Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0394

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын хяналтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Б.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн НА-22250000017 тоот нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 2-т заасан 1,034,545,454.54 төгрөгийн зөрчил түүнд ногдох нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0307 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З

Хариуцагч Б.Х

Хариуцагч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2026/0025/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Б ХХК-иас Нийслэлийн Татварын газрын хяналтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Б.Х нарт холбогдуулан “Нийслэлийн Татварын газрын хяналтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн НА-22250000017 тоот нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 2-т заасан 1,034,545,454.54 төгрөгийн зөрчил түүнд холбогдох нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар  сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0307 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг баримтлан Б ХХК-ийн Нийслэлийн Татварын газрын хяналтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Б.Х нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Татварын газрын хяналтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн НА-22250000017 тоот нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 2-т заасан 1,034,545,454.54 төгрөгийн зөрчил түүнд холбогдох нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Зийн давж заалдах гомдлын агуулга:

 Тус шүүх нь шийдвэр гаргахдаа хуулийн заалт зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй, нэг талыг барьсан “гомдлыг бүхэлд нь хүчингүй болгох” шийдвэр гаргасан. Дээрх шийдвэр нь татвар төлөгчийн эрх ашиг, хууль, тогтоомжийн заалтуудыг дараахь байдлаар зөрчсөн байна. Манай компани 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2023 оны 06 сар хүртэл 7 удаа НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч 2023 оны 08 сард НӨАТ суутган төлөгчөөр бүртгэсэн. Иймд бид НӨАТ-ын тайланд тайлагнаагүй дээрх орлогыг 2023 оны 12 дугаар сарын тайланд залруулга хийсэн бөгөөд Татварын алба холбогдох хууль, журмын заалтыг зөрчөөгүй байна гэж үзэн хүлээн авсан мөртлөө хяналт шалгалтын актаар татвар төлөхөө тайлагнасан орлогод дахин татвар ногдуулж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”: 5.1.3-д “шударга байх" зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгч шийдвэрээ гаргахдаа дээрх бидний татвараа төлөхөөр тайлагнасан байдлын харгалзан үзэхгүйгээр шийдвэрээ гаргахдаа Үндэслэх хэсгийн 9-д "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ауил гйүцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн" гэж заасан тул суутган төлөгчөөр бүртгүүлж чадаагүй тул "Х" тайлан гаргасан гэх тайлбар үндэслэлгүй" гэжээ. Манай компани НӨАТ төлөгчөөр бүртгүүлж чадаагүй 1,6 жилийн хугацаанд НӨАТ-ын тайлан өгөх боломжгүй бөгөөд бид ийм тайлбар гаргаагүй болно. Нягтлан бодогчдын хувьд өмнөх жилийн залруулгыг жилийн эцэст хийдэг нь амьдралд хэвшсэн зүйл бөгөөд биднийг шалгалт эхлэнгүүт тайлангаа залруулах хүсэлт өгсөн гэдэг нь үндэслэлгүй юм. Захиргааны шүүх нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг төрийн хууль бус үйдэл, шийдвэрээс хамгаалах зорилготой байдаг гэж ойлгодог. Гэтэл 1.6 жил бидний хүсэлтийг хүлээн аваагүй татварын байгууллагын алдааг үл хайхран, тайлангаа залруулсан 10 хүрэхгүй хоногт биднийг буруутай гэж үзсэнээ шүүгч тайлбарласангүй.

Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7, 107 дугаар зүйлийн 107.4-д зааснуудыг зөрчсөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/Ш2026/0307 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

             1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

             2. Нэхэмжлэгч Б ХХК-иас Нийслэлийн Татварын газрын хяналтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Б.Х нарт холбогдуулан “Нийслэлийн Татварын газрын хяналтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн НА-22250000017 тоот нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 2-т заасан 1,034,545,454.54 төгрөгийн зөрчил түүнд холбогдох нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 3. Анхан шатны шүүх “...татварын хяналт, шалгалтад хамрагдсан 2020, 2021 онуудад нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөх үүрэг үүссэн байхад суутган төлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаагүй, мөн 2022 оны 06 дугаар сараас эхлэн татварын цахим системээр хүсэлт гаргасан боловч тухай бүр “...материал дутуу” үндэслэлээр цуцлагдсаныг эс зөвшөөрсөн бол холбогдох байгууллагад гомдол, нэхэмжлэл гарган маргаагүй байна. Иймд ... борлуулалт хийсэн тухай бүрт нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан тайлагнаагүй нь буруу, энэ үндэслэлээр нөхөн ногдуулалт хийсэн акт үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар Б ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж “...2020 онд 178,181,818.18 төгрөгийн, 2021 онд 709,090,909.09 төгрөгийн, 2022 онд 147,272,727.27 төгрөгийн, нийт 1,034,545,454.54 төгрөгийн орлого олсон атлаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил гаргасан...” үндэслэлээр 103,554,545.46 төгрөгийн нөхөн татвар, 41,411,818.18 төгрөгийн торгууль, 38,884,600 төгрөгийн алданги, нийт 183,850,963.64 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь дээрх үйл баримт буюу орлого олсон талаараа маргаагүй.

5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг” ойлгохоор, 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана” гэж зохицуулсан.

 6. Нэхэмжлэгч нь 2020 онд 178,181,818.18 төгрөгийн орлого олсон нь тухайн онд борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрсэн өдрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөх үүрэг үүссэн, тус өдрөөс ажлын 10 хоногийн дотор өргөдлөө гаргах ёстой байсан ч гэрчилгээ авалгүйгээр бараа борлуулсны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил гаргасан.

 7. Үүнээс үзэхэд үйл ажиллагааны борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрсэн нь тогтоогдсон бол нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх, бүртгүүлснээс хойш борлуулсан бараа, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутган авч төсөвт төлөх үүргээ биелүүлэхгүйгээр бараа борлуулсан бол хариуцлага хүлээлгэх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тодорхойлон тайлагнасан борлуулалтын орлогод суутган төлөх байсан татварыг нөхөн төлүүлэхээр акт үйлдсэн нь хуульд нийцэж байна.

8. Харин нэхэмжлэгчээс 2022 онд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэхээр илгээснийг шийдвэрлээгүй татварын албаны буруугаас шалтгаалан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдээгүй гэж маргах боловч татварын албаны татгалзлын талаар маргаагүй, 2023 оны 08 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж, 2020-2022 онд хамаарах нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр залруулсан нь өмнөх татвар ногдуулж, тайлагнах үүргээ биелүүлээгүй зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

9. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 83 дугаар зүйлийн 83.1-т “Суутгавал зохих татвараа суутгаагүй, эсхүл суутган авсан боловч төлж, тайлагнаагүй суутган төлөгч нь уг татварыг нөхөн төлөх үүрэгтэй”, 84 дүгээр зүйлийн 84.1-т “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно” гээд 84.1.1-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн” гэж тус тус заасан.

10. Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/02 дугаар тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журам”-ын 2.1-т “Татварын алба дараах үндэслэлээр хувь хүн, хуулийн этгээдийг албан татвар суутган төлөгчөөр бүртгэнэ”, гээд 2.1.1-т “Хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны (Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээний болон хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалтаас бусад) борлуулалтын орлогын хэмжээ 50.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн нь анхан шатны баримтаар нотлогдсон”, 4.1-т “Хувь хүн, хуулийн этгээд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны баримтаар нотлогдсон өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан харьяалах татварын албанд бичгээр болон цахим хэлбэрээр "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагчаар бүртгүүлэх өргөдөл" / Хавсралт №5 /-ийг бөглөж дараах баримтыг хавсарган харьяалах татварын албанд ирүүлнэ. Үүнд: Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрснийг нотлох анхан шатны баримт бичиг; /харилцах дансны хуулга, төлбөрийн баримт, нэхэмжлэх, бараа борлуулсан, үйлчилгээний үзүүлсэн орлого, зардлын баримт, шаардлагатай тохиолдолд бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай гэрээ гэх мэт/”, 7.1-т “Хувь хүн, хуулийн этгээд нь албан татвар суутган төлөгчөөр бүртгэх, бүртгэлээс хасах үйл ажиллагаатай холбогдсон гомдлоо тухайн татварын албаны дээд шатны татварын албаны даргад гаргана” гэж нарийвчлан зохицуулсан.

11. Тус журмын зохицуулалтаар нэхэмжлэгчийн 2020 оны үйл ажиллагааны борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш дүнд хүрсэн байх тул 10 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болох хүсэлтээ дээрх журамд заасан маягтын дагуу бөглөсөн өргөдөл, анхан шатны баримтуудыг хавсарган харьяалах татварын албанд бичгээр болон цахимаар ирүүлэх, харьяалах татварын албанаас уг хүсэлтийг шийдвэрлэхгүй буюу хүлээн аваагүй бол нэхэмжлэгч энэ талаарх гомдлоо гарган шийдвэрлүүлэх замаар тухай бүрд нь тайлагнах боломжийг нэхэмжлэгч бүрдүүлэх үүрэгтэй.

12.  Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

 

    ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН