Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0396

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч М.Т

Нэхэмжлэгч: Т.Э

Хариуцагч: Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт, цахим баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0408 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2026/0059/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Т.Э-ээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газарт холбогдуулан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт, цахим баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0408 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Э-ээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт, цахим баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгах” гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 3. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч М.Т-ийн давж заалдах гомдлын агуулга:

 Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хууль зөрчсөн байхад нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэсний дагуу Захиргааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалаллын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Б, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 Төрийн албанаас чөлөөлөх тухай тушаал нь илт хууль бус тушаал гаргасан. Уг тушаал илт хууль бус гарч, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирлагын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг олон хуулийг зөрчиж гаргасан төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлсөнд миний үйлчлүүлэгч туйлын гомдолтой байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдэж, хариуцагч байгууллагаас өгсөн 3 сарын тэтгэмжийг буцааж шилжүүлсэн энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар огт хэлдэггүй. 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 196 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүтцээс хасч, тус байгууллагын чиг үүрэг, орон тоо, болон төсвийг Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалаллын ерөнхий газар шилжүүлхээр шийдвэрлэсэн, нийслэлийн Засаг дарга болон Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгаалын сайдад даалгасан.

2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татан буулгах комисс байгуулах тухай А/112 дугаар тушаалд, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалалын газрын, чиг үүрэг, орон тоо болон төсвийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын өрөнхий газарт шилжүүлхээр шийдвэрлэсэн. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын 52 дугаар тогтоолоор шинэ бүтэц батлагдаж орон тоо нэмэгдсэн. Засгийн газрын 378 дугаар тогтоолоор 34 орон тоо батлагдсан бол 52 дугаар тогтоолоор 56 орон болон нэмэгдэж батлагдсан. 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Гэр бүл хөгжил, хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын А/164 тушаал гарсан. Агуулга нь Залгамжлагч байгууллагын бүтэц дүрэм, стратеги баталсан. А/164 дугаар тушаалын 3 дахь хэсэгт Баталсан орон тооны дээд хязгаарт багтаан Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэдэх нэгжүүд аймаг дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хэлтсүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж шаардлагатай албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулан, мөрдөн ажиллахыг Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар Б.Бд үүрэг болгосон. Үүргийг биелүүлээгүй хууль зөрчиж төрийн жинхэнэ албан хаагдчийг ажлаас халж төрийн албаны шалгалтанд тэнцээгүй хүмүүсийг ажилд авч хууль зөрчсөн.

2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хүүхэд гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын А/136 дугаар тушаал гарсан. Үүнд албан тушаалын жагсаалт батлагдсан. Байгууллага 34 орон тоо нь 56 болж нэмэгдсэн. Гэтэл ажил мэргэжлийн чиглэлд, ажиллах ажлын байр, байсаар байтал санал болгоогүй. Мөн түүнчлэн орон тооны жагсаалтыг танилцуулаагүй. Гэтэл хариуцагчийн хариу тайлбарт дээрх тушаалыг танилцуулж ижил төстэй ажилд томилогдох боломжоор хангасан гэж ор үндэсгүй худал хариу тайлбар өгсөн. Энэ тухай хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй. 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газарын мэдэгдэл нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1/хоног/-ийн дотор хариу тайлбар гомдол гаргах эрхээр хангаагүй өгөх боломжгүй хугацаа бичигдсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулинд 30 хоногийн хугацаа байдаг. Мэдэгдэлийг огт гардаж аваагүй шуудангаар хүргүүлсэн гэх мэдэгдэл нь 2025 оын 10 дугаар сарын 06-ны өдөр буюу тушаал гарснаас хойш ирсэн бөгөөд хариу мэдэгдэх хугацаа нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болсон байсан тул хариу өгөх боломж байгаагүй. Засгийн газрын 52 дугаар тогтоолоор, орон тоо 34 байсанаас 56 болж нэмэгдэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар татан буугдахаар болсон ч тус байгууллагын чиг үүрэг, орон тоо болон төсвийг Ерөнхии газарт шилжүүлхээр шийдвэрлэсэн байтал 15 хүнийг бөөнөөр халсан тушаал нь хууль бус учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байсан.

Өөрөөр хэлбэл тус байгууллага татан буугдсан гэх боловч чиг үүрэг, орон тоо, төсөв нь Ерөнхий газарт шилжиж нийлж нэгдсэн. Сонсох ажиллагаа албан ёсоор хийгээгүй. Сонсох ажиллагаа хийсэн гэх хурал нь тус газрын албан тушаалтан нь өөрөө албан бус гэж хэлж, тухайн өдөр тэмдэглэл хөтлөөгүй, бичлэг хийгээгүй нь тухайн хуралд суусан хүмүүс гарын үсэг зураагүй болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдоно. Эдгээр нь ЗЕХ-ийн 26 дугаар зүйлийн 26,1, 27,2,1, 27,5-ыг зөрчиж байна. Мөн ажилчид 10 сарын дунд хүртэл ажиллаж байсан нь мэдэгдэл тушаалыг гардаж аваагүй нь давхар нотлогдож байна. Албан бус сонсох ажиллагаа гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуурамчаар үйлдсэн нотлох баримт гэж үзэж байна. Тус хуралд суугаагүй чөлөөтэй байгаа Б.Энхзулыг байсан мэтээр хуурамчаар дээрх баримтыг үйлдсэн.

Мэдэгдэлийг зохих хуулийн дагуу мэдэгдээгүй, шуудангаар явуулсан гэх боловч, хоцорч тушаал гарсанаас хойш очсон нь Монгол шуудангийн тодорхойлт, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу тушаал гарсанаас хойш ирсэн нь процессын ноцтой алдаа гэж үзэж байна. Мэдэгдэлийг Ган-Өлзий даргаруу явуулсан гэх боловч хариуцагч байгууллагаас ирүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 011/05 дугаартай албан тоотоор FCY, GOV, MN нэр нь байгууллагын нэршил өөрчлөгдсантэй холбоотойгоор 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн CFGA.GOV.MN шинэчлэгдсэн тул 2024 оны 02 дугаар сард багтааж хуучин домэйн и-мэйлд байгаа хэрэгтэй мэдээллээ татаж авна уу албан тоотийн дагуу ашиглахгүй болсон имэйлээр явуулсан нь тус байгууллагын дарга мэдэх боломжгүй. Энэ тухай Ган-Өлзий дарга гэрчээр мэдүүлэг өгөхдөө, Мэдэгдэлийг хүлээн аваагүй тухай тайлбарлаж хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Халагдаж байгаа ажилтан тус бүрд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай энэ хуулийн 80,4-т заасны дагуу мэдэгдэнэ Мэдэгдэл өгсөнөөс хойш 30-аас доошгүй хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгана.

Мэдэгдэлийг ажилтан тус бүрд гардуулаагүй гэдгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлдэг, маргадаггүй. Ажлаас халсан тушаалыг огт гардуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81,1, 81,1,1, 81,2, 81,3,81,7,83,3, 83,5, 83,6, 83,4 дэх хэсэгт зааснаар Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө, бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Төрийн албанаас чөлөөлөх тухай 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 тушаал болон мэдэгдлийг эх хувиар нь ажилтан тус бүрт огт гардуулаагүй нь тус хуулийг зөрчиж тушаал гаргасан нь хууль бус үйлдэл илт хууль бус тушаал гарсан. Мөн түүнчлэн татан буугдах ажиллагаа хийгдээгүй, бүх албан хаагч нар ажлаа хүлээлгэж өгөөгүй, удирдах ажилтнуудад тамга тэмдэг нь байсаар байгаа. Мөн албан ёсоор тус байгууллага татан буугдсан тухай мэдээлэл мэдээлэлийн санд байхгүй идэвхтэй хэвээр байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ажил олгогч, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай мэдэгдэл болон шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж ажилтанд танилцуулж, уг шийдвэрийг 1 /нэг/ хувийг хүлээлгэн өгнө гэсэн хуулийн заалтыг зөрчсөн нь ноцтой, хууль бус тушаал болохыг нотолж байна. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдэл болон тушаалыг Эд нэг хувийг эх хувиар гардуулж өгөөгүй гэдэгт маргадаггүй хүлээн зөвшөөрдөг, Мөн төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4,4, 4,5 дахь заалтыг баримтлаагүй. Тус хуулийн 46.2 дугаар зүйлийн, төрийн албанаас чөлөөлөнө тухай хуулийг зөрчиж тушаал гаргасан.

Т.Эг төрийн албаны нөөцөд үлдээгээгүй. Төрийн жинхэнэ албаны нөөцөд үлдээх гэсэн хуулийн заасан заалтыг зөрчсөн. Иймд Хүүхэд гэр бүийн хөгжил хамгааллыг ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Бы Б/112 дугаар Төрийн албанаас чөлөөлөх тухай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47,1,6-д Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47,1,7, 47,2, 47,3, Төрийн албаны тухай хуулийн 62,1,3, 62,1,4, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83,4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48,1 дэх хэсэгт зааснаар Хүүхэд гэр бүийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Бы 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар Төрийн 1 албанаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож. Т.Эг Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажилд буцаан шилжүүлж, томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, мөн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул ЗХШХШТ-ийн 121,1,2-т заасны баримтлан, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

             1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

             2. Нэхэмжлэгч Т.Э-ээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газарт холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт, цахим баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

           3. Хэргийн үйл баримтын тухайд,

           3.1. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Залуучууд хөгжлийн төвийн үйл ажиллагааны зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд Т.Э-г 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилж,

           3.2. Мөн тус газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар Т.Э-г Залуучуудын хөгжлийн хэлтсийн Зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хууль, эрх зүй тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус шилжин ажилласан.

           3.3. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэх үндэслэлээр Т.Э-г тухайн албан тушаалд үргэлжүүлэн ажиллуулсан.

          3.4. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг ... зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсний дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/112 дугаар тушаалаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрыг татан буулгах ажлыг зохион байгуулсан.

          3.5. Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны дээд хязгаарыг баталснаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 56 байхаар баталсан.

          3.6. Дээрх тогтоолуудыг үндэслэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын орон тооны дээд хязгаарыг 1844 байхаар шинэчлэн тогтоосноор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/112 дугаар тушаалаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүссэн 15 албан хаагчдыг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч Т.Э багтсан байна.

          4. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 46.2.5-д хуульд заасан бусад үндэслэл”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж тус тус заасан.

          4.1. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар татан буугдаж, Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор тухайн байгууллагын орон тооны дээд хязгаарыг 56 байхаар тогтоосноор 15 албан хаагчдын чиг үүргийн давхардал үүссэн тул албан хаагчдаас санал авч нэхэмжлэгч Т.Э-д тэтгэмж олгохоор шийдвэрлэн төрийн албанаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

           Нэхэмжлэгчээс “үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан тэтгэмж авах санал гаргаагүй” гэж маргах боловч хурлын тэмдэглэл болон 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэл зэргээр үгүйсгэгдэж байна.

          4.2. Энэ талаарх анхан шатны шүүхийн “…нэхэмжлэгчээс мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй гэж тайлбарлан маргаж байх боловч хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа “үргэлжлүүлэн ажиллах эсэх” талаар тодруулж “утсаар санал авсан”-д нэхэмжлэгч “үргэлжлүүлэн ажиллахгүй, тэтгэмж авах” хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн энэ тохиолдолд хариуцагчийг дээрх хуульд заасан ажиллагааг явуулаагүй гэж үзэхгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.

          4.3. Иймээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалын Т.Э-д холбогдох хэсэг хуульд нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт, цахим баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалган шийдвэрлэх боломжгүй юм.

            4.4. Харин маргаан бүхий Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Э-ээс гадна 9 албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс уг тушаалыг бүхэлд нь эсхүл зөвхөн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа эсэхийг тодруулахад зөвхөн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан талаараа тодруулсан тул уг тушаалын хавсралт дахь бусад албан хаагчдын эрх, ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байлгах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт уг тушаалын Т.Эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0408 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “... тушаалыг хууль бус болохыг тогтоож” гэснийг “тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож,” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ШҮҮГЧ                                                М.ЦЭЦЭГМАА

 

    ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

 

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН