Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2020/02013

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ......дүүрэг, ..... хороо, ..... хороолол, ..... байр, .... тоот хаягт оршин суух, Б.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... дүүрэг, .... хороо, ......, ........, ........, ........ тоот хаягт бүртгэлтэй, ....... дүүрэг, ...... хороо, .... 5 дугаар давхарт ...... тоот хаягт байрлах, Б.М.Ф ХХК-д холбогдох,

Автомашиныг эзэмшилд буцаан шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

Шүүх хурал

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б.М.Ф ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 5.500.000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдэж авсан.

Мөн өдөр өөрийн эзэмшлийн Тоёота кроун маркийн ******* УНЦ улсын дугаартай автомашиныг барьцаалсан УЗ275-275 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ /фидуци/-ээр автомашиныг өөрөө эзэмших нөхцөлтэй байхаар тохиролцсон.

Гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрөө төлж, зарим төлбөрийг төлж чадахгүй байсан тул хариуцагч тал зээлийн төлбөр дээр нэмэгдүүлсэн хүү нэмж, мөн зээлийн үндсэн төлбөр дээр хүүг нэмж тооцсон дүнгээс алданги тооцож нэхэмжилж байсан тул зээлээ төлөхөд улам хүндрэлтэй болсон.

Б.М.Ф ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 15/20 тоот зээл эргэн төлөхийг мэдэгдсэн тухай хуудсыг Б.У хүргүүлсэн байдаг.

Уг 15/20 тоот мэдэгдэх хуудсанд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12-00 цаг гэхэд эргүүлэн төлөхийг шаардаж, мэдэгдэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай мэдэгдсэн байсан.

Ийнхүү Б.М.Ф ХХК нь өөрөө хугацаа тогтоон өгсөн мөртлөө 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 22-00 цагийн үед Б.У-ын хууль ёсны эзэмшилд байсан автомашиныг мэдэгдэлгүйгээр хураан авч, худалдан борлуулах гэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчөөд байна.

Иймд Б.М.Ф ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн автомашиныг хураан авч явсан ажиллагааг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Б.У-ын эзэмшилд буцаан шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Б.М.Ф ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.М.Ф ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдаад, барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлдэг.

Б.У-тай 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр №УЗ-275 дугаартай, сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүү, алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан.

Ингэхдээ зээлийн гэрээний үүргийг хангуулахаар түүний өөрийнх нь эзэмшлийн 2006 онд үйлдвэрлэсэн, Тоёота кроун маркийн ******* УНЦ улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээ байгуулан компанийн өмчлөлд шилжүүлж, өөрөө ашиглаж байх гэрээ байгуулсан.

Зээлдэгч Б.У нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлэхгүй зөрчиж, бидний зүгээс зээлээ төлөх шаардлагыг байнга тавьж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Б.М.Ф ХХК нь барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг учраас нэмэгдүүлсэн хүү шаардаагүй. Түүнээс зөвхөн үндсэн зээл, хүү, алдангиа шаардсан.

Ингээд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 7 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр фидуцийн гэрээний дагуу автомашиныг компанийн эзэмшилд шилжүүлэн авсан.

Б.У-ын зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийг 2019.08.22-ны өдрөөс 2020.02.12-ны өдрийн байдлаар тооцоход тэрээр үүрэг гүйцэтгээгүй 196 хоног хугацаа хэтрүүлсэн байх ба үндсэн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 5.500.000 төгрөг, хүүгийн төлбөр 2.156.000 төгрөг, алданги 2.750.000 төгрөг, нийт 10.406.000 төгрөг болсон.

Алдангийг үндсэн зээлийн төлбөр 5.500.000 төгрөг, 2020.02.12-ны өдрөөр тооцоход 165 хоног хугацаа хэтрүүлсэн, үүнээс хоногийн 0.5 хувиар алданги тооцоход 4.537.500 төгрөг болох бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасантай нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр бодож, 2.750.000 төгрөг гэж тооцсон.

Үүнээс үзэхэд Б.У нь зээлийн гэрээний үүрэгт 10.406.000 төгрөг төлж биелүүлэхээр байсан.

Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар эд хөрөнгийг бодитоор, биет байдлаар компани шилжүүлэн авснаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх харилцаа дуусгавар болохоос гадна зээлийн гэрээний үүргийн биелэлт үүгээр хаагдсан байдаг.

Гэтэл Б.У огт үндэслэлгүй шаардлага буюу автомашин хугацаанаас өмнө хураан авсан гэж шүүхэд хандан, манай өмчлөлд шилжсэн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хаалган, битүүмжлэл хийлгэн өнөөдөр хүртэл компанийг хохироосоор байна.

Түүнд 2020.02.12-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, 2020.02.13-ны өдөр машиныг жолоодож байхад хураан авсан бөгөөд уг автомашины хууль ёсны эзэмшигч нь Б.У биш, гэрээний дагуу Б.М.Ф ХХК юм. Тиймээс төлбөрийн үүргийг биелүүлэхийн тулд өөрийн өмчлөлийн машинаа 2020.02.13-ны өдөр түүнээс авсан бөгөөд өнөөдрийг хүртэл бусдад зарж борлуулаагүй байна.

Б.У нь нэмэгдүүлсэн хүү нэхэмжилдэг, хугацаа болоогүй байхад дураараа автомашиныг хураан авч явсан гэх мэт огт үндэслэлгүй зүйл бичсэн байгааг зөвшөөрөхгүй. Бодит байдал дээр нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн, бид хууль болон гэрээнд заасны дагуу ажилласан нь түүний эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй болно.

Зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулаад 2 нөхцөл санал болгодог. Үүнд 1 дүгээрт автомашиныг манай гражид тавьсан тохиолдолд барьцаат зээлийн гэрээ, 2 дугаарт автомашиныг өөрөө эзэмших тохиолдолд фидуцийн гэрээ байгуулдаг.

Иймд Б.М.Ф ХХК-ийн зүгээс төлбөрийн үүрэгтээ тооцож автомашиныг авсан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч Б.У нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б.М.Ф ХХК-д холбогдуулан ******* УНЦ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашиныг эзэмшилд буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр №УЗ-275 тоот барьцаат зээлийн гэрээ, №УЗ-275-275 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ тус тус байгуулагдаж, оролцогч талууд гэрээнд гарын үсэг зурж, харилцан баталгаажуулжээ.

- 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №УЗ-275 тоот барьцаат зээлийн гэрээгээр 5.500.000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэгч Б.М.Ф ХХК нь зээлдүүлэх, зээлдэгч Б.У нь тогтоосон хугацаанд зээлийг, хүүгийн хамт эргүүлэн төлөх, тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссан өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр тохиролцож,

гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* УНЦ улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, автомашиныг барьцаалсан байна. /хх-ийн 7-8, 25-27 тал/

- 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №УЗ-275-275 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр талуудын хооронд мөн өдөр байгуулагдсан №УЗ-275 тоот зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор Б.У нь өөрийн өмчлөлийн, ******* УНЦ улсын дугаартай, Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг Б.М.Ф ХХК-ийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг биелэгдэж дуусах хүртэлх хугацаанд шилжүүлэх, зээлдэгч буюу Б.У нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд өмчлөх эрхийг түүнд буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ.

/хх-ийн 9-10, 27-28 тал/

Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу дээрх тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Б.М.Ф ХХК бүртгэгдсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Авто тээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн архив, лавлагааны тасгаас ирүүлсэн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 45-83 тал/

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хариуцагч Б.М.Ф ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор гэрээний зүйлийг нэхэмжлэгч Б.У-ын эзэмшлээс 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хураан авсан үйл баримт тогтоогдож байх ба үүнтэй зохигч маргаагүй.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.13, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д зааснаар өөрийн өмчлөлийн автомашинаа эргүүлэн авсан, ингэснээр талуудын хоорондох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

Б.М.Ф ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн харилцаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зохицуулалтад хамаарахаар байна. /хх-ийн 15 тал/

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй,

286.3-т Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заажээ.

Дээрхээс үзэхэд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа нь зээлдэгчээс хөдлөх хөрөнгийг барьцаалах, зээлдэгч зээл, хүүгээ хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар гэрээний үүргийг хангуулах шинжтэй байна.

Мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж зааснаас үзэхэд барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй байх бөгөөд хариуцагч Б.М.Ф ХХК нь барьцааны зүйл болох авто машиныг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна.

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа нь зээлдэгчээс хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгох, зээлийн хүүг харилцан тогтоох, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцааж төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийг хангуулах талаар хуульд заасан.

Дээр дурдсанаас үзэхэд зээлдүүлэгч Б.М.Ф ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г үндэслэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасны дагуу ******* УНЦ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Харин зохигчдын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба үүрэг гүйцэтгүүлэгч буюу Б.М.Ф ХХК нь хуульд заасны дагуу гэрээний биелэлтийг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Б.М.Ф ХХК-иас ******* УНЦ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.М.Ф ХХК-иас ******* УНЦ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчБ.М.Ф ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хариуцагч Б.М.Ф ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заасны дагуу уг эрхээ хэрэгжүүлэх боломжтойг дурьдсугай.

4. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2020/07245 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ