ажиллуулсан. Б.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө түүний 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн амлалт нотолгоог үндэслэсэн. Удирдлагын зүгээс жирэмсэн болохыг мэдээгүй, энэ тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй. 2020 оны 02 дугаар сард ирж тушаалаа авсан гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ Нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ц-т холбогдуулан тус ц-ийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.
Зохигчид, нэхэмжлэгч Б.Б-ыг ажлаас халсан нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн үндэслэлээ “...Миний бие нь ажлаас чөлөөлөгдөх үедээ жирэмсэн байсан ба жирэмсний хожуу үеийн хордлогын улмаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш эмнэлгийн магадлагаатай, өвчтэй байхад ажил олгогч Чингэлтэй дүүргийн Ц нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажлаас халсанд гомдолтой байна” гэж,
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Ц нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ”...Б.Б удаа дараа ажил таслаж, бага насны хүүхдийг хохироосон. Эцэг эх, багш, ажилчдаас мөнгө авч, шан харамж нэхэн ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Б.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө түүний өөрийнх нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн амлалт нотолгоог үндэслэсэн. ...Жирэмсэн болохыг мэдээгүй, энэ тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй...” гэх тайлбар тус тус гарган, мэтгэлцэж байна. /х.х-ийн 11-12, 49-60 тал/
Б.Б нь Чингэлтэй дүүргийн Ц-ийн эрхлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 тоот тушаалаар тус ц-т багшаар томилогдон ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/68 тоот тушаалаар багшийн ажлаас чөлөөлөгдөн, мөн өдрийн Б/69 тоот тушаалаар арга зүйчээр ажиллах болсон нь зохигчийн тайлбар, тус ц-ийн эрхлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/68, Б/69 тоот тушаалууд, ц-ийн дотоод журам, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна. /х.х-ийн 12, 20-30 тал/
Б.Б нь бүлгийн багшаар ажиллаж байхдаа ажил таслах, ажлын байраа орхих, хүүхдийн эрх ашиг зөрчих зэргээр зөрчил гарган, тус ц-ийн Удирдлагын зөвлөлийн хурлаар удаа дараа авч хэлэлцэн, сануулж, улмаар бүлгийн багшийн ажлаас чөлөөлөн арга зүйчээр шилжүүлэн ажиллуулах болсон нь зохигчийн тайлбар, хэрэг авагдсан Чингэлтэй дүүргийн Ц-ийн Удирдлагын зөвлөлийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 38-60 тал/
Тус ц-ийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Б.Б-ыг арга зүйчийн ажлаас чөлөөлөхдөө Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.4 зүйлийн 2, 5.4-ийн 7-гийн “в”, 5.4-ийн 8-ийн эд хөрөнгийн хариуцлагын “д” заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2-ын “в”, 9.2.13-ын “д, е, ж”, 11 дүгээр зүйлийн 11.1-ийн” и”, 11.2-ын “и “ заалтуудыг тус тус зөрчсөн гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Б-ыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Чингэлтэй дүүргийн Ц-ийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/69 тоот тушаалаар Б.Б-ыг тус ц-ийн арга зүйчийн ажилд томилсон хэдий ч талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргийг хүлээдэг.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Ц нь Б.Б-тай арга зүйчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байх ба ажлаас чөлөөлсөн тушаалд ажлаас халсан тухай үндэслэл, түүний гаргасан зөрчлийн талаар огт тусгагдаагүй, нэхэмжлэгчийн хэдийд гаргасан, ямар зөрчилд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхой бус, тухайн зөрчлийг гаргасан талаар хэлэлцсэн баримтгүй байна.
Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг нэрлэн заах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан зохицуулалтад нийцнэ.
Б.Б нь багшийн ажлаас чөлөөлөх, арга зүйчээр томилогдох үедээ жирэмсэн байсан байх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн эмнэлгийн чөлөөтэй байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтэр дэх бичилтээр тогтоогдож байх тул ажил олгогчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтад нийцээгүй гэж үзнэ. /х.х-ийн 98-112 тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргана”, мөн 129.3-т “энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.
Ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авснаас хойш шүүхэд гомдол гаргахыг дээрх хуульд заасан байх ба хариуцагч шийдвэрийг гардуулаагүй байхад ажилтны хувьд шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тушаалаа хүлээн авч 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзэхээр байна.
Ажил олгогч 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот “Б.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг 2020 оны 02 дугаар сард гардуулсан гэх боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй.
Иймд Б/02 тоот тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий тайлбар гэж үзэв. /х.х-ийн 5 тал/
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажил олгогчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч Чингэлтэй дүүргийн Ц-ийн эрхлэгч Ш.Н нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд хүргүүлж, шүүгчийн туслах Ш.У 2020 оны 08 дугаар сарын 04, 11-ний өдрүүдэд утсаар холбогдсон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн “хариуцагч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт”-ийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т заасны дагуу тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 82-83, 88-92 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг Б.Быг Чингэлтэй дүүргийн Ц-ийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар Б.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Чингэлтэй дүүргийн Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гаргуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ