Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2019/0074

 

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2019/0074

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүргийн 0 дүгээр хороо, Ж гудамж, Б цамхаг, 000 тоотод байрлах Т ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны ѳдрийн 696, 698 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож, Т ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-012*******, XV-012*******, XV-012*******, XV-012*******, XV-012*******, XV-012******* тусгай зѳвшѳѳрлүүдийн хугацааг сунгуулах ѳргѳдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн ерөнхий захирал Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Т ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-012*******, 012*******, 012*******, 012*******, 012*******, 012******* тоот тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой маргаан 2011 оноос 2015 он хүртэл үргэлжилж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 118 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн.

Т ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчиж олгогдсон үндэслэлээр Х ТББ-аас 2011 оны 02 дугаар сард Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Уг захиргааны хэрэгт Т ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон. Улмаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолыг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр манай компанийн дээр дурдсан хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Т ХХК-ийн зүгээс дээрх шийдвэрийг эргэн хянаж үзэхийг хүсч Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт-ийг Улсын Дээд шүүхэд гаргасныг хянаад 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор манай компанийн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгох гол үндэслэл болсон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд шилжүүлсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хэргийг ердийн журмаар хянан хэлэлцээд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 568 дугаар шийдвэрээр Х ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс маргаан бүхий ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг Т ХХК-д хуулийн дагуу олгосон болохыг тогтоож өгсөн.

Манай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа шүүхийн маргаантай үед 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусах байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сунгуулах өргөдлөө гаргахаар баримт бичгээ бэлэн болгоод байсан үед 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Улсын Дээд шүүхийн 117 дугаар тогтоол гарч, тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон тул бид сунгуулах өргөдөл гаргах эрх зүйн боломжгүй байсан болно.

Улсын Дээд шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолыг 2014 оны 69 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, манай компани хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах эрх үүссэн хэдий ч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэр хүчинтэй гэсэн үндэслэлээр Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байсан.

Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэхээр 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 531 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0641 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 430 дугаар тогтоолоор манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.

Гэвч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй 2 жил гаран болсон тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг тус шүүхэд гаргаж, шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2018/3646 дугаар захирамж, мөн өдрийн 129 дүгээр гүйцэтгэх хуудсыг гаргаж, 69 тоот мэдэгдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн. Улмаар Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 555 дугаар шийдвэрээр манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээснийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 7/5593 тоотоор мэдэгдсэн.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааны тасалдал, 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэж заасан тул бид тухайн үед буюу 2013 онд хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгуулахад бүрдүүлсэн баримт бичгийн нэг болох Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Түнэл, Арбулаг сумын Засаг дарга нараар батлуулсан 2013 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө-г хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/01/03 тоот албан бичгээр хандахад, өргөдлийг шаардлага хангасан гэж үзээд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан тул хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж шийдвэрлэнэ гэдэгт итгэж байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх хэсэгт ...хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор гэж заасан байдаг. Т ХХК-ийн хувьд 2013 оноос хойш 5-6 жил ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, хайгуулын ажлын төлөвлөгөөгүй байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах боломжгүй. 2013 онд манай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгоогүй бол тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдах байсан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7/6732 тоот мэдэгдлээр Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 696 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-012*******, 012*******, 012******* тоот тусгай зөвшөөрлүүдийг, 2018 оны 698 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-012*******, 012*******, 012******* тоот тусгай зөвшөөрлүүдийг сунгахаас татгалзсан хариуг өгсөн.

Маргаан бүхий шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн эрх олгосон заалтыг хэрэглээгүй атлаа 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасан нэгдсэн хяналт тавих гэсэн заалтыг, мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Аж ахуй, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 ...ашигт малтмалын тухай хуулиар ... тус тус зохицуулна гэж заасан байхад Аж ахуй, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгүүдэд үндэслэж, хуульд заагаагүй үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг татгалзсан.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А0117 тоот албан бичгээр дээд шатны албан тушаалтанд нь гомдол гаргасан боловч хуульд заасан 30 хоногийн хугацаанд хариу өгөөгүй учир шүүхэд хандсан.

2011 оноос өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд төрийн байгууллага асуудлыг шийдвэрлэхгүй, хүнд суртал гаргаж, аливаа асуудлыг шүүхэд ханд шүүхээр шийдчихвэл тэрийг үндэслээд шийдээд өгье гэдэг ёс зүйгүй үйлдлийн золиос болж, компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, хайгуулын ажилд зарцуулсан их хэмжээний хөрөнгө үр дүнгүй болж, сэтгэл санааны болон эдийн засгийн үлэмж хэмжээний хохирол амсаж байна. Дээрх үйл ажиллагаа нь манай компанийн буруутай үйлдлээс болоогүй бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн буруутай үйлдлээс болсон гэдэг нь тодорхой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, манай компанийн ашигт малтмалын хайгуулын ХV-012*******, 012*******, 012*******, 012*******, 012*******, 012******* дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг 2013 онд холбогдох сумын Засаг дарга нараар батлуулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг үндэслэн хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Б******* 1 нэртэй ашигт малтмалын хайгуулын ХV-012******* дугаартай тусгай зөвшөөрлийг, мөн сумын Б******* G нэртэй ашигт малтмалын хайгуулын ХV-012634 дугаартай тусгай зөвшөөрлийг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг сумдын нутаг Б******* Н нэртэй ашигт малтмалын хайгуулын ХV-012******* дугаартай тусгай зөвшөөрлийг, мөн сумын Б******* Е нэртэй ашигт малтмалын хайгуулын ХV-012******* дугаартай тусгай зөвшөөрлийг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Түнэл сумдын нутаг Б******* А нэртэй ашигт малтмалын хайгуулын ХV-012******* дугаартай тусгай зөвшөөрлийг, Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын нутаг Б******* D нэртэй ашигт малтмалын хайгуулын ХV-012******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Т ХХК-д олгосон.

Т ХХК нь дээрх 6 тусгай зөвшөөрөл бүхий талбайг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолыг биелүүлж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлж, тусгай зөвшөөрлийн эрх сэргээх тухай 555 дугаар шийдвэрээр Т ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-012*******, 012*******, 012*******, 012*******, 012*******, 012******* дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн.

Т ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдөл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бүрдүүлэх баримт бичигт заасны дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар орон нутагт хандах боломж байхад, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахгүйгээр 2013 оны төлөвлөгөөг хавсаргаж өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт ...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт-ыг хавсаргаж өгнө гэж заасан шаардлага хангаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар байгаль орчин менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж ирээгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 696, 698 дугаар шийдвэрүүдээр дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Тусгай зөвшөөрлийн хугацаа тооцох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт тодорхой заасан. Иймд Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь тус шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 696, 698 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, Т ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-012*******, ХV-012*******, ХV-012*******, ХV-012*******, ХV-012*******, ХV-012******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргаж байгаа асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дүгээр сарын 03-ны өдрийн 696 дугаар шийдвэрээр[1] Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Т ХХК-ийн ХV-012*******, ХV-012*******, ХV-012******* дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулаагүй, энэ тухай баримт байхгүй гэсэн үндэслэлээр сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн, мөн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 698 дугаар шийдвэрээр[2] Т ХХК-ийн ХV-012*******, ХV-012*******, ХV-012******* дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг мөн дээрх үндэслэлээр сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т ХХК нь дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэж заасны дагуу... холбогдох сумдын Засаг дарга нараар батлуулсан 2013 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлагдсан төлөвлөгөө гэж үзэж байгаа тул ... хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус гэж, хариуцагч нь ...Т ХХК нь хугацаа сунгуулах өргөдөл гаргахдаа Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулалгүй, 2013 оны төлөвлөгөөг хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан шаардлагатай нийцээгүй гэж үзэж, ... дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ. Харин хэргийн оролцогч нар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа болон хугацаа дуусгавар болсон үйл баримттай маргаагүй байна.

Маргааны үйл баримтуудаас үзэхэд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Б*******-1 нэртэй газарт орших 278 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-012******* дугаар тусгай зөвшөөрлийг, мөн сумын Б*******-нэртэй газарт орших 3656 гектар талбайд хайгуулын ХV-012******* дугаар тусгай зөвшөөрлийг, мөн сумын Б*******-Н нэртэй газарт орших 1215 гектар талбайд хайгуулын ХV-012******* дугаар тусгай зөвшөөрлийг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг сумдын Б*******-Е нэртэй газарт орших 1932 гектар талбайд хайгуулын ХV-012******* дугаар тусгай зөвшөөрлийг, мөн аймгийн Алаг-Эрдэнэ, Түнэл, Бүрэнтогтох сумдын Б*******-А нэртэй газар орших 1260 гектар талбайд хайгуулын ХV-012******* дугаар тусгай зөвшөөрлийг, Алаг-Эрдэнэ сумын Б*******-нэртэй газар орших 332 гектар талбайд хайгуулын ХV-012******* дугаар тусгай зөвшөөрлийг анх 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Т  ХХК-д тус тус олгожээ.

Улмаар нэхэмжлэгч Т ХХК-ийн дээрх 6 тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлж, тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгох тухай 338 дугаар шийдвэрээр хүчингүй болгож байжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлж, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай 555 дугаар шийдвэрээр Т ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-012*******, ХV-012*******, ХV-012*******, ХV-012*******, ХV-012*******, ХV-012******* дугаар тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээсэн өдрөөс эхлэн үргэлжлүүлэн тооцохоор шийдвэрлэсэн, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон, Т ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дээрх 6 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг[3] гаргасан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй байна.

Харин хэргийн оролцогч нар зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад бүрдүүлэх баримт бичгийн бүрдлийг хангаагүй буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй гэх үйл баримттай холбогдуулан маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т ... төрийн захиргааны байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавина гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ... хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж,Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх,... нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ... боловсруулна гэж, 9.8-д Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага ... тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч, дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална гэжтус тус хуульчлан тогтоожээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрхтэй хэдий ч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргахаар, хугацаа сунгуулах тухай өргөдлийг гаргахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, өргөдөлдөө заавал хавсаргаж ирүүлэхээр, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаагүй тохиолдолд хугацааг сунгахгүй байхаар, түүнчлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр боловсруулж, хэрэгжилтийг тухайн жилд дүгнэж, дараа оны төлөвлөгөө түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батлах агуулгатай байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргахдаа тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад 2013 онд хийх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөнүүдийг[4] хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргаж ирүүлээгүй үйл баримт тогтоогджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийг төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч Т ХХК нь хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацаанаас өмнө уг төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Түнэл, Бүрэнтогтох сумдын Засаг дарга нарт хүргүүлэх үүрэгтэй байх бөгөөд энэ маргааны хувьд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчаас тодруулга авах үед ч, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар хүргүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй нь шүүхийн маргаантай асуудлаас шалтгаалсан хэдий ч хуулиар тогтоосон шаардлагыг зөрчиж, шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумдын Засаг дарга нарт хүргүүлж батлуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөлдөө уг төлөвлөгөөг хавсаргаж ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх ба уг баримтгүйгээр буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй нөхцөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах боломжгүй байна.

Тодруулбал байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, өргөдөлдөө хавсаргаж ирүүлэх нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг байх бөгөөд дээрх баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж ирүүлээгүй нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно. Эндээс үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ныөдрийн 696, 698 дугаар шийдвэр болон хариуцагчийн үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдөлдөө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргана, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчим, шаардлагатай нийцсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ... шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргана гэсэн шаардлагыг хангаагүй тохиолдолд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасан ... энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол ... хугацаа сунгахаас татгалзана ... гэсэн үндэслэлд хамааруулан үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан эрх олгосон заалтыг хэрэглээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх хэргийн нөхцөл байдлуудыг дүгнэн үзвэл маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ уг актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.8 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 696, 698 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, Т ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-012*******, ХV-012*******, ХV-012*******, ХV-012*******, ХV-012*******, ХV-012******* дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 32 дугаар хуудасны ар талд

[2] Хавтаст хэргийн 103 дугаар хуудасны ар талд

[3] Хэргийн 35, 59, 83, 106, 130, 155 дугаар хуудсанд

[4] Хэргийн 40-50, 64-74, 88-97, 112-121, 136-146, 160-168 дугаар хуудсанд