Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 3043

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Э холбогдох

Гэм хорын хохиролд 711,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ннь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А.Нминий хүү Г.Т 2019 оны 12-р сарын 12-ны өдөр 11 цаг орчимд хүүхдийн ордонд шатрын дугуйлан тараад В1 давхарт хувцасны өлгүүрээс хувцсаа авч өмсөх үед нь шатрын ангийн А.Т /11 настай/ нь толгой уруу хэд хэдэн удаа цохиж, том биеэрээ явуулахгүй хааж, түлхэж, миний хүүгийн куртикны 2 ханцуйнаас нь зуурч тавихгүй өөрийгөө тойруулан эргүүлж байгаад чулуун шалан дээр дагзаар нь хүчтэй унагаснаас Г.Т ухаан алдаж унасан. Ингээд хүүг маань сэрээх гэж хэдэн хэдэн удаа нааш цааш татаж байж ухаан оруулсан. Үүнийг шатрын ангийн хүүхдүүд болох Т*******, Т******* харсан бөгөөд ухаан алдах үед нь Т рүү шагайж харж байгаа нь камерын бичлэгт тод бичигдсэн. Хүү маань ухаан орж сэрээд толгой нь өвдсөн, толгой нь эргээд явж чадахгүй гуйвж улмаар уйлсан байна. Ингэж байгаад сургууль руугаа хичээлдээ явсан. Сургуулийн эмч нь Г.Тн биеийн байдлыг үзэж хичээлдээ суух боломжгүй гээд миний утас болон аавынх нь утас руу холбогдож хүүгээ ирж ав гэсэн. Ингээд би хүүгийнхээ сургууль руу очиход сургуулийн эмч нь 103 руу залгаж түргэн дуудсан байсан. Сургуулийн эмчийн тодорхойлолтыг нэхэмжлэлд хавсаргасан байгаа. Сургуулийн эмч хүүг чинь хичээлд суулгах боломжгүй байна аваад яв. Биеийн байдал нь тааруу байна гэсэн. Ингээд би хүүхдээ сургуулиас нь авч болсон байдлын талаар хүүгээсээ асуугаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт очиж Т*******т холбогдуулан гомдол бичгээр гаргаж өгсөн. Мөн тэр өдрөө гэмтлийн эмнэлэг явж хүүгээ үзүүлсэн, толгойн зураг авахуулсан, хүү маань замдаа бөөлжиж, толгой эргэсэн учраас бариач дээр очиж толгойг нь бариулсан. Бид шууд шүүх шинжилгээний эмнэлэг яваагүй бөгөөд хүүгээ толгой нь хөдөлсөн байсан учраас толгойн зураг авахуулж, бариачаар бариулсан, эм уулгасан. Хүүгээ 3 хоног хичээл, дугуйланд нь явуулаагүй гэрээр эмчилгээ хийсэн. Үүний дараа шүүх шинжилгээний газарт очиж эмчид үзүүлж шинжээчийн дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Мэдээж бид хүүгээ тэр даруй толгойг нь бариачаар бариулж эм уулгаж эмчид үзүүлж арга хэмжээ авсан, эдгэрэлт явагдсаны дараа шүүхийн шинжээч эмч дээр очсон учраас гэмтлийн зэрэг тогтоогдохгүй нь ойлгомжтой гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ бүгд 2019 оны 12-р сарын 12-ны өдрийн камерын бичлэг, хүүхдийн толгойны хавдаж хөхөрсөн зураг зэргээр нотлогдоно. Цагдаагийн газарт бид гомдол гаргахад гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэдгээр Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан, үүнийг эс зөвшөөрч бид дээд шатны прокурорт гомдол гаргасан бөгөөд А.Т нь зөрчил үйлдсэн боловч насанд хүрээгүй /11 настай/ учраас шийтгэл оногдуулах боломжгүй байна гэж хариу өгсөн. Мөн Улсын ерөнхий прокурорт дахин гомдол гаргасан бөгөөд өөрт учирсан гэм хорын асуудлыг Иргэний хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн хариу албан бичиг гарсан. Цагдаагийн газарт гомдол гаргах үед адилхан эцэг эх хүмүүс хоорондоо учраа ололцож ярилцъя гэж бодсон боловч Т*******ын эцэг эх нь биднээс уучлалт гуйгаагүй, бидэнтэй хүн ёсоор харьцаагүй. Ээж С.Э нь хүлээж авалгүй биднийг мөнгө нэхэж байна, та нарт мөнгө өгөхгүй, та нар явдаг газраараа яв, та нар юу олохын гэж уурлаж, үл тоомсорлож, ухамсаргүй, хүн чанаргүй загнасан. Хэн ч, ямар ч хүн үр хүүхдээ өвдөж бусдад зодуулбал эцэг эхтэй уулзаж, хэл амаараа ярилцдаг, ингэж бодоод ярилцах гэтэл хүлээж аваагүй харин ч бүр биднийг дээрэлхэж элдэв үгээр хэлж доромжилж буйд гомдож бид яагаад энэ хүмүүсээс болж мөнгө, сэтгэл санаа, цаг хугацаа, цаг заваа алдаж хохирч явж, харин хохирол учруулсан хүмүүс нь ямар ч хариуцлага хүлээхгүй, хүн доромжлоод явж байгааг гайхаж бид өмгөөлөгчид хандсан. Би хэний ч айлын хүүхэд ялгаа байхгүй гэж бодож ээж Э нь холбогдохоор утсаар мессеж бичсэн, ярьсан. Хүлээж аваагүй учраас Т нь миний хүү Тн толгойг хөдөлгөж /доргисон/ үүнээс болж бидэнд гарсан бодит учирсан хохирол зардлыг Т*******ын эцэг эх болох С.Эөөс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Бидний хувьд хүүхдээ эмнэлэгт үзүүлж толгойн зураг авахуулахад 100.000 төгрөг, толгой бариулахад 60000 төгрөг, бензин 30000 төгрөгийн зардал гарсан. Цагдаагийн газарт гомдол гаргахад хүлээж авахгүй татгалзсан учраас өмгөөлөгчид хандсан. Өмгөөлөгчид хандахаас өмнө Т ээжтэй холбогдож заавал хууль, шүүх гэхгүйгээр бидэнд учруулсан хохирлыг барагдуулж өгөх талаар хэлэхэд үл тоомсорлосон учраас тэдэнд гомдож зайлшгүй хуульч өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан. Зардал дээр өмгөөлөгчийн хөлс нэмэгдсэн. Хэрвээ Т миний хүүгийн толгойг хөдөлгөж өвдүүлээгүй байсан бол бидэнд ийм зардал мөнгө хэзээ ч гарахгүй байсан. Би бодит гарсан зардлаа л нэхэмжилж байгаа, илүү мөнгө нэхсэн зүйл байхгүй. Энэ бүгд баримтаар нотлогдож байгаа болно. Биднийг хохиролгүй болгож гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Толгой зураг авахуулсан 100 000 төгрөг, бензиний зардал 30 000 төгрөг, толгой бариулсан 60 000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд төлсөн 500 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 21 620 төгрөг тус тус гаргуулна. Т нь дугуйлангаа тараад Т зууралдаж байх үед Т нь чулуун шалан дээр унагаагаад ухаан алдсан. Сургуулийн эмчид үзүүлээд эцэг эхийг нь дуудсан. Очиход 103 дуудсан байсан. Тухайн үед юу болсныг асуухад чулуун шалан дээр унасан гэсэн бөгөөд 103 эмч толгойг нь үзүүл гэсэн. Эцэг нь дугуйлан дээр очиж бичлэг аваад цагдаад гомдол гаргасан. Тэр өдрөө толгойны зургыг нь авахуулсан. 2 өдрийн дараа шинжээч эмчид үзүүлсэн. Улмаар зардал гарсан. Ойлголцох гэж оролдсон боловч хариуцагч эвлэрхийг хүсээгүй. Эрүүгийн гомдол нь насанд хүрээгүй, гэмтэл тогтоогдоогүй гэж хаагдсан. Үүний дараа өмгөөлөгч авч зөвлөгөө авсан. Хариуцагчийн тайлбартай танилцсан. Бичлэгээс бүх зүйл тодорхой болсон. Нэхэмжлэгч нь ашиг хонжоо харсан зүйлгүй. Т эцэг эх нь энэ хугацаанд нэг ч холбогдоогүй. Зөвхөн гарсан зардлаа л авахыг хүссэн. Хариуцагч нь нотлогдохгүй зүйл ярьж байна. Сургуулийн эмчийн тодорхойлолтоор тогтоогдоно. Эрүүгийн хуулиар хариуцлага тооцогдох боломжтой байсан. Өөрийнхөө хүүхдийг оронд нь тавиад үзэх хэрэгтэй. Томограф нь зөвхөн ясны хугарлыг л харуулдаг. Толгойн доргилтыг гаргахгүй. Хүүхдээ эмчлүүлсэний дараа шинжээч эмчид үзүүлсэн. Уг гэмтэл учраагүй бол нэмэлт зардал гарахгүй байсан. Прокурорт гомдол гаргасан боловч иргэний журмаар шийд гэсэн гэв.

Хариуцагч С.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Э нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан Наранболорын нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Би өөрийн хүү А.Т 9 дүгээр сард Монголын Хүүхдийн Ордны шатрын дугуйланд бүртгүүлж, хичээллүүлж эхэлсэн. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг орчимд байх хүүгийн шатрын багш над руу залгаж “Тн ээж үү? Манай ангийн нэг хүүхдийн аав гомдол гаргаад ирлээ та ирж уулз” гэсэн. Манай ажил хүүхдийн ордны хажууд байдаг учраас удалгүй яваад очиход танихгүй эрэгтэй хүн байсан. Тэр хүн хэлэхдээ “Танай хүүхэд манай хүүхдийг унагаасан байна. Түүнээс нь болоод хүүхдийн маань бие өвдсөн хичээл дээрээ уйлаад байна. Би ээж рүү нь яриад эмнэлэгт үзүүл гээд явуулсан” гэсэн. Би хэлэхдээ манай хүүхэд надад юм хэлээгүй. Би хүүгээсээ асууж тодруулна. Та ч бас хүүхдээсээ юу болсныг сайн асуу, гэмтэл бэртэл авсан бол хуулийн байгууллагаар  шийдүүлэх нь зөв” гэж хэлсэн. Т*******ийн аав юу ч хэлэхгүй яваад өгсөн. Тэгсэн тэр өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс над руу яриад танай хүү Т*******т холбогдуулан гомдол гаргасан учраас та ир гэсэн. Би цагдаагийн газар очиж уулзсан. Тэр үед Т*******ийн ээж Т*******ийг аав нь гэмтлийн  эмнэлэгт үзүүлэхээр явсан. Удахгүй ирнэ гэж хэлсэн. Би ч хүүгээ хичээлээс нь авчруулж, мэдүүлэг өгүүлсэн. Миний хүүгийн өгсөн мэдүүлэг 10467 дугаартай материалд байгаа. Би цагдаад бичлэг байсан түүнийг үзэх хүсэлтийг амаар гаргасан. Г.Тн эцэг эх хүүхдийн ордонд болсон үйл явдлын бичлэгийг цагдаагийн байгууллагад өгсөн, би ч тэр бичлэгийг үзсэн. Тэр бичлэгт өлгүүрт оочирлож буй А.Тн араас ирээд мөрлөж, зулгааж зүгээр байлгахгүй байсан хүүхэд нь Г.Т болох нь харагдана. Т******* миний хүүгийн араас татаж, зулгааж, мөрлөж байхдаа МУУ ТОМ БООВТ, ТОМ БООВТОЙ гэх мэтийн үгийг хэлж байсан гэсэн. Түүнийгээ миний хүү цагдаад хэлсэн. Хүүхдүүд тоглож байсан юм билээ тэгээд гар нь хөлөрсөн учраас Г.Тн гарыг алдчихсан юм билээ. Харин энэхүү нэхэмжлэлд бичсэн ухаан алдсан, бөөлжсөн, гэх зүйлүүд болоогүй, түүнийг нотлох баримт байхгүй. 6 дугаар ангийн эрэгтэй хүүхдүүд тоглож, нэг унах зэргийн зүйлс нь энгийн үзэгдэл байтал эцэг эх нь санаанд оромгүй зан байдал гаргаж, ашиг хонжоо олох гэж зүтгэж байгаад харамсаж байна. Миний хүү цагдаагийн газарт очсоноосоо болоод дугуйландаа явах дургүй болчихсон. Мөн хүүхдүүд намайг том боовтой гэж шоолно гээд гэрээс гарах тоглож наадах бас дургүй болчихлоо. Мөн би дээрх гомдол саналаас нь болж 3 өдөр ажлаа алдаж, цалингаа хасуулсан гэж тооцвол мөн л санхүүгийн болон сэтгэл санааны хохирол гарсан байж таарна. /Сургалтын төлбөр 250.000 төгрөг, цалин 200.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг/. Иймээс дээр видео бичлэгт үзлэг хийх хүсэлтийг энэхүү тайлбартаа тусгуулахыг хүсч байна. Мөн би улс төрийн намд ажилладаг сонгууль дуустал буюу 2020.06.25-ыг дуустал хугацаанд хөдөө орон нутагт томилолттой байх тул энэхүү нэхэмжлэлийн хүрээнд шүүхэд ирэх боломжгүй болохоо илэрхийлье. Иймд СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж шийдвэрлэсэн 10467 дугаартай материалыг татаж авч, уг иргэний нэхэмжлэлд хавсаргах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. А.Нн нэхэмжлэлийн дагуу үүссэн иргэний маргаанд өмгөөлөгч авахгүй өөрийн биеэр оролцохоо илэрхийлье.

Гарсан бодит зардал болох толгойн зураг авахуулсан, бариулсан, бензиний гэх 190 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрдөг. Хүүхдийн ордонд болсон явдлыг сая үзлээ. Хүүхэд тоглож байгаад унаад ямар нэг зүйл болоогүй. Гэтэл цагдаад гомдол гаргаад хүүхдийг маань олон байцаалгасан. Иймд бусад зардлыг нь төлөхгүй. Хүний биед халдсан гэдэгт санал нийлэхгүй. Манай хүүхдийг доромжилсон талаар цагдаад хэлсэн байдаг. Тоглож байгаад унасан байдаг. Хүний биед халдсан зүйлгүй. Эрүүгийн хариуцлага хүлээх байсан гэдэгт санал нийлэхгүй байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ннь гэм хор учруулсанаас үүссэн хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 190,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсэг нь үндэслэлгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Ннь хүү Г.Тучруулсан гэх гэм хорын хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч А.Ннь Г.Тн хууль ёсны төлөөлөгч болох нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас олгосон 0307762/316 дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул өөрийн хүүг төлөөлж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д нийцнэ. /хэргийн 11 дүгээр тал/ Улмаар нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэлийг Б.Д олгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т нийцсэн байна. /хэргийн 16 дугаар тал/

Нэхэмжлэлд дурдсанаар Г.Т гэм хорын хохирол учруулсан гэх А.Т эх нь хариуцагч С.Э мөн болох нь Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлээр тогтоогдсон. /хэргийн 34 дүгээр тал/ Энэхүү үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй тул хариуцагч С.Э нь А.Тг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь дээрх хуульд нийцэх юм.

А.Т нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хүүхдийн ордонд шатрын дугуйлан тараад гадуур хувцасаа авах үедээ болгоомжгүй үйлдлийн улмаас Г.Т унагаж, улмаар Г.Тн эцэг, эх цагдаагийн байгууллагад гомдол гаргасан болох нь зохигч, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон.

Цагдаагийн болон прокурорын байгууллага нь гомдлыг шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/89 дүгээр гомдлын хариу өгөх тухай албан тоот, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаар гомдлыг хангахаас татгалзах тухай тогтоолын хуулбар, Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/437 дугаар гомдолд хариу өгөх тухай албан тоотоор тус тус тогтоогдсон. /хэргийн 37, 9, 38, 10 дугаар тал/

Ийнхүү шийдвэрлэхдээ зохигчийн маргаж буй үйл баримтыг гэмт хэргийн шинжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулах боломжгүй талаар дүгнэсэн байна.

Харин зохигч, хариуцагчийн төлөөлөгч нар нь А.Тг өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас Г.Тг шалан дээр унагасан үйл баримтын талаар маргаагүй. Гэвч хариуцагч нь ийнхүү унах болсон нь Г.Тн буруутай үйлдэлээс шалтгаалсан гэж маргасан.

Гэвч А.Т нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г.Тн хувцаснаас зуурч байгаад алдаж, түүнийг шалан дээр унагасан болох нь СиДи-д хийсэн үзлэгийн тэмдэглэл, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, дээрх прокурорын тогтоолууд болон хариу мэдэгдсэн албан тоотууд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон хариуцагчийн “Хүүхдүүд тоглож байсан юм билээ тэгээд гар нь хөлөрсөн учраас Г.Тн гарыг алдчихсан юм билээ” гэх тайлбараар тогтоогдсон.

Зохигчийн маргаж буй үйл явдал нь шатрын дугуйлан тарсны дараа гадуур хувцас авах үед буюу дугуйлан ажиллуулдаг гэх Хүүхдийн ордон дотор болсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-т зааснаар тухайн хуулийн этгээдээс гэм хорын хохирол нэхэмжлэх боломжтой байжээ.

Гэвч хариуцагч нь толгойн зураг авахуулсан гэх 100,000 төгрөг, толгой бариулсан гэх 60,000 төгрөг, бензиний зардал гэх 30,000 төгрөг, нийт 190,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлдэг.  Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаар С.Эийг тодорхойлж, уг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд шүүхээс түүний зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь талуудын зарчимд нийцнэ.

Нөгөө талаар, Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-т заасан 7-14 насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх байгууллагын шууд хяналтад байхдаа бусдад учруулсан хохирлыг мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар уг иргэний хууль ёсны төлөөлөгч хариуцан арилгах үүргийг хязгаарлахгүй.

Нэхэмжлэлийн шаардлага болох өмгөөлөгчид төлсөн 500,000 төгрөгийн төлбөрийн хувьд нэхэмжлэгч нь эрүүгийн журмаар гаргасан гомдол шийдэгдэж дууссаны дараа буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд Б.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр бус, харин төлөөлөгчөөр оролцсон. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авах нь хэргийн оролцогчийн шууд хүсэл зоригоос хамаарсан, эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал юм. Иймд нэхэмжлэгч нь өөрийн эрхээ хэрэгжүүлснээр гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхгүй.

Үүнээс гадна нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нийт 711,620 төгрөг гэж тодорхойлсон боловч энэхүү мөнгөн дүнд улсын тэмдэгтийн хураамжийг давхар тооцсон болох нь тогтоогдсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг шүүх нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч хуульд зааснаар хуваарилана.

Иймд нэхэмжлэгч нь толгойны зураг авахуулсан 100,000 төгрөг, бариулсан 60,000 төгрөг, бензиний зардал 30,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, нийт 690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан гэж үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 503 дугаар зүйлийн 503.1-д тус тус зааснаар хариуцагч С.Эөөс гэм хорын хохиролд 190,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин т******* болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД

                                                                                          Л.ЭНХЖАРГАЛ