Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 998

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00998

 

 

 

       Ж.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00700 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Нгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ад холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 8 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранбулаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Нгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ж.Н миний бие 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өвөр горхи, Баянцагааны хөтөл хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай Баянцагаан жуулчны баазаа 4 сарын хугацаатай түрээслэгч Б.Ад түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д түрээсийн 4 сарын нийт төлбөр 18 000 000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Түрээслэгч Б.Агийн гаргасан саналын дагуу 2017 оны 06 дугаар сарын сүүлд 9 500 000  төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг удахгүй төлж барагдуулна гэж хэлсэн. Түрээсийн гэрээний хугацаанаас өмнө буюу 2017 оны 08 дугаар сард Б.А гар утсаараа ... баазаа хүлээж ав гэх мессежийг над руу бичсэн, тухайн үед би хотоос хол хөдөө явж байна гэдгээ тайлбарласан боловч удалгүй хажуу баазын хүн над руу залгаад ... танай бааз эзэнгүй хаягдчихаад байна гэхэд нь 2017 оны 08 дугаар сарын 20-нд бааз руу яаран очиход бүх эд хөрөнгийг эзэнгүй орхиод явчихсан байсан. Иймд Б.Агаас түрээсийн үлдэгдэл төлбөр 8 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Агийн тайлбарт:  2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулж, аялал жуулчлалын баазыг 1 сарын 4 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээний төлбөрт 9 500 000 төгрөг төлсөн. Үйл ажиллагаа хэвийн явуулж байхад Налайх дүүргийн мэрэгжлийн хяналтын газраас холбогдох бичиг баримтыг Б.Нгаас шаардсан боловч уг баримт бичгүүд түүнд байгаагүй учраас үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой. Гэтэл уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хуулийн дагуу түрээслэгч эд хөрөнгийн эрхийн доголдолдолгүй эд хөрөнгийг түрээслэх үүрэгтэй байхад холбогдох зөвшөөрөлгүй жуулчны баазыг газрын хамт түрээслэсэн байна. Иймээс  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Агийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.1.1 дэх хэсэгт түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалт бий. Энэ хуулийн шаардлагыг хангаагүй буюу тусгай зөвшөөрөл сунгагдаагүй, эд хөрөнгийн эрхийн доголдолтой эд хөрөнгийг түрээслүүлсэн байсан. Ж.Нгийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах жуулчны бааз нь 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны хүртэл 5 жилийн хугацаагаар газар өмчлөх гэрчилгээ олгогдсон. 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр газрын гэрчилгээний хугацаа дууссан буюу эрхийн доголдолтой хөрөнгийг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Энэ гэрээг хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагатай байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Нгийн тайлбарт: Налайхын Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн аялал зуулчлалын газар, Дархан цаазтай газрын хамгаалалттай газруудаас нэгдсэн шалгалт жил бүр явдаг. Үүнтэй холбоотой манай байгууллагаас зөрчил дутагдалгүй, бичиг баримтын зөрчилгүй үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэж ирсэн. Тухайн үйл ажиллагаатай холбтоотой тусгай зөвшөөрөл, ажлын байрны тодорхойлолт зэргийг оффис болон гэрийнхээ хананд жаазлаад өлгөсөн байдаг бөгөөд шалгалтын хүмүүс бэлэн байлгахыг шаарддаг учраас уг бичиг баримтыг байнгын бэлэн байлгадаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Агаас 8 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-д заасныг баримтлан Ж.Н, Б.А нарын 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 150 950 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Талуудын  хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээний 4.1.1-д заасны дагуу эд хогшлоо түрээслэгчид шилжүүлэн өгсөн.Түрээслэгч нь гэрээний 5.1.1-д заасны дагуу гэрээ байгуулж эд хогшлийг түрээслэсэн. Манай жуулчны бааз нь нийтдээ 20 ширхэг эсгий гэр, нэг боловсон 00, 1 ширхэг гүний худгаас бүрддэг.Үүнээс 16 ширхэг эсгий гэрт жуулчид хүлээн авдаг 8 ханатай эсгий гэрт зочид хоол идэхээр зориулагдсан, харин 7 ханатай эсгий гэрийг гал тогооны зориулалтаар ашиглахаар түрээслэсэн. Гэтэл 2017 оны 08 сарын 03-ны өдөр түрээсийн эд зүйлийг эзэнгүй хаяж яваад түрээсийн төлбөр 8 500 000 төгрөгийг төлөөгүй. Хариуцагч Б.А нь түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахдаа гэрээний 7.1 дэх заалтыг үндэслэсэн. Гэтэл би гэрээний үүргээ зөрчөөгүй байхад Б.А нь 2017 оны 08 сарын 20-ны өдөр гэрээг дангаар цуцалж, баазыг надад хүлээлгэж өгөхгүй явсан. Шүүхээс хариуцагчийг гэрээг цуцлах үндэслэл байсан эсэх, Ж.Н гэрээ зөрчсөн эсэхийг тогтоогоогүй. Мөн хариуцагч Б.Агийн тайлбарыг нотолсон ямар ч баримт хэрэгт байхгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй. Шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг байгуулагдсан байна гэж үзээд мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар гэрээг 2017 оны 08 сарын 03-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж байгаа бол түрээсийн төлбөрийг мөн өдөр хүртэлх хугацаанд төлөх нь хуульд нийцэх байхад харин эсрэгээрээ түрээслэгч төлөх үндэслэлгүй гэсэнд гомдолтой байна.

Ж.Н би Б.Атай газар түрээслэх гэрээг байгуулаагүй байхад шүүх газрын хамт түрээслэсэн гэж буруу дүгнэсэн. “Мүүлэн” ХХК нь ганц гишүүнтэй бөгөөд захирлаар нь Ж.Н би ажилладаг. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Налайх дүүргийн 1-р хороо Баянцагааны 10 тоот 200 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэсэн атал үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэлгүй. Миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь газарт бэхлэгдсэн суурийн гэрчилгээ. Би энэ суурийг Б.Ад түрээслээгүй. Хэрэв би сууриа түрээслүүлсэн бол уг суурин дээр Б.Амарбясгалан өөрөө гэрээ бариад үйл ажиллагаа явуулах байсан. Мөн гэрээний дагуу төлбөрийн ихэнх болох 9 500 000 төгрөг төлсөн нь гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд шийдвэрийг хүчиигүй   болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Б.Ад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 8 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч  түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Зохигчид 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж,  нэхэмжлэгч Ж.Н нь Налайх дүүргийн, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах аялал жуулчлалын зориулалттай “Баянцагаан” жуулчны баазыг 4 сарын хугацаатай, сарын 4 500 000 төгрөгөөр түрээслүүлэх, хариуцагч нь түрээсийн төлбөрт 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор үлдэгдэл 8 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээж, 9 500 000 төгрөг төлсөн байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

Хариуцагч нь “нэхэмжлэгч тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зорилгоор үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах, холбогдох бичиг баримтыг хүлээлгэж өгөөгүйгээс Налайх дүүргийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газраас шалгалт хийж, удаа дараа үйл ажиллагааг зогсоосон тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” гэж тайлбарласныг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Аливаа иргэн, хуулийн этгээд нь Байгаль орчны яамнаас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус авсны үндсэн дээр амралтын газар, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэх талаар Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуучлал явуулах журам, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуучлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журамд заажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчалын яам нь 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Мүүлэн” ХХК-д улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр болох Баянцагааны хөтөл нэртэй 1 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байх боловч Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуучлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журмын 5.1, 5.3 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй байхын зэрэгцээ уг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тухайн ажлын байранд үйлчлүүлэгчдэд харагдахуйц газарт эх хувиар нь байрлуулсныг, мөн холбогдох бичиг баримтыг түрээслэгчид хүлээлгэн өгснийг нотлох баримтгүй байна.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу хариуцагчийн эзэмшил, ашиглалтад Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянцагааны хөтөл хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай Баянцагаан жуулчны баазыг шилжүүлэхдээ холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Түүнчлэн түрээсийн гэрээний зүйл болох тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт байрлах газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр буюу талуудын хороонд байгуулагдсан гэрээний хугацаа дуусахаас өмнө дуусгавар болсон байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч нь гэрээг цуцлах хүсэлтээ нөгөө талд гаргах эрхтэй байх ба тэрээр нэхэмжлэгчийг гэрээний дагуу холбогдох баримт бичгийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээ цуцлах саналыг нэхэмжлэгчид 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зурвасаар /гар утсаар/ мэдэгдэж,  2017 оны  08 дугаар сарын 03-ны өдөр түлхүүрийг нь хүлээлгэж өгснийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй.

Түрээслэгчийн түрээслүүлэгчид төлсөн 9 500 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны  08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд гэрээний зүйл болох Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянцагаан” жуулчны баазыг аялал, жуулчлалын зориулалтаар ашигласны төлбөрт тооцох нь зүйтэй. 

Хариуцагч нь түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, ашигласан хугацааны төлбөрийг төлсөн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхгүй гэж үзэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, нэхэмжлэгч Ж.Н нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцагаан жуулчны бааз байрлах газрыг, эд хогшлын хамт хариуцагч Б.Агийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр тохиролцож, түрээсийн гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заажээ. Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

 

     ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

  А.МӨНХЗУЛ