Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1130

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          11         13                                    2023/ШЦТ/1130

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Улсын яллагч: Э.Булганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Алтанцэцэг,

Шүүгдэгч: Т.Л /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “Мэргэн хангал” ХХК-д сантехникийн засварчин ажилтай, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 7 дугаар сарын 10-ний өдөр .... талд хохирогч Б.Бын эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10, 64 дүгээр хуудас/, 

 

Гэрч У.Бы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-38 дугаар хуудас/,

 

Эд зүйл, /баримт бичиг, бусад баримт/ хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 55 дугаар хуудас/,

 

Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

Бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-75 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Т.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Т.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 7 дугаар сарын 10-ний өдөр .... талд хохирогч Б.Бын эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл,

 

Хохирогч Б.Бын “...2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллага 13 цагт тарна гэж байсан. Манай байгууллагын манаач Г ах гэртээ намайг дуудсан Г ахын гэр манай ажлын замын ар талд байдаг. Г ахынд манай найз Б, Г ах бид 3 ширхэг 0,5 литрийн хэмжээтэй “Хар экс” нэртэй архи уусан. Б эхний шил архийг талыг нь уугаад гараад явсан. Г ах бид 2, 2 шил архиа бүрэн ууж дуусгаагүй байж байгаад ах аа “Дүү нь болсон гэртээ харих хэрэгтэй” гэж хэлээд гэрээс нь гарсан. Би гэртээ харих гээд 62 дугаар байрны голын хаалгаар гараад явж байгаад тухайн байрны гражийн хашлага дээр сууж байсан. Яагаад гэвэл би нэлээд согтолттой байсан. Тэгээд миний баруун талын халаасанд байсан А52 загварын хар өнгөтэй, гадуураа бор өнгөтэй гэртэй гар утсыг сугалж аваад тэр 3 залуу зугтаасан... Би өөрийнхөө гар утсыг тухайн залуугаас авах зорилгоор хэвтэж байсан газраасаа босоод тухайн залуу руу дөхөж очих үед намайг гараараа арагш түлхэж миний хацар хэсэг рүү нэг удаа цохисон. Миний гар утсыг авсан залуу хоёр залуутай хамт явж байсан ба тэр хоёр залуу нь танихгүй хүмүүс шиг л хол зайтай зогсож байсан. Хамт явж байсан залуус нь миний биед ямар нэгэн байдлаар хүрээгүй ба хэрүүл маргаанд мөн оролцоогүй болно. Энэхүү үйл явдал богинохон хугацаанд болоод өнгөрсөн ба цагаан цамцтай залуу надаас зугтааж автомашины зам гарч гүйгээд яваад өгсөн. Миний биед учирсан гэмтэл байхгүй тул би эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ аваагүй болно...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч У.Бы “...2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 09:00 цагаас 21:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүлэг-115 эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн хүлэг-1-0-аас 15 цаг 48 минутад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 62 дугаар байрны гадаа сууж байсан залууг манай байрны 4 залуу дээрэмдээд явчихлаа гэх дуудлага ирсэн. Ирсэн дуудлагын дагуу очиж шалгахад Б гэх эрэгтэй 4 залуу миний гар утсыг аваад намайг зодсон гэх залуу ..... байр руу орсон гэж хэлээд тухайн үед байрны жижүүр гэх эмэгтэй гарч ирээд тус байрны 107 тоотод оршин суудаг Э.О гэх залуу гэж хэлээд хаягаар хохирогчийн хамт ороход хохирогч Б нь О гэх залууг энэ залуу мөн байна гэж заасан тэгээд гэрээс гараад жижүүрийн хамт тухайн байрны гадна хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Э.О тухайн орцныхоо үүдэнд сууж байгаад явах замдаа Бын халааснаас нь гар утсыг нь аваад Б нь босох гэсэн боловч түлхэж унагаад зугтааж байгаа дүрс бичлэг байсан. Тэгээд Оаас цуг явсан гэх 3 залуугийн дугаарыг нь асуухад нэг залуугийн дугаарыг өгч тухайн хүнтэй утсаар холбогдоод тус цагдаагийн хэлтэст ир гэхэд /чадахгүй гэж хэлсэн/. Тэгээд О гэх залуу архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлэх саатуулах төвд хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь A52 загварын гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 375.000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...бүртгэлийн Ө-5931 дугаартай гомдолд Сиди 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...тухайн байрны гражийн хашлага дээр хэвтэж байсан хар өнгийн цамц хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай эрэгтэйн халааснаас цагаан өнгийн цамц, футволк, хар өнгийн өмд ногоон өнгийн малгайтай эрэгтэй нь ямар нэг эд зүйл аваад явж байгаад дүрс бичлэг харагдаж байх бөгөөд тухайн гражийн хашлага дээр хэвтэж байсан эрэгтэй араас нь явж байгаа дүрс бичлэг байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Эд зүйл, /баримт бичиг, бусад баримт/ хүлээн авсан тухай тэмдэглэлд “...Т.Лоос 75 ширхэг 5000 төгрөг /нийт 375.000 төгрөг/ гаргуулан авч тэмдэглэл үйлдэв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,  

 

Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...75 ширхэг 5000 төгрөг нийт 375.000 төгрөгийг хохирогч Б.Бд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Т.Л нь ганцаараа хоцорч үлдээд хохирогч Б.Бын хэвтэж байсан газар руу дөхөж очоод хохирогч Б.Бын зүүн талын өмдний халааснаас Т.Л нь хүч хэрэглэхгүйгээр баруун гараараа эд зүйл авч байгаа харагдаж байв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Шүүгдэгч Т.Лийн яллагдагчаар өгсөн “...тэр орцны үүд хэсэгт эрэгтэй хүн согтуу унтаж байхаар нь дөхөж очоод өмдний баруун талаас урд хэсгийн халааснаас гар утсыг аваад зугтсан юм. Би тэр үед Эрхэс, Мөнх-Эрдэнэ, О нарт согтуу хэвтэж байсан эрэгтэй хүний гар утсыг авах талаараа хэлээгүй болно. Би дээрэмдэж авсан гар утасныхаа загвар болон өнгийг санахгүй байгаа ба гар утсыг хувь хүнд зарж борлуулаад би ганцаараа өөрийнхөө хэрэгцээнд мөнгийг нь ашиглаж захиран зарцуулсан. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан мөн өөрийнхөө гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...”  гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос эд зүйлсээ алдсан талаар, шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлсийг илээр булааж авсан талаар мэдүүлж, тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэрхэн өрнөсөн болох нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгт тодорхой тусгагдаж, хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Эрүүгийн хуульд заасан “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

 

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог ба шүүгдэгчээс хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан. 

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид 375.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна. 

 

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Лоос хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Т.Лийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч Б.Бд гар утасны мөнгийг хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 55-56/, хохирогчийн “...хохирлоо хүлээн авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Лийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Т.Лийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Л нь бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “Мэргэн хангал” ХХК-нд сантехникийн засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Т.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Т.Л  танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд прокурорын саналын хүрээнд Т.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Л нь өөрийн оршин суух Улаанбаатар хот, ..... тоотод оршин суух байнгын хаягтай болох нь иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар /хх-ийн 45/ тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лид эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, ..... дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Т.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Лийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лийг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Л өөрийн оршин суух Улаанбаатар хот, ... дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН