Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2016/ШЦТ/0197

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0133/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч Ц.У***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О***,
Шүүгдэгч Б.Л***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л***д холбогдох ***. дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь амйгийн Сайнцагаан цагаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн *** дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, Дархан-Уул аймгийн Дархан сум *** дугаар баг Ханжаргалантын *** дүгээр гудамж *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Б.Л***РД: ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.Л***нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Хонгор сум *** дугаар баг Зулзагын голын эрэг дээр найз Ц.У***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний цээжний зүүн талд хутгалж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
   
                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Б.Л***мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ *** тэр хутгыг аваад У***ын цээжний зүүн доод хэсэг рүү 1 удаа хатгасан. Би айлгая гэж бодож байсан юм. ***Бид нар явахдаа дэлгүүрээс худалдаж авсан махаа хэрчихээр авч явсан хутга. Шар бор өнгийн модон иштэй хутга байсан.” /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “***У*** бид хоёр маргалдаж У***тай хэд хэдэн удаа цохилцож бас боолцсон. Тэгээд намайг У*** өшиглөөд унагасан. Тэгээд унахад пивонуудын хажууд хутга байхаар нь айлгая гэж бодоод гараараа хүрсэн чинь хутгалчихсан байсан. Тэгээд У*** намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. У***ын найзууд ирж У***ыг аваад явсан. Тэгээд Э*** Б*** хоёр босч ирээд чи хүн хутгалчихлаа ш дээ гэж хэлээд намайг Э*** цаашаа авч явсан. Тэгээд би эгчдээ хэлсэн. Эгч аав ээжид хэлээд намайг Зулзагаас ирж авах гээд Хүйтний голын замруу орж төөрөөд, өглөө 6 цаг болж байхад ирж авсан. У*** шөнө ирээд эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан байсан. Эмч нар У***ыг амьсгалын доголдолтой гэж хэлсэн. Би У***т найз нь одоо яах вэ гэж хэлсэн чинь У*** “яах юу байхав дээ би өөрөө өдөр машинаа бариад Улаанбаатар явна” гэж хэлсэн. Би ээж эгчдээ У*** ганцаараа машинтай Улаанбаатар явна гээд байна замдаа явахдаа яах ч юм билээ гэж хэлсэн чинь ээж эгч хоёр У***тай очиж уулзсан” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.У***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “***эхлээд намайг майханд хэвтэж байхад Л*** гаднаас орж ирээд намайг боогоод би чамайг унтуулахгүй байна уу гэсэн тэгэхээр би уурлаад Л***ыг майхнаас хөлөөрөө жийж гаргаад би ер нь явлаа гээд Э*** найз руугаа утсаар залгаад намайг ирээд ав гэж хэлээд майхан дотор зогсож байхад гаднаас Л*** орж ирээд миний зүүн хавирга руу баруун гараараа цохисон юм. Тэгэхээр би Л***ыг майхан дотор унагаагаад дээр нь гарахад Л***ын цохисон хэсгээс буюу миний цээжний зүүн талаас нойт оргисон. Тэгэхээр би гараараа дараад үзэхэд янгинаж өвдсөн бөгөөд цус гарч байсан. Тэгээд би намайг хутгалчихлаа гэж орилсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Одоо миний байдал хэвийн сайн байгаа, 14 хоногт 1 удаа очиж эмчийн хяналтанд ордог. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан болохоор надад гомдол санал байхгүй байна” гэх мэдүүлэг,

Гэрч П.Э***ын “***Дарханд ирээд шөнө гэрлүү явж байхад 3 цаг 30 минутын орчим У*** над руу залгаад “намайг ирээд” авчих гэхэд нь “яасан” гэж асуухад “зүгээрээ Дархан явмаар байна” гэсэн. ***У*** дахиж утасдаад хурдлаарай би хутгалуулчихлаа гэхээр яараад 35 минут орчим яваад очсон. Намайг очиход У*** хөнжлөөр ороосон гадаа хэвтэж байсан. Л*** уйлчихсан утсаар яриад сууж байсан. Тэгээд шууд У***ыг суулгаад эмнэлэг дээр ирсэн “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Т.С*** “***Л*** орж ирээд “сэрээрэй, босоод ир” гээд бүгдийг нь дуудаад Б***э бид 2 босч гараад, Б***, У***, Э*** 3 үлдсэн. Бид гадаа гараад ганц үлдсэн Болор архиа задлаад 1-2 удаа уусан гэтэл Л*** Э***г дуудаад ирье гээд майхан луу орсон. Тэгээд майхан дотор маргалдаж зодолдох чимээ гараад Б***э бид 2 яваад очиход У*** хэвтэртээ өндийчихсөн Л*** тэр 2 барилцаад авсан байхаар нь “боль боль” гээд салгаад Л***ыг аваад гарсан. Гараад галын хажууд очоод 1 уучихаад Л*** дахиад дуудаад ирье гээд майхан луу явсан. Гэтэл дахиад муудалцаад У*** ирж аваач салгаачээ гэхээр нь яваад очсон тэгэхэд Э*** Л***ыг салгачихсан. У*** намайг хутгалчихлаа гээд байж байсан. У***ын цээжийг гаргахад зүүн хавирганых тэнд хутгалсан ором байсан ба цус бага гарч байсан “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

Гэрч Р.Б***ийн “***Л*** орж ирээд намайг дуудаад “босоод ир, бөөнөөрөө ууцгаая” гэхэд нь босоод би Сэргэлэнбаатартай хамт гарсан. Гадаа Л***тай гурвуулаа сууж байгаад нэг нэг пиво уугаад архиа задлаад нэг нэг тойруулсан. Гэтэл Л*** “майхан руу явж нөгөө хэдийг сэрээе” гээд явсан. Гэнэт майханд буцаад түжигнээд У*** орилоод “Л*** намайг хутгалчихлаа аваачээ энийгээ” гэхээр би босоод очиход Э*** Л*** 2 майханы гадна Э*** түүнийг барьчихсан зогсож байсан. Би майхан луу ороход У*** цээжээ дарчихсан зогсож байхаар нь алив хараадахъя гээд харахад цээжний хавирга орчим цус гараад хутгалуулсан ором байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

Гэрч С.Б***ын “***Л*** майханд орж ирээд Э***ыг сэрээх гээд Э***аа босоод ирээ гээд хөнжлийг татсан юм. Тэгэхэд У*** Л*** би чамд хэлсэн биз дээ би урд шөнө Солонгосоос ирсэн ядраад байна гэхэд ***Л*** чи ганцаараа гадаад явсан нь юм уу гээд У*** зодолдоод эхлэсэн. Тэгэхэд гаднаас найзууд орж ирээд салгасан. У*** босож ирээд найз руугаа утасдаад намайг ирээд аваач би энд амарч чадахгүй байна гэж байсан. Гаднаас Л*** орж ирээд У***тай дахиад ноцолдоод эхлэсэн бөгөөд У*** энийг аваачээ намайг хутгалчихлаа гэж орилсон. ***би У***ыг газар хэвтүүлээд харахад зүүн хавирганы орчим ангайсан шарх байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/

2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 909 дугаартай шинчээчийн: “…Ц.У***биед цээжний хөндий дэхь цусан хураа, зүүн уушигны шалчийлт, цээжинд шарх, хүзүүнд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар  хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

Ц.У***өвчний түүх /хавтаст хэргийн 53-61 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.У***ын 2016 оны 8 дугаар сарын 21-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримтууд /хавтаст хэргийн 53-61 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Л***нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Хонгор сум *** дугаар баг Зулзагын голын эрэг дээр найз Ц.У***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний цээжний зүүн талд хутгалж биед хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн баримтууд, шүүгдэгч Б.Л***ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас Б.Л***д холбогдуулан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Л***ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 909 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.У***ын бие махбодид учирсан гэмтэл нь “хүнд” зэргийн гэмтэл болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Л***нь хохирогч Ц.У***ын эмчилгээний зардалд 950,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Ц.У*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан болохоор надад гомдол санал байхгүй байна, 950,000 төгрөгийн хохирол барагдуулсан, гомдолгүй” гэх мэдүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай баримт /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Л***ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Л***д хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэхь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Б.Л***нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Т*** Б.Л***ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Л***д 03 жил /гурав/ 04 сар /дөрөв/ 10 хоногийн хугацаагаар  /арав/ хорих ял шийтгэсүгэй.
 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б. Л***д оногдуулсан 03 жил /гурав/ 04 сар /дөрөв/ 10 хоног /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Б.Л***нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан бор өнгийн иштэй хутга /1 ширхэг/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар Б.Л***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Л***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Г.ГЭРЭЛТ-ОД
            
              ШҮҮГЧИД                     П.БАТТУЛГА
                                
                                     Т.ЭНХЖАРГАЛ