Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Мөнхзоригт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 84 дугаар шүүгчийн захирамжтай А.Мөнхзоригт холбогдох эрүүгийн 2036000280035 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 22 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн, мөн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан, ПД98100212 регистрийн дугаартай, Арал овогт Амгаланбаатарын Мөнхзориг нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “Хан-Орд” гурилын захын үүдэнд зогсож байсан 29-00 ХОА улсын дугаартай цэнхэр өнгийн портер загварын тээврийн хэрэгсэл дотор хохирогч Ц.Мөнхтүшигийн куртикны халаасанд байсан 315000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “А.Мөнхзоригт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Хавтаст хэрэгт яллагдагч А.Мөнхзориг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд прокурорт хандаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй, хүсэлтийг шийдвэрлэсэн талаар прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл, 33.2 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж  заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий 39.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж  үзвэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

А.Мөнхзориг нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “ Хан-Орд “ гурилын захын үүдэнд зогсож байсан 29-00 ХОА улсын дугаартай “цэнхэр өнгийн“ портер загварын тээврийн хэрэгсэл дотор хохирогч Ц.Мөнхтүшигийн куртикны халаасанд байсан 315000 төгрөгийг нууцаар хууль бусаар хулгайлсан нь хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа нь яллагдагч  А.Мөнхзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

            Анхан шатны шүүх А.Мөнхзоригт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэж шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн нотлож чадаагүй гэж үзэж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй  байна.

            Учир нь: Ховд аймгийн хяналтын прокурор Э.Ууганзаяа нь яллагдагч А.Мөнхзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад яллагдагч А.Мөнхзориг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд прокурорт хандаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй, хүсэлтийг шийдвэрлэсэн талаар прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх яллагдагч   А.Мөнхзоригт холдбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь буруу байна гэж бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

            Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн IV дэх хэсэгт заасан журам, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дугаар зүйлүүдийн заалтуудыг тус тус зөрчиж А.Мөнхзоригт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг прокурорт буцаасан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна ” гэх хуулийн шаардлага хангахгүй болжээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч  анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17 -ны өдрийн 2020/ШЗ/84 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Мөнхзоригт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол яллагдагч  А.Мөнхзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

             

           

                                                           

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

 

                                                  ШҮҮГЧИД                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                          Б.ДАМБА