Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1010

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01010

 

      

 

 

 

 

 

 

 

 

            “Содмонгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00298 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “ММ” ХХК, Г.Алдартбаярт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хохиролд 28 800 000 төгрөг гаргуулах үндсэн, гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Оролжмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч “СМ групп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “СМ Групп” ХХК болон “ММ” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр №16-1411 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Улаанбаатар хот, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдийн дотор талбайд баригдах Буддагийн өсвөр насны баримлын иж бүрэн тохижилт угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон билээ. Энэхүү гэрээний нийт үнийн дүн 48 000 000 төгрөг бөгөөд ажлыг гэрээ батлагдсан өдрөөс эхлэн хуанлийн 35 хоногт гүйцэтгэхээр тохирсон. Захиалагчаас эхний ээлжинд 9 600 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийн даалгавраар гүйцэтгэгч талд шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч “ММ” ХХК, түүний захирал Г.Алдартбаяр нь энэхүү мөнгийг авснаас хойш дээрх гэрээний дагуу ажил үүргээ өөрийн биеэр 100% гүйцэтгээгүй. Энэхүү хугацаанд манай компани бүтэн жил хүлээсний эцэст “БЦХЦ” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлыг бүрэн хийлгэж дуусгасан ба цаг хугацаа болоод хөрөнгө мөнгөний их хохирол учраад байна. Иймд бид “ММ” ХХК түүнийг төлөөлж гарын үсэг зурсан Г.Алдартбаяр захиралтай байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. Тус гэрээний 4.1.11-т заасны дагуу 40% торгууль 19 200 000 төгрөг, эхний санхүүжилт болох 9 600 000 төгрөг буюу нийт 28 800 000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжид төлсөн 301 950 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч “ММ” ХХК болон Г.Алдартбаярын тайлбарт: Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа гэрээ цуцалснаас өөрт учирсан хохирол 28 800 000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлжээ. “СМ групп” ХХК болон “ММ” ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр №16-1411 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулагдсан. Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь гэрээний дагуу 48 000 000 төгрөгийн үнэ бүхий Будда /бурхан/-н баримлыг иж бүрэн тохижилт угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гүйцэтгэгч талаас гэрээний дагуу ажлаа эхэлсэн бөгөөд захиалагч талаас барьцаа хөрөнгө тавьж, барьцааны гэрээ байгуулахыг шаардсан ба гүйцэтгэгч тал уг саналыг хүлээн авахаас татгалзсан. Нэгэнт гэрээгээр харилцан тохиролцож, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд торгууль төлөхөөр тохиролцсон атал барьцаа хөрөнгө шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Гүйцэтгэгчийн зүгээс барьцааны гэрээ байгуулалгүйгээр гэрээний үлдэгдэл санхүүжилтийг авалгүйгээр гэрээт ажлыг 100% дуусгаж захиалагчид хүлээлгэж өгье гэдэг саналыг тавьсан боловч барьцааны гэрээ байгуулахгүй бол боломжгүй гэсэн хариуг өгснөөр гүйцэтгэгчийн зүгээс нэгэнт барьцааны гэрээ байгуулах боломжгүй тул ажлыг цааш гүйцэтгээгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд хэрхэн бодит хохирол учирсан нь тогтоогдохгүй байна. Учир нь гүйцэтгэгчид урьдчилгаа 9 600 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гүйцэтгэгч “ММ” ХХК-ийн дансанд шилжүүлсэн бөгөөд өөр нэг ч төгрөг шилжүүлээгүй атал хохирол гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд гэрээ цуцлагдах үндэслэл нь захиалагч талын хууль бус шаардлага болох барьцаа хөрөнгөтэй хамааралтай учир ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбоотой хохирлыг “ММ” ХХК хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг “ММ ХХК, түүнийг төлөөлж захирал Г.Алдартбаяр гарын үсэг зурсан бөгөөд иргэн Г.Алдартбаяртай уг гэрээг байгуулаагүй тул иргэн Г.Алдартбаяр нь уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч “ММ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “ММ” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр №16-1411 тоот ажил гүйцэтгэх гэрээг “СМ групп” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг талууд гарын үсэг зурж баталгаажуулахдаа “ММ” ХХК-ийг төлөөлж захирал Г.Алдартбаяр гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Г.Алдартбаярын хувьд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “ММ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байгаа нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байдаг. Иймд 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Г.Алдартбаяр нь “ММ” ХХК-тай хамааралгүй, аливаа хэлбэрээр хувьцаа эзэмшдэггүй байсан бөгөөд тус компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “СМ групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Г.Алдартбаярт тухайн компанийн тамга тэмдэг явдаг байсан бөгөөд тэрээр манайд хандаж хүсэлт гаргасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Алдартбаяр нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тухайн үед Г.Алдартбаярт эрх олгогдоогүй байсан байж болно. Тухайн компанийн хүсэл зоригийг тайлбарлах нь зүйтэй байх. Гэрээг Г.Алдартбаяр хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 50 дугаар зүйлд зааснаар энэ хэлцлийг олгохоос татгалзсан баримт гаргаж өгөөгүй. Хавтаст хэрэгт дээрх баримт байхгүй учир сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч “ММ” ХХК-аас 15 360 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “СМ групп” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Алдарбаярт болон 13 440 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч СМ групп ХХК-д холбогдох 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч “ММ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “СМ групп” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301 950 төгрөг, хариуцагч “ММ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “ММ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 234 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “СМ групп” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.11, 4.2.10-д заасныг буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна. "СМ Групп" ХХК болон "ММ" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу урьдчилгаа 9 600 000 /есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг "ММ" ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Гэтэл "ММ" ХХК нь дээрх ажлаа хийж гүйцэтгээгүй тул гэрээний 4.1.11, 4.2.10-ын дагуу торгууль 19 200 000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгууль тавьсан.   Анхан шатны шүүх хуралдааны явцад "ММ" ХХК нь бяцхан будда бурханы баримлыг гипсээр урлаагүй, иргэн н.Дорждэрэм өөрийн гараар урласан байдаг боловч  энэрэнгүй сэтгэл гаргаж 3 840 000 төгрөгийг хасч тооцсон. Ингээд үлдэх 5 760 000 /таван сая долоон жаран мянга/ төгрөг дээр торгууль 40 хувь болох 19 200 000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөг, нийт 24 960 000 /хорин дөрвөн сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг "СМ Групп" ХХК-д олгож шийдвэрлээгүйд гомдолтой байна. Учир нь бид төв гандан тэгчилэн хийдийн хамба лам, бусад лам нарт амлалт өгч 2016 оны 7 cap гэхэд ашиглалтад оруулж, хүүхэд залуус, эмэгтэйчүүдийн сүсэг бишрэлд хандив өргөх сайн үйлсийн аяны үндсэн дээр бяцхан будда баримлыг хийлгүүлэхээр "ММ" ХХК-тай гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Иймд бид арга ядаж "БЦХЦ" ХХК-тай гэрээ байгуулан тус ажлыг хийлгэж дуусгасан. Иймд хариуцагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талууд гэрээг гарын үсэг зурж баталгаажуулахдаа "ММ" ХХК-ийг төлөөлж захирал Г.Алдартбаяр гарын үсэг зурсан. Г.Алдартбаярын хувьд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр "ММ" ХХК-ийн  гүйцэтгэх  захирлаар  бүртгэгдсэн  байгаа  нь тус  компанийн  улсын  бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байдаг. Иймд 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Г.Алдартбаяр нь "ММ" ХХК-тай хамааралгүй, аливаа хэлбэрээр хувьцаа эзэмшдэггүй байсан бөгөөд тус компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй этгээд байсан. Иймээс талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Ажил   гүйцэтгэх  гэрээний  дагуу  торгууль  болох   15 360 000  төгрөгийг  хариуцагч “Мэдрэхүйн    мэлмий"    ХХК-аас    гаргуулан    нэхэмжлэгчид    олгохоор    шийдвэрлэсэн    нь үндэслэлгүй   гэж  үзэж  байна.   Учир  нь   нэгэнт  хүчин  төгөлдөр  бус  хэлцлийг  үндэслэн шийдвэрлэснийг    хүлээн    зөвшөөрөх    боломжгүй    тул    нэхэмжлэгчийн    нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК нь хариуцагч “ММ” ХХК, Г.Алдартбаярт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, торгуульд 19 200 000 төгрөг, санхүүжилтэд урьдчилан төлсөн 9 600 000 төгрөг, нийт 28 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Хэрэгт 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК, хариуцагч “ММ” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ авагдсан, уг гэрээнд гарын үсэг зурагдаж, компанийн тамга дарагдсан байх бөгөөд гэрээний дагуу хариуцагч нь Гандантэгчилэн хийдийн дотор талбайд баригдах Буддагийн өсвөр насны баримлын иж бүрэн тохижилт угсралтын ажлыг хуанлийн 35 хоногт гүйцэтгэх, нэхэмжлэгч нь 48 000 000 төгрөгийн санхүүжилтийг ...гэрээ батлагдаж, эх загвар баримал гипсээр хийж дуусгаж бэлэн болсон үед урьдчилгаа 20 хувь, ... буддагийн өсвөр насны барималын эх загвар дууссаныг үндэслэн 30 хувь, ... газар шорооны ажил бүрэн дууссан, буддагийн өсвөр насны барималын хүрэл зутгуур бүрэн дууссаны дараа 30 хувь, ... ажлыг бүрэн гүйцэтгэж, захиалагчаар гүйцэтгэлийн актыг гаргуулж, ажлыг бүрэн хүлээлгэн өгч, гэрээг дуусгавар болгон дүгнэснийг үндэслэн 20 хувийг гүйцэтгэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ цуцлах дүгнэлтээр хариуцагч нь гэрээнд заасан ажлыг 20 хувьтай хийж гүйцэтгэсэн болохыг тогтоож, гэрээг цуцалж, гэрээний 4.2.10-т зааснаар торгууль тавихаар шийдвэрлэсэн байхын зэрэгцээ хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг “БЦХЦ” ХХК-аар гүйцэтгүүлж, ажлын үр дүнг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч нь Гандантэгчилэн хийдийн дотор талбайд баригдах Буддагийн өсвөр насны баримлын иж бүрэн тохижилт угсралтын ажлыг хуанлийн 35 хоногт гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээний дагуу төлсөн урьдчилгаа 20 хувь болох 9 600 000 төгрөгөөр Бяцхан будда баримлын эх загварыг хийсэн,  нэхэмжлэгч нь уг баримлыг өөрийн байранд шилжүүлэн авч, гэрээг цуцалсан байх тул нэхэмжлэгч нь урьдчилгаанд төлсөн 9 600 000 төгрөгийг шаардах эрхгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй.

 

Талууд хооронд байгуулагдсан гэрээний 4.1.11, 4.2.10-т “гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол энэхүү гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 40 хувиар торгууль төлөх”-өөр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч гэрээнд заасан ажил үүргээс 20 хувийг нь хийж гүйцэтгэж,  үлдэх 80 хувийн ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй тул уг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 38 400 000 төгрөгийн 40 хувьтай тэнцэх торгууль 15 360 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тусгайлсан хуулийн зохицуулалт байхад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг баримталсан нь буруу.

Хариуцагч Г.Алдартбаяр нь “Содмонгол групп” ХХК, “ММ” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний оролцогч биш бөгөөд тэрээр  “ММ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Г.Алдартбаяр нь “ММ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр буюу гэрээ байгуулагдсанаас хойш томилогдсон явдал нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00298 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ММ” ХХК-аас 15 360 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 440 000 төгрөг болон хариуцагч Г.Алдартбаярт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК-ийн төлсөн 282 750 төгрөг, хариуцагч “ММ” ХХК-ийн төлсөн 632 700 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.  

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                                    

   

 

 

                                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                          С.ЭНХТӨР

 

                                                   А.МӨНХЗУЛ