| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/03006/И |
| Дугаар | 3031 |
| Огноо | 2020-09-04 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 3031
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХКийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н Г холбогдох
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06606 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нараас зээлийн гэрээний үүрэгт 14,740,403 төгрөг гаргуулж Х ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч нар зээлийн гэрээний үүргийг Эвлэрлийн гэрээний дагуу тогтоосон хугацаанд төлөөгүй тул шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Ш.Б Улсын бүртгэлийн байршилтай 79 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, Улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 688 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Улсын бүртгэлийн дугаартай, 80.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлж, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4/19859 дугаартай албан бичгээр төлбөрт тооцуулах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 62.039.000 төгрөгөөр үнэлсэн талаарх мэдэгдэл ирүүлжээ. ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 62.039.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлэгдсэн байх тул дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй болох нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд төлбөр авагч Х банк энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7-д "Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж тус тус заасны дагуу төлбөр авагч хуулийн дээрх зохицуулалтын дагуу мэдэгдлийг гардаж аваад үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2020 оны 05-р сарын 28-ны өдрийн Ш-5/15 тоот Хөрөнгийн үнэлгээ буюу Улсын бүртгэлийн дугаартай,БЗД-ийн 22-р хороо, талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 688 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар Улсын бүртгэлийн дугаартай, 80.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 62.039.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ш нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өчигдрийн шүүх хуралдаанд бүх үндэслэл тайлбараа дэлгэрэнгүй тайлбарласан учраас тэр тайлбараа дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй болно. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан. Өөрөөр хэлбэл олон улсын шинэчилсэн стандартын 20.5-д “жишигт зах зээлийн мэдээлэл нь яг ижил эсвэл ихээхэн төсөөтэй хөрөнгөд хамааралтай биш байх тохиолдолд үнэлгээчин нь уг жишиг хөрөнгө болон үнэлж буй хөрөнгийн хоорондох тоо хэмжээ, чанарын ижил төсөөтэй ба ялгаатай талуудыг жишиж шинжилгээг гүйцэтгэх ёстой” гэж заасан байна. Гэтэл үнэлгээг хийсэн үнэлгээчин тайлангаа жишиг үнийн аргаар тооцож гаргахдаа хоёр өөр үнийн дүн тавьсан, ижил болон төсөөтэй талыг ялгаж гаргаагүй, зүгээр л нэг гурван үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан байна. Тэдгээр нь манай маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөтэй ямар ч төсөөтэй шинжгүй байдаг. Тиймээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ гаргуулах шаардлагатай байна. Дуудлага худалдаагаар борлуулагдахгүй бол манайд маш их хохиролтой байхаар байна гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх хурал дээр гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч В.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр Шагдарсүрэнгийн, нараас 14.740.403 төгрөгийг гаргуулж ХХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үүсгэн явуулж "төлбөр төлөгч нараас шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд төлбөр төлөгч өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, дугаарт бүртгэлтэй 80.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 688 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 20380358/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 20380358/06 тоот тогтоолоор хураан авч, төлбөр төлөгч тал 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 75.000.000 төгрөгөөр үнийн санал ирүүлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй талаар 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 05/34/5363 дугаар албан бичгээр ирүүлсэн тогтоолоор ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход 62.039.000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 4/19859, 4/19858 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн танилцуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Өмнөх тайлбараа дэмжиж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХХК нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хүчин төгөлдөр шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу ажиллагааг эхлүүлсэн, улмаар төлбөр төлөгдөөгүй тул эд хөрөнгийг битүүмжилж, хураасан, үүний дараа төлбөр авагч нь төлбөр төлөгчийн санал болгосон үнийг зөвшөөрөөгүй тул шинжээч томилж, үнэлгээ хийлгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, эд хөрөнгө нь хотын А бүсэд оршдог тул өндөр үнэлгээтэй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06606 дугаар захирамжаар ХХХК-ний нэхэмжлэлтэй, нарт холбогдох иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч нараас 14,624,866.44 төгрөг гаргуулж, шийдвэрийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууц, 688 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний газар болон дэлгүүрийн тоног төхөөрөмж, бараа зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж шийдвэрлэсэн. /хэргийн 28-30 дугаар тал/
Улмаар хариуцагч нар нь дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүй гэж үзэж тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19972 дугаар захирамжаар дээрх 06606 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлж, 01876 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хэргийн 25-27 дугаар тал/
Энэхүү 19972 дугаар захирамж, 01876 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэж 2020 04 дүгээр сарын 09-ний өдөр 20380358 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэгджээ. /хэргийн 31 дүгээр тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарыг дуудан ирүүлж, төлбөр төлөх талаар мэдэгдсэн болох нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20380358 дугаар зарлан дуудах мэдэгдэл, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 20380358/01 дугаар, мөн өдрийн 20380358/01-б дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр тогтоогдож байна. /хэргийн 32-33 дугаар тал/
Үүний дараа 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20380358/04 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан өлгий 29 гудамж, 468 тоот хаягт байрлах 79 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн дэлгүүрийн зориулалттай хувийн орон сууц, 80.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 688 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус битүүмжилсэн байна. Энэхүү эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд төлбөр төлөгч нар оролцсон болох нь дээрх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хэргийн 34-37 дугаар тал/
Улмаар 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20380358/06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх 3 төрлийн эд хөрөнгийг хураасан байна. /хэргийн 40-44 дүгээр тал/
Дээрх битүүмжлэх тогтоолд ямар хэмжээний төлбөрт тухайн 3 төрлийн эд хөрөнгийг битүүмжилсэн талаар заагаагүй. Хэдийгээр битүүмжлэгдэж, хураагдсан 688 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь шинжээч үнэлгээний талаар дүгнэлт гаргах үед төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон боловч битүүмжлэх, хураах ажиллагаа явуулах үед энэхүү үйл баримт тогтоогдоогүй байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан төлбөр төлөгчийн гэсэн зохицуулалттай нийцэхгүй. Тодруулбал, битүүмжлэх, хураах ажиллагаа хийх үед эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг бүрэн тодруулах шаардлагатай байжээ.
Ийнхүү эд хөрөнгийг хураасны дараа төлбөр төлөгч нар нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дээрх 3 төрлийн эд хөрөнгийг нийт 75,000,000 төгрөг гэж үнийн санал гаргасныг төлбөр авагч буюу энэ хэргийн нэхэмжлэгч ХХХК нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/34/5363 дугаар албан тоотоор эс зөвшөөрч, шинжээч томилох тухай хүсэлт гаргасан байна. /хэргийн 128 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 5/299 дугаар тогтоолоор дээрх 3 төрлийн эд хөрөнгөний үнэлгээг гаргуулахаар “Виннер-Вей” ХХК-ийг шинжээчээр томилжээ. Ийнхүү шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна. /хэргийн 129 дүгээр тал/
Шинжээч нь тогтоолын дагуу үнэлгээг тогтоож, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хөрөнгийг үнэлгээний тайлан ирүүлсэн. /хэргийн 47-61 дүгээр тал/
Эдгээр үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гаргасан үндэслэлийн талаар:
Зохигчийн маргаж буй ХХК-ний гаргасан үнэлгээнд нийт дүнг 62,039,000 төгрөг гэсэн байна. /хэргийн 47 дугаар тал/ Гэвч үнэлгээний үндэслэх хэсэгт өртгийн хандлагын аргаар 83 152 000 төгрөг, орлогын хандлагын аргаар 56 670 000 төгрөг, зах зээлийн жишиг үнийн аргаар 63 544 000 төгрөг гэжээ. /хэргийн 59 дүгээр тал/
Хариуцагчийн төлөөлөгч нь үнэлгээний тайлангийн нүүр хуудсанд бичигдсэн 62,039,000 төгрөг гэх үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн гэж тайлбарласан бөгөөд маргаж үнэлгээг бүхэлд нь судалж үзэхэд дээрх 3 хандлагын аргаар гарсан үнэлгээнээс нийт үнэлгээ гэж 62,039,000 төгрөгийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. Түүнчлэн хэргийн оролцогч хэн аль нь үнэлгээ гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, үнэлгээний талаар тайлбарлуулах хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Ийнхүү үнэлгээний дүн зөрүүтэй, хэрхэн тооцсон нь тодорхойгүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” гэж заасантай нийцэхгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/299 дүгээр тогтоолын дагуу ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 79 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 80.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 688 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газрын хамт үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД