Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
Хэргийн индекс | 171/2016/0227/Э/ |
Дугаар | 2016/ШЦТ/0205 |
Огноо | 2016-12-06 |
Зүйл хэсэг | 147.2., |
Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2016/ШЦТ/0205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0227/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Иргэдийн төлөөлөгч Г.Болортуяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох *** дугаартай Эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймаг Алтай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ахын хамт Дархан-Уул аймаг***** гудамж *** тооотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах ***
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум, 14 дүгээр баг, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы хажууд *** амыг гараараа дарж хойш гэдийлгэн өшиглөж унагаан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан амь биед аюултайгаар хүч хэрэглэн цүнхтэй эд зүйл, монетон ээмгийг дээрэмдэж 670,000 төгрөгний бага бус хэмжээний хохирол,
Мөн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 12 цаг 20 минутын орчим Дархан-уул аймаг Дархан сум 12 дугаар баг, ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн хажууд 11 настай *** зодож хүч хэрэглэн Самсунг Нөт 2 загварын гар утсыг дээрэмдэж 190,000 төгрөгний хохирол тус тус учруулж дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...”, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг эмэгтэй орой харанхуй болсон байхад паркийн урд хаалгаар гарч явахад нь араас нь дагаж байгаад гар цүнхийг нь булаах гээд татсан чинь тавихгүй байхаар нь цүнхийг нь тавиулах зорилгоор хэд хэдэн удаа тэр эмэгтэйг цохиж газар унахаар нь хөлөөрөө эмэгтэйг 3-4 удаа жийгээд цүнхээ тавихаар нь цүнхийг нь аваад цааш явж цүнхэн дотроос нь гар утсыг нь авсан. Мөн чихнээс нь монетон ээмэг авсан. Цүнхийг нь тэр орчим хаясан. Нилээд хэд хоногийн дараа 9 дүгээр сургуулийн хашаан дотор нэг хүүхдийн гар утсыг нь шүүрэх гээд очсон чинь гар утсаа өгөхгүй болохоор нь цохиж байгаад гар утсыг нь дээрэмдсэн. Эхний гар утас монетон ээмгийг зах дээр танихгүй хүнд зарсан. Дараагийн гар утсыг ихэр могой худалдааны төвийн 2 давхарт*****гэх зүс таних залууд 60,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-40 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай хүүхэд 12 цаг 30 минутын үед сургуулиасаа гарч яваад дээрэмдүүлсэн байсан. Гомдол санал байхгүй. Шүүгдэгчийн зүгээс хохирол барагдуулсан, эрүүл мэндийн хувьд одоохондоо мэдэгдэх зүйл байхгүй байгаа тул гомдол байхгүй. Дахиж хүүхдэд битгий халдаасай гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн орой 23 цагийн орчим Парк ороод буцаад төв хаалгаар гараад явж байтал араас нэг залуу ам дараад, гэдийлгэж унахгүй байсан чинь намайг өшиглөж унагаагаад цохиж зодоод газар дарж байгаад цүнх болон монетон ээмгийг авч явсан. Миний цүнхэн дотор Самсунг-Нөт 2 маркийн гар утас, утасны батарей зэрэг эд зүйл байсан. Би гар утас, монетон ээмэг, арьсан цүнх зэргийг нэхэмжилнэ. Бусад зүйлийг нэхэмжлэхгүй. Миний биед зөөлөн эдийн гэмтэл буюу баруун хөлний өвдгөнд гэмтэл учирсан. Нүд болон биеийн хэсэгт хөхөрсөн байсан. Алдагдсан эд зүйл болон түүн дээр эмчилгээний зардал болох 100,000 төгрөг нийт 770,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/
“...Би хохирол төлбөрөө авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 12 цаг 20 минутын үед би хичээлээ тараад харих гээд 9 дүгээр сургуулийн хажуугаар гараад явж байхдаа ээжтэйгээ утсаар ярих гээд утсаа гаргаж ирээд залгах гээд явж байтал өөдөөс нэг ах ирж яваад хажуугаар зөрж явах гэснээ намайг гэнэт элэгдэж цохисон. Тэгснээ чи яагаад манай хүүхэд рүү залгадаг юм бэ? багштай чинь уулзана гэж хэлээд намайг биеийн тамрын талбай руу дагуулж явсан. Хоккей тоглодог талбайн хажууд аваачиж байгаад гар далайгаад намайг цохих гэснээ болиод надад хутга байгаа шүү гээд халаасаа ухаад байсан. Тэгээд надаас гар утсаа өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа өгөхгүй гэж хэлсэн чинь тэр ах намайг тэгвэл би алчихаад явчихаж чадна шүү гэж хэлээд халааснаасаа юу ч юм гаргаж ирээд миний эрүүнд тулгасан. Гэхдээ тэр зүйл юу байсныг би харж чадаагүй. Тэр ах өөрөө хутгатай шүү гээд байсан болохоор би жижигхэн хутга байна гэж ойлгосон. Тэгээд би тэр ахад гар утсаа өгсөн ба тэр ахаас гар утасны гэр болон сим картаа өгчих гэсэн чинь тэр ах миний гар утасны гэрийг өөрөө аваад май энийгээ ав гээд шидэж өгчихөөд яваад өгсөн. Тэгэхдээ намайг араасаа дагаад үзээрэй гээд байсан. Миний утас тагных нь доод хэсэгт жоохон хагарсан, дээд хэсгийг хазсан нь шүдний ором гарсан байгаа. Миний утас Нөт-2 маркийн цагаан өнгийн корпустай утас байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хүүхэд хичээлээ тараад харих гээд явж байхад замдаа надтай утсаар ярих гээд утсаа гаргаж иртэл өөдөөс нь ирсэн хүн шууд цохиж аваад хүүхэдтэй утсаар ярьлаа гэж хэлээд биеийн тамирын талбай руу дагуулж очоод хутгатай гэж айлгаж байгаад гар утсыг нь авсан гэсэн. Тэр хүн нэг удаа цохисон гэсэн. Тухайн үедээ өвдөөд зүгээр болсон. Тэрнээс ямар нэгэн бэртэл аваагүй. 190,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 5,000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэг танихгүй залуу Самсунг-Нөт 2 маркийн цагаан өнгийн гар утас зарна гэхээр нь би сэлбэгэнд хэрэглэж болох юм байна гээд 60,000 төгрөөр худалдаж авсан. Тэр цагаан өнгийн Самсунг-Нөт 2 маркийн утасны арын таг хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 79 дүгээр хуудас/
Зураг таньж олуулах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,
“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/
2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 963 дугаар шинжээчийн: “...*** биед баруун өвдөгний үений битүү гэмтэл, баруун нүд хацар, гуя цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх болмжтой. ГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтас хэргийн 24 дүгээр хуудас/
Зураг таньж олуулах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст 72-74 дүгээр хуудас/,
“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы хажууд *** амыг гараараа дарж хойш гэдийлгэн унагах, өшиглөх зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн цүнхтэй эд зүйл, монетон ээмэг зэргийг дээрэмдэж 670,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 12 цаг 20 минутын орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн хажууд 11 настай *** зодож , амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн Самсунг-Нөт 2 загварын гар утсыг дээрэмдэж 190,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *** “...цүнхээ тавихаар нь цүнхийг аваад цааш явж цүнхэн дотроос нь гар утсыг авсан. Мөн чихнээс нь монетон ээмэг авсан...” “....гар утсаа өгөхгүй болохоор нь цохиж байгаад гар утсыг нь дээрэмдсэн...” гэх /хавтаст хэргийн 37-40 дугаар хуудас/, хохирогч *** “...намайг өшиглөж унагаагаад цохиж зодоод газар дарж байгаад цүнх болон монетон ээмгийг авч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч *** “...би гар утсаа өгөхгүй гэж хэлсэн чинь тэр ах намайг тэгвэл би алчихаад явчихаж чадна шүү гэж хэлээд халснаасаа юу ч юм гаргаж ирээд миний эрүүнд тулгасан. Гэхдээ тэр зүйл юу байсныг би харж чадаагүй. Тэр ах өөрөө хутгатай шүү гээд байсан болохоор би жижигхэн хутга байна гэж ойлгосон. Тэгээд би тэр ахад гар утсаа өгсөн...” гэх, /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/, гэх /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/, гэрч *** “...би сэлбэгэнд хэрэглэж болох юм байна гээд 60,000 төгрөөр худалдаж авсан. Тэр цагаан өнгийн Самсунг Нөт 2 маркийн утасны арын таг хагарсан байсан...” гэх мэдүүлгүүд болон /хэргийн 79 дүгээр хуудас/, “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 17-18, 82-83 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд *** бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан нь *** хохирол төлбөрөө авсан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх шүүхэд ирүүлсэн хүсэлт, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгсөн хохирол төлбөрөө авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн буруугаа ухамсарлан ойлгож хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *** хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 865,000 төгрөгийг сайн дураараа төлсөн байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй байна.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохын тус тус дурдаад,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр *** 3 /гурван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *** оногдуулсан 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 865,000 төгрөгийг төлж барагдуулсан, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар *** авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БАТЖАРГАЛ
Г.ГЭРЭЛТ-ОД