| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/1045/З |
| Дугаар | 221/МА2026/0381 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0381
Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч: Ч ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн ашигт малтмалын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/1045/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн ашигт малтмалын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2026/0320 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 28 дугаар зүйлийн 28.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Ч ХХК-ийн MV-***** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас дахин шинэ акт гаргах хүртэл 90 /ер/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас шинээр акт гаргаагүй тохиолдолд шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн ашигт малтмалын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэл хүчингүй болохыг дурдаж,
3 дахь заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасныг баримтлан Ч ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчын зүгээс нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон маргаан бүхий бүртгэлийг хийхдээ тусгай зөвшөөрлийг 1995 оноос 30 жилийн хугацаатайгаар олгосон гэж тайлбарладаг. Гэтэл анх олгосон гэх 021 дугаар гэрчилгээтэй тусгай зөвшөөрөл нь 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10 жилийн хугацаатайгаар олгогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Энэ нь захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн хугацааг бодит баримтаас гуйвуулж худал тайлбарлаж байсныг нотлож байхад шүүхээс уг баримтыг харгалзан үзээгүй.
1995 оны 021 дугаар гэрчилгээний хугацаа нь анх олгогдсоны дагуу 10 жилийн хугацаатай байсан бөгөөд тусгай зөвшөөрлийг 2004 онд М ХХК-аас шилжүүлэн авсан Д з ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр "Э д ш" ХХК- руу тусгай зөвшөөрөлийг шилжүүлэх үед шинээр батлагдсан 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 30 жилийн хугацаагаар олгосон. Энэ нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дээр дуусгавар болох хугацааг 2037 оны 05 сарын 22-ныг дуустал гэж бичсэн байгаагаар нотлогдоно. Гэтэл шүүхээс уг баримтыг харгалзан үзэлгүй Тусгай зөвшөөрөл анх олгосон болон дуусгавар болох хугацаа хэрхэн тооцохыг тогтоох шаардлагатай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-т заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа 60 жилийн хугацаатай олгогддог байсан бол 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа 30 жил болж өөрчлөгдсөн. Гэтэл хариуцагчын зүгээс 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн 2007 оны 05 сарын 22-нд 30 жилийн хугацаагаар олгож байсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үгүйсгэн 1995 онд олгогдсон тусгай зөвшөөрлөөс 30 жилийн хугацааг тоолон, зөрчил гаргалгүй хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/4606 дугаар албан бичигт өөр урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 4.2.8-т "хууль ёсны итгэлийг хамгаалах" гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг илтэд зөрчсөн үйлдэл байхад шүүхээс уг баримтыг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн гэж үндэслэлтэй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 128/ШШ2026/0320 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ч ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн ашигт малтмалын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2026/0320 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 28 дугаар зүйлийн 28.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Ч ХХК-ийн MV-***** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас дахин шинэ акт гаргах хүртэл 90 /ер/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,
3 дахь заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасныг баримтлан Ч ХХК-ийн Ашигт малтмла, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.
4. Хэргийн үйл баримтын тухайд:
4.1. 1995 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдын 99 дүгээр тушаалаар Сэлэнгэ аймгийн Е сумын нутагт орших Т алтны шороон ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг М нэгдлийн харьяа Т алтны үйлдвэрт 10 жилийн хугацаагаар олгож, 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 021 дугаартай гэрчилгээг олгожээ.
4.2. 1997 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тухайн тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэх өргөдлийн дагуу Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба А-*** дугаар кодоор бүртгэсэн байна.
4.3. 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 5-4088 дугаартай албан бичгээр М нэгдлийн эзэмшилд байгаа 302 гектар уурхайн эдэлбэр бүхий ашигт малтмал ашиглах лицензийг Д з ХХК-д шилжүүлснийг бүртгэж, хавсралтад тэмдэглэгээ хийснийг мэдэгджээ.
4.4. 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 1593 дугаартай шийдвэрээр ***А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас Толгойт-1 нэртэй 41 гектар талбайг Э д ш ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэхдээ шинээр *****А дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон.
4.5. 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1018 дугаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын шийдвэрээр *****А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Э д ш ХХК-иас Ч ХХК-д шилжүүлж бүртгэжээ.
4.6. Үүний дагуу 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдөр олгосон Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн *****А дугаартай гэрчилгээнд “...Сэлэнгэ аймгийн Е сумын нутаг Толгойт 1 нэртэй газарт орших 41 га талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч Ч ХХК-д энэхүү тусгай зөвшөөрлийг 2037-05-22 дуустал жилийн хугацаагаар олгов” гэжээ.
5. “Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн ашигт малтмалын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
5.1. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 26.3.2, 26.3.3-т заасны дагуу хийснээс хойш ажлын 3 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ”,
27 дугаар зүйлийн 27.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 27.1.6-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, уурхайн талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаан өгөх”, 27.1.7-д “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг ашигт малтмалын нөөцийн хэмжээнээс хамааран 20, 20 жилээр сунгуулах”-аар заажээ.
5.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх 30 жилийн хугацаагаар олгож, энэ хугацаанд тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэн авахаас гадна 20, 20 жилийн хугацаагаар сунгуулах эрхтэй байна.
5.3. Маргаан бүхий тохиолдолд 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 021 дугаар гэрчилгээгээр М нэгдлийн харьяа Т алтын үйлдвэрт тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгосоноос үзэхэд 2005 онд дуусгавар болохоор байх боловч уг тусгай зөвшөөрлийг:
2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 694 дугаар шийдвэрээр Д з ХХК-д шилжүүлэн олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд 30 жилийн хугацаагаар,
2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд Э д ш ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэн олгохдоо 30 жилийн хугацаагаар,
2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1018 дугаар шийдвэрээр Ч ХХК-д шилжүүлэн олгосон *****А дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд 2037 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаагаар буюу 30 жилийн хугацаагаар олгосон байна.
5.4. Үүнээс үзэхэд Ч ХХК-д 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1018 дугаар шийдвэрээр шилжүүлэн олгохдоо *****А дугаар тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгосон атлаа анхны эзэмшигчид буюу 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 021 дугаар гэрчилгээгээр М нэгдлийн харьяа Т алтын үйлдвэрт олгосон огнооноос 30 жилийн хугацааг тооцож байгаа нь үндэслэлгүй.
5.5. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “2006 оны 7 дугаар сарын 8 -ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг эзэмшигч иргэн түүнийг үргэлжлүүлэн эзэмшихийг хүсвэл хууль тогтоомжийн дагуу компани, нөхөрлөл байгуулан шинэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэх, эсхүл шинэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий этгээдэд шилжүүлж болно.”, 3 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрөл /лиценз/ эзэмшигч нь түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнийг энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоно.” гэж заасан байна.
5.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэхээс өмнө 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 31 дэх жилийн төлбөр төлснийг гэрчилгээнд тэмдэглэн баталгаажуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9-д ”Тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан этгээдийн энэ хуулийн 32.2, 32.3, 33.1-д заасан төлбөр, зардлыг тодорхойлохдоо урьд ногдуулж ирснийг үргэлжлүүлэн тооцож тусгай зөвшөөрөл шилжүүлсний дараагийн жилээс эхлэн тогтооно.” гэж заасанд нийцсэн боловч энэ үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцож дуусгавар болгосон нь үндэслэлгүй.
5.7. Хариуцагчаас “… анх олгосон огноог 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр тооцсон байх тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн гэж маргах боловч бүртгэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д ”Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:” 53.1.1-д ”тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэсэнд нийцээгүй, түүнчлэн уг бүртгэлийг хийхдээ бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн.
5.8. Тодруулбал, хариуцагч нь тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг 2037 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болохоор баталгаажуулан олгосон атлаа нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр тусгай зөвшөөрлийг анхны эзэмшигчид олгосон өдрөөс тооцон хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь дээр дурдсан хуульд нийцээгүй.
5.9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр “Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг 90 /ер/ хоногийн хугацаанд түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон тул уг тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
6. “Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
6.1. Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 28.2-т “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 28.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хангасан эсэхийг хянаж зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 27.1.7-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэж өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан.
6.2. Үүнээс үзэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа хуульд заасан баримтыг хавсарган өргөдөл гаргах бөгөөд уг өргөдлийг хянан зөрчилгүй тохиолдолд хугацаа сунгахаар зохицуулагдсан.
6.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу даалгах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд хамтад нь гаргах агуулгатай.
6.4. Гэтэл нэхэмжлэгчээс ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй, ялангуяа уг зөвшөөрлийн хугацаа дуусаагүй талаар маргаж байгаа энэ тохиолдолд хариуцагчаас хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэн хугацаа сунгахыг даалгах боломжгүй тул анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2026/0320 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Ч ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг 2 болгон өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН